Нийтлэл 04 сарын 11, 2018

У.Хүрэлсүх: Монгол Улсын эдийн засгийн өсөлт сэргэн хөрөнгө оруулалт, бизнесийн орчин сайжирч байна

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцяны урилгаар  тус улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Азийн төлөөх Боаогийн чуулга уулзалт”-ын нээлтэд оролцож үг хэллээ.



Монгол Улс Азийн орнуудын эдийн засгийн асуудлаарх мэдээлэл солилцоо, харилцан уялдаатай хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх зорилготой энэ уулзалтыг санаачлагч орнуудын нэг бөгөөд төр, засгийн удирдлагын түвшинд олон удаа оролцож байгааг дурдаад, Боаогийн чуулга уулзалт нь бүс нутгийн худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, тулгамдаж буй асуудлуудаа шийдвэрлэх боломжийг хамтран эрэлхийлэх чухал индэр болохыг онцлов.
Тэрбээр Монгол Улсын бүс нутгийн улс төр, эдийн засгийн олон талт хамтын ажиллагаанд идэвхтэй оролцох бодлогыг нотолж, Азийн орнууд илүү нээлттэй, хүртээмжтэй байдлаар худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаагаа хөгжүүлэхийг дэмжиж буйгаа илэрхийлэв. Мөн Монгол Улсын эдийн засгийн өсөлт сэргэн, хөрөнгө оруулалт, бизнесийн орчин сайжирч байгааг онцолж, хөдөө аж ахуй, хүнс, хөнгөн үйлдвэрлэл, аялал жуулчлалын салбараа хөгжүүлэн эдийн засгаа төрөлжүүлэхийг зорьж байгааг тэмдэглэв. 
БНХАУ-ын “Бүс ба Зам” санаачилга нь бүс нутаг, дэлхий дахины энх тайван, тогтвортой байдлыг хангах, эдийн засгийн хөгжлийг түргэтгэхэд чухал үүрэг гүйцэтгэх боломжтой хэмээн үзэж буйгаа илэрхийллээ. Мөн Монгол Улсын “Хөгжлийн зам” хөтөлбөрийг “Бүс ба Зам” санаачилгатай уялдуулан хэрэгжүүлж, “Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридор” байгуулахаар идэвхтэй ажиллаж байгааг онцлов. Тус чуулга уулзалтад НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш, Австри, Филиппин, Нидерланд, Пакистан, Сингапур зэрэг улсын төр, засгийн удирдлага, Олон улсын валютын сангийн гүйцэтгэх захирал Кристин Лагард нарын өндөр албан тушаалтан болон олон орны хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгч, эрдэмтэн судлаач оролцож байна.

Дашрамд дурдахад, БНХАУ эдийн засгийн тус чуулга уулзалтыг Хайнань мужийн Боао хотноо 2001 оноос хойш жил бүр тогтмол зохион байгуулж байгаа юм. 

Сэтгэгдэл бичих

arrow icon