Нийтлэл 01 сарын 21, 2015

БАМБАЙ БУЛЧИРХАЙН ХОРТ ХАВДАР

Манай оронд бамбай булчирхайн хавдрын өвчлөл нэмэгдэж, ихэвчлэн хожуу үе шатандаа оношлогдож байгаа нь энэхүү мэдээллийг оруулах нэгэн том шалтгаан билээ. Бамбай булчирхай нь цагаан мөгөөрсөн хоолойн ойролцоо төвөнхийн суурин хэсэгт байрладаг эрвээхэй хэлбэртэй баруун зүүн хос дэлбэнтэй булчирхай юм.

Бамбайн булчирхайнаас ялгарах дааврууд нь зүрхний хэмнэл, цусны даралт, цусан дахь кальцийн түвшинг хэвийн байлгах үүрэгтэйгээс гадна хүний бие махбодод орж ирсэн хоол тэжээлийн зүйлийг энерги болон хувирах үйл явцад оролцдог маш чухал үүрэг үйл ажиллагаа бүхий эрхтэн юм.

Бамбайн булчирхайн хорт хавдар 4 төрөл байдаг. 

- Папилляр хэлбэрийн хорт хавдар нь бамбай булчирхайн хамгийн элбэг тохиолддог хэлбэрийн хорт хавдар юм. 
- Фолликуляр хэлбэрийн хорт хавдар
- Медулляр хэлбэрийн бамбай булчирхайн хорт хавдар
- Анапластик хэлбэрийн бамбай булчирхайн хорт хавдар

Аливаа өвчнийг үүсэж бий болоход нөлөөлөх хүчин зүйлс гэж байдаг. Бамбайн булчирхайн хорт хавдар үүсэхэд нөлөөлөх эрсдэлт хүчин зүйлс: 

- 25-65 настай байх гэвч нас бол харьцангуй эрсдэлт хүчин зүйл бөгөөд аль насны хүн өвчлөх мөн өвчлөхгүй байх магадлалтай. Гэвч нас ахих тусам хүний бодисын солилцоо удааширч болон дархлааны тогтолцоо мууддаг нас бол нэг эрсдэлт хүчин зүйл юм.
- Эрэгтэйчүүдтэй харьцуулахад эмэгтэйчүүд бамбай булчирхайн хорт хавдраар өвчлөх магадлал 4 дахин их байна.
- Цацраг идэвхит бодисонд өртөх нь нэг эрсдэл болдог бөгөөд 5 жилийн дараа бамбай булчирхайн хорт хавдраар өвчлөх өндөр эрсдэлтэй.
- Гэр бүлийн гишүүд нь ( удамшлын гаралтай) бамбай булчирхайн бусад өвчин болон бамбай булчирхайн хорт хавдраар өвчилж байсан гэх өгүүлэмжтэй. Жишээ нь : Зарим тохиолдолд медулляр хэлбэрийн бамбай булчирхайн хорт хавдар эцэг эхээс хүүхдэд өөрчлөлт бүхий ген дамжсанаас шалтгаалж үүсдэг байна.

Бамбай булчирхайн хорт хавдрын үед дараах шинж тэмдэг ба зовиур илэрнэ. 
Бамбай булчирхайн хорт хавдрын эхэн үед тодорхой шинж тэмдэг болон зовиур илэрдэггүй бөгөөд зарим тохиолдолд ерөнхий үзлэгийн үед эрт үедээ оношлогдох боломжтой байдаг. Хавдар томорсон үед зовиур болон шинж тэмдэг илэрдэг. Хэрэв таньд дараах шинж тэмдэг болон зовиур илэрвэл эмчид яаралтай үзүүлэх шаардлагатай.
- Хүзүүн тойрог ихсэх, хэсэг газар овойх
- Амьсгалахад хүндрэлтэй болох
- Юм залгихад хүндрэлтэй болох
- Хоолой сөөх

Анхаарах!!! Эдгээр шинж тэмдэг ба зовиур илрэх нь дан ганц бамбайн булчирхайн хорт хавдар гэсэн үг биш юм. Харин таныг эмчид үзүүлж оношоо зөв тодорхойлуулах шаардлагатай гэдгийг сануулж буй хэрэг юм.

Бамбай булчирхайн хорт хавдраар өвчилсөн эсэхийг дараах шинжилгээнүүдийг хийж оношлоно.

- Ерөнхий биеийн үзлэг болон өвчний түүх: Эрүүл мэндийн ерөнхий үзлэгийг хийхээс гадна хүзүү болон түүний ойр орчимд ямар нэгэн хаван хавдар байгаа эсэхийг, дуу хоолойны өнгө, болон тунгалагийн булчирхайн байдлыг шалгана. Өвчтөний амьдралын хэв маяг болон өмнө нь өвдсөн өвчлөл болон эмчилгээний талаар асууж лавлана. 
- Ларингоскопи: Нимгэн гуурс хэлбэрийн, гэрэл болон томруулагч шил бүхий багажаар төвөнх, дууны хөвчийг шалгадаг. 
- Цусан дахь дааврийн хэмжээг тодорхойлох: TSH, Т4, T3, кальцитонин болон бамбай булчирхайн эсрэг үүссэн эсрэг биетийг тодорхойлох шаардлагатай.
- Биохимийн шинжилгээ: Кальцийн хэмжээг тодорхойлох
- Хэт авиан шинжилгээ буюу ЭХО: Энэхүү шинжилгээгээр хавдрын хэлбэр хэмжээг тодорхойлоно. 
- Комьпютертомограф шинжилгээ: 
- Зүүгээр хатгалт хийж эдийн шинжилгээ хийх
- Мэс заслаар авсан бамбай булчирхайнаас эдийн шинжилгээ хийх
Бамбай булчирхайн хорт хавдартай өвчтөний явц дараах хүчин зүйлсээс шалтгаална.
- Өвчтөний нас
- Хавдрын хэлбэр
- Хавдрын үе шат
- Өвчтөний биеийн ерөнхий байдал
- Өвчтөн ямар нэгэн генетикийн өвчтэй эсэх
- Хавдар анх оношлогдож байгаа эсэх эсвэл дахин сэдэрсэн хавдар эсэх

Эмчилгээ: 
Боломжтой бол эхний ээлжинд хагалгааны аргаар эмчлэхийг эрмэлздэг бөгөөд тухайн өвчтөний биеийн байдлаас болж хагалгаа хийх цар хүрээг тогтоох ба бамбай булчирхайг бүхэлд нь тасдаж авсан хэдий ч дахиж үүсэх магадлал өндөр тохиолдолд “Радиоидэвхит иод”-ын эмчилгээг хийнэ. Насанд хүрсэн хүний 1 өдөрт хоолонд хэрэглэх иодын хэмжээ нь 50μг бөгөөд “радиоидэвхит иодын эмчилгээ”-ний үед эмчилгээнээс авах иодын “радиоизотоп”-ын хэмжээг нэмэх үүднээс хүнсэн дэхь иодын хэмжээг багасгадаг бөгөөд эмчилгээ нь дунджаар 2 долоо хоног үргэлжилдэг байна.
Жич:
Бамбай булчирхайн хорт хавдартай хэмээн сэжиглэгдэж байгаа өвчтөн 13A маягтыг харъяа дүүргээсээ авчирч ХСҮТ - ийн цахим бүртгэлд толгой хүзүүний мэс засалд үзүүлэхээр бүртгүүлж цаг авч үзүүлнэ. Толгой хүзүүний мэс заслын өрөө нь Хавдар судлалын төвийн 130 тоотод байрладаг.

Сэтгэгдэл бичих

    • Ohinoo
    • 2017-12-21

    кальцийн хэмжээг тодорхойлох гэсэн байна цусан дахь кальци уу/

    • зочин
    • 2016-06-24

    энэ эмч хаана үздэг вэ

    • A.altansuvd
    • 2016-05-22

    сайн байна уу бамбай булчирхай хаана үзүүлвэл зүгээр вэ?

arrow icon