Нийтлэл 10 сарын 14, 2018

ХЭЛЭХ ҮГ БАЙНА: Цаазын ялын төлөө зориуд дэвэргэсэн улай, булайгаа бага харуулахсан

Цаазаар авах ялын эсрэг, Сэтгэцийн эрүүл мэндийн, Охидын эрхийн, ЛГБТ олон нийтийн өөрийгөө илэрхийлэх гэсэн өдрүүд ойролцоо тохиож, сошиалынхан хэдэн талд "өдрийн мэнд хүргэлцэж" байхыг харах яг одоогийн манайд бол хувь заяаны шоглоом мэт санагдана. Охидыг хүчирхийлэгсдийг цаазаар авах зайлшгүй шаардлагатай, зайлшгүй зайлшгүйдээ Сүхбаатарын талбай дээр олны өмнө толгойг нь тастая, хөнгөлье гэж бат нот үздэг, тэрнийг  нь хөөргөх гэхдээ үе үехэн хохирогч охидын шимшрэм зургийг сүржин үгтэй түгээдэг, хөөргөдөг, сэвдэг сэтгэцийн эрүүл мэнд доголдолтой байж мэдэх олон хүн байдгаас тэр л дээ.  ЛГБТ-чүүдийн өөрийгөө илэрхийлэх өдөртэй яаж холбогдох вэ гэж үү? Цаазын ял сэргэвэл цаазлуулж мэдэх эхний хүмүүсийн төлөөлөл учраас. Шууд ЛГБТ гээд цаазалчихгүй. Эрхбиш ардчилсан, хүнлэг улс шүү дээ. Харин хаана цаазын ялтай хэрэг гарна, тэрний ойр хавьд энэ нөхөд байвал хэргийг тохчихно.  Саяхан даа, нэгэн нийтлэлчийн зүгээс “цаазын ял хэрэгтэй, мөн новшийн гомо нарыг цэвэрлэх нь үндэстэнд тустай”-г ч сануулж байсан нь үүний нэг жишээ.

Цаазын ял зөв, буруугийн маргаан нэг тусдаа. Дэмжиж болно, эсэргүүцэж болно. Маргаан бол хэвийн зүйл. Охидын эрхийн асуудал ч өөр хэрэг. Цаазын ял хэрэгтэй, шаардлагатайн нотолгоог дан ганц охидын хүчингээр нотлох гэх л буруу логик. Нотлохоо ч аятайхан аргаар хийчихгүй туйлд нь хүртэл заваартуулж байгаа нь сэтгэц хэвийн бусын шинж байхаас зайлахгүй. Байсхийгээд л санаатай, санамсаргүйгээр хэн нэг хохирогчийн нас зүс, зураг хөрөг, ар гэрийн мэдээлэл, гэмт хэрэг үйлдсэн аль харгис хэрцгий арга хэрэгслийн талаар мэдээлж, тэр бүрийд “цаазын ял” сэргээх санаачлагаа сануулдаг жишиг тогтлоо. Тэр бүрийд ёс мэт хэдэн нөхөд л өнөөх мэдээг сэвж, бүүр “төв талбай дээрээ цаазлая” гэж давс хужраар хачирлах.

Бага насны охидыг хүчиндэх хичнээн муу, муухайг хэрэгтнээс өөр хүмүүст олны нүдэнд цаазлах чинээнд нь тултал тайлбарлах, ятгахын хэрэг үгүй.

  Угаасаа нормаль хүн бол мэднэ, жигшинэ.  Нөлөөллийн ажлуудын ихэнх нь таны жигшдэг, дургүйцдэг тэр хэрэгт таны анзааргагүй үйлддэг, эс үйлддэг ийм, тийм үйлдлүүд хүргэчихээд байдаг шүү, анхааръя, хамтарч шийдье гэх агуулгатай байдаг.

Аль ч улсад хүн ам нь тэр чигтээ гэмт хэрэгтэн, тэр дундаа хүчингийн хэрэгтэн байдаггүй.  Нийт хүн амтай нь харьцуулахад хэрэгтэн нь ямагт цөөн. Манайд гэхэд л 2015-2017 онд шүүхээр шийдэгдсэн нийт хүчингийн хэрэгтэн нь 649. Хүн амын нэг хувьд ч хүрэхгүй.  (Мэдээж эл “бага” гэгдэх тооны цаадах хохирогчдын цаашдын амьдралыг төсөөлөхөд бэрх) Нэг хүрэхгүй хувийг шийтгэх, гэмт хэрэг хийхээс урьдчилан сэргийлэх гэхдээ үлдэх 99 хувьд улай үзүүлэх гэх ямар  хэвийн сэтгэхүйгээс гарах вэ?

Цаазын ялын талаар хуульчид нэг талдаа гарчихсан. Эсэргүүцэж буй. Мэргэжлийн, мэддэг улсад нь итгэх хэрэгтэй. Итгэхгүй гэж байгаа бол энэ итгэж боломгүй нөхдөд цаазын ял оноох эрх өгч боломгүй. Ийм л энгийн логик. 

Энэ жилийн сэтгэцийн эрүүл мэндийн өдрийг өсвөр үе, залуусын сэтгэцийн эрүүл мэндэд фокуслаж байна. Сэтгэцийн хямрал, өвчлөлийн тэн хагас нь 14 ба түүнээс өмнөх насанд эхэлж байна гэх ба үүнд олон шалтгаан хийгээд өдөөгч, даамжруулагч зүйлс буйн нэгээр цахим хэрэглээг цохож байх юм. Манай залуус ч түмний нэг хойно адилхан л асуудалтай биз. Цаазын ялын төлөө зориуд дэвэргэсэн улай, булайгаа бага харуулахсан даа, ах эгч нар аа. Хүн юунд ч дасаж болно, гэхдээ улай, булайд биш. Рациональ сэтгэлгээний гол хэсэг нь шалтгаан, үр дагаврын хоорондын холбоосыг таньж мэдэх тухай байдаг. Үйлдэл буюу шалтгаан байж үр дагавар үүснэ. Эд хоорондоо уялдаатай байх ёстой. Харин бид үр дагаврыг харах ч үүсгэсэн шалтгааныг олж танихдаа маруухан байна. Маруухан учраас үр дүнд нь олон төрлийн хий айдастай болжээ. Ядуурал гэх үр дагавар байна, шалтгаан нь хятадууд, америкчууд (өөр бусад улс), айдас нь гадны улсууд, дүгнэлт нь үндсэрхэг байя, хилээ хаая, төмөр зам барихгүй гэж харж байна. Охид хүчирхийлүүлж буй шалтгаан нь цаазын ял байхгүйгээс, үүсэх айдас нь монголоор нэг хүчирхийлэгчид байна, цаазлахгүй бол маргааш манай охиныг, дүгнэлт нь цаазын ялыг дэмжье гэдэг буруу логик.  ЛГБТ-чүүд их байна, энэ бол гаж, шалтгаан нь эхний ЛГБТ хүнд уруу татагдсан учраас, айдас нь надаас бусад нь цөм ЛГБТ болчихвий, дүгнэлт нь алаад, шийтгээд өгье.

Сэтгэцийн хувьд эрүүл эсэхийн нэг шинж бол шалтгаан, үр дагаврын холбоосыг эрүүлээр, бодитоор харах чадвар. Бидэнд энэ чадвар алга болчихвол цаазалж шийдэх үү, яах уу?  Эсвэл “жинхэнэ” монгол хүний шинж энэ үү?   

Сэтгэгдэл бичих

    • irgen
    • 2018-10-16

    mash zew!!!

    • Ч.Бат-Уянга
    • 2018-10-15

    Шар хаднаас гарч ирээд бичлээ.

    • Ч.Бат-Уянга
    • 2018-10-15

    Шар хаднаас гарч ирсэн нөхөр үү?;

    • Монгол хүн
    • 2018-10-15

    ЛГБТ гээ зайл ааааааааааа

arrow icon