Нийтлэл 09 сарын 27, 2018

ЭЭЖ ААВУУДАД: Хүүхэд гар утсанд донтож улайрах нь өвчин

Гар утаснаас гарах дүрс, дуу нь хүүхдийн сонирхолыг ихээр татдаг. Эцэг эхчүүд эхэндээ түр зуур үзүүлэх санаатай байсан ч хүүхэд нэхсээр байгаад удаан хугацаанд үзүүлчихсэн сууж байх нь олонтаа. Хүүхэд нэг зүйлд амархан татагдаж, тэр эрчээрээ амархан уйддаг. Гэвч гар утас хүүхдийг татах зүйл ихтэй, дүрс бичлэг ар араасаа гарч ирдэг, сонголт ихтэй байдаг болохоор хүүхдийг улам улайруулж, донтуулдаг. 

Гар утасны хэрэглээ нэмэгдэж, хүүхэд жирийн тоглоомоороо тоглох багасах нь хүүхдийн хүмүүжил, боловсролд маш муу байдаг. Хүүхдийн тоглоом гэдэг зүгээр нэг хүүхдийг саатуулаад өнгөрөөдөг зүйл биш бөгөөд, хүүхдийг ХҮН болж төлөвшихөд хэрэгтэй нийгмийн харилцаанд суралцуулж байдаг. Ялангуяа 0-2 насныханы оюун санаа, зан харилцааны хөгжилд хүнтэй харилцах процесс шууд хамааралтай байдаг болохоор энэ насны хүүхдүүдэд гар утас үзүүлэхдээ маш анхаарал болгоомжтой хандах хэрэгтэй. 3-аас дээш насныхан юмыг ялгаж салгаж ойлгодог болдог болохоор гар утас ашиглуулахдаа тодорхой дүрэм гаргаж баримтуулах хэрэгтэй.

Мөн хүүхэд ээж аавыгаа үргэлж харж суралцаж байдаг. Хэрвээ та хүүхдээ гар утсанд донтуулахыг хүсэхгүй байгаа бол өөрөө ч гэсэн хүүхдийнхээ хажууд өдөржин шөнөжин гар утас оролдож суухаас татгалзаарай. 
Мэдээж гар утас аль хэдийн бидний амьдралын нэгээхэн хэсэг болж хүнтэй холбоо барих, юм судлах мэтээр ашиглах шаардлага их байдаг. Тиймээс огт болохгүй гэж үгүйсгэж хорих биш, зөв зохистой хэрэглэж сурах нь чухал юм.

БАГА НАСНЫ ХҮҮХДЭДЭЭ ГАР УТАС ҮЗҮҮЛЭХДЭЭ АНХААРАХ ДҮРЭМ

Гар утсыг тоглоомны нэг хэсэг болгох, хичээл хийлгэх зорилгоор л ашиглах

Тоглоомоор тоглох, найзуудтайгаа айл гэр болж тоглох, ном унших зэрэг бусад хөгжилтэй тоглоомд нь саад болгохгүй хэмжээнд гар утсыг хэрэглүүлэх нь чухал. Гар утсыг тоглоомны нэг хэсэг болгож ашиглах, дуу шүлэг сурахдаа хэрэглэх хэмжээнд ашиглаарай.

Гар утас бариулаад ганцааранг нь битгий орхиорой

Гар утсанд хүүхдийг татах зүйл хэтэрхий их байдаг. Хүүхдийг ердөө уйдаадаггүй. Тиймээс хүүхэд амархан донтдог. Гар утас үзэж байх үед нь ч гэсэн анхаарч харилцан ярилцаж, үзэж байгаа юмных нь талаар асууж яриа өдөх нь хүүхэд хэт улайрч, донтуулахаас сэргийлдэг ач холбогдолтой.

Хүүхдийн гар хүрэх газар тавихгүй, орхихгүй байх. Кодлох

Нэг мэдэхэд гар утас авчихсан, үзчихсэн сууж байсан шүү дээ гээд хэзээ аваад, юу үзэж суусныг нь мэдээгүй суух эцэг эхчүүд цөөнгүй байдаг. Тэгвэл та ийм нөхцөл байдал үүсгэхгүйн тулд утсаа хүүхдийн гар хүрэх газарт битгий орхиж бай. Мөн дураараа ашиглахаас нь сэргийлж, утсаа кодлох, кодоо ойр ойрхон сольж байгаарай.

Өөрөө утсаа ашиглахдаа, хүүхэддээ тайлбарлаж байх

Хүүхдээ боль гэсэн хэрнээ өөрөө гар утас оролдоод байвал хүүхдэд сайн үлгэр дуурайлал болохгүй нь лавтай. Гэсэн хэдий ч бидэнд гар утас ашиглах шаардлага үргэлж гарч байдаг. Энэ үедээ “Аавтай нь утсаар ярья”, “Ажлаа шалгая”, “Мэдээ уншъя” гэх зэргээр хүүхэддээ хэлж, хэрэглэх зайлшгүй шаардлага гарсан гэдгээ мэдэгдэж байгаарай.

Тодорхой нөхцөлд, тогтсон хугацаанд

Гар утсанд улайраад, хичээл номоо хийхгүй байдал үүсгэхгүйн тулд, хичээлээ хийгээд дууссан үед, гэрээ цэвэрлэхэд тусалсан үед гэх тодорхой нөхцөлд, 15 мин, 30 мин гэх мэт тогтсон хугацаанд үзүүлж байгаарай.

 

Сэтгэгдэл бичих

arrow icon