Нийтлэл 03 сарын 20, 2018

ТӨСӨВ ТООЦООЛЪЁ: Нэгийг босгох гээд нөгөөг сөнөөдөг тогтолцоо зөв үү

Олимпын гудамж буюу бидний нэрлэж заншсанаар паркийн зүүн талын босоо чиглэлийн зам бол Асемийн уулзалтын үеэр тохижуулсан 13 гудамжнуудын нэг. Энэ зам дагуу өндөр өндөр мод ганхаж, хотын өнгө үзэмжид бага ч гэсэн гэрэл нэмж байсан.

Гэтэл олимпын гудамжинд баригдах гүүрийн бүтээн байгуулалтын хүрээнд зөвхөн авто замын хөдөлгөөнийг хязгаарлаад зогсохгүй, хотын гудамж дахь ногоон байгууламжийг тайрсан. Тодруулбал олимпын гудамж дахь моднуудыг бүтээн байгуулалтын ажлаас үүдэн шилжүүлэн суулгах боломжгүй хэмээн өнгөрсөн 11 сард тайрсан юм.

Энэ гудамжинд баригдах гүүрэн байгууламжийн бүтээн байгуулалтын ажилд өнөөх мөнгө зарж тохижуулсан олимпын гудамжны зам дагуух ногоон байгууламж өртөж нэг л шөнө үгүй болсон. Угтаа бол тэрхүү 13 гудамж тохижуулах ажилд  3 тэрбум төгрөгийг нийслэлийн төсвөөс зарцуулсан.

Хамгийн харамсалтайн тэрхүү ажил өөр нэгэн бүтээн байгуулалт дор талаар боллоо. Агаарын бохирдол, хүн амын эрүүл мэндэд эерэг нөлөө үзүүлдэг ногоон байгууламжаа огтолж, тайрч хаях нь туйлын буруу алхам гэлтэй. Гэтэл угаасаа энэ мод их хотын бүтээн байгуулалтад тушаа болсон насжилт өндөртэй шилжүүлэх болмжгүй мод гэсэн тайлбарыг хот тохижилтын газраас өгч байгаа юм. Тодруулбал Гүүрэн гарц нь үндсэн гүүр, 2 эгнээ зам, туслах замаас бүрдэх бөгөөд туслах замын трасст Олимпын гудамж дахь 157 модыг тайрсан байна.

Үүнээс 107 модыг 10 дугаар сараас эхлэн зөөж, Бээжингийн гудамж, Хот тохижилтын газрын Мод үржүүлгийн газарт шилжүүлэн суулгасан бөгөөд насжилт өндөртэй, үндэс нь гүн суусан, шилжүүлэн суулгах боломжгүй 50 модыг энэ сарын 16-17–ны өдөр тайрч авсан юм. Нэг нам гарахаар нөгөө намынхаа үйл ажиллагааг зогсоодог дээр нь нэмээд нэг ажил эхлүүлэхээр өмнө нь өчнөөн төчнөөн өртөг зарж хийсэн бүтээн байгуулалтаа сөнөөдөг жишиг дэлхийд ганц манай оронд л байдаг бололтой. Хот төлөвлөлт, бүтээн байгуулалтын ажлаа эмх цэгцтэй, дэс дараатай хийхгүй бол төсвийн мөнгө талаар болж түмэн олон хямарсаар л байна.  Одоо баригдах гүүрэн гарцыг БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр барих бөгөөд нийт 30 орчим сая ам.доллар зарцуулагдах аж. Энэ мэт хийсэн бүтээсэн ажлаа дахин бүтээн байгуулалт нэрээр үгүй хийсээр байвал дахиад хэдэн жилийн дараа 30 сая ам доллар ч салхинд хийсэхийг үгүйсгэхгүй юм.

Сэтгэгдэл бичих

arrow icon