Нийтлэл 01 сарын 17, 2018

Давост энэ жил хэн хэн очих вэ?

1 дүгээр сарын 23-26-нд Швейцарь улсын Давос хотноо  Дэлхийн Эдийн Засгийн Форум 48 дахь удаагаа зохион байгуулагдана.  340 гаруй улс төрийн лидрүүд, 1900 гаруй иргэний нийгмийн байгууллагууд болон бизнесийн салбар, олон улсын байгууллагуудын төлөөллүүд энэ жил “Дэлхийн ирээдүйг хамтдаа бүтээлцэх нь” сэдвийн хүрээнд чуулах нь. Энэ удаагийн форум нь олон улсын аюулгүй байдал, эдийн засаг, байгаль орчны асуудлуудад улс орнуудын харилцан хамтын ажиллагаа, хамтын сонирхлыг бататгахад чиглэж байгаа бөгөөд улс орнуудын хоорондын геостратегийн өрсөлдөөн ширүүсч байгаа үед болж байгаагаараа онцлог юм.

Дэлхийн эдийн засгийн форумыг үндэслэгч, гүйцэтгэх захирал Клаус Шваб “Өдгөө дэлхий үндэстэн хоорондын мөргөлдөөн болон нийгэм дэх хуваагдлаас хамааран хямарчихаад байна. Гэсэн хэдий ч дэлхий нийтэд тулгараад байгаа асуудлуудад улс орнууд урьд урьдынхаасаа илүү өргөн хүрээнд хамтран ажиллаж, нэгдсэн үйл ажиллагаа явуулах нь нэн чухал. Энэ жилийн чуулган нь улс орнуудын сонирхлыг харгалзан, хамтын үйл ажиллагаа, олон талт харилцааг хэрэгжүүлэх замаар улс орнуудын зөрчилдөөн, үл ойлголцлыг арилгах зорилготой ” хэмээн мэдэгдсэн.

Энэ жилийн форумыг Энэтхэг улсын ерөнхий сайд Нарендра Моди нээх бөгөөд чуулганы төгсгөлд АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп үг хэлнэ. G7-оос Францын ерөнхийлөгч Иммануэль Макрон, Канадын Ерөнхий сайд Жастин Трудо, Европын Зөвлөлийн ерөнхийлөгч Жан Клауд Жанкер, ИБУИНВУ-ын ерөнхий сайд Тереза Мэй, АНУ-ын ерөнхийлөгч Трамп нарын зургаан улсын төрийн тэргүүн оролцож байна.  Мөн НҮБ-ын ЕНБД Антонио Гутеррес, Дэлхийн Худалдааны Байгууллагын тэргүүн Роберто Азеведо, ОУВС-н ЕНБД Ангел Гурриа зэрэг олон улсын байгууллагуудын тэргүүнүүд оролцох юм байна.

Чуулганд оролцогчдын 21 хувь нь эмэгтэйчүүдийн төлөөлөл байгаа нь урьд урьдын чуулганд оролцож байсан эмэгтэйчүүдийн төлөөллөөс хамгийн өндөрт тооцогдож байгаа бөгөөд Дэлхийн Эдийн Засгийн Форумын дэргэдэх залуучуудын байгууллага Глобал Шэйпэрсийн 90 гаруй залуучууд оролцоно. 

Чуулганы хүрээнд дараах 4 гол сэдвийн хүрээнд 400 гаруй уулзалтууд зохион байгуулагдах юм байна.

Эдийн засгийн тогтвортой өсөлтийг хэрхэн  жолоодох вэ?

Хэрэв технологийн өөрчлөлт, байгаль орчны доройтол нь дэлхийн эдийн засгийн ажиллах зарчмыг үндсээр нь өөрчилсөн бол эдийн засгийн ямар шинэ загвар хамтын хөгжил цэцэглэлтэд хүргэх вэ?

Олон туйлт, олон үзэл баримтлалтай дэлхийг хэрхэн чиглүүлэх вэ?

Эдийн засгийн тодорхойгүй байдал, геополитикийн өрсөлдөөн нь үндэстнүүд хараат бус байдал, аюулгүй байдлаа хадгалах хүчин чармайлт гаргахад хүргэсэн бол улс орны бие даасан байдал  болон олон улсын хамтын ажиллагаа хоорондын тэнцвэрийг хэрхэн хадгалах вэ? 

Нийгмийн дунд үүсээд буй хуваагдлыг хэрхэн арилгах вэ?

Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, улс төржилт нийгмийн зөрчилдөөнийг улам хурцатгаж, хязгаарыг давчихсан бол нийгмийн нягтарлыг хадгалахын төлөө  юу хийж болох вэ?

Технологийн хөгжлийн эрх зүйн орчинг хэрхэн бүрдүүлэх вэ?

Хэрэв сүүлийн үеийн технологийн дэвшил орчин үеийн амьдралын хэв маягийг цоо шинээр өөрчилж байгаа бол түүнд зориулсан нийгэмд адил тэгш хүртээмжтэй үйлчлэх ёс зүйн суурь зарчмууд, улс төрийн бодлогыг гаргах боломжтой юу?

Эх сурвалж:WEF

Сэтгэгдэл бичих

arrow icon