Нийтлэл 04 сарын 16, 2018

Авьяаслаг ард түмний арга билэгт хязгаар бий

Монголчууд үнэхээр авьяаслаг ард түмэн юм.

ТАТВАРЫН ТОГТОЛЦОО нь бизнесийн яг эсрэг байхад л хувийн хэвшил маань сайн ч, муу ч хөгжсөөр байна. 

Татвар бизнестээ сөрөг байна гэж чухам юуг хэлнэ вэ? Жишээ болгож Баянзүрх дүүргийг авч үзье. БЗД дээр бүртгэлтэй компани, аж ахуйн нэгжийн татварыг дүүргийн татварын хэлтэс хурааж авдаг боловч, бүгдийг нь улсын төсөвт тушаадаг. Бусад аймаг, орон нутагт ч ялгаагүй. Дүүргийн удирдлагын мэдэлд үлддэг нь ердөө бууны хураамж, хогны мөнгө, зах дээр суудаг хүмүүсээс сард нэг удаа татдаг мөнгө гэх мэт хэдхэн нэр төрлийнх. Тэгэхээр Баянзүрх дүүрэгт АПУ компани бүртгэлтэй байна уу, байхгүй юу, Мобиком орж ирнэ үү байна уу, дүүргийн Засаг даргын хувьд үнэндээ чухал асуудал биш. Харин Да хүрээ зах, Нарантуул захаас орж ирэх жижиг наймаачдын орлого хөөрхөн нэмэртэй байдаг учраас энэ хэдэн захаа хайрлана. СХД-ийн хувьд зах гэхээр олигтой юм байхгүй учраас татаасаар амьдардаг.
Тэгвэл бусад улс орнууд яадаг вэ? Тэд аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, Нэмэгдсэн өртгийн албан татвар гэх мэт байгууллага, компанийн үйл ажиллагаа, түүний цар хүрээгээр тодорхойлогддог томоохон татваруудын тодорхой хувийг (20% - 30% г.м) тухайн орон нутгийнхаа эрх мэдэлд үлдээдэг. Тиймээс орон нутгууд олигтойхон компани татах гэж бүгд өрсөлдөж, толгойгоо ажиллуулдаг. 
Сум, дүүргээ орхиод аймаг, нийслэл гэсэн арай том засаг захиргааны нэгжийг аваад үзье. Нийслэл болон аймгуудын өөрөө өөртөө захиран зарцуулдаг татварын орлогын ихэнх буюу 70 орчим хувь нь "Хувь хүний орлогын албан татвар"-аас бүрддэг. За тэгээд үлдсэн нь тэмдэгтийн хураамж, хүү торгуулийн орлого гэх мэтээс. Хэдэн жилийн өмнө Нийслэлийн удирдлагууд Засгийн газартай нэлээд "үзэлцэж байж" өөрийн гэсэн татвартай болсон. "Хотын татвар" нэртэй тэр татвар маань архи пивоны худалдааны 1 хувиас бүрддэг. Тэгэхээр хотын даргын хувьд хүмүүс замын хөдөлгөөн зөрчиж торгуулах тусам, шүүхдэж маргалдаж эсвэл төрийн хүнд суртал ихэсч тэмдэгтийн хураамж төлүүлэх тусам өөрийнх нь мэдлийн төсөв мөнгө нэмэгдэнэ. Дээр дурдсан хотын татвар шинээр гарсан тул "нийслэлчүүд маань архи, пиво сайн хэрэглээсэй, сайн шоудаасай" гэдэг инсентив далд ухамсарт нь үйлчилнэ. Татварын систем ямар байна, нийгэм тийшээ явна. Нэгэнт манайх зах зээлд шилжсэнээс хойш ийм л зарчим үйлчилнэ. Зах зээлийн арга нь бүтэхгүй, хагас дутуу зэрэмдэг болчихсон болохоор захиргааны аргыг шүтэхдээ тулдаг. МАН-ыхан захиргааны арга хэрэглэх нэн дуртай.

Татварын тогтолцооны байж байгаа царайнаас болоод өнөөдөр Баянзүрх дүүрэг, Хан-Уул дүүрэг хоёр Таванбогд группыг булаацалдахгүй, Багануур дүүрэг ЭмСиЭс компанийн төв оффисыг өөртөө татахаар элдэв сайн нөхцөл санал болгохгүй байгаа юм. Өмнөговь, Баянхонгор аймгуудад уул уурхайн компанийг алгаа дэлгэн угтах биш, харин ч дарамталж шантаажлах сэдэлтэй уулздаг нь энэ тогтолцооны гай. Нутаг ус, байгаль орчноо хамгаалж, харамлаж байгаа нэрээр, шантаажны хэдэн цаас олно (боломжоо ашиглаж байгаа нь л тэр).
Жижиг дэлгүүр, үйлчилгээний газруудыг эс тооцвол бараг бүх компани Улаанбаатар хотод бүртгэлтэй байна. Хэчнээн том хэрэглэгч, дэлхийн хэмжээний уурхай Оюутолгой байгаад Ханбогд, Манлай, Баян-Овоо суманд бизнес хөгжихгүй байна. Оюутолгой компани тэр сумдад мөнгө тараагаад, эмнэлэг, сургууль, зам, орон сууц барьж өглөө гээд хөгжихгүй. Тэнд бизнес цэцэглэж байж л ажлын байр бий болно, эдийн засаг хөдөлгөөнд орно, сум орон хөгжинө. Нэгэнт сум орон нутаг хөгжих хөшүүрэг нь байхгүйгээс хойш хөгжихгүй сууж байх нь тэдний хувьд "амжилт" юм. Ийм нөхцөлд Нийслэл рүү чиглэсэн хэт төвлөрөл гаарахаас аргагүй.

Нийслэл, аймаг, орон нутгууд өөрсдийн захиран зарцуулах орлогыг нэмэгдүүлэхийн тулд яадаг вэ? Бонд гаргана гэнэ, концесс зарлах эрхтэй болно гэнэ. Нийслэлийн эрхзүйн байдлын тухай хуулийг шинэчлэх гээд зүтгээд байгаагийн цаана ийм нэг шалтгаан бий. Хөөрхий ажлаа хийх гээд байгаа юм. 
За тэгээд өөр нэг шалгарсан арга байна! Орон нутгийн өмчит үйлдвэрийн газруудыг байгуулах! Нийслэлд ийм аж ахуйн нэгжийн тоо 30 хүрсэн. Ихэнх нь алдагдалтай. Ашигтай ОНӨҮГ байгуулахын тулд ашигтай бизнесийн эрэлд гарна. Ашигтай бизнес гэдэг бол хувийн хэвшил аль хэдийнэ эрхэлж байгаа, эсвэл эрхлэх боломжтой бизнес. Өөрөөр хэлбэл хувийн хэвшлээ дэмжих нь битгий хэл, хувийн хэвшилтэйгээ өрсөлдөх "ариун дайнд" Засаг дарга нар маань мордоно оо гэсэн үг. Бизнесийн орчинг сайжруулна, хувийн хэвшлийг дэмжинэ гэдэг уриа зөвхөн цаасан дээр үлддэг, амьдрал дээр очихоор бизнесийг тал талаас нь хэрчиж, хөөж тууж, дарамтлаад байдгийн нууц энэ. 
Татварын тогтолцоо маань бизнесийн эсрэг байснаараа эргээд орон нутгийн хөгжлийн ч эсрэг болчихож байгаа юм. Хэдий тийм ч, Сүхбаатар аймаг гэх мэт зарим орон нутаг боломжоороо хөдлөөд, бусад нь ч бас хуучинтайгаа харьцуулахад дэвшилттэй. Манайхан авьяастай тулдаа л явуулаад байгаа хэрэг.
За цааш яривал НӨАТ болон нийгмийн даатгалын шимтгэлд өөрчлөлт оруулах, ХЭАА болон түүнийг тойрсон ойлголтонд томоохон өөрчлөлт оруулах хэрэгтэй байна. Бүгд бизнест халтай. Эдгээрийн тухайд дараа бичнэ.

Яг одоо татварын багц хуулийн шинэчлэл яригдаж байна. Одоо л дээрх гажгийг засч, зоригтой өөрчлөлт хийхгүй бол цааш явахаа байлаа. "Авьяаслаг ард түмний" арга билэгт хязгаар бий.

Сэтгэгдэл бичих

arrow icon