Нийтлэл 06 сарын 18, 2018

БАЙР СУУРЬ: Татварын шинэчлэлийн хуулийг буцаах УИХ-ын шийдвэрийн тухай

 Татварын шинэчлэлд онцгой ач холбогдолтой, бизнес эрхлэгчдийн хүлээж байсан ААНОАТ-ын тухай хуулийг УИХ-аас хэлэлцэх шаардлагагүй гэж үзэн, буцаахаар болсныг татварын шинэчлэлийн эсрэг, шинэчлэлийн ач холбогдлыг үгүй хийсэн алхам боллоо гэж үзэж, МҮХАҮТ-аас хэвлэлийн бага хурал зарлалаа. Уг хэвлэлийн хуралд МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч бөгөөд Удирдах зөвлөлийн дарга Б.Лхагважав, Танхимын тэргүүлэгчдийн төлөөлөл оролцлоо. 

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Б.Лхагважав: “МҮХАҮТ нь 2014 оноос Татварын шинэчлэл өөрчлөлтөд эрхзүйн болоод онолын хувьд үндсэн хуулийн гол үзэл баримтлалтыг агуулсан хуулийн систем хэрэгтэй хэмээн анхнаас нь ач холбогдол өгч оролцсон. Татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар ААН-үүдээс 5400 саналыг авсан.

Бүртгэлийн систем дээр үндэслэсэн татварын өөрчлөлтийн талаар бид ярьж байна. Сүүлийн 27 жил татвар төлөөгүй, эсвэл татвар төлөгчдийн мөнгөнөөс тендер, улс төрийн лоббигоор хувь хүртдэг, далд эдийн засгийн ил болгохыг хүсээгүй, технологи оруулахын эсрэг улсууд ийм үйлдэл гаргаж байна.

НӨАТ-ын системийг нэвтрүүлэхэд маш их эсэргүүцэлтэй тулгарч байсан. Энэ системийн үр дүнд татварын бүх орлого биелсэн. Хар зах зээл хумигдаж, 27 их наяд төгрөгийн орлогын зөрүү гарсан. ААН-үүд 27 жил явахдаа бий болж байсан бүх татварын хуулиар 34,5 их наяд төгрөг буюу 17 тэрбум ам.доллартай тэнцэх хэмжээний ажил үйлчилгээг 33000 компани ил болголоо. Жигд, шударга татварын системийг бий болгохын төлөө бид явж байгаа. Бизнес эрхлэгчид татвар төлөгчдийн хүчээр эдийн засгийн хямралаас гарсан” гэв.

 Бизнес эрхлэгчдийг төлөөлөн, Өгөөж ХХК-ийн ерөнхий захирал С.Түмэнгэрэл: “ААНОАТ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах нь ААН-үүдэд  үнэхээр хэрэгтэй байна. Бидний өсөх хөгжих, өргөжих тэлэх эсэх нь энэ хуулиас хамаарна.  Аж ахуйн нэгжүүд  хуулийн төсөлд  маш өргөнөөр санаа оноогоо тусгаж ажилласан. Хэрэв батлагдсан бол гарааны бизнес эрхлэгчид, жижиг дунд үйлдвэрлэгчдэд маш таатай байх байлаа. Мөн ЖДҮ-ийг хөгжүүлэх, түүнийг дагаад ажлын байр нэмэгдүүлэх, татвараа зөв авах систем бий болох байлаа. Өнгөрсөн хугацаанд далд эдийн засаг өргөн байснаас шударгаар татвар төлдөг ААН-үүдэд ачааны хүндийг үүрүүлдэг байлаа. Тиймээс аж ахуйн нэгжүүдэд зөв тогтолцоог бий болгох энэхүү хуулийг баталж өгөөрэй гэж уриалмаар байна” гэв. 

 Коёото ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Бямбасайхан: “Татварын багц хуулиудаас ААНОАТ-ын хуулийн  төслийг гацааж буй нь харамсалтай. Уг нь энэ бол судалгаа үндэслэлтэй, санал асуулгатай оруулсан хууль. Сангийн яам сүүлийн 6 сарын дотор 750 тэрбум төгрөгийн өр дарсан. Энэ мөнгийг хаанаас олсон бэ гэвэл татвар төлөгчдийн татвараас л олсон.

 Макро түвшиндээ татварын ухаалаг системийг бий болгож ил тод, шударга төлдөг  хуулийг батлавал их өрнөөс түргэн салж, эдийн засаг хурдан сэргэнэ. Бизнес эрхлэгчдийн хэтийн төлөв 5-10 жилийн дараа хаана хүрсэн байх вэ, бизнесээ өргөтгөх үү, бүр болих уу гэдэг татвар төлөгчдийн тоглоомын дүрмийг тодорхой болгох ёстой.

УИХ-ын гишүүд Монгол Улсын язгуур эрх ашгийн төлөө байх ёстой болохоос биш, өөр  нэгэн ашиг сонирхолд үйлчлэх учиргүй. Ард нийт, ААН-үүдээрээ гаргасан санал бүхий хуулийг гацаах нь шударга бус юм. Эдийн засгаа тэлэх, их өрийг багасгах тухай ярьж  буй энэ үед ултай суурьтай, ухаантай шийдвэр гаргаасай гэж хүсч байна” хэмээв.

ААНОАТ-ын тухай хуулийн төсөлд ААН, бизнес эрхлэгчдийг татвар төлөлтөд жигд хамруулах, гадаадын ААН-д татвар ногдуулах, татварын суурийг өргөтгөх, улсын төсөвт нөлөөлөх эерэг заалт оруулснаас гадна 1.5 тэрбум төгрөгөөс ихгүй албан татвар төлөгчид татварын хөнгөлөлт үзүүлэх, цаашлаад ААН, арилжааны банкнуудын гадаад зах зээлээс оруулж ирэх валютын эх үүсвэрийг нэмэгдүүлэх, өртөг хямдрах, хөрөнгө оруулалтыг дэмжих, үүнд суурилж зээлийн хүү буурах, бага хүүтэй зээл олгох зэрэг олон таатай боломжууд бүрдэх заалтууд туссан байсан бөгөөд эдгээр нь бизнес эрхлэгчдийн зүгээс дэмжлэг аваад буй. 
     
Өнгөрсөн 10 жилийн хугацаанд манай Улсын ДНБ 5.4, мөнгөний нийлүүлэлт 6.5, татварын орлого 4.1, ААНОАТ-ын орлого 4.3, ХХОАТ-ын орлого 9.2 дахин нэмэгдэж, мөн энэ хугацаанд инфляци дунджаар 10 хувь байж, бараа, үйлчилгээний үнэ 286.24 хувиар өссөн статистик байна.

Мөн ААНОАТ-ыг голлон төлдөг 398 байгууллага байдаг бөгөөд 2007 оноос мөрдөгдөж байгаа тус хуулийн 3 тэрбумын татварын шатлал нь ААН-ийг татварын дээд шатлалд орохоос зайлсхийн олон жижиг компани байгуулах, ажлын байрыг бууруулах, өрсөлдөх чадваргүй болоход нөлөөлсөөр байна.

Энэ нь татварын орчныг эдийн засгийн нөхцөл байдал, компанийн өсөлттэй уялдуулан, дотоодын хөрөнгө оруулалтыг дэмжих, үр ашигтай, хөрөнгийн төвлөрөлтэй, өрсөлдөх чадвар бүхий ААН бий болгох зорилгоор татварын шатлалын босгыг 6.0 тэрбум төгрөг болгон нэмэгдүүлэх зэрэг эрс шинэчлэл, өөрчлөлт хийх шаардлагатай чухал хуулийн төсөл юм.

Иймд, УИХ-ын дарга, эрхэм гишүүдийг Үндсэн хуулиар олгогдсон онцгой эрхийнхээ дагуу, өөрсдийн үүргийг ухамсарлан тус хуулийн үзэл баримтлалыг хэлэлцэн, холбогдох нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцүүлгийн шатанд хийж, бусад хуулийн төслүүдтэй хамт хэлэлцэн, батлахыг бизнес эрхлэгчдийн өмнөөс шаардаж буйгаа мэдэгдлээ.

 

.

Сэтгэгдэл бичих

arrow icon