Нийтлэл 09 сарын 16, 2018

Шираками Рёота: Монголд бага хөрөнгөөр бизнес эхэлж болох том давуу тал бий

Японд шинээр бизнесээ эхлүүлж байгаа болон  бизнесээ олон улсад гарахаар зорьж буй компаниудад консалтинг, зуучлалын үйлчилгээний чиглэлээр ажилладаг "TRY FUNDS" корпорацын үйл ажиллагаа хариуцсан захирал Шираками Рёотатай Монгол Япон хоёр улсын бизнесийн харилцааны асуудлаар ярилцлаа. 

Ажлын гараагаа банкнаас эхлээд, консалтинг, улмаар TRY FUND. Та өөрийнхөө карьер, ирээдүйн зорилгоос бидэнтэй хуваалцана уу?

Анхнаасаа л бизнесмен болно гэж карьераа зураглаж, нийгэмд үнэ цэнийг бүтээх хүн болохыг хүсдэг байлаа. Тиймдээ ч олон олон бизнесменийг төрүүлсэн санхүүгийн салбарыг сонгон туршлага хуримтлуулахыг зорьсон.  Надад худалдаа, консалтинг зэрэг олон сонголт байсан. Тухайн үе маань Лиман шок буюу санхүүгийн хямрал болсоны дараахан буюу санхүүгийн салбарын хувьд хамгийн их хөдөлгөөнтэй, хамгийн сонирхолтой үе байсан болохоор  Японы хамгийн том банкийг сонгож ажилд орсон юм. Тэндээсээ консалтингийн ажилд татагдаж, улмаар TRY FUNDS-т орсон.

 Өдгөө TRY FUNDS-т  финтек, консалтинг, IT-д түшиглэн M&A платформ бүтээх ажил таны анхнаасаа мөрөөдөж ирсэн бизнес эрхлэхтэй ойр ажил байна шүү дээ?

Тийм ээ. Янз бүрийн бизнесийн холимог гэж хэлж болно. Анх энэ компаниа байгуулагдах үеэс эхлээд л хамтдаа зүтгэсэн. Дуртай зүйлээ хийж байгаа болохоор үнэхээр сэтгэл хангалуун байдаг.

 Худалдааны дайн улам хүрээгээ тэлж,  ээлжит санхүүгийн хямрал ойртож байна гэх айдас дунд, ийм эгзэгтэй үед Японы байдал хэр байна вэ?

 Манай компанийн хувьд тайлан тооцоогоо харахад тун сайн тоонууд харагдаж байгаа ч, уур амьсгал тийм ч сайнгүй байгаа (инээв).  Зах зээлийг нийтэд нь аваад үзвэл шилжилтийн үедээ байна гэж хэлж болно байх. Өөрөөр хэлбэл, Абэномиксийн эхэн үе, эсвэл гурав дөрвөн жилийн өмнөх шиг эрчтэй биш байна.

Хувьцаа, үл хөдлөх хөрөнгийн үнэ өндөр хэвээр, зогсонги байдалтай байна. 2020 оны олимпын өмнө нэг унаж магадгүй л юм.

 Шинэ хөгжиж буй зах зээлтэй харьцуулахад Япон аргагүй зогсонги байдалд орсон мэт санагддаг.  Тиймээс ч TRY FUNDS нь Японоос хальж, глобал түвшинд өсөх боломжийг эрэлхийлж байна гэж ойлгож байна.

 Яриангүй.  Бид яг үүнийг л зорьж байна.  Японы эдийн засгийн гайхамшигт үе гэдэг үед,  Японы хүн ам ч өссөн, эдийн засаг нь ч томорсон.  Гэвч одооноос хүн ам яалт ч үгүй багасна.  Мөн Японы нийт баялаг, нийт хадгаламжийн талаас илүү хувийг өндөр настай хүмүүс эзэмшиж байна.  Өөрөөр хэлбэл мөнгийг хөдөлгөөнд оруулах ёстой хүмүүс нь мөнгөгүй, мөнгө хураах ёстой залуучууд нь хурааж хуримтлуулж чадахгүй үе рүү явж байна.  Олох ашиг яалт ч үгүй хумигдах учраас гадаад зах зээл рүү гарч бизнесээ тэлэх зайлшгүй шаардлагатай тулгарч байна.  Хятад, Солонгос шиг олон улсын зах зээлд байр сууриа эзлэхгүй бол Япон улс эдийн засгийн цар хүрээгээ энэ хэвээр хадгалах боломжгүй гэдэг нь тодорхой.  Компаниудыг гадагшаа зах зээл рүү гарахад дэмжлэг үзүүлэх нь TRY FUNDS-ын туйлын зорилго юм. 

 Монгол бол эдийн засгийн өсөлтийн хувь зэрэг тоон үзүүлэлтээрээ бол ирээдүйтэй шинэ залуу зах зээл.  Гэвч бизнес хийхэд, Монголын онцлог эрсдэл болон,  Монгол гэхээр л зөвхөн байгаль, соёл, сумо гэж төсөөлөгддөг төсөөллийн барриер гээд бэрхшээл их байдаг.  Таны хувьд Монгол ямар орон бэ?  Монголын зах зээлийг хуучинсаг настайчууд нь хамаг мөнгөө барьдаг Япон зах зээлд хэрхэн нээх боломжтой вэ?

 Би анх удаа Монголд ирж  байна.  Сэтгэл их догдолж байна.  Статистик тоо харж суухад маш сонирхолтой зүйлс ажиглагдлаа.  Жишээ нь, Улаанбаатарт Монгол улсын 3,1 сая хүн амын талаас илүү хувь нь  амьдардаг.  Япончуудын тал нь Токиод байна гээд л төсөөлөхөд үнэхээр санаанд багтамгүй.  Улаанбаатарт хөлөө олбол Монголын зах зээлд хөлөө олсонтой адил болов уу гэж бодож байна. Гэвч хүн ам бага зах зээлийг том компаниуд төдийлөн сонирхдоггүй талтай.  1 хүнээс 1000 иен гэж бодсон ч том тоглогчдод юу ч болохгүй.  Тиймээс жижиг дунд бизнесүүд, Япондоо ч томрох шаардлагатай компаниудын хувьд Улаанбаатарт бизнесээ тэлэх нь боломж ч байж магадгүй. Гэхдээ яг бизнес хийх гэхээр Монголын тухай бас нэг л сайн мэдэхгүй байгаад байдаг. Энэ утгаараа MONNICHI, TDB Токио салбарын хийж байгаа үйл ажиллагаа маш чухал юм.  

Мөн Монголд бага хөрөнгөөр бизнес эхэлж болох нь  маш том давуу тал.  Эхлээд ямар ч байсан нэг салбар байгуулаад үзэх, бага ротоор худалдаа хийж үзэж болно. Америк мэтийн том зах зээлд энэ нь бараг л боломжгүй. Түүнчлэн гадаадад бол хэдэн арван сая долларын хөрөнгө оруулах төсөл, аварга төслүүд, тухайлбал цахилгаан станц барих зэрэг төслүүдэд Монголд бол хэдэн зуун мянга, хэдэн саяар хөрөнгө оруулаад оролцоод явах боломж байж магад.  Энэ мэт боломжоор дүүрэн зах зээл гэж харж байна.  Энэ талаараа Японы тэтгэвэрт гарсан бизнесменүүд, жижиг дунд компаниудад сонирхолтой болов уу. Тэгэхээр бид тэдэнд Монголын боломжийг нээж санал болгоод, Монголд үйл ажиллагаагаа эхлэх, үргэлжүүлэхэд нь тууштай дэмжих системийг бий болговол дээр дурдсан саад бэрхшээлүүдийг торохгүй давна. Нисэх буудлын менежментийн тендер үүний нэг жишээ гэж хэлж болох байх.

 Жижиг байгаа нь давуу тал гэж бодож байгаагүй болохоор, тун сонирхолтой санагдаж байна.

Яг тийм.  Япон тал ч Монголын зах зээл рүү орох хэрэгцээ шаардлагаа тодорхойлох ёстой.  Үүнийг япончууд бид өөрсдөө хийнэ.

 Монголын эдийн засаг уул уурхайгаас хараат.  Мөн банк ноёрхсон эдийн засгийн бүтэц буюу Монголын санхүүгийн зах зээлийн 95 орчим хувийг банкны салбар эзэлдэг.  Банкны зээлийн хүү 15%-иас өндөр  байгаа нь аж үйлдвэрийн хөгжилд тушаа болж байна.  Энэ долоо хоногт даатгалын компаний анхны IPO хийгдэнэ.  Ер нь өнгөрсөн жилээс хөрөнгийн зах зээл идэвхжээд эхэлсэн.  Финтек ч өргөжиж байна.  Удахгүй банкны монопольчлол дуусгавар болох тийшээ хандах болов уу. Тиймээс банк санхүүгийн салбар цаашид хэрхэн өөрчлөгдөх нь тун сонирхолтой сэдэв болоод байна.

 Банк санхүүгийн салбар энерги, агаартай адилхан. Хэзээ ч устаж үгүй болохгүй. Мэдээж санхүүгийн үйлчилгээг зөвхөн банк л үзүүлдэг байсан үе өнгөрч байна. Цаашдаа банкийг хүмүүс үйлчилгээний газар шиг л сонгодог болно. Гэхдээ хүмүүсийн мөнгийг хадгалдаг газар гэдэг утгаараа итгэл хамгийн чухал. Энэ салбарт шинээр орогсдын хувьд хүмүүсийн итгэлийг яаж олж авах, хадгалах вэ гэдэг нь том даваа.

Банкны талаар Билл Гейтс “banking is necessary, banks are not” гэж хэлсэн байдаг. Өнөөг хүртэл банк олон төрлийн үйлчилгээг цогцоор үзүүлж үйлчлүүлэгчдээр хүрээлүүлсэн хөл хөдөлгөөнтэй газар байлаа. Харин одоо санхүүгийн үйлчилгээ улам төрөлжиж, төрөл тус бүр дээр шинэ шинэ үйлчилгээнүүд бий болж байна. Тиймээс банк эдгээр үйлчилгээг өөрөө үзүүлэхээс илүүтэй эдгээр үйлчилгээг үзүүлдэг талтай хүмүүсийг холбох үүрэг рольтой болж ирэх болов уу гэж бодож байна. Хүмүүс болон банкны хооронд хэдийн тогтож батажсан байдаг шиг итгэлцлийг шинээр бий болгох нь финтек, IT-ынхны хувьд амаргүй. Тиймээс банк давуу талаа ашиглан шинэ тоглогчидтой ухаалгаар хамтрах хэрэгтэй. TRY FUNDS-аас Монголын зах зээл рүү аксесс хийхийн тулд TDB Tokyo-той хамтран ажиллаж байна. Өөрөөр хэлбэл уламжлалт байдлыг өөрчлөхөөр урьдаас  банктай хамтарч хүчээ нэгтгэж байна гэсэн үг юм. Давтан хэлэхэд шинэ тоглогчийн хувьд итгэл алдахгүй байх нь хамгийн гол даалгавар болно.

Төв банкаа тойрсон тогтолцоо крифто валютын нөлөөгөөр яаж өөрчлөгдөх нь одоогийн бидний зогсож буйгаас даруй хэдэн шатны цаадах сэдэв. Гэхдээ Монгол, Японд ашиглах крифто валютыг бий болгох боломжтой. Энэ нь хоёр орны Засгийн газар, Төв банкуудын хяналттай холбоотой асуудал. Одоохондоо хил давж хэрэглэгддэг найдвартай валютын жишээ гэвэл евро л байна.

Сэтгэгдэл бичих

arrow icon