Нийтлэл 11 сарын 29, 2018

Facebook Trending: Венесуэл найзын минь яриа

Түүнийг Камела гэдэг бөгөөд хорин настай авъяаслаг хөгжимчин. Тэр бидний сайн мэдэх, үндэстэн даяараа шимтэн үздэг байсан " Халтар царайт"-ын нутаг Венесуэлээс ирсэн. Бид олон цагийг хөгжилдөж өнгөрөөдөг бөгөөд хэн нэгэнтэй танилцах үед түүнийг Венесуэлээс ирсэнийг сонсон хүн бүр түүнээс " Чи тэгээд тэндээс зугтаачихсан юм уу?" хэмээх асуухад би гайхаад л өнгөрдөг байв. 

Нэг орой би түүнийг өөрийн хөлсөлдөг жижигхэн ч гэсэн тохитой сууцандаа урин дотно яриа өрнүүлэхээр шийдсэн минь миний амьдралд тийм том ухаарал, тийм том өөрчлөлтийг авч ирэх талаар би төсөөлөө ч үгүй явсан юм. 
Шилтэй дарс задалж шинэхэн яриа өрнөхөд байнга л инээмсэглэж явдаг хөөрхөн царай нь тэнгэр бүрхэх мэт гунигт автан

- "Венесуэлд хүмүүс ийм дарс уухын төлөө гэр бүлээрээ бүхэл бүтэн нэг сар ажиллаж байгаа. Бодоод үз дээ. Дор хаяж дөрвөн хүн гучин нэгэн хоног ажиллаж байж л ийм дарсны талаар бодох сөхөө гарна. Гэхдээ ийм дарс худалдаад авчихвал бусад өдрүүдийг яах вэ гэх асуулт гараад ирнэ. Байдал ийм хэцүү байна. 

Имфляцийн түвшин дээд цэгтээ хүрч, хязгаар гэж байдаг бол хязгаарийн эцсийн цэгт Венесуэл орон тэр чигтээ хүрчихээд байна. Цалинг хүмүүс хэдэн саяар авах боловч Вэнэсуэл боливар (VEF Вэнэсуэл мөнгөн тэмдэгт )- ыг америк доллартай харьцуулашгүй хэмжээнд хүрч, боливар жинлээд зардаг цаас шиг л болсон. Арай гайгүй сэргэлэн хүмүүс боливараар сувинер хийж жуулчдад арай гайгүй үнэ хүргэж зарж амиа зогоож байна. 

Байдал анхандаа ийм байгаагүй юм. Карибын тэнгистэй хил залгаа, байнгын дулаан цаг агаартай болохоор бид далайн эрэг дээрээ өдөржин зугаацаж, хүн бүр аз жаргалтай байдаг байсан цаг саяхан. Намайг төрөхөд ч сайхан байсан гэсэн. Гэхдээ бодоод үз дээ. Бидэнд Америк шиг хүчирхэг, герман шиг өндөр хөгжилтэй орон болох боломж бүрэн бий. Бидэнд бусад орнуудад хүсээд ч олддоггүй тэр газрын тос бүү хэл асар том тос алтны нөөцүүд ч бий. Хэрвээ би Венесуэлд аль нэг байшингын шалыг авч хаяаад доошоо ухах юм бол ундраад л гараад ирэх тийм их газрын тос байгаа. Юу гээч хамаг юмны учир ирээдүй маргаашаа бодолгүй буруу шийдвэр гаргадаг Засгийн газар, ханаж цадахаа мэдэхгүй хэдэн дарга нар, тэднийг тойрон хүрээлсэн олон авилгачидад л байгаа юм. Бидэнд ч бас буруу бий л дээ. Гэхдээ л тэд илүү буруутай эх орноо худалчихсан хүмүүс. Бид газрын тосоо гадны орнууд руу бараг л тусламжын бараа мэт үнэгүй шахам нийлүүлж харин оронд нь энэ их үнийн хөөрөгдөл, имфляци, хямрал ядуурлын авч ирсэн. 

Өнөөдөр олон сая Венесуэлчүүд эх орноосоо дүрвэж байна. Тэд хаашаа явахаа мэдэхгүй ч зүгээр л чемодан саваа баглаад хил дээр оочерлож байгаа. Латин америкийн орнууд, европын орнуудад хичнээн сая Вэнэсуэлчүүд ажиллаж амьдардаг гэж санана. Тэдний ихэнхи хувь нь маш сайн боловсролтой инженерүүд, эмч сувилагч нар, ХАА-ын мэргэжилтэнүүд эрдэмтэн докторууд байгаа. Оюу би чамайг сургуулиа төгсөөд Монголдоо очиж ажилланаа гэж хэлэхэд чинь ямар их атаархсан гэж санана. Харин Венесуэлчүүд бидний хувьд хаа нэгтээ сурах боломж олдох л юм бол аль чадахаараа сураад тэндээ амар жимэр шингэх талаар л боддог болсон. Бүүр амараар хэлбэл бидэнд эргээд очих ирээдүй, гэр орон гэж байхгүй болж байгаа...

 Чи хичнээн сайн эмч байлаа гээд авч байгаа цалин чинь атга гурилаа авч дийлэхгүй тийм ирээдүй рүү чи яарах байсан гэж үү?

Хүмүүс надаас чи тэгээд Венесуэлээс зугтаачихсан юм уу? гээд эелдэг маягаар инээмхийлэн асуухад нь уур хүрч зэвүүцсэндээ нүүр лүү нь нулимчихмаар санагддаг ч энэ үнэн. Яагаад ч нууж болдоггүй үнэн болохоор худлаа ч болов инээгээд өнгөрөхөөс өөр арга надад олддоггүй юм. Би тэндээс зугтаачихсан юм чинь яалтай билээ. Энэ үнэн. Гэхдээ ичмээр ч юм шиг. Германд хүүхэд хардаг хамгийн нэр хүнд муутай сард 260 евроны цалинтай ажил хийдэг байхад Венесуэлд очоод хэсэгтээ л саятан шиг алхана. Арга ядахад эндээс аав ээждээ хэдэн төгрөг явуулаад байна шүү дээ.

Одоо Вэнэсуэлчүүд арга мухардсан. Бид үнэнтэй эвлэрсэн. Өмнө нь бид сэрэхийг оролдсон, бид хичээсэн боловч нэгдэж чадаагүй. Хаанаас ч юм мэдэхгүй байсхийгээд л гараад ирдэг элдэв баярууд, хангалттай гэж тайвширч суусан амралтын өдрүүд, угийн найрсаг тайван биднийг өнөөдрийнх шиг ийм зам руу түлхэж байгаагаа өөрийн мэдэлгүй бөөн бөөнөөрөө инээлдэн зугаацдан өнгөрөөж байсанаа өнөөдөр л ухаарч байна. Одоо хүмүүс туйлдаа хүрч цөхөрч, бүүр бууж өгч байгаа. Арга ч үгүй биз дээ. Дэлхий даяараа биднийг " Венесуэлийн хямрал" гэдэг талаас нь л сонирхдог болж. Бидний амьдрал интернэтэд Сирийн дайны дараагаар сургамжтай зүйлсийн ангилалд эрэмбэлэгдэж байгаа. Гэвч бид дайнгүй энх байгаа боловч байдал дайнаас долоон дор байна. Хэлж ирдэггүй өвчин шиг л нэг л өдөр сэрэхэд бүх юм эцэстээ тулсан байсан. 

Хамгийн сүүлд эцэг эхтэйгээ утсаар ярихад тэд байдал яг л байсан хэвэндээ улам л туйлдаж, Засгийн газрынхан асуудлыг шийдэх талаар оройтсон, бас хариулт нь үл олдох, эцэс төгсгөлгүй маргаанаа хэлэлцсээр л байна. Үүнээс гарах арга гэж одообайхгүй байлгүй дээ. Яалтай ч билээ. Аль нэг хөрөнгөтөн орон Америк эсвэл Орос аль нь ч байсан яахав Венесуэлийг колони болгоод ч болов улс орныг минь өөд нь татаасай"

 

гэж хэлж байсныг нь тэр ч бас надад нуулгүй хэллээ. Бидний яриа удаан үргэлжилсэн ч уух гэж задалсан дарсандаа ам хүрч чадаагүй юм. 

Асуудал эцэстээ хүрнэ гэж ийм аймар зүйл байдаг талаар надад лав ямар ч төсөөлөл, ойлголт байхгүй явсанаа тэр агшинд л ойлгож, эх оронгүй болох найдах найдвар тасрах гэж чухам юу болохыг Камила надад хоёрхон цагийн дотор өөрийн түүхээрээ тов тодорхой ойлгуулсанаа, надад бас бидэнд ямар том зүйлийн ямар чухам зүйлийн сэрүүлэгийг асааж өгсөн болохоор тэр одоо ч хүртэл мэдээгүй л яваа байх. 
Би түүнийг хаалган дээрээсээ баяртай, баярлалаа гэж найрсаг Венесуэл маягаар тэврэн үдээд хурдхан шиг цонхон дээрээсээ бүдэг бадаг анивчих оддын харангаа Монгол минь арван жилийн дараа магадгүй хорин жилийн дараа ямар байх бол гэсэн гүн бодолд автсаар хоцорсон юм.

 

Oyu Positive Mongolians

 

Сэтгэгдэл бичих

arrow icon