Нийтлэл 11 сарын 11, 2018

ЖДҮ-ийн зээлийн хуваарилалтын эсрэг хуулийн хүрээнд хэрэгжүүлж болох 10 арга хэмжээ

 Ардчилалтай байгаа учраас ЖДҮ-ийн асуудал зэрэг хууль бус, буруу зүйлс ил болж, иргэд бид мэдэж авч, шаардаж хариуцлага тооцуулж чаддаг болж байна. Ардчилалгүй бол ЖДҮ-ээс илүү ноцтой асуудлыг бид мэдэж, ярьж, хариуцлага шаардаж чадахгүй байх байсан. Монголын ардчилал төдийгүй тусгаар тогтнолын гол баталгаа бол парламентын засаглал. Парламентын засаглалаа сайжруулж тогтвортой хөгжихийн төлөө ажиллацгаая. Түүнээс биш ЖДҮ-ийн асуудлаар далимдуулж парламентын засаглалыг гутаах нь гүжир гүтгэлэг.

УИХ-ыг одоо тараавал тогтворгүй байдал үүснэ. Үүнийг овжин ашиглаж засаглалын хэлбэрийг өөрчилж дарангуй дэглэм рүү шилжүүлэх эрсдэл өндөр байна. УИХ-ыг тараахгүйгээр ЖДҮ-ийн зээлийн шударга бус хуваарилалтын эсрэг наад зах нь 10 арга хэмжээг 2020 он хүртэл хуулийн хүрээнд авч ултай шийдэх, үр дүн гаргах бүрэн боломжтой:

1. ЖДҮ-тэй холбоотой үүсгэсэн эрүүгийн хэргийг шалгах боломжийг олгох, үүний тулд зайлшгүй шаардлага, үндэслэл бий бол зарим УИХ-ын гишүүний бүрэн эрхийг УИХ түдгэлзүүлэх,
2. УИХ-ын тухай хуулийн дагуу УИХ-ын Ёс зүйн дэд хороо нь ЖДҮ-д холбогдсон гишүүний ёсзүй, хөрөнгө, орлогын мэдүүлгийг хэлэлцэж дүгнэлт гаргах,
3. Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл олж авах эрхийн тухай хууль, Шилэн дансны тухай хуулийн дагуу ЖДҮ-тэй холбоотой бүх мэдээллийг авах, ил тод болгох,
4. Нийтийн сонсголын тухай хуулийн дагуу 2012 оноос хойшх бүх ЖДҮ-н талаар Ерөнхийлөгч эсхүл УИХ-н гишүүдийн 1/4 хүсэлт гаргаад нээлттэй сонгсол хийж болно. Ингэхдээ холбогдох бүх нам, бүх албан тушаал (ерөнхийлөгчийг ч) хамруулан судалж хэлэлцэх,
5. Цэцийн хуулиудын дагуу иргэн, Ерөнхийлөгч зэрэг эрх бүхий этгээд ЗГ эсхүл Ерөнхий сайд Үндсэн хууль зөрчсөн эсэхээр Цэцэд хандах,
6.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар эрх, ашиг сонирхол нь хөндөгдсөн этгээд (ЖДҮ-чид) эсхүл нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх ТББ уг асуудлаар Захиргааны шүүхэд нэхэмжлэл гаргах,
7. захиргааны шүүхийн хяналтаас ЗГ-ыг гаргах хуулийн төсөл батлагдвал ЖДҮ шиг асуудлыг бүрэн хянаж чадахгүй тул уг төслийг эрс эсэргүүцэх,
8. Төрийн аудитын тухай хуулийн дагуу Төрийн аудитын байгууллагад ЖДҮ-тэй холбоотой асуудлаар аудит хийх эсхүл ийм санал гарах,
9. Зарим албан тушаалтан улс төрийн эсхүл ёс зүйн хариуцлага хүлээх байх. Одоогийн хуулиар шаардлагатай нэгэнд нь шийтгэл хүлээлгээд, гол нь сургамж авах юм. ЖДҮ-гийн зээлийг нөлөөтэй, мэдээлэлд ойр хүмүүс авах явдал дахин гаргуулахгүй арга хэмжээ авах, үүний хуулийн төсөл ч боловсруулж батлах хэрэг гарах бх.
10. Дээрх байдлаар цугласан баримт, мэдээлэл, дүгнэлтэд үндэслэн 2020 сонгуулиар иргэд бид холбогдох улс төрчдөд хариуцлага тооцож болно.

Эдгээр арга замын заримыг нь аль хэдийнэ хэрэглээд эхэлсэн байна. Эцэст нь, Ерөнхийлөгч болон түүний ойрын хүмүүс бас ЖДҮ-ийн зээл авсан мэдээ, баримт цацагдсан. УИХ-ын зарим гишүүд ЖДҮ-ын зээл авсан гэсэн үндэслэлээр УИХ-ыг тараах тухай ярьж байгаа бол мөн адил үндэслэлээр Ерөнхийлөгчийг ч огцруулах асуудлыг зэрэг ярих хэрэгтэй. УИХ-ын зарим гишүүд "хар хэрээ," Ерөнхийлөгч, түүний нөхөд "цагаан тагтаа" биш.

Сэтгэгдэл бичих

arrow icon