Нийтлэл 11 сарын 22, 2018

Д.Мөнх-Оюун: Гадаадад амьдарч байгаа бидний хувьд ганц хоёр өдөр ч гэсэн монголоор ярьж, монгол ахуйг бүрдүүлэх нь бөөн аз завшаан

"Positive Mongolians" төслийн Герман дахь төлөөлөгч Д.Мөнх-Оюунтай Герман улсын хөгжил цэцэглэлт, залуусын хандлагын талаар ярилцлаа.

Сайн байна уу. Юуны өмнө манай  уншигчдад өөрийгөө танилцуулаач?

Сайн байна уу. Намайг Д.Мөнх-Оюун гэдэг. Одоогоор германд суралцдаг. Ирээд 2 жил болж байна.

Positive Mongolians онлайн төслийн Герман дахь төлөөлөгч юм байна. Хоёулаа Positive Mongolians төслийн тухай жаахан ярилцъя?

Манай Positive Mongolians төсөл бол мэдээж онлайнаар бусдад эерэг энергийг түгээнэ гэсэн эрхэм зорилготой. Үүнийхээ хүрээнд дэлхийн улс орнуудад амьдарч буй монгол залуус өөрийн амьдарч буй улс, хотуудын сонин сайхан, тухайн орны соёл, түүх дурсгал, хүмүүсийн аж амьдрал, нийгмийн нөхцөл байдал зэргийг монголчууддаа танилцуулдаг.

Жишээлбэл би Германд амьдарч байгаа юм чинь эндхийн нийтийн тээврийн тухай судлад, яаж хөгжсөн, ингэж хөгжүүлэхийн тулд төр засгийн зүгээс ямар бодлого, чиглэл баримталсан зэрэг мэдээллүүдийг цуглуулна. Мөн яг энэ байдлаар Хятад, Япон, Швед зэрэг  орнуудад амьдарч байгаа манай  төлөөллүүд мэдээлэл цуглуулаад нэвтрүүлгээ бэлтгэдэг. Эндээс Монголчууд маань бага ч гэсэн санаа аваасай гэдэг үүднээс шүү дээ.

Герман Монгол хоёр улс мэдээж тэс өөр соёл, өөр хөгжилтэй улс орнууд. Таны хувьд Германчуудад байдаг манай Монголчуудад бага зэргийн дутагдалтай байдаг ааш араншин, хандлагыг анзаарч байсан уу?

Бид нар баярлалаа, уучлаарай гэж хэлэхийн оронд тэнэгээ мангараа, сүртэй ш дээ гэж хэлж сурсан хүмүүс шиг санагддаг юм. Энд бол энэ эсрэгээрээ хэн нэг хүн таныг тэнэгээ мангараа гэж хэлэх ямарч эрхгүй. Харин үүнийхээ оронд эелдэг сайхан үгсийг харамгүй хэлдэг. Энэ нь ч амьдралд эерэг хандахад нь ихээр нөлөөлдөг гэж би анзаарсан

Бас нэг зүйл нь энд ажил бол ажил, хувь амьдрал бол хувь амьдрал гэдэг зарчимтай. Өөрөөр хэлбэл чи ажил дээрээ ирээд компьютерийн ард суусан л бол ажлаа л хийх ёстой. Өөр фэйсбүүк, инстаграм зэрэг сошиал хэрэглээгээ шалгах ёсгүй. Яг үүнтэйгээ адил амарч байгаа бол амарсан шиг амарна. Найз нөхөдтэйгээ, гэр бүлийнхэнтэйгээ амарч байгаа бол энд ажил ярихгүй. Байгаа газраа өөрийгөө бүрэн зориулж чаддаг нь гайхалтай.

Дэлхийн улс орнуудын хөгжлийн салшгүй нэг хэсэг нь нийтийн тээвэр болон зам байдаг шүү дээ. Германы нийтийн тээвэр болоод зам, замын хөдөлгөөний зохицуулалтын талаар сонирхуулбал?

Энд замын хөдөлгөөнийг гайхалтай сайн төлөвлөсөн. Үүнийгээ дагаад нийтийн тээвэр, автобус нарийн төлөвлөгөөний дагуу явна. Автобус, метрондоо суугаад явахад түгжрэнэ гэж байхгүй.

Метроны буудал бүрт тэр чиглэлийн метро тэдэн минутын дараа ирнэ гэсэн мэдээлэл байдаг. Тиймээс автобус метрогоо хүлээж удаан зогсоно гэж бараг байхгүй. Заримдаа цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан тээврийн хэрэгсэл саатдаг. Энэ тохиолдолд “таны явах метро цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан тэдэн минутаар хоцорч ирэх тул хүлцэл өчье” гээд эелдгээр мэдээлдэг.

Хот төлөвлөлт нь ямар вэ?

 Том хотоо тойроод манайхаар бол дүүрэг гэж хэлж болохоор жижиг жижиг тосгонууд байдаг. Эдгээрийг холбосон хурдны зам нь үнэхээр гоё. Энд хурдны зам дээр хязгаарлалт байхгүй. Та хурдны зам дээр гарсан л бол хэдэн ч километр цагийн хурдтай явж болно. Тийм болохоор хотын захад байсан ч хотын төвд байгаа ажил руугаа ямар ч асуудалгүй богино хугацаанд хүрэх боломжтой.

Энд хотын төв буюу А бүсдээ арай бага орлоготой, оюутан залуус ихэвчлэн амьдардаг.  Харин арай хөрөнгө санхүүгийн хувьд биеэ даасан, боломжийн амьдралтай хүмүүс нь тайван, ая тухтай газар амьдрахыг илүүд үздэг учир ихэвчлэн хотын зах руу амьдардаг.

Таны анзаарснаар Германчууд аялал жуулчлалыг хэрхэн хөгжүүлж байх шиг байна?

Мэдээж үзэх харах сонирхох ихтэй газар болохоор аялал жуулчлал бол үнэхээр сайн хөгжсөн. Анзаарч байхад хотын төв рүүгээ бараг машин явахгүй. Хотын төвийн зам дээр явган зорчигч, дугуй, трамвай,  унасан хүмүүс л явдаг. Мэдээж хотын төвд сүм дуган,  хуучин хот үзвэр үйлчилгээний газар, дэлгүүр хоршоо гээд бүх зүйл байгаа учир энэ бүгдийг жуулчид тайван сонирхоход машин байхгүй байна гэдэг  бас нэг боломж нь болдог байх аа.  Нөгөө талаараа бас их гоё эрүүл амьдрал шүү дээ.

Германд очиж сурч, ажиллах хүсэлтэй олон залуус байгаа. Харин амьдралын өртөг нь хэр байдаг юм бэ?

Германы эдийн засгийн түвшинд бол бараа бүтээгдэхүүн нь боломжийн үнэтэй юм шиг санагддаг шүү.  Ер нь тэгээд хаана амьдрахаасаа их шалтгаална. Оюутнуудын хувьд бол 5 өрөө байрыг жижиг жижгээр хувааж аваад нэг өрөөг 280-350 еврогоор түрээсэлдэг ч юм уу. Энэ бол байж болох хамгийн бага зардал л даа. Цагийн ажил хийхэд нэг цагийн үнэлэмж нь 8-10 евро байдаг. Энд бас нийтийн тээвэр маш сайн хөгжсөн учир машингүй байсан ч хаа л бол хаа хурдан шуурхай хүрч болдог нь их гоё.

Одоо 11 сар гэдэг Монголд яг агаарын бохирдол маш их байна. Герман ер нь хэр агаарын бохирдолтой вэ?

Миний мэдэхээр  агаарын бохирдол  хамгийн багатай хотуудын тоонд ордог байх шүү. Агаарын бохирдол ер байхгүй. Гал түлэх айл байхгүй юм чинь бага байхаас ч аргагүй.

Германд ирээд ямар муухай юм бэ гэж бодогдсон зүйл байгаа юу?

Манайд хэрэгждэггүй ч гэсэн тамхины тухай хууль байдаг. Түүгээрээ олон нийтийн газар тамхи татахгүй, тамхи татах цэг гэж байрлуулсан байдаг шүү дээ. Энд харин тийм юм байхгүй. Мэдээж хэрэг албан оффис үйлчилгээний газарт хориглосон газар байдаг л байх. Гэхдээ л энд тэнд хаа саагүй маш их тамхи татдаг. Энэ нь жаахан онцгүй санагдаж байна. Монголд ийм байхад энд яагаад гээд харьцуулж байсан шүү.

Германд ирээд хоёр жил болж байгаа гэсэн. Хэлийг нь хэрхэн сурсан бэ?

Герман хэл бол зүгээр ч нэг хэл биш. Герман хэлийг сурахад нэг нас хүрэлцэхгүй гэдэг үг ч байдаг. Миний хувьд ч герман хэлийг сурсаар л байна. Герман хэлтэй найз нөхөдтэй болох, чөлөөт цагаа өнгөрөөх нь хэлээ сайжруулах бас нэг сайн арга байх.

Хоёр жилийн турш Монгол руу огт буцаагүй, тэгээд шинэхэн ирсэн оюутан болохоор мэдээж нутаг усаа санадаг л байх. Энэ үедээ юу хийдэг вэ?

Мэдээж санах үе байдаг. Ялангуяа цаг агаарын онцгүй байдал сэтгэл их эмзэглүүлнэ. Энэ үеэр гэрээ санана монгол ахуйгаа санана. Тэгээд л нөгөө эморно гэдэг шиг. Гэхдээ энэ байдлаасаа найз нөхөдтэйгээ уулзах эсвэл өөрийн сэтгэлээ ил гаргаж бичих байдлаар тайтгардаг. Би сэтгэлийн хүүрнэл гээд бүлгэмд элссэн. Тэндээ бичвэр бичээд хүмүүстэй хуваалцаад их гоё болдог.

Одоо яг гоё шинэ жилийн уур амьсгал бүрдсэн байгаа байх. Германд ер нь шинэ жилийг хэрхэн тэмдэглэдэг юм бэ?

Маш гоё болсон байгаа. Хот тэр чигээрээ л гэрэл чимэглэлээ зүүчихсэн. Мэдээж хэрэг Кристийн шашинтай улс орнуудын хувьд шинэ жилийн баяр гэдэг их чухал баяр байдаг юм шиг . Манайд бол 12-р сарын 31-нд он гарахад гэр бүлээрээ тэмдэглээд л өнгөрөөдөг бол энд 12-р сарын 24-нд крисмасын баяр гэж тэмдэглэдэг. Бас энд Санта гэж байхгүй. Николис өвөө гэж байдаг.

Бас яг 12 сар эхлэнгүүт хотын төвдөө маш том “Christmas market”  гэж болдог. Эндээ Германаас гаралтай бүхий л зүйлсийн худалдаа болдог. Хүмүүс ирээд л зайдсаа идээд, халаадаг вино уугаад, дуулаад, бүжиглээд, худалдан авалт хийгээд их л хөгжилтэй байдаг юм билээ.

Өөр ямар иймэрхүү утга учиртай баяр байдаг юм бол?

Өөр зөндөө баяр байдаг байх аа. Миний мэдэхийн өвлийг өнтэй давж хавартай золголоо гэсэн утгатай  хүүхдүүдээ зориулсан баяр болдог. Манайхаар бол хаврын баяртай төстэй болов уу гэмээр.

6 сарын 1 буюу хүүхдийн баярыг хэрхэн тэмдэглэдэг юм бол?

Энд 6 сарын 1 бол байдаг л нэг өдөр. Яагаад гэвэл өдөр бүр хүүхдийн эрхийг хамгаалах өдөр байдаг. Хүүхдийн эрхийг нэгдүгээрт тавьдаг. Манайх шиг эрхийг нь хамгаалах өдөр баярлуулах гэж байна гээд л  ганцхан өдөр хачин гоё хувцас өмсүүлээд л гадуур хооллоод байдаггүй.  Мөн манайд бол том хүмүүс юм ярьж байхад томчуудын ярианд оролцлоо гээд л хүүхдүүдээ загнадаг. Харин энд бол хүүхдийнхээ үгийг их сайн сонсож “аан чи тийм бодолтой байна уу, чиний зөв эсвэл энэ удаа чи арай буруу бодож би бол ингэж бодож байна” гэхчлэн хүүхдүүдийг багаас нь нийгмийн амьдралд оролцуулж байдаг. Бас хүүхдийн төрсөн өдрийг их өргөн хүрээнд тэмдэглэдэг.

Манайд бол ширээ дүүрэн хоол унд бэлдээд идэж уулгах л зориулалттай юм шиг байдаг бол энд аль болох хүүхдүүд өөрсдөө эргэж дурсах дурсамж үлдээхийн төлөө ээж аавууд нь бүхий л бололцоог нь хангаж өгдөг. Тэгээд төрсөн өдөр дуусахад төрсөн өдөрт ирсэн хүүхэд бүрт цаасан уутанд бага бага чихэр шоколад боож өгдөг юм билээ. Аль болох тэдний эрүүл мэндэд хоргүй хүнсийг.

Герман дахь монголчуудын хувьд баяр ёслолыг хэрхэн тэмдэглэж байна. Тэр тусмаа өөрийн үндэсний баяруудаа их л өргөн дэлгэр тэмдэглэдэг байх?

Мэдээж тэгэлгүй яахав ганц,хоёр өдөр Монголоор ярьж, монгол ахуйг бүрдүүлэх ганц боломж шүү дээ. Хаа байсан хэдэн мянган километрийн цаанаас ч баяртаа оролцохоор хүмүүс ирдэг. Ихэнхдээ том фермерийн газар түрээсэлж аваад тэндээ жинхэнэ монгол баяраа тэмдэглэнэ. Оюутнууд чинь хөөрхий дундаа гал тогоогоо хэрэглэдэг учир тэр бүр хуушуур буузаа хийж идээд байх боломжгүй учир баярынхаа үеэр л хангалттай хийж иддэг. Бас гал харна гэдэг бас нэг баясал болдог шүү.

Мөн дан ганц үндэсний баяраа ч гэлтгүй янз бүрийн спортын уралдаан тэмцээн ч их зохион байгуулж үүнд ч хүмүүс маш их оролцдог болж байна.

Германд ирээд хөгжилтэй явдлууд тохиолдож л байсан байх?

Тохиолдоно. Жишээлбэл би зам гарах гээд явж байсан юм. Монголд бол гарцаар л гараагүй бол явган зорчигч замаар гарна гэдэг их хэцүү шүү дээ. Түүнтэйгээ адил санаад л машинаа түрүүлж гарахыг хүлээгээд  зогсоод л байсан. Гэтэл нөгөө машин чинь явдаггүй. Би ч зогсоод л байсан. Энэ мэт хэдэн хэдэн удаа давтагдагдсан. Гэтэл энд явган болон дугуйтай зорчигч ямар ч үед машинаас илүү давуу эрх эдэлдэг юм билээ. Гарцаар гарч байсан ч, гарцаар гараагүй байсан ч машин унасан хүн явган зорчигчийг замаар гаргаж байж өөрөө хөдлөх ёстой байдаг юм билээ.

Ярилцлагын төгсгөлд монгол залуустаа хандаж юу хэлмээр, ямар зүйлийг уриалмаар байна?

Манай залуучууд угаасаа их ухамсартай мэдлэг боловсролтой болж байгаа шүү дээ. Миний хувьд нэг л зүйл хэлмээр байна. Энд бол 16-17 настайдаа бие дааж амьдарч өөрөө бүх шийдвэрийг гаргаж эхэлдэг. Харин манайд бол бараг гуч хүрсэн  ч эцэг эх нь амьдралд нь оролцсоор байдаг. Үүнийгээ л болиосой гэж хүсэх байна.

Энд ахлах сургуулиа төгсөж байгаа хүүхэд бол би хуульч мэргэжилтэй болохыг хүсэж байна тэгээд би хуульч болохын тулд энэ сургуульд ороод төгсөөд ийм ажил хийнэ ингэхийн тулд надад тэдэн төгрөг шаардлагатай тийм чадвар хэрэгтэй зэрэг бүгдийг өөрөө судлаад төлөвлөөд аав ээждээ хэлж санал бодлыг нь сонсдог юм билээ.

Харин манай аав ээж нар бол хүүхдийнхээ өмнөөс л бүгдийг хийгээд байдаг шүү дээ. Тэгэхээр одоо хүүхдүүдээ аль болох эртнээс бие даалгаж өөрөө шийдвэр гаргаж гаргасан шийдвэртээ хариуцлага хүлээж өөрийнхөө амьдралд өөрөө эзэн байхыг л зааж өгдөг байгаа гэж хүсэх байна. Чиний л амьдрал чи л өөрийнхөө амьдралын түүхийг бичнэ шүү дээ.

 

 

Сэтгэгдэл бичих

arrow icon