Нийтлэл 09 сарын 26, 2018

ВЕНЕСУЭЛИЙН ТРАГЕДИ: Итгэл үнэмшил ба сонголтын тухай

Халтар Царайт гэж баян хоосноороо гүүрний хоёр талд гарсан савангийн дуурьд автаад тэрийгээ яс хуулсан хот байгуулсан монголчууд нэг ийм онигоо зохиож. Венесуэлчүүд ч гүүрийг тултал ашиглах юм аа гэнэ. Дайн дажингүй баялаг сайхан эх орон, төрсөн гэрээ орхиод  сая саяараа гүүр даван дүрвэхэд хүрсэн  Венесуэлчүүдийг хэлж байгаан. Асуудал инээдэм биш ханиадам болоод байгааг наад захын хэдхэн баримтаас харж болно. Венесуэльд хүн амины хэрэг, хүчирхийллээр 2016 онд 28000 орчим амь хүн үрэгдсэн нь гэмт хэргийн гаралтаар дэлхийд ганц Эль Салвадорьтой өрсөлдөж байна. Нэг харьцуулах тоо хэлье, 80 жилийн ой нь дөхөж буй Халх голын дайнаар Зөвлөлт, Монголын талаас ойролцоогоор 20 мянган хүн үрэгдсэн байдаг*.  За тэгээд мөнгөний ханш хэт унасны улмаас тоолох биш жинлэж байж худалдаа хийдэг гэх мэтээр амьд үлдэхийн төлөө үр хүүхдээ хүртэл худалдаалахад хүрч асан 1930-аад оны Их Хямралыг нийгэм эдийн засгийн олон шинжээр ардаа орхиод байна.

Энэ бүхэн хүний нийгэм гэдэг нэг жолоо алдвал энх тайван цагт ч алуурын машин болж хувирдгийг(манайх ч ялгаагүй) нүдээр үзэх хүмүүнлэгийн хямрал, 21-р зууны эмгэнэл болж хувираад байна. Яагаад? Ийм том хямралд олон гадаад дотоод шалтгаан нөлөөлсөн байж тараа ч энд олдсон багахан зайг систем ба түүний сонголтод нөлөөлдөг итгэл үнэмшлийн тухайд заръя.

Венесуэлийн хямралаас харж болох хичээлүүд:

Нэгд, систем  гэж юм байдаг.

Хоёрт, түүний сонголтод хувь удирдагч ба ард түмний итгэл үнэмшил нөлөөлдөг.

Гуравт, итгэл үнэмшил нь аливаа асуудлын шалтгааныг хэрхэн харахаас үүдэн бүрддэг.

Дөрөвт, тэрхүү итгэл үнэмшлээс үүдсэн системийн сонголтыг хэрэгжүүлэх төр ба түүний бодлого асар чухал.

Эхлээд юу болж өнгөрснийг аль болох товч тоймлоё. Хөдөө аж ахуйн үржил шимт нутагтай, хүнсний экспортлогч, тариаланч байсан Венесуэль улс.  100 жилийн дотор дэлхийн 1, 2 дугаар дайнаас хойших хайгуулын нээлт ба газрын тосны эрэлтийг даган экспорт нь 96 хувь газрын тосноос хамааралтай, ихэнх иргэд нь хот руу шилжин суурьшсан нийгэм болж өөрчлөгджээ.  Энэ утгаараа ч экспорт 90 хувь уул уурхайгаас хамааралтай, хот руу огцом шилжилт явагдаж байгаа манай орон маш анхааралтай судалж суралцах ёстой кэис юм.

Газрын тосны орлогоос төсөв томорч, төрийн өмчит компаниуд,  олон төсөл хөтөлбөр сан үүссэн 1970-аад оноос авилга нэмэгдэж, өнөөгийн манайтай төстэй эдийн засгийн эмзэг бүтэц ба түүхий эд дагасан уналт өсөлт бүхий 1980, 90-ээд оныг үджээ. Хэргийн эзэн Уго Чавес 2002 онд ерөнхийлөгч болох үеэр түүхий эдийн таатай цикл таарч Боливарын Довтолгоо гээчийг зарлажээ. Энэ бодлогын хүрээнд орон сууц зэрэг нийгмийн халамжийн хөтөлбөрүүдэд асар их хүч хөрөнгө хаясны ачаар 2000-аад онд ядуурлыг бууруулахад амжилт олсон ч дэлхийн санхүүгийн хямрал зэрэг гадаад шоконд эмзэг хэвээр, эргээд ядуурал нэмэгдэж, ханш унах зэрэг эдийн засгийн фундаменталын асуудалд нэрвэгдсээр 2010-аад оныг угтав**. Чухам энэ үеэс хямралын шалтгаан ба түүнийг шийдэх системийн сонголтоо буруу хийсний төлөөсөнд асар их үнэ төлөхөд хүрээд байгаа нь мөнхүү гүүрэн дээр чихцэлдсэн сая сая иргэний дүр зурагт илрээд байгаа нь тэр ээ.

Эхний асуудал, системийн тухай

Энд эшлэхэд ч ичмээр болушка охин юу юу ч билээ нэг тэмдэглэл судлаач гэгдэх Д.Ганхуяг нийтэлсэн байсан. Венесуэлийн тухай нэг бичвэрийг нь шүүмжилснээс болсон юм. Эргээд гэхдээ хувь хүн, тэр тусмаа ахмад хүнд хандсан хэрүүл хийх бодол огт байхгүй ба бидний ирээдүй  системийн тухай бидний үзэл бодлоос хамаарах тул гарцаагүй эшлэх хэрэгцээ байгааг уг хүн өөрөө болон эрхэм уншигч ойлгоно гэж найдна.

Эндээс уншиж болох уг нийтлэлд Уго Чавесийн бодлого нь баялгийг бүтээх гэхээсээ бэлэн баялгийг ХУВААРИЛАХ тухай тул капитализм, социализмын аль нь болох нь хамаагүй гэж дүгнэсэн байдаг. Өөр сонин хачин дураараа дүгнэлт олон гарна. Баялгийг бүтээх ба хуваарилахын аль аль нь заавал системээр дамжин хийгддэг комплекс явц гэдгийг сох орхигдуулж, цөөхүүлээ идвэл капитализм, олуулаа идвэл социализм гэх мэт өнгөц дүгнэлтүүд дээрээ үндэслэн Чавесын ‘социализм’ нь систем ба онол хамаагүй бэлэн баялгийг олон хүнд хуваарилах сайн бодлого гэж сайшаан бичсэн байх аж.

Улмаар илт коммунист баримжаатай итгэл үнэмшлээр барууны хөрөнгө оруулалттай компаниудыг хаах, нийгмийн халамжийн хөтөлбөрт хэдэн тэрбумаар зарцуулах, орон сууцны хөтөлбөр, цалингийн доод хэмжээ өсгөх, тэр дундаа хамгийн элгийн нь хатуу үнийн бодлого гэх мэт чөлөөт зах зээлийг уландаа дэвссэн шийдвэрүүдийг нь ихэд үнэлэн бичсэн байх аж. Дор хэдэн мөр эшлэв.

 Венесуэль болон Монголын тохиолдолд байгалийн “бэлэн” баялгийг хуваарилах тухай ярьж байгаа болохоор энд капитализм, социализм ямар ч хамаагүй. 

Өнөөдөр Венесуэль нь Хятад, Орос, Куба, Вьетнам, Бразиль, Испанитай ярина уу гэхээс биш бусадтай нь “тоож” ярихаа байжээ. Хамгийн сайн найз нь Куба юм байна. Кубын 25.000 эмч, багш голдуу мэргэжилтэн тэнд ажиллаж байна. Тэд үзэл санаа, ёс суртахууны үлгэр жишээ болдог байна.

Ер нь бол сайн удирдвал хөгжил капитализм, социализмаасаа үл хамаардаг байна. 

Бэлэн баялгийг зөв хуваарилахын тулд онол биш, зүгээр л ёс суртахууны зарчим, хэм хэмжээ хэрэгтэй. Д.Ганхуяг

Их хаанаа ихэд хүндэлдэг монголчууд хувь лидер хайх, яг энэ дээр бичсэнчлэн онол яахав, систем яахав, нэг хатуухан ёс зүйтэй лидер гараад базаад өгөөсэй гэж хүсэмжлэн байх нь илт анзаарагддаг***. Орчин үеийн дэлхийн эдийн засаг нь тодорхой суурь зарчим, зүй тогтол бүхий комплекс систем болж хөгжсөн ба өнөөгийн дэлхийд ийм балар харанхуй байдлаар хэн нэг хувь хүний ёс зүй, системийн бус бодлого, ганц дарангуйлагчийн манлайлалд хувь заяагаа даатгах нь Энх Тайвны гүүрээ даваад урагш дүрвэх эрсдэлд л хөтөлнө гэдгийг л ухаан санаандаа хатуу бэхлэх хэрэгтэй.  Дэлгэцэн дээрээ гүүр давж байгаа сая сая Венесуэлчүүдийн зургийг хадсан ч болно.

Уго Чавес ч системгүй ажиллах гэж зорьсон хэрэг огт биш бөгөөд “21-р зууны ардчилсан социализм”-аар тууштай замнана гэж тов тодорхой зарлаад шат дараатай бодлогуудыг хэрэгжүүлжээ. Өөрөөр хэлбэл төр төвтэй эдийн засгийн загварыг ил тод сонгосон гэсэн үг. Улмаар хүнс, цемент, хамгийн том төмөрлөг үйлдвэрлэгч, эрчим хүч, харилцаа холбоо, гадаадын хөрөнгө оруулагчидтай хийсэн гэрээний эрхүүд гээд цөмийг нийгэм хамтад авчээ. Энэ талаар бол харин сонирхолтой баримтууд Д.Ганхуягийн тэмдэглэлд бий.  Газрын тосны орлого унаж, боливарын ханш унаад хүнсний хомсдолд хөтөлмөгц хүнс хуваарилах салбар сүлжээг ч улсад авч эм, хүнсний хангамжийн гол боомтуудаар цэрэг армийн постууд байрлуулсан байдаг. ЗХУ гэдэг том систем хүртэл ажиллуулж чадаагүй төвлөрсөн эдийн засгийн системийг ийнхүү эх орныхоо сая сая иргэдийн хувь заяагаар туршиж байхдаа хийсэн хамгийн том алдаа нь  “Шударга өртөг ба үнийн супериндендэнт хороо” гэгчийг байгуулсан явдал байв. Өөрөөр хэлбэл үнийг хяналтад авч, энэ нь нийлүүлэлтийн гажуудал үүсгэмэгц араас нь нэхэн цалин нэмдэг хар цикл рүү орсон гэсэн үг.  2017 онд л гэхэд 7 удаа цалин нэмж таазанд тулаад байсан инфляциа тэнгэрт тултал хөөрөгджээ.

Хоёр, итгэл үнэмшлийн тухай

Яагаад 21-р зуунд ардчилсан социализм гэж? Чавесийн системийн сонголт капитализм буюу чөлөөт зах зээлийн засаг, эрэлт нийлүүлэлтийн хууль нь ядуусыг дээрэмдэж хөрөнгөтнүүдийг баяжуулж байна гэж үзсэн түүний итгэл үнэмшлээс урган гарчээ. 2008 онд дэлхий өлсөж үхэж байсан ч Венесуэл тийм хямралд өртөхгүй гэж ам бардам мэдэгдэж байснаас нь түүнийг өөртөө хэр гүн гүнзгий итгэл үнэмшилтэй байсныг харж болно. Үнэндээ бол үргэлжид өлөн шахуу, үүний улмаас дайн дажинд нэрвэгдэж ирсэн хүн төрөлхтний баялаг зарим оронд 50 дахин нэмэгдсэн нь 18-р зууны сүүлээс эхлэн хөгжсөн чөлөөт эдийн засгийн систем, үйлдвэрлэлийн хувьсгалын үр дүн. Уг нь эдийн засгийн цагаан толгой. Тийм байтал нэг улс үндэстэн түүхийн хүрдийг  сөрж тоглох сонголтыг яагаад хийдэг юм бэ? Асуудлаа хэрхэн тайлбарлаж байгаагаас үүдэх хувь удирдагчийн ба ард түмний итгэл үнэмшилтэй холбож харъя.

Гурав, итгэл үнэмшил нь аливаа асуудлын шалтгааныг хэрхэн харахаас үүдэн бүрддэг тухай

Өмнө нь нэг хонх жингэнүүлдэг үлгэрийн тухай бичиж байсан. Аюул гарахаар жингэнүүлээрэй гээд өгсөн хонхыг тоглож, бухаж жингэнүүлсээр байгаад яг утгаар нь хэрэглэх дээрээ үхдэг тугалны тухай үлгэр дээ, санаж байгаа байх. Капитализм гэхээр манайд сөрөг утгатай сонстоод байдаг. Энд хувийн өмч, бүтээмж(технологи), чөлөөт үнэ, өрсөлдөөн ба тэдгээрийг хамгаалсан хөрөнгийн зах зээл, даатгал зэрэг зах зээлийн институцүүд бүхий эдийн засгийн системийг хэлж байна. Капитализм хэрхэн ажилладаг нь алдарт Марксаас эхлээд өндрөө авсан том маргаан боловч өнөөгийн түүхэнд хамгийн хангалуун, тайван нийгмүүд цөм зах зээлийн системийн бүтээгдэхүүнүүд. Чөлөөт эдийн засгийн системийг зөв, бүрэн барьж  байгуулж хараахан чадаагүй үедээ өөрсдийн аргачлалаас алдаагаа эрэх биш хонхонд юм уу бусдад буруу өгөх байдлаар асуудалд хандах нь амь хамгаалах хонхоо хөсөр хаях маягийн буруу сонголт руу хөтөлдөг. Ардчилал ч ялгаагүй. Венесуэлийн удирдагч Уго Чавес эх оронд нь нүүрлэсэн ядуурал, хямралыг эмзэг бүтэцтэй эдийн засаг, дотоодын авилгаас биш чухам хонхноос хайсан нь зах зээлээс татгалзаж социалист аргачлал сонгож авахад хүрчээ.

Мэдээж өөрсдөө буруугүй юм чинь нэгд систем, хоёрт гаднын этгээд буруутай.  Чавес 2002 онд төрийн эрхээс шидэгдэн алдсаны дараа параной нь улам даамжирч, олон нийтийн медиагаар дамжуулан Боливарын Бүгд Найрамдах Венесуэль улсыг гаднын дайсан хорлоод байгаа тухай айдас, хардлагыг идэвхитэй түгээх болов. Мэдээж “хужаа” ялагдана гэх үзлийн цаана нэг эх оронч, түүхэн дүр, үндсэрхэг үзэл дагалдана. Улсынхаа нэрийг Боливарын Бүгд Найрамдах Венесуэль улс гэж хүртэл өөрчилсөн нь манайхаар бол Чингисийн бүгд найрамдах Монгол Улс гэж нэрлэчээд байгаатай төстэй ухааны юм(зарим нэг галзуу  хүмүүст дэмий санаа өгчөөгүй байгаа?). Өнөөгийн ерөнхийлөгч Мадуро ч Чавесийн үзэл санааг өвөлж Венесуэлийн хямралд гаднын тагнуул, АНУ-ын интервенцийг ил тод буруутгадаг. Сүүлдээ бүр эмэгтэйчүүд үсээ хатаагаад байгаагаас болох шахаж Мадуро эмэгтэйчүүдийг тог хэмнэхийн тулд үс хатаагч хэрэглэхгүй байхад уриалах жишээний юм болжээ.

Энд нэг сонин нь асуудал хурцдаад өдий олон жил өнгөрч байхад яагаад бүр үй олноороо өлсгөлөнгөөр хиарах хүртлээ түүний энэ үлгэрт ард түмэн итгэж, өдий хүртэл Чавесийн бодлого үргэлжлэв гэдэг асуулт. Медиа хяналт, олон нийтийн итгэл үнэмшлийн манипюляц, тэдний тэмцэх, хувь заяагаа сонгох эрх чөлөөг булааж байдгийн баталгаа юм уу даа. 2007 онд засгийн газартаа шүүмжлэлтэй ханддаг хамгийн их үзэгчтэй телевизээ хаах зэргээр үзэл санааны эрх чөлөөнд халдсаар энэ мэт болов.

Мэдээж өмнө нь хэдэн тэмдэглэл дамнан бичиж байгаачлан өөрсдийн оюун санааны эрхчөлөөг дарангуйлагчид зарсан тойрон хүрээлэгчид нь ийм боломжийг бүтээж өгдөг. Дарангуйлагчид системийн буруу сонголт, бодлогын гор гарч эхэлмэгц төрийн алба, цөөн тооны хүмүүсийн зүтгэлийг худалдан авах, авилгадах замаар эрх мэдлээ хадгалдаг.  Ганц өдрийн дотор 195 оффицерийг генерал цолоор шагнаж, нийт 2000299 генералтай болсон гэх ухааны гиннесийн онигооноос бусдаар  цааш дурдахад илүүц.  

Ямартай ч дэлхий ертөнц, бусдыг ба өөрсдийгөө хэрхэн тайлбарлах нь идеологи буюу бидний итгэл үнэмшлийн цогцыг бүтээж тэр нь хувь заяа болж хувирдаг. Тиймд аливаа асуудлыг өөрсдийн гажуудсан хоцрогдсон итгэл үнэмшил, хатуу тогтсон коммунист үзлээс ургуулан дүгнэж, ирээдүйн сонголтоо хийх гараан дээр буй залуу нийгмийн системийн сонголтод нөлөөлөхөөр оролдох оюун санааны хоцрогдлыг нэгмөр таягдан хаях хэрэгтэй. Бүү унш. Бүү сонс. Бүү өөгшүүл.

Төгсгөлд нь

Одоо тэр гүүр дамнаад дүрвэдгийг нь дуурайчихгүй юмсан гэсэн сэтгэлээр хэдэн үг дайв. Аргачлалаа биш ардчилал зах зээлийг буруутгана, дарангуйлал хүснэ, эдийн засаг нь эмзэг гэх зэргээр араас нь шааригдахад тун ойр харагдаад төвдөхгүйг хэлэх үү.  300 тэрбум баррел буюу газрын тосны нөөцөөр дэлхийд нэгд ордог улс 32 сая иргэнийхээ хувь заяагаар жонглёрдоод туршилт хийгээд өгсөн байхад тэр алдааг нь тойроод гарч чадахгүй дайрах юм бол ёстой заяа чинь тэр жэк ма гэдэг чинь болох биз ээ, 300 сая тонн нөөцтэй нэг толгой тойроод 30 жил гацаж байгаа ахан дүүсээ. Систем байдаг, системийн сонголт ба төрийн бодлого гэж байдаг, тэр сонголт чиний өөрийн үнэт зүйл, итгэл үнэмшлээс төрдөг юм шүү.

 

 

* Зөвлөлтөөс 10 мянга орчим гэж гаргасан статистик байдгийг дарсан тоо гэж үзэх судлаачид бий. 

** Үүнтэй төстэй халамжид цацаж байгаад санхүүгийн хямралаар сөхрөх шахсан өөрсдийн түүхийг эндээс

*** Үндсэн хуулийн өөрчлөлттэй холбоотой авсан санал асуулгаас хийсэн дүгнэлт

 

arrow icon