Нийтлэл 11 сарын 30, 2018

Өргөмөл монгол охины тухай

Нар халуунаар ээсэн намрын  дунд сар, бороо хур татарч багассан долоо дугаар сарын Герман. Улааран шаргалтах наран Францын зүг  жаргадаг,хааяахан уйлагнах бороо нь мөн л тэндээс ирдэг үзэсгэлэнт Фрайбург хотын захад хэсэг Монголчууд цугларч халуун хуушуур, хорхог боодог болж халх  Монголын наадмыг хирэндээ л нижгэр тэмдэглэнэ. Хурлийз ч гэсэн монгол хүүхдүүд гүйлдэж, дээл малгай болсон ганган хүүхнүүд элдвийг хуучилж,  хүний нутгын зүлгэн дээр  монгол гэр сүндэрлэнэ.   Халуу дүүгсэн өдрийн жаврыг үргээж морин хуур эгшиглэхүйд хамрын самсаа шархирч, хурдан морины давхил ойд бууж, цурхай эргэх унаач хүүхдийн гийнгоон  дуу алс тэртээгээс цуурайтаж хоолой зангируулна. Торго дурдангаар гоёсон бүсгүйчүүд үе үехэн  нулимс урсгана..

Хачин том амьтаны хүрээлэнгийн  хойд захад хэсэгхэн газар  монгол гэр бариатай. Хүрээлэнгийн ажилчид Монголын өдөр, наадам  гээд сүйд майд болцгооно. Баярмаа нэртэй монгол сарлагыг Барбара хэмээх жижигхэн туранхай хүүхэн талбай дундуур хөтлөн Баярмаагаа нутгийнхантай нь уулзуулан аа гээд аядуухан инээв. Хэрэгт дуртай хүмүүс хэсэглэн бүчиж хүүхдүүд харин илэн наадна. Баярмаа харин хээв нэг хэвсээрхэсэг зогсов… 

Урьд хэсэгхэн зуур Монголд амьдарч байсан бололтой  сайхан монгол цамц өмссөн лагсдуухан биетэй ахимаг насний Герман эр монгол орон зан заншлын минь талаар ихэд ам сайтай даг шүү.  Сонирхож цугласан гаднынханд сэтгэлд хүртэл сайхан ярив. Дэгдгэр хэдэн багачуудад нь үлгэр хуучилж хаяаг нь сөхсөн монгол гэрт хэсэгтээ л хөл үл тасрав.

Их үдийн алдад монгол хээтэй майхан асраас чанга яригч хангинаж дэвж шавсан залуучууд дэлгэр наадамд өнгө нэмэв. Манай бөх сайн барилдаарай гэж сэтгэл нь хөдөлсөн хүүхнүүд нь зэрэг зэрэг орилж хүч ч нэмнэ зориг ч нэмнэ. Тоолоод тоолоод арван тав хүрэх үү үгүй юу монгол гадаад нийлсэн хэдэн залуус бөхийн дэвээ шаваа болцгоож зодог шудаггүй ч гэсэн монгол залуус маань хэзээ язааны бөхчүүд шиг эвлэгхэн харагдаж үзэж суусан бид  харь хэдэн залуусаа  харж хөхрөлдөн инээлдэцгээв.

Нэгийн даваа, хоёрын даваа, гурвын даваа., үзүүр түрүү боллоо. Хүдэр чийрэг биетэй хүчтэй бяртай харагдсан герман залуу, чацаар арай л жижиг монгол бөхтэй оноол таарч мэх мэдэхгүйн улмаас  ногоон зүлгэн дээр өвдөг шороодов. Дэвж шавах нь их хэцүү юмаа бүжиг шиг ч юм шиг гэсээр тахимаа өгнө. Нас тогтсон цоглог эгч нар үнэн сэтгэлээсээ даган баясаж сонирхолтой нь аргагүй эргэн тойрон үзнэ. Энэ жилийн барилдаан ч их сайхан боллоо гэж хууччууд шивнэлдэнэ.

Томоо гэгчийн модны доор  жижиг жижиг олбог дэлгэн  сууцгааж шинэ ерөнхийлөгч, сонгууль, эх орон, Улаан баатрын өөрчлөлт, 90-ээд оны монгол ер нь Монголын талаар ярилцан суутал өнөөх сэргэлэн залуусын маань нэг нь

… Нум сумаа агсаж

    Нутаг усаа хамгаалсан

    Илд бамбайгаа барьж

   Эх гүрнээ нэгтгэсэн…. гэдэг шиг хэдэн багц сум хоёр ч нум авч ирэн малын тэжээл өвсөн дээр бай шүршин зурж ээлж ээлжээр сум татлаа. Паркаар зугаалж явсан гаднынхан хүртэл тойрч зогсоод ээлж дараагаар оролдоцгооно. Морроко, Монгол, Солонгос, Герман, Англи, Франц, Бразил, Африкчууд л ихэд сонирхоно. Бүгд л ялгаагүй анх удаа л нум барьж сум тавьж буй нь илт. Хамгийн хачирхалтай нь хатуу нэрт нумыг монгол охид саадгүй л татчихана. Харин хүчтэй сүртэй гаднынхан татаж үл дийлнэ. Татаад татаад гарын шуу л хүргэжээ. Сүүлдээ бүүр би та нар шиг тэр байг ономоор байна заагаад өгөөч гэж хэлээд үл ялиг инээвхийлсээр бидэнд дөхөв.

Хүний хүн хүрэн бөөртэй гэдэг шиг зааж өгөхдөө би л лав тийм ч дуртай байсангүй.  Тийм ч найрсаг бус хоолойгоор….

-Тэгшхэн зогсоод тэгшхэн ш дээ, гар чинь хүчтэй байх ёстой. Дартс шидэхээс хамаагүй өөр. Тиймээс бага зэрэг хүч хэрэгтэй. Баруун гарынхаа дунд, долоовор хуруунуудаараа гогодож татаад эрүү хүртэлээ татна. За тэгээд  баруун нүдээ аниж байгаад байгаа онилоод сумаа тавина даа. Хуруугаа сумандаа хүргэлгүй гогодож татах хэрэгтэй шүү. Оролдоод үз дээ.

– За одоо заалгасан юм чинь энэ сум арай хол тусах байхаа гээд түрүүнийхээ л адил эв хавгүйхэн бөгтийж зогсоод чичрэн чичирсээр арай л гэж нэг байндаа тусав. Хавьгүй илүү дээрдлээ шүү баярлалаа гээд эргэв.

       Хажуухан талд хөөрхөн хэдэн хүүхдүүд жижиг нум барьж арай ойр зайнаас бай харван тоглоно. Аав ээжийнхээ аль нэгнийг л дагаж ирсэн бололтой. Монголоор ярьж байгаа нэг ч хүүхэд  байсангүй. Урам жаахан хугарав. Бүгд л монгол төрхтэй европжуу хамартай эсвэл тэр чигтэй монгол төрхтэй ч цэв цэнхэр нүдтэй харагдана. Гэхдээ цаанаа л нэг танил төрхүүд….

Тэр олон хүүхэд дундаас нэг охин л их анхаарал татав. Жинхэнэ монгол төрх. Зуны халуун наранд хонины захаар гүйж, хурга тугал эргүүлэн морин дэл дээр салхинд элэгдэж  борлосон  уу гэмээр гөлчгөрхөн борхон арьс, онигор бор нүд, тахирч нугарсан нуман хөмсөг, ягаахан хацар….  Энэ дэлхийн хаана ч явсан чи монгол хүн үү гэж асуумаар жинхэнэ монгол төрх.  Салаалан сүлждэг байсан урт бор үсийг нь сул асган задгайлж өсгөлүүн бялдар  биеийг нь өнгийн даашинзаар гоёсон ч бүрэг зан нь хэвээрээ аж. Бусадтайгаа ч үл дуугарна.

– Та энд гэр бүлээрээ яваа юу гээд хажууд нь халамжлах дөч эргэм насны намхандуухан буржгар залуугаас асуухад,

– Үгүй ээ. Бид 2уулаа л яваа

– Аан ээж нь ажилтай байж таарсан уу ( Яагаад ч юм бүү мэд аав нь энэ хүн юм бол ээж нь монгол хүн л байж таараа. Үгүй бол энэ монгол төрх хаанаас гарах билээ гэж бодогдож билээ).

– Өө үгүй дээ ээж нь ч бас амар ч байгаа. Үнэнийг хэлэхэд тэр манай өргөмөл охин юмаа  ( She is our adopted child ) гэж хэлэхэд бидний царай маш  нухацтай болж ирэв. Ялангуяа миний царай. Тэгээд үнэхээр итгэж чадахгүй та худлаа яриагүй биз гэсэн янзтай

– Үнэхээр цэвэр монгол охин гэж үү? Би лав хувьдаа таны эхнэр л монгол эмэгтэй байгаа даа гэж харж зогслоо гэхэд

– Өө үгүй дээ. Миний эхнэр Герман эмэгтэй. Бид дөрвөн хүүхэдтэй. Хамгийн бага маань Отгон маань байгаа юм.( Тэр Отгон Отгон гэж хэлэх бүр нь үнэхээр аймшигтай сонсогдож байсан ч би юу гэж хэлэх гээд байгааг нь ойлгож чадсан ) Тэр анх манайд өргүүлэхдээ гурван настай байсан юм. Тийм болохоор ч Герман хэлийг төвөггүй сурсан. Цэвэр герман хэлтэй болохоор бусадтай ойлголцоход амар байдаг байхаа. Заримдаа миний охиныг чи муу ази гэж хэлээд гомдоосон л байдаг юм. Гэхдээ эхнэр бид хоёр сайн ярьж ойлгуулсан. Өөрийгөө ази гэдгээр тэр дундаа Монгол хүн гэдгээрээ бахархах хэрэгтэй гэж хэлдэг юм. Тэр минь их ухаалаг шүү.

Би ч бүүр гайхшралаасаа гарч чадалгүй

– Та тэгээд монгол нэрийг нь ерөөсөө өөрчлөөгүй хэрэг үү? Жэнни, Анна, Алина, Катарина ч юмуу. Ямар нэг Герман нэр охинд чинь байгаа юу гэхэд

– Бидэнд түүний нэрийг өөрчлөх шаардлага байгаагүй. Би Отгон гэх нэрний утгыг мэднэ. Тэр бидний Отгон охин. Тийм ч учраас Отгон нэрийг нь хэвээрээ л байх хэрэгтэй байх гэж боддог юм. Бид хоёр нэрний тал дээр хэзээ ч харамсаж байгаагүй гэв.  Би ч өвдөгөө нугалж доош суугаад

– Чамайг хэн гэдэг вэ гэхэд тэр энэ хэдхэн үгнээс юу ч ойлгоогүй нь ойлгомжтой аав руугаа харлаа. Үнэхээр хүний харцыг  уншиж болдог бол түүний харц Ааваа энэ надтай адилхан эгч надаас юу асуугаад байгаа юм болоо гэх шиг л болсон юм. Түүний аав надруу хараад

– Тэр Монголоор юу ч ойлгохгүй ээ гэхэд нь байж боломгүй мэт санагдаж билээ. Тэр монгол хүн хаанаас нь ч харсан монгол хүн байхад яагаад Монголоор ярьж чадахгүй гэж гэх бухимдалт  бодол толгойд буусан юм.  Би дахиад л үл ялигхан инээгээд түүний ярьдаг хэлээр

– Чамайг хэн гэдэг вэ гэхэд инээдтэй нь аргагүй

Намайг Огоон гэдэг гэлээ. Их сонин сонсогдож байсан ч би

– Хэрвээ чи нэрээ Монголоор зөв дуудахыг хүсвэл чиний нэр Огоон биш Отгон шүү гэхэд сулхан давтаж хэлээд хүүхдийг хөөрхөн харцаар бишүүрхэнгүй надруу зөөлхөн харлаа.  Би ч Отгоныг анх хармагцаа  л хайр хүрсэн дээр нэмээд бүүр  өөрийнх нь талаар мэдэх ёстой бүгдийг мэдсэн болохоор улам л хайр хүрч билээ. Сул задгайлсан үсэнд нь хүрээд

– чиний үс ямар гоё зөөлхөн ямар гоё урт юм бэ? Чи мэдэх үү монгол охидууд дандаа гоё үстэй байдаг ш дээ. Ийм гоё урт тэгээд зөөлхөн салхинд намираад л гэхэд эргүүлж миний үсэнд хүрээд

– чиний үс л гэсэн гоё юмаа. Яг минийх шиг гэж хэлэхэд нь би ямар их баярласан гээч. Ингээд бид элдвийг ярилцаж бараг хагас цаг өнгөрлөө.

– Мартсанаас та энд цугласан монголчуудыг танина биз дээ. Тийшээ очиж юм идье удахгүй монгол хорхог ч хийнэ гэхэд

– Бид хоёр энэ хүмүүсийг ерөөсөө танихгүй ээ. Бид хоёр Аахэн хотоос ирсэн. Энэ паркэд ажилладаг найз маань бид хоёрт мэдэгдсэн юм гэлээ.

Бараг л 600 км–ын цаанаас Энэ нь Улаанбаатраас Хөвсгөл орох зай шүү дээ  Отгон охиндоо монголчуудыг харуулах гэж иржээ. Цагын дөнгөнд амьдардаг германчуудаас гарахааргүй их сэтгэл байлаа.  Би ч шинэ найзаа дуудаад аавтай нь гурвуулаа сүүдэрлэж суугаа монголчууд дээрээ авчраад танилцууллаа. Уухайн тас дуу дуугаа авалцаж орилоод

– хүүе ээ хаанаас нь ч харсан хөдөөний хөөрхөн бор  охин байна ш дээ. Энэ тэгээд аав нь сайн хүн юмаа. Өөрийн гурван хүүхэд дээр нэмээд хаа байсан Монголоос хүүхэд үрчилнэ ээ гэдэг чинь их л сайхан сэтгэлтэй хүмүүс байна даа гээд элдвийг шалгаах хооронд Огоон найз маань миний хажуугаас огт салсангүй ээ. Нэг хотынхон маань хүүе ээ та хоёр чинь яасан адилхан юм бэ гээд биднийг гайхаж орхив. Би олбог дээрээ суугаад миний хажууд ирээд суу л даа  гэхэд сандаалаа тайлж тавиад над руу дөхлөө. Өөрсдийн баяртаа зориулж зассан байсан ааруул боорцогноос шүүрч аваад хүүе гэхийн завдалгүй амруугаа бушуухан хийгээд дахин сарвайлаа. Тэнд байсан хэн ч Отгонд юм ид гэж хэлээгүй байхад шууд гар сарвайсан нь монгол  хүний хээгүй зан нь хэвээрээг илтгэж тэгээд төрөлхийн зөнгөөрөө л аваад идчихлээ шүү гээд гайхан шагшилдацгаалаа. Хүүе хүмүүс минь жижиг уут торны юм юу байна? Цүнхэнд нь хийж явуулъя гээд сүйд майд болов. Мушгиралдуулж шахсан хорхой ааруулыг хамар амаа цагааруулж идчихээд гоё байна гэхэд нь тэнд цугласан хүн бүрийн сэтгэл уярч

-хөөрхий дөө хүний нутагт өсөж байгаа ч гэсэн биологиороо монгол хоолоо санадаг л байх даа. Ааруулаасаа ахиухан хийгээрэй хө. Хааяа идэж байг. Хуушуур идэж чадах нь уу өгөөд үз дээ гэхэд газар дээр нь гурвыг ч цохичихов. Цаанаа л нэг Монгол ген. Их идэж байгаа охиноо хараад аав нь их л санаа зовсон бололтой

– бид хоёр уг дөнгөж саяхан юм идсэн ш дээ гэхэд нь тэнд байсан айхтар эгч нар Монголынхоо идээг санаж дээ. Охиндоо хааяа ч  гэсэн монгол хоол хийж өгч байгаарай гэхтэй зэрэгцэн

– Бид хоёрын явах цаг боллоо галт тэргэндээ амжиж суух ёстой. Та нарт үнэхээр их баярлалаа. Охиндоо монголчуудынх нь баярыг үзүүллээ. Бүүр хоол ч идлээ баярлалаа баярлалаа  гэх нь чин сэтгэлийнх болох нь харваас илт байж билээ. Гэнэтийн энэ уулзалтаараа би  Отгон найзтайгаа биднийг танилцуулсан монгол нумаа барин зургаа татуулж дараа тэднийхээр зочилохоор болоод баяртайгаар салсан юм.

Тэднийг явсаны дараагаар уур амьсгал хэсэгтээ л нам гүм болж Отгон охиныг тэнд цугласан бүсгүйчүүд  өрөвдөж хөөрхийлж ярина. Харин би дотроо Отгон яагаад өрөвдмөөр хөөрхийлөлтэй гэж харин ч азтай  байна. Төрүүлж өсгөсөн аав ээжгүй ч тэднээс дутахааргүй хайрлах гэр бүлд хайраар дуталгүй, халуун цай хоолоор тасралгүй харин ч юм үзэж нүд тайлж ёстой хүн шиг сайхан өсөж байна. Аав ээжгүй хүүхдүүд Монголд яадаг билээ дээ. Дөн өвлийн хүйтэнд олны хөл бараадан дөр цасан дээр нимгэн цаас дэлгэж суугаад аавтай ээжтэй хүүхдүүд сайхаан гээд дуулдаг. Очих газаргүй орцноос орц дамжиж харанхуй траншейнд жоом бөөстэй  хамт өсдөг биз дээ. Отгон харин ч азтай. Хөөрхийлөлтэй хэцүү тавилангаас татаж гаргасан шинэ аав ээжтэй болж элэг бүтэн айх айдасгүй өсөж  байна шүү дээ түүнийг  битгий өрөвдөж хөөрхийл. Тэрний оронд гудамжны мухарт гуйлга гуйж суугаа ах дүү хоёрыг өрөвдөж туслахгүй юу гэж адгуу зан хөдөлж дотроо би өмөөрөв.

Нар тэнгэрийн хаяаг зүглэн хурдалсаар орой болж өдрийн халуу хэдийнээ орой сэрүүнд дарагджээ. Ил түлсэн гал дээр болох том бетан дүүрэн хорхог болж, ирж цугласан биднийгээ халуун хоолоор мялаав. Хав дарж хадгалсан намар оройн шуугисан айраг утаж болгосон хорхогтой төгс зохицов. Нутгийн ундаа аяны дугараагүй найр хаа ч үгүй. Нар зөв тойрсоор сөнч  наадмын хишгийг хүн бүрт хүртээж  дуун дугараа дугуй ширээг амилуулав. . . .

Туулын урсгал шөнөдөө сайхан сан

Торгон долгион хаялан мяралздаг сан

Хоёр ангир дандаа хөвдөг сөн

Холын анир авангаа  дугардаг сан………….

Сайхан нутаг ижий аавыг минь санагдуулсан сэтгэлд цаанаа л дотно. Дагаж дуулж уярсаар саран тайвуухан  мэлтийх намар оройн наадам ийн жаргаж билээ. Танилцаж дотноссон чухал хүмүүс маань дотноор салах ёс хийж дараагын уулзах тохироон шинэ жил цагаан сараар товлогдож нар мандахтай зэрэгцэн ажил сургуулийн зүг яаравчлан завгүй нийгмийн хүмүүс гэрийн зүг ээлж дараалан давхилдлаа.

Өө тийм мартсанаас саяхан Огоонтойгоо утсаар ярьсан. Монгол хоол хийж идэж байнаахуушуур гээд хөөрхөн инээж байна лээ.  Нэрээ бас Отгон гэж засаж хэлж сурсан ч найзууд нь Огоон гэж дуудсан хэвээрээ байгаагаа сониучирхсан. Манайд хэзээ ирэх вэ? Ирэхдээ боломжтой бол нөгөө цагаан юмаа авч ирээрэй гэсэн. Үнэнийг хэлэхэд тэр цагаан юмыг би өөрөө ч их санаж байна даа.

    Ай ааруулаа гэж ……..

 

 

 

 

Сэтгэгдэл бичих

arrow icon