Нийтлэл 04 сарын 02, 2018

Солонго атгах Хувьт

Дэлхийн Аутизмын өдрийг жил бүрийн дөрөвдүгээр сарын 2-нд тэмдэглэн аутизм гэх зүйлийг нийгэмд таниулах, ойлгуулахад чиглэдэг. Манай улсын аутизмтай хүмүүсийн тоо, судалгаа мэдээлэл ховор, тэдэнд зориулсан мэдээлэл, зөвлөгөө, үйлчилгээ, эмчилгээ, тусламж, халамж тйим ч хангалттай байдаггүй. Гэтэл аутизм өөрөө ойлгоход хэцүү, цаг хугацаа алдаж болдоггүй эмгэг. Аль болох хүүхдийнхээ оюун санааг үргэлж хөгжүүлж байхыг шаарддаг.  Харин Ядамсүрэнгийн нэрэмжит Анима сургууль жил бүр тусгай хэрэгцээт хүүхдүүдийг элсүүлэн уран бүтээлч болох гарааг эхлүүлэхэд тусалдаг төдийгүй  2016 онд хамгийн анхны Аутизмтай хүүхдийг сургуульдаа элсүүлэн өдгөө түүний зургийн үзэсгэлэнг өнгөрсөн баасан гарагт дэлгэлээ.  Түүнийг Батжаргалын Хувьт гэдэг. Тэрээр анх ой зургаан сартай аутизмийн эмгэгтэй гэж оношлогдон Японд зургаан жил амьдрахдаа хувь хүний хөгжлийн чадваруудыг эзэмшсэн төдийгүй, эх орондоо эргэн ирээд дүрслэх урлагийн Анима сургуульд  суралцаж уран бүтээлчийнхээ гарааг ийнхүү амжилттай эхлүүлж байна.

Хувьт хүүгийн ээж Л.Алтангэрэл: Миний хүү гайхалтай нарийн мэдрэмжтэй

Аутизм бол өвчин биш тархины эмгэг гэж явдаг.  Би анх хүүгээ ой зургаан сартай байхад нь Япон руу мэргэжил дээшлүүлэхээр явсан. Тэнд очоод цэцэрлэгт өгтөл танай хүүхэд энгийн хүүхдээс арай өөр байна. Мэргэжлийн байгууллагад хандаарай гэсэн. Тэгээд аутизм гэдгийг мэдэж авсан. Хувьтийг зургаан нас хүртэл бид Японд амьдарсан учир тэнд бүхий л хэрэгцээтэй үйлчилгээ, сургалтуудыг авсан. Тэгээд Монголд буцаж ирээд нэгэнт ийм тархины эмгэгтэй учир тусгай сургуульд явсан. Тэнд сурч байх хугацаанд зурах сонирхолтойг нь мэдээд энэ Анима сургуульд элсүүлсэн. Японд хүүхдийг бие даах чадварт маш сайн суралцуулдаг учир хүү маань бие даах арга барилд сайн сурсан учир өдөр тутмыг үйл ажиллагаанд асуудал гардаггүй.

Японд сургуулийн өмнө ямар үйлчилгээ үзүүлэх үү, сургуульд орсны дараа яах вэ гэх мэтчилэн системтэй явагддаг. Бүхий л өөрт нь хэрэгцээтэй үйлчилгээг соёлтой газар аваад ирсэн гэдгээрээ миний хүү их хувьтай хүү.

Магадгүй Япон яваагүй, тухайн үедээ аутизм гэж мэдэхгүй хүүхэддээ янз бүрийн тариа тариулаад сэтгэцийн эмгэгтэй гээд явж байхыг ч үгүйсгэхгүй. Зөв газраа очиж эрт мэдээлэл авсандаа их баярладаг.

Монголд аутизмийн холбоонд 400 гаруй гэр бүл бүртгэлтэй байдаг.  Америкийн нэгдсэн улсад 2014 оны нэг судалгаагаар 68 хүүхдэд тутмын 1 нь аутизмтэй байдаг. Дэлхийн хүн амын 1 хувь нь аутизмтай гэж үздэг. Дэлхийн хүн ам 7 тэр бум бол 70 сая орчим хүн аутизмтай гэсэн үг. Үүний шалтгаан болоод эмчилгээ нь одоогоор тодорхой болоогүй байна. Яваандаа тодорхой болох байх. Гэхдээ тэр болтол бид хүлээгээд суух биш хүүхдээ хөгжүүлэхийн тулд бүгдийг хийх ёстой.

Миний хүү чинь төгөлдөр хуур тоглодог. Хоол амтлах нарийн мэдрэмжтэй, магадгүй хоол сайн хийх байх.  Юуг юутай холивол сайхан амт гарах гэдгийг их сайн  мэддэг.

Түүний зургууд нь ер бусын өвөрмөц сэтгэлгээтэй, өөр өөрийн гэсэн өвөрмөц дүр төрхтэй юм. Тэрээр хэдийгээр Чингис хаан, Сүхбаатар, Өвгөн хуурч гэх мэт алдарт хүмүүсийн үүх түүхийг мэдэхгүй, сонсож ойлгох чадваргүй ч тэднийг өөрийнхөө хэмжээнд гайхалтай дүрслэн буулгажээ.

Хувьт хүүгийн багш Ө.Бархүү: Хувьт бол миний хамгийн онцгой шавь

Хувьт бол аутизмтай энгийн хүүхдээс маш өөр гэсэн үг. Харилцааны тал дээр багагүй бэрхшээл гарна. 2-3 цаг хичээллэхэд ядарна, чихээ дарж орилно, үгүй үгүй  гээд л  уурлаад л бэрхшээл мэдээж байдаг байсан. Одоо бол ямар ч асуудалгүй болсон. Мэдээж хэрэг би заах арга барилаа өөрчилсөн. Одоо зүгээр энгийн хүүхэдтэй харилцаж байгаа юм шиг л хичээлээ заах болсон. Анх над дээр 13 настай ирсэн. “Чи энийг жураарай жа” гэх мэтчилэн яг л өөрийнх нь хэллэгээр нь ярьж хэлж, ойлголцох хэрэгтэй.  Яг жаахан хүүхэд шиг эелдэг харьцаж өөрийн санаагаа ойлгуулбал харагдаж байгаа зургийг тэс өөр болгож бидний ухамсрын төвшнөөс огт өөрөөр зурдаг. Тухайн бодит зургийг бүр байж боломгүйгээр эвдэж зурдаг нь гайхалтай. Урлангийн зургуудыг 2 жил зурсан. Харж буй зургаа өөрөө маш сайн хийсвэрлэж зурдаг. Бид бол ухамсарт баригдана. Харин Б.Хувьтад баригдах ухамсар гэж байхгүй чөлөөтэй сэтгэдэг. Гайхалтай сэтгэлгээтэй.

Гэнэн цайлган хүүхдийн сэтгэлгээ, урьд өмнө хэзээ ч харж байгаагүй байшин барилга, зохиомжит зургууд түүний үзэсгэлэнг чимж байлаа. Тэрээр энэхүү үзэсгэлэнгийн зургуудаа 2 жил зурсан төдийгүй үзэсгэлэнд 100 орчим зургаа дэлгэжээ.

Анима дүрслэх урлагийн сургуулийн захирал: Я.Булган: Хувьт хүүгийн минь амьдрал солонгын 7 өнгө шиг гэрэлтэж байгаасай 

Манай Дүрслэх урлагийн Ядамсүрэнгийн нэрэмжит  Анима сургуульд Б.Хувьт маань 3 дахь жилдээ суралцаж байна. Манай сургуулийн оюутнуудын 30 орчим  хувийг тусгай хэрэгцээт хүүхдүүд эзэлдэг.  Ер нь жилдээ 4 тусгай хэрэгцээт хүүхдүүд элсүүлж уран бүтээлч болох гарааг нь эхлүүлэх зорилго тавьдаг. Б.Хувьт хүү  анх 2015 онд зураач болох сонирхолтой бяцхан хүү манай сургуульд ирээд Ө.Бархүү багшийн удирдлагад одоо  3 дахь жилдээ суралцаж байна. Манай сургууль энэ жил 24 дэх жилдээ тусгай хэрэгцээт хүүхдүүд элсүүлж эрүүл хүүхдүүдийн хамт урлагийн боловсрол олж авах боломжийг нээж өгч байгаа. Би Хувьт хүүгийнхээ үзэсгэлэнг Солонго атгах Хувьт гэж нэрлэсэн. Мэдээж Б.Хувьт бол онцгой хүүхэд. Аутизм гэх тархины эмгэгтэй хүүхэд. Энэ аутизм гэх ойлголт бидний хувьд их шинэ ойлголт. Манай сургуульд өмнө нь хөлөөрөө зурдаг, амаараа зурдаг, тулгуур эрхтний эмгэгтэй гэх мэтчилэн маш олон тусгай хэрэгцээт хүүхдүүдтэй ажиллаж үзсэн. Харин аутизмтай хүүхдийг анх удаа 3 дахь жилдээ суралцуулж байна.  Үнэхээр аутизм гэдэг бол ямар нэгэн аюул биш. Бид тэдэнтэй ярьж, ойлголцож болдог юм байна гэдгийг энэхүү үзэсгэлэнгээрээ харуулахыг зорьж байна. Мэдээж Б.Хувьт бол уран бүтээлч болох замналаа дөнгөж эхэлж буй оюутан. Түүний уран бүтээлийн зам нь үргэлж солонго шиг байж 7 өнгөөр гэрэлтэж байхыг хүсэж байна.

 

Сэтгэгдэл бичих

arrow icon