Нийтлэл 05 сарын 21, 2018

Ээжээ надад харандаа өгөөч би өнгө зурмаар байна

Зуны халуун өдөр нартай бороо орсны дараа Бурхны бүтээсэн хамгийн төгс долоон өнгийн цуглуулга болох солонго татах аваас хүүхэд багачуул цонхоороо хараад , гүйн гарч хөөрөлдөн байсан аж . Уран бүтээлийн гараагаа эхлүүлж буй шинэхэн зураач Энхсайхан маань ч гэсэн өнгө өнгөөр гэрэлтэх солонгыг цонхоороо хараад сэтгэл нь ихэд догдлон байсан нь мэдээж . Гараад гүйе гэвч түүний гар хөл , биеийн эрхтнүүд түүнд үл захирагдана . Төрөлтийн хүндрэлийн улмаас тархины саажилттай болж гар хөл нь ихэд чангарч тэргэнцэр дээр суух болсон өдөр хоног, сар жилүүдийг ачит эхийнхээ халамж асаргаан дунд даван туулж буй нь энэ юм. Гэвч тэр өдрийн солонго бүхнийг өөрчлөх нь тэр. 

-Ээжээ , надад харандаа цаас өгөөч .
-Май миний охин . 
-Үгүй ээ ,ээжээ. Өнгийн харандаа өгөөч . Би өнгө зурмаар байна. Цонхоор харагдах солонго шиг . Гар минь чангарч харандаагаа барьж чадахгүй ч амаараа зуугаад зурна … 
Энэ өдрөөс хойш тэр өөрийн хүсэл мөрөөдөл , мэдрэмж сэтгэл хөдлөл бүхнээ зургаар илэрхийлэх болжээ. Нэг хүнд яасан олон авьяас заяасан юм бэ гэлтэй цэцэрлэгийн Оюун багшаараа 5 настайгаасаа төгөлдөр хуур хэрхэн хамар эрүүгээрээ тоглож болохыг заалган хөгжимд дурласан аж . Ээж нь Энхсайхныг тээж байх үедээ пянз хөгжим сонсдог байсан нь ч түүний хөгжимд дурлахад нь нөлөөлж.  Энэ авьяасаараа Монголын хүүхдийн урлагийн наадамд хүрэл медаль авч , Солонгос болон Энэтхэг улсуудад ч хурал чуулга ,тэмцээн уралдаанд улсынхаа нэрийг гарган амжилттай оролцоод ирсэн нь бүр ч бахархмаар. Харин зураач болох энэ замналыг одоог хүртэл тус хүргэж байдаг Энхбат багш нь түүнд Төрийн шагналт,Ардын зураач Ү.Ядамсүрэнгуайн нэрэмжит Дүрслэх урлаг,дизайны “Анима” сургуулийг танилцуулснаар эхэлжээ. Ширүүн харцтай ч ихэд үзэсгэлэнтэй төрхтэй Булган захирал , эмэгтэй хүнээс илүү мундаг гэмээр урт намирсан үстэй Бархүү багш нар Энхсайхныг угтан авч өнгө будгийг хэрхэн хослуулж зотон дээр буулгахыг , сэтгэл оюунаа хэрхэн чөлөөлж тэргэнцэр суудалдаа баригдахгүй байхыг зааж сургаснаар Анима хэмээх урлагийн халуун тогоонд хамт олныхоо ач тусаар уран бүтээлээ туурвин өөрийн дуртай хөгжмийг байгалийн төгс бүтээл солонгын өнгөөр туурвисан нь энэ билээ . Энэ бол дөнгөж хорин зургаахан настай залуу зураач  бүсгүй          Ч.Энхсайханы урлагийн замналаар замнасан түүх.

Тэрээр урлагийн замналаар замнан амаараа зурж эхэлснээс хойш 4 жилийг ардаа үдэж өдгөө анхны бие даасан уран бүтээлийн үзэсгэлэнгээ ийнхүү дэлгэжээ.

Түүний зургуудын тэн хагасыг хөгжмийн зэмсгийн зураг эзэлнэ. Хэдийгээр гадаад ертөнцтэй  харилцаж, бусадтай сайн  ярьж ойлголцож чадахгүй өөрийн сэтгэлийн баяр баяслаа аялгуут хөгжмөөр илэрхийлж сурчээ.

Тэр бас зөвхөн ямар нэгэн зүйлийг хараад дууриаж зурах биш өөрөө сэдэвчлэн зурахдаа ч гаргууд сайн юм. Тухайлбал түүний өөрийгөө хөгжлийн бэрхшээлтэй төрсөндөө, бусдаас өөр байгаадаа шаналан байж зурсан хэд хэдэн зураг үнэхээр өр өвтгөнө. Нэг талд нь бурхан нэг талд  нь чөтгөр зурсан зургаа тэрээр ээждээ тайлбарлахдаа бурхан бол хүмүүс, чөтгөр бол би хэмээн тайлбарлаж. Мөн нэгдүгээр сургуулийн урд талын гарцаар гарах үед эрсдэлтэй санагддагаа ч тэр дараах зургаар илэрхийлжээ. 

Энэ мэтээр Энхсайхан өөрийн дотоод сэтгэлээ гадаад орчинтой, хүмүүсийн хандлагатай харьцуулж илэрхийлэхдээ үнэхээр сайн гэдгийг түүний ээж  Ц.Байгалмаа ярьсан юм. 

"Миний охин одоо 26 настай. Анх төрөхийн хүндрэлээс болж хэвтэрт орж бүүр босож ч чадахгүй байсан нь эмчилгээ хийлгэсний үр дүнд одоо ингээд сууж чаддаг бүүр зурж чаддаг байгаад үнэхээр их баяртай байна. Миний охин зурах сонирхолтой, их гоё хөгжмийн мэдрэмжтэй  охин. Хөгжмийн нарийн мэдрэмжтэй. Мэдээж сургуульд сурахад үнэхээр хэцүү. Бүх зүйлийг өөрөө хийж чадахгүй учир бүгдийг багш оюутнууд бэлдэж өгнө. Би ч охиныгоо зураач болоход дэмнэх үүднээс чадах бүхнээрээ л туслахыг хичээдэг. Оюутнууд дадлагад гарах үеэр би охинтойгоо цуг дадлагадгарч хөдөө натурт явж байлаа. Сая үзэсгэлэнгийн нээлт болохын өмнө охин маань диплом хамгаалахад баярын нулимс нүдэнд маань багтахгүй бөмбөрөөд л байлаа".

Түүний хамгийн сайн туслах бол мэдээж ээж, багш бас найзууд нь. Ээж нь төрсөн цагаас нь хойш харж хандаж, гадаад ертөнцийг таниулж, басхүү хөгжмийн мэдлэгтэй болоход нь ч нөлөөлсөн.

Энхсайхны хувьд хэдийгээр гар хөлийн  хөдөлгөөн хоригдож бусад шиг дэрвэж гүйх хувь тавилан тохиогоогүй ч гэр бүлийн аз жаргал, хайр халамж түүнийг өдий зэрэгт хөтлөн яваа.

Хайр сэтгэлд  гадна талаасаа ямар харагдахаас  үл шалтгаалан чин сэтгэл л чухал гэлцдэг. Үнэхээр энэ үгийг батлах мэт Энхсайхан хүссэнээрээ алхаж, гүйж, тоглож, ярьж чадахгүй бараан өдрүүдийг туулсан ч  найз залуутайгаа хамтдаа байхдаа энэ бүхнийг ор тас мартдаг.

Хамтдаа суугаад юуны ч тухай юм аз жаргалтайгаар ярилцах хос хоёр. Магадгүй тэд ирээдүйн аз жаргалын тухай, амжилт бүтээлийн тухай ярилцаж байгаа биз.  

 

Сэтгэгдэл бичих

arrow icon