Нийтлэл 06 сарын 04, 2018

ХӨНДӨХ СЭДЭВ: Хэрэгцээ дагасан бизнесүүд

 Элсэлтийн шалгалт гэж  нэг нь шалгаж байгаа нөгөө нь шалгуулж байгаа дүр үзүүлж наян минут болдог уг арга хэмжээ улам утгагүй болсоор байна гэж олон нийт нэлээд шүүмжлэх болсон.  Шалгалтын оноо л бүх амьдралыг шийдэж улсын нэр хүндтэй сургуульд хүссэн мэргэжлээрээ суралцах, хувийн аль нэг их дээд сургуульд ямар нэгэн мэргэжлээр суралцах уу гэсэн сонголтыг хийдэг.  Гэхдээ л ЭЕШ өгнө гэдэг төгсөх ангийн хүүхэд бүрийн, тэдний эцэг, эх, ангийн болон хичээл заадаг багш сэтгэлийг зовоох гол асуудал болдог. Дээр нь нэмээд ЕБС-иудын анги дүүргэлт 35-аас дээш учир багш хүүхэд бүрд анхаарах боломж хомс. Энэ бүхэн хүүхдүүдийн хувьд элсэлтийн шалгалтаа хэрхэн давж, гайгүй сургуульд яаж орох тухай сэтгэлтийн зовнил боловч зарим нэг хүмүүсийн бизнес цэцэглэх боломж байдаг.

Шалгалтын материалын хариуг 50-100  мянган төгрөгөөр зардаг

 2016 оны элсэлтийн шалгалтын үеэр шалгалтын материалын хариу задарч шалгалтын өмнө хүүхдүүд хариуг худалдаж авсан гэх мэдээлэл гарч байсныг уншигч та санаж байгаа биз. Боловсролын үнэлгээний төв орон даяар энэхүү шалгалтыг зохион байгуулах гэж маш их хөдөлмөрлөдөг. Гэтэл дунд нь ажиллаж байгаа нэг хүн хэдхэн төгрөгийн хойноос болоод хариуг нь тарааж тэр их ажил хөдөлмөрийг үгүй хийлээ хэмээн нэлээдгүй шуугьсан. Гэхдээ үнэхээр шалгалтын материалын хариу задарч зарагдсан эсэх нь эргэлзээтэй хэвээр байсаар сонгуулийн шоу болж өндөрлөсөн. Гэхдээ энэ асуудал зөвхөн тухайн үед яригдаж байсан асуудал биш.

Монголчууд хэзээнээс уралдаж хэн нэгнээс давуу эрх мэдэлтэй хүч чадалтай гэдгээрээ бардаж бахдах дуртай.  Энэ сэтгэхүй дээр нь дөрөөлж хэсэг сэргэлэн дэндсэн нөхдүүд шалгалтын материал тарсан. Нэг хувилбарын хариуг 50 төгрөг зарна гэсэн мессэж бараг сургууль бүрд элсэлтийн шалгалтын үеэр тардаг.Энэхүү хуурамч хариуг багаар бодоход 10 хүүхэд худалдан авдаг.  Мэдээж хэн ч гэсэн шалгалтандаа хамгийн сайн оноо авч хамгийн сайн сургуульд орохыг хүснэ. Гэхдээ хичээж зүтгэж үү? Амар хялбар аргаар уу?

Элсэлтийн шалгалтад бэлдэх төвүүд 

Эцэг эхчүүд хүүхдүүддээ шахаж шаардах, аливаа зүйлийг тулгахдаа арай хэтрүүлэх талтай. Тухайлбал миний хүүхдэд зөвхөн гадаад хэл, математик, физик зэрэг хичээлүүд хэрэгтэй хэмээн монгол хэлийг нь орхигдуулдаг. Гэтэл  ЭЕШ өгөх хүүхэд бүр Монгол хэлний хичээлийн шалгалт заавал өгч тэнцсэн байх ёстой, монгол бичгээр заавал уншиж бичдэг байх чадвар шаарддаг болсон.  Ингээд л монгол хэлний давтлага хичээлээс гадуур авах зайлшгүй шаардлага үүсдэг. Зарим нь бүтэн арван жил сурсан зүйлээ бүгдийг нь эхнээс нь өөр арга барилаар дахин заалгах хэрэгтэй болдог.

Зарим сурагч нь сургуулийнхаа багш нарын өгч байгаа давтлагад суудаг байхад зарим нь гадуурх сургалтын төвүүдийн “ЭЕШ-д бэлтгэнэ” гэсэн курст суудаг нь   чанартай, чанаргүй сургалтын төвүүд олноор бий болоход завшаантай хэрэг болдог аж.

Мэдээж боловсрол мэдлэгээс мөнгө харамлах хэрэггүй учир ЭЕШ-ын давтлага авах нь үнэхээр хэрэгцээ болж. Нэгэнт хэрэгцээ байгаа бол зах зээл бий болдог, үүнийг дагаад бизнес цэцэглэх нь тодорхой. Ийм ч болохоор сонин хэвлэл, интернэтээр “ЭЕШ-д бэлтгэнэ” гэсэн зар хаврын хаварт ёстой л борооны дараах мөөг шиг олширдог. Харин энэ олон  сургалтын төв, тэнд зааж байгаа багш нар үнэхээр хүүхэд эцэг, эхийн сэтгэлд хүртэл зааж, давтуулж, эрэлт хэрэгцээг нь бүрэн хангаж чадаж байна уу гэдэг л асуудал.

Хэд хэдэн сургалтын төвүүдээр явж үзэхэд ихэнх сургалтын төвүүд төлбөрөө цагаар тооцож авдаг. Нэг ангид 5-6 хүүхэд хичээллэдэг. Мөн багш нарын 40 орчим хувь нь мэргэжлийн багш биш байдаг юм байна. Өөрөөр хэлбэл багшлах эрхийн үнэмлэхгүй, өөр мэргэжлээр төгссөн ч ойролцоо мэргэжлийн хичээл заадаг. Зарим сургалтын төв яг хичээл эхлэх, дуусах тодорхой товгүй, хүмүүсийг бүртгүүлж төлбөрөө төлсөн өдрөөс нь эхлэн хичээлийн дундаас суулгадаг, гэсэн атлаа төлбөрийг нь бүтэн авдаг явдал ч байна. Бүүр зарим тохиолдолд ерөнхий боловсролын сургуулийн багшийн зааснаас арай өөрөөр заадаг. Энэ хоёрын аль нь яг баттай үгүйд нь эргэлзэж байна гэх ч хүүхэд байсан. Мэдээж багш бүрийг заах арга барил өөр өөр ч ерөнхий боловсролын сургалтын систем, хичээлийн хөтөлбөр ижил агуулгатай байх ёстой. 
Энэ мэтчилэн нэгэнт л сургалт явуулах зөвшөөрөл авчихсан төвүүд олон нийтийн эрэлт хэрэгцээг дагуулаад “ЭЕШ-д бэлтгэнэ” гээд зүтгэчихдэг ч сургалтын материаллаг бааз, хөтөлбөр, багшлах мэргэжилтэн зэргээ хэр бэлтгэдэг юм бол. Мэргэжлийн багш нартай ч тэд нь үнэхээр ЭЕШ-д хүүхэд бэлтгэж байсан туршлагатай байна уу үгүй юу.  Энэ бүхэнд хяналт тавих ёстой газар бол төр. Яагаад гэвэл сургалтын төв ажиллуулах зөвшөөрлийг тэд л өгч байгаа. 

Сургуульд элсэх асуудлыг шийдвэрлэх бөө удган

Монголчууд эртнээс бөө мөргөл, шашинд суртахуунд итгэж өдийг хүртэл амьдрал ахуйгаа даатгасаар ирсэн. Алив хэрэг болохгүй, бүтэхгүй бол өнөөх л мухар сүсгээсээ болж гандангаар явж бөөгөөр аргалуулж, арц хүж уугиулдаг нь гэм биш зан нь.  Энэ хандлага нь элсэлтийн шалгалтын үеэр бөө удган гэх хүмүүсийн бизнесийг чамгүй цэцэглүүлдэг.

Наад зах нь л өнгөрсөн жил сургуулиа төгссөн хамаатны дүү маань шалгалт болохоос 7 хоногийн өмнө нэг удганд очиж шалгалтад амжилттай оролцох эсэх цаашид орсон сургуульдаа хэр сайн суралцах эсэхээ тодруулж. Удган үзээд нэлээд саад тотгор байна. Чиний шалгалтын үеэр хэд хэдэн асуудлууд гарч шийдвэрлэхэд хэцүү болно. Гэхдээ би аргалж чадна гэж арц хүж, цацлага тэргүүтнийг өгч байсан. Мэдээж шалгалтандаа асуудалгүй орсон.  Харин дүү маань үүнийгээ тарни номын хүч гэж бодож суугаа.  Өөрийн хичээл зүтгэлийг огтхон ч үнэлэхгүй байгаа нь харамсалтай.  Үнэ тарифын хувьд  заяа төөргийг харахад нэг тусдаа үнэтэй, засал ном хийж аргалахад бас тусдаа үнэтэй. Зарим нэг нь тогтсон тариф байхгүй ч сэтгэлээрээ улаачийг маань шагна гэдэг. Мэдээж энэ дээр дахиад л манай монголчуудын мухар сүсэг дийлнэ. Их мөнгө, их өглөг өгвөл асуудал сайн шийдэгдэнэ. Бага мөнгө өгвөл өнгөрсөн хугацаанд хичээсэн зүтгэсэн бүхэн талаар болно гэдэгт итгэдэг.

Энэ мэт ЭЕШ дөхөөд ирэхээр сурагчдад, их дээд сургуульд элсэх сонирхолтой хүүхдэд давтлага өгнө гэсэн сургалтын төв газар сайгүй олширч, үнэн зөв шалгалтын хариу зардаг  асуудлууд даамжирсаар л байна. Боловсрол мэдлэг гэдэг хүнд зайлшгүй байх ёстой хэрэгцээ. Гэхдээ үргэлж үнэн зөв чанартай боловсролыг олж авдаг болох хэрэгтэй. Энэ хэрэгцээг  далимдуулан түрийвчээ зузаалдаг хулхи бизнес болгочихгүйн тулд төр, хувь хүн, эцэг эх, хүүхэд гээд  аль аль талаасаа анхаарч хяналт, шаардлага тавьж байх хэрэгтэй байна. 

Сэтгэгдэл бичих

arrow icon