Нийтлэл 01 сарын 06, 2019

МОНГОЛ, АНУ-ЫН ХАРИЛЦАА: Хоёр улсын харилцаанд Монгол лам нарын оруулсан хувь нэмэp

Сүүлийн 10 жилд Монгол, АНУ-ын харилцаа өргөжин хөгжсөөр улс төр, гадаад харилцаа, цэрэг арми болон эдийн засгийн хүрээнд ахиц үзүүлж байна. 2017 оны 1 дүгээр сарын 27-нд Монгол, АНУ хоёр дипломат харилцаа тогтоосны 30-н жилийн ойг тэмдэглэсэн билээ. Энэ хүрээнд уншигч та бүхэндээ АНУ болон Монгол улсын гадаад харилцааны тухай цуврал нийтлэл хүргэхээр бэлтгэж байна. Энэ удаа 2 улсын харилцаанд Монгол лам нарын гүйцэтгэсэн үүргийг онцоллоо. 

 Гандантэгчэнлин хийдийн гавж Даваанямын Лувсанжамц

 Монгол Америкын хооронд  дипломат харилцааны эхлэл суурь нь даруй зуу хол гаруй жилийн өмнөөс тавигдсан гэж үзэж болох юм. Хоёр улсын харилцаанд ялангуяа эхэн үеийн харилцаанд Mонголын хутагт хувилгаад, мэргэд лам нар түүхэн байр суурь эзэлдэг. Америк Монгол хоёр орны  улс төр эдийн засаг, шашин, соёл, нийгмийн харилцаа чухам хэдий үеэс эхлэлтэйг баттай баримтаар нотлож амжаагүй хэмээдэг ч Америкийн христын шашны номлогчид Хятадаар дамжин 1855 оноос Ар Монголд анх ирж нутгийн олонтой энгийн түвшинд харилцаж, өдөр тутмын аж ахуйн ажилд тус дэм хүргэн өөрсдөө хэл сурах зэргээр итгэлийг олж шашны номлолоо явуулдаг байсан талаар баримт үлджээ. Буддын сургаал номыг сонирхон судалдаг америк эрдэмтэд адал явдал, байгалийн элдэв сонин гайхамшигийг сонирхон судлаачид, худалдаачид үлэмжхэн хувь нэмэр оруулсныг дурьдах хэрэгтэй. Манж Чин улс өөрийн эрхшээлийн үед Монголын нутагт гадаадын иргэд ирэхийг нилээдгүй хугацаанд зөвшөөрдөггүй байснаа шашны номлогчид 1859 оноос хөл тавьж бүртгэгдсэн баримт манай түүхийн архивт тэмдэглэгдэн үлджээ.

Америк, Монголын харилцаа үүсэх  түүхэн нөхцөл (1855-1911он)

 Хүрээний амьд Будда

Дээр өгүүлсэн Богд Жавзандамба хутагттай 1899 анхлан уулзсан хүн бол Америкийн иргэн, уул уурхайн инженер, Херберт Хүүвэр (1847-1965) байлаа. Тэрээр Бээжин-Хаалган-Хүрээ-Хиагтын чиглэлд төмөр зам тавих боломжийг судлах, алтны ордны илэрц газар хайн олохоор монголыг зорин  ирсэн байв. Тэрээр хожим бичсэн “Адал явдал он жилүүд дурдатгал”-даа:

Морин дэл дээр өнгөрүүлсэн эдгээр аялалын маань нэг нь Монголын их говийг туулан нийслэл Өргөө хүртэл үргэлжилж билээ. Тэрхүү аялалын нэгэн хэвийг уйтгартай байдлыг Хутагт лам буюу амьд Буддатай уулзсан уулзалт амь оруулсан юм. Үүнд Орос улс Манж Чин улсын хооронд байгуулсан гэрээний дагуу Оросын Тройцкавск-Хиагтаас Хятадын Хаалган буюу Бээжин, Оросын холбох холбооны шугамын ажлыг гүйцэтгэж байсан Швед инженер болон түүний найз Оросын консулаар дамжуулан Хутагт ламтай уулзсан”

хэмээн бичжээ.

Энд өгүүлж буй инженер бол швед гаралтай Франц Август Ларсон бөгөөд тэрээр Хаалган Хүрээний хооронд шашин төрийн элдэв хэргээр зорчин монгол хэл сурч Жавзандамба хутагт болон төрийн дээд зиндааныхантай ойр  танилцах боломжийг нээсэн байж болох юм. Ларсон Монголд 1893 онд анхлан ирж Жавзандамба хутагтад хэд хэд бараалхан хаа нэгтээ Америктай харилцаа тогтоохыг зөвлөдөг байжээ. Тэрээр хожим Америкийн ерөнхийлөгч болсон Херберт Хүүвэр болон америкийн нэрт хайгуулч Рой Чамлен Эндрюс, Оросын алдарт эрдэмтэн академич Н.К.Рерих нарын ахалсан шинжилгээний багийнханд зуучилж байсан байна. 1911 оны 7-р сард Хүрээнд болсон лам, ноёдын нууц зөвлөгөөнийг “богдын гэрт болж, тэрээр уулзалтыг даргалжээ” хэмээн Бээжинд сууж байсан Америкийн элчин сайдын яамнаас Засгийн газартаа ирүүлсэн нот бичигтээ мэдээлснээс үзэхэд Хүрээний богд АНУ-ын анхаарлыг ямар нэг байдлаар татаж байсан нь илт.

Харилцаа тогтоох гэж оролдож байсан үе (1911-1921он)     

Богд Жавзандамба хутагт

XIX зууны эцэс, XX зууны эхэн үеийн монголын түүхийн ээдрээтэй эгзэгтэй үед тэр үеийн ихээхэн боловсролтой Mанж, Tүвд, Oрос, хэл эзэмшсэн буддын гүн ухаан, ертөнцийг үзэх үзэл төлөвшсөн, ойлгосон хүмүүс бол буддын лам нар байв. Тэд Mанжаас элдэв эрх ямба горьдохгүй, алба гувчуур төлөхгүй тул ихээхэн биеэ даасан байдалтай, нөгөөтэйгүүр сүсэг бишрэл ихтэй Mонголчуудын дэмжлэг нөлөөг туйлын ихээр өөрсддөө татсан хүмүүс байлаа. Богд гэгээнээ тойрон хүрээлсэн лам хуврагууд Mанжийн шинэ засгийн бодлогыг эзсэргүүцэн,он удаан жилийн Mанжийн талхидалтаас гарах зам бүхнийг эрэлхийлж байлаа.Чингисийн удмын Өндөр гэгээн Занабазарын хойд дүр учир өөрийгээ алтан урагт тооцож байсан  Жавзандамба Хутагт Монголын төрийн хэрэг, ард олны хувь заяа өөрт нь туйлын хамаатай гэж үздэг байлаа. 

Ингээд 1911 он, Манж Чин улсын Хэвт ёсны гуравдугаар он, Монголын арвантавдугаар жаран,  цагаагчин гахай жилийн есний өдөр монголчууд тусгаар тогтнолоо албан ёсоор зарлан“ Богд Жавзандамба Хутагтыг хаанд өргөмжилөн, Улсын нэрийг Монгол, оны цолыг Олноо өргөгдсөн гэж нэрлэн Их Хүрээг улсын нийслэл болгов. Ар Монголын тусгаар тогтносон нь Алс Дорнотын нөхцөл байдалд ялангуяа Японы бодлогод өөөрчлөлт  үзүүлэх ихээхэн чухал үйл явдал болох учир АНУ анхааралтай ажиглаж Хүрээнд болж буй үйл явдлын талаар цаг алдалгүй мэдээлэл авч байлаа.

Бээжинд суугаа АНУ-ын элчин сайд Келхаун 1912 оны 1 дүгээр сарын 8 ны орой Вашингтонд илгээсэн цахилгаандаа Ар Монгол тусгаар тогтносныг яаралтай мэдэгджээ. Тусгаар тогтнолын өмнөх үүсэн гарах нөхцөл байдлыг өмнөөс тандаж байсан нь илт байдаг.

Богд Жавзандамба хутагт түүний тэргүүлж буй Монголын засгийн  газар байгуулагдсан цагаасаа эхлэн өөрийн тусгаар тогтнолоо дэмжүүлэх, гадаадын хандлагыг  өөртөө татах үүднээс  хэд хэдэн алхам хийж байсны нэг нь дэлхийн томоохон есөн гүрэнд  хандан мэдээлэл гаргасан явдал юм.

Монголын засгийн газраас 1912 онд Монгол улс байгуулсан учрыг айлтган алсын Америкийн Гадаад хэргийн яамнаа бичиг илгээв. Уг бичигт:

Эдүгээ манай Монгол Улс нийт бүхлээр эртнээс тогтносоор ирсэн өөрийн газар орон ба шажин суртгаал ёс журмыг  алдах үгүйгээр сахих учир нэгэнт  Манж улсаас салаад өөртөө тогтнож өөрөө эзэрхэх улс төр байгуулан халх монголын шарын шашны эзэн Жавзандамба лам юугаа Монгол улсын хаан эзэнд өргөмжлөн шашин төрийг хослон бариулаад Олноо өргөгдсөний тэргүүн он үүтгэсэн зэрэг явдлыг” эрхэм улсын гадаад явдлын гадаад яамнаа

мэдэгдэж , цаашид улс хоорондын гэрээ байгуулан худалдаа нэвтрүүлэн харилцаа тогтоох санал дэвшүүлсэн байна. Богдын засгийн газраас бичиг хүлээн авснаа Орос Хятадын талд мэдэгдээгүй, захидалыг буцаагаагүй зэргээс үүдэн Богд хаант Монгол улс, АНУ хоёр албан ёсоор харилцаанд орсон болохыг доктор Р.Болд тэмдэглэжээ. 

1912 оны 12-р сард Оросын эзэнт гүрний Гадаад хэргийн яамнаас Богд эзэн хааны нэр дээр Оросын эзэн хааны алтан гуутай хөргийг бэлэглэж, баяр хүргэсэн байна. Америкийн талаас Mонголчууд тусгаар тогтнолоо сэргээн бэхжүүлсны дараагаар   дэмжин талархасан үг бичиг, түүхэн баримт хараахан олдоогүй байна.

Богд хаант Монгол улсыг хүлээн зөвшөөрч, Чин улсын задралыг дэмжих нь АНУ-ын Ази дахь бодлогын үндэс болох  Хятадын газар нутаг, засаг захиргааны бүрэн бүтэн байдлыг хадгалах зарчимтай зөрчилдөж байв. Монголын засгийн газраас Мэй улсын засгийн газарт  1914 онд 3 дахь удаагаа захидал илгээж, үүнээс өмнө Богд хаант Монгол улсын засгийн газраас олон гадаад их улстай гэрээ байгуулж , худалдаа нэвтрүүлэхээр хоёр ч албан бичиг явуулсан боловч Орос улсаас бусад нь хариу ирүүлээгүйг тэмдэглэжээ.

Оросын талаас Монголын биеэ даах эрмэлзэлтэйг дэмжиж байснаас тусгаар тогтнох улс болохыг дэмжих сонирхолгүй мөн Монголд нөлөөгөө тогтоохоор  нэгэнт их Британи, Франц, Японтой урьдчилан тохирсон энэ үест Богд Жавзандамба хутагт Монголын тусгаар тогтнолоо баталгаажуулах, гуравдагч хөрштэй болохыг эрмэлзсэн бодлого амжилтад  хүрээгүй ч тухайн үед ийм алсын хараатай бодлого гаргах зориг зүрхтэй, нөлөөтэй хүн Хүрээний Богдоос өөр байсангүй.

Жалханз Хутагт Дамдинбазар

Бололцоо олдвол Бээжингээс цааш дахин хэд алхаж Америк орох санаа өвөрлөсөн Жалханз хутагт Дамдинбазар 1919 оны 11 сарын 10 нд  Бээжинд ирж Юан Шикайтай уулзжээ. Уулзалтын дараа өдрүүдэд АНУ-ын хэргийг түр хамаарагч Чарьлз Тейннетэй уулзахдаа, Америкийн тал Монголыг шууд хамгаалалтаа авах, Монголын ашиг сонирхолыг төлөөлж Хятадын засгийн газартай ярилцах санал тавьж. Хүрээнд Америкийн консул  томилуулж өгөхийг хүссэн Богд гэгээний захидлыг гардуулжээ. Энэ нь цаг хугацааны хувьд генерал Сүй Шүжан Хүрээнд ирж түйвээсний дараахан байлаа. Хэргийг түр хамаарагч Чарьз Тенней Тяньжинд сууж буй ерөнхий консул Эбэрхардыг Ар Монголын байдлыг тандуулахаар Хүрээнд 1920 оны 4-р сард илгээсэн байна. Эбэрхард Жалханз хутагт, Дилав хутагт нартай уулзахад тэд Монголын өмнөөс Хятадын засгийн газартай ярилцах, Монголыг өмгөөлөлдөө авах хүсэлтээ тавьсан байна.

Автономит засаг унахаас өмнө зөрчилдөж автономийг болзолтойгоор буулгах болсон ноёд лам нарын санал гадны дэмжлэг авах асуудлаар бас л хоёр хуваагджээ. Жалханз хутагт, Дилав хутагт нар алсын Америкаас тусламж хүсэх саналтай байсныг Богд гэгээн дэмжсэн байна. Жалханз хутагт Хятадын ерөнхийлэгч Да Цзүнтанд Богд гэгээний захидалыг хүргэх дашрамд АНУ-аас тусламж дэмжлэг хүсч Богдын айлтгалыг АНУ-ын элчин сайдад гардууснаараа Монгол , Америкийн харилцааны түүхэн дэх төрийн түвшний албан ёсны анхны төлөөлөгч болсон хэмээн зарим судлаачид тэмдэглэжээ.

1921 онд консул Сокобинийг Богдын хэд хэдэн удаагийн хүсэлтээр шийдсэн байна. Дайн болж байсан тул Хаалган очоод шууд Хүрээ явах асуудал хойшлогдсон байна. Сокобин Хүрээнд 1921 оны 8-р сарын 8 наас 9-р сарын 14 хүртэл сар орчим ажиллах үест Богд гэгээн ерөнхий сайд Д.Бодоогоор дамжуулан:

Хятад Монголын хэлэлцээрт АНУ гарыг үсгээ зурж нэгдэн орох, ингэснээр Хятад , Монголын харилцаанд Хаант Оросын гүйцэтгэж байсан үүргийг АНУ авахыг “-ыг хүсэлт болгож байжээ. Сокобин тэмдэглэлдээ“ Богд гэгээн энх амгалан байдлыг тогтоох талаар сэтгэл үлэмж зовниж, бие төлөөлөгч хэд хэдэн удаа илгээж, Монгол, Хятадын хоорондын хүнд байдалд зуучлахыг хүссэн болно

гэжээ.

1922 оны 5-р сарын 17 нд  Р.Эндрюсийн экспедицид зөвшөөрөл өгсөн хэлэлцээрт Ерөнхий сайд Жалханз хутагт Дамдинбазар гарын үсэг зурж олгохдоо Р.Эндрюсд их элсэн цөлийн говиос “үлэг хорхой” гэгчийг олж ирэхийг даалгаж байсан ажээ.

Да лам Цэрэнчимэд

    АНУ-н засгийн газарт хүргэх Богд хааны тамгатай бичгийг Богд хаант Монгол улсын дотоод хэргийг бүгд захиран шийтгэгч яамны тэргүүн сайд  Да лам Цэрэнчимэд 1912 оны 12-р сарын 13 нд Харбинд суугаа Америкийн консул Мэйнардад гардуулсан нь Богд хаант Монгол улс, АНУ хоёрын улс төрийн албан ёсны харилцааны нэгэн үйл явдал  болжээ. Энэ талаар Харбинд суугаа АНУ-ын консул Мэйнард  Богд гэгээний тусгай даалгавараар  Да лам Цэрэнчимэд  Харбин , Хайлаараар ирж Японы орон нутгийн төлөөлөгчидтэй уулзан Монгол, Японы хооронд гэрээ байгуулах бодолтой байгааг урьдчилан Вашингтонд мэдэгджээ.

Энэ талаар АНУ-н 28 дахь ерөнхийлөгч Вүүдров Вильсон 1913 оны 4-р сард ар Монголын тусгаар тогтнолыг Орос улс зөвшөөрсныг буруутган Богд хаант Монгол улсын саналд татгалзсан хариуг хэвлэлийн хуралд хэлсэн үгээрээ мэдэгдсэн юм. Хэдийгээр их  гүрнүүдийн тавьсан саадын улмаас бүтэлгүй болсон ч Алс Дорнодын олон улсын харилцаанд Монгол улс оролцох гэсэн оролдлого хийж байснаараа Да ламын айлчлал чухал ач холбогдолтой юм. Ар Монголын тусгаар тогтнолыг АНУ зөвшөөрөхгүйг “нээлттэй хаалганы бодлого-“ыг үндэслэгчийн хувьд Рокхилль сайн мэдэж байсан учир 1913 онд Хүрээнд дахин ирэхдээ Жавзандамба хутагттай уулзахаар төдийлэн хүч тавиагүй байж болох юм. Харин Да лам Цэрэнчимидтэй уулзсан нь хожим  монголын ноёд лам нар Хятад, Оросын 1913 оны тунхаглалд дургуйцэж буйг тодорхойлсон зэрэг хэд хэдэн дүгнэлтээс нь  үзэхэд илэрхий байна.

Богдын  засгийн газар Хиагтын гурван улсын гэрээ хэлэлцээ эхлэхийн өмнө гадаад гүрнүүдээр хүлээн зөвшөөрүүлэх дахин нэг оролдлого хийжээ.Бээжинд суугаа АНУ-ын элчин сайдын яаманд 1914 оны 6-р сарын 1нд Ф.А. Ларсоноор дамжин  ирсэн Богдын захидалд АНУ өөрийн төрийн нарийн бичгийн дарга Брайны зааварласнаар эелдэгээр татгалзсан хариу өгчээ.

Монгол улсын хойшдын хувь заяанд ихээхэн уршигтай баримт бичиг бол “Хятад, Орос, Монгол гурван улсын Хиагтын 1915 оны гэрээ” гэгч байлаа. Орос Хятад хоёр улсын шахалтаар 1911 онд тунхаглан зарласан тусгаар тогтнол, бие даасан байдлаа хязгаарлуулж “автономит улс” болж өвөр Монголыг Хятадад алдсан ч дотоод бодлогын талаар хараат бус тусгаар улсын бие даасан байдлаа хадгалах олон улсын эрх зүйн баталгааг арайхийн авч үлдсэн цаг үе байлаа.

 Дилав Хутагт Жамсранжав

Автономит засаглалтай Богдын засгийн газар бие даан улс төрийн гадаад бодлого явуулах эрх хэмжээ хязгаарлагдмал байсан ч дэлхийн томоохон гүрнүүдийн өмгөөлөл эрэлхийлж өөрийн засгийн газрын эх оронч шадар түшмэд элч нарыг Дундад иргэн улс болон бусад улсад илгээж байсны нэг нь Дилав хутагт Жамсранжав юм. 1919-1920 оны эрс өөрчлөлт түүхэн үйл явцын өрнөлт, Монгол улс цаашид орших эсэх нь асуудал тулгарсан эгзэгтэй хүнд нөхцөлд Хятадын эрхшээлээс ангижран  салж, автономит засаглалын эрхээ сэргээн тогтоохын төлөө тууштай тэмцэж явсан төр шашны зүтгэлтэн билээ.

АНУ-аас Тяньжинд суугаа ерөнхий консул дипломатч Чарьз Эберхардыг 1920 оны 4-р сард Хүрээнд ирэхэд Америкаас тусламж хүссэн Богд хааны тамгатай бичгийг гардуулан өгч байснаа Дилав хутагт “Ар Монголыг дурдатгал” номондоо дурсчээ. Дилав Хутагт 1920 онд Амеркийн цэргийн атташегийн туслах Филлонтой уулзжээ.   Хаалган дахь Консулын газрын дипломатич Самуэл Собокин ардын хувьсгалын дараа 1921 оны 8-р сарын 18 ны өдөр Нийслэл хүрээнд ирж Богд хаанд бараалхажээ.

Богд хаан консул Собокинтай уулзаад “ Хутагт миний бие шашны тэргүүн агаад Монгол улсын хаан тул Төрийн хэргийг манай Ардын засагтай хэлэлцэх буй заа, Сүсэгтэн олны хувьд миний бие амьд бүхнийг хайрлаж, манай Монгол нь Хятадтай эв дүйгээ ололцон олон түмэн харилцан дайсагналгүй, зовлон шаналагүй байхыг туйлаас хүсэх тул Нэгдсэн улсын хүндэт ноён Та тус хоёр орны түмний тусын тулд боломжит бүх замыг сүвэгчилнэ гэдэги бат итгэж байна. Америкийн Нэгдсэн Улс Монголыг тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн анхны улс болно гэдэг мөн итгэж байна” гэж айлджээ.

Собокин хэд хэдэн удаагийн айлчлал,  лам нар ноёдтой уулзаж байсан зэрэг  удаан хугацааны ажиглалтаараа “ монголчууд бол өөрийн түүх соёлтой, хятадаас огт өөр үндэстэн юм байна” гэж  дүгнэн бичсэн байна.

 Aмерикаас дайжсан үе  (1922-1945 он)

1912-1924 онд Монголыг засгийн газар нь АНУ-ын засгийн газарт хандаж найрсаг харилцаа тогтоох, харилцан худалдаа хийх, элчин консул суулгах зэрэг саналыг идэвхитэй тавьж байжээ. 1924 онд Богд таалал болж ардын засгийнхан Зөвлөлт Орос улсын коммунист нам, коминтерний төлөөлөгчидын оролцоотойгоор засгийн хэлбэрийн асуудлыг хуулчилан хоёр орны худалдаа арилжаа эрс багассаар 1930-аад оны эхээр Монгол дахь Америкийн худалдааны ашиг сонирхол бүрэн зогсчээ.

1925 оны 9-р сарын 23 нд хуралдсан МАХН-ын 4-р их хурлаар “харъяат улсын хар шар харгисуудын үлдэгдэлийг бүрмөсөн арилгах” зорилт гарч Богдын хойд дүрийн асуудал болон лам нарын үйл үйлдэл илт хумигджээ.

XX зууны эхэн үеэс хүчирхэгжсэн томоохон орнууд дэлхийн газар нутгийг дахин хувааж эзэмшихээр булаацалдаж хоёр тэнхлэгт хуваагдан улмаар 1914 онд дэлхийн I дайн, 1942 онд II дайн эхэлж, улс орнуудын харилцан ойлголцох нөхцөл боломж хумигдсанаас Монгол, Америк хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоох хүртэл олон арван жил өнгөрсныг судлаачид өгүүлжээ.

Дэд ерөнхийлөгч Хэнри Уоллес Гандан хийдэд

 Америкийн Нэгдсэн Улсын 33 дахь дэд ерөнхийлөгч Хэнри Агард Уоллес (1888-1965) БНМАУ-д 1944 онд албан ёсны айлчлал хийжээ. Хэдийгээр дэд ерөнхийлөгчийн айлчлал богино хугацаанд болоод өнгөрсөн ч уг айлчлал нь Монголын Бурхан шашны түүхэнд чухал ач холбогдолтой байсан гэдгийг тэр үед тийм ч олон хүн мэдэлгүй өнгөрсөн юм. Уоллес богино хугацааныхаа айлчлалын үеэр Богд хааны зуны ордон болон Гандан хийдэд зочилжээ. Орос-Америкийн зураач, зохиолч , их сэтгэгч Николай Рерихтэй дотно нөхөрлөн, дорно дахины шашин шүтлэгийг ихээхэн сонирходог  дэвшилтэд үзэлтэй хүний хувиар Монголд орныг шамбалын орон хэмээн сэтгэж лам хувраг сүм хийдийг үзэхийг санал болгосон бололтой байдаг. Энэ үед шашны эрх чөлөөт улс харагдахыг хичээн Эрдэнэпил хамба тэргүүтэй долоон ламыг цуглуулан Мөргөлийн сүм нэртэйгээр Гандан хийдийг хурал номыг эхлүүлжээ.

 Энэ айлчлалд Америкийн нэрт эрдэмтэн, гадаад бодлогын зөвлөх, монгол хэл соёлыг сонирхон судлагч О.Латтимори хэлмэрч ирсэн бөгөөд Дилав хутагт Богд гэгээнтэний орон хийд, хурал номын өргөө ямархан байгааг нүдээр үзэхийг захисан байх тун магадлалтай. О.Латтимор дэд ерөнхийлөгчийг даган 1944 онд Хятадад очихдоо Дилав хутагттай уулзаж , Монголын нөхцөл байдлыг ярилцсан байна. Дилав хутагт Чунцины засгийн газарт  шүүмжлэлтэй хандаж, өвөр Монголчууд Хятад, Японоос хөндийрч ар Монголтой нэгдэх хандлагатай болж байгааг ярьсан нь Уоллесийн Рузвелтэд явуулсан илтгэлд нөлөө өгсөн байж болно. Энэ үед Ар Өвөр Монгол нэгдвээс байдал ихэд дордох тул БНМАУ-ын тусгаар тогтнолыг зөвшөөрсөн нь илүү дээр хэмээн Сталин Сунд анхааруулсан байна

Харилцаанд өөрчлөлт гарсан үе (1945-1961он)

Дэлхийн энх тайван аюулгүй байдлыг сахин хангах үүрэгтэй НҮБ-ын гишүүнээр БНМАУ элсэх өргөдөлөө 1946 онд өгч 1948,1956,1957 онд сэргээж байжээ.Энэ талаар АНУ нь  Гоминданы засгийн газрын байр суурийг харгалзах байдалд 1947 оноос шилжсэн байна. Ерөнхийлөгч Кеннеди 1961 оны зун , намар удаа дараалан БНМАУ-ын олон улс дахь байр суурь бэхжиж байгаад тун дурамжхан байсан Чан Кайшид явууулсан гурван ч захидалдаа БНМАУ-ын НҮБ-д элсэх асуудалд хориг тавихгүй байхыг хүссэн байна.

НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн есөн гишүүн БНМАУ-ыг НҮБ-ын гишүүнээр элсэх зөвлөмжийг дэмжсэн санал 1961 оны 10-р сарын 25 нд өгч БНМАУ нь НҮБ-ын гишүүн болжээ.Санал хураалтад АНУ түдгэлзэж, Тайвань оролцоогүй байна.

Монголын тусгаар тогтнол ба Америкийн нэгдсэн улс номд “Америкийн тал БНМАУ-ыг НҮБ-ын гишүүнээр элсүүлэх явдлыг Чан Кайшигаар зөвшөөрүүлж Тайваны хоригийг зайлуулав” хэмээн бичснээс үзэхэд юутай ч Дилав хутагтыг энэ талаар Чан Кайшид нөлөөлсөн хэмээдэг нь оргүй бус бололтой. Дилав хутагт Гоминданы засгийн газарт Чан Кайшигийн дэргэд зөвлөхөөр  ажиллаж байсан тухай намтарт нь гардаг билээ. Дилав хутагтын шадар нөхөр О.Латтимор Гоминданы засгийн газарт улс төрийн зөвлөхөөр ажиллаж байсан ба Дилав хутагтын үзэл бодлыг дэмждэг хүний хувьд тун байж болохоор магадлал юм.

НҮБ-ын гишүүнээр эллсэн нь Монголын эрх зүйн статусын  талаарх эргэлзээ тасарч, АНУ-ын дотоодод ялангуяа Конгрессын байр суурийг нааштайгаар өөрчлөхөд хүргэжээ. Өмнөх үеийн дээдэс лам нарын үйлс зохионгуйг ном тэмдэглэлээс үзсэн дуулснаа нэгтгэн тэмдэглэхийн зэрэгцээ Америк , Монгол хоёр улсын түүх судлал, соёл боловсролд хувь нэмрээ оруулсан олон монгол хуврагууд тухайлбал америкийн буддизмын эцэг хэмээгдэж буй хуруу дарам цөөн томоохон эрдэмтэн мэргэдийнх нь багш торгууд Гэвш Ванжил, Ар халхын Очирдарь хувилгаан, Бэрклийн их сургуулийн олон эрдэмтэн профессоруудтай мөр зэрэгцэн алхаж явсан монгол хувраг зүүн Сөнөдын Да лам Намжилдорж, Дилав хутагтын шавь Жамбалдорж лам, Төвд-Монголын соёлын төвийн тэргүүлэн яваа Ажаа гэгээнтэн нарын олон эрдэмтэн хувраг лам нарын  оруулсан хувь нэмрийг ч  дурдаад дуусашгүй байна.

Нэг талаас XIX зууны дунд үеэс Мэй улсын зүгээс  нээлттэй хаалганы бодлого явуулахын өмнөхөн алс дорнод руу идэвхитэй явуулах  болсон христийн номлогчид, нөгөө талаас Манжийн дарлалыг түлхэн унагаахыг завдан буй Жавзандамба Хутагт тэргүүтэй халхын томоохон лам нар хоёр улсын эхэн үеийн харилцааны түүхэн нөхцөл байдалд нөлөөлсөн гэж үзэх үндэстэй юм. Буддын шашны гүн ухаан, хүний сэтгэлийг татах эрдэм чадал түүнийг эзэмшсэн, түүнийг сонирхон судалдаг хүмүүсийн ер бусын харилцаа хоёр улсын ард түмний нийгэм соёлын харилцаанд нөлөөлж, улс төрийн аливаа нөхцөл байдлаас дээгүүр байж түүхийн аль ч цаг үест тасраагүй байсныг цохон тэмдэглэх хэрэгтэй.

YIII Богд Жавзандамба хутагтын харилцаа бол Монгол улс тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны дараагаар улс улстай, гүрэн гүрэнтэй харилцах томоохон дипломат харилцаа, ялангуяа гуравдагч хөршийн харилцааны суурийг тавих үйлс байсныг олон улсын харилцааны түүхэнд хүндэтгэн үзэх учиртай.

Монголын тусгаар тогтнолын талаар 1914 оны эхний хагаст дэлхийн томоохон гүрнүүд Англи, Америк, Франц, Герман улсуудын парламент болон засгийн газрын түвшинд ямар нэг хэмжээгээр  авч хэлэлцэхэд хүрсэн нь Жавзандамба хутагт, Жалханз Хутагт С.Дамдинбазар , Да лам Г.Цэрэнчимэд , Дилав хутагт Б.Жамсранжав нарын  зүгээс дэлхийн олон улсад хандаж явуулсан гадаад бодлого, хүчин чармайлтын тодорхой нэг үр дүн мөн. 

 

 

Өгүүлэлд ашигласан материалиуд:

Монголын тусгаар тогтнол ба Америкийн нэгдсэн улс: Монголын тусгаар тогтнолын талаарх АНУ-ын үзэл хандлага, байр суурь, бодлого 1910-1973: судалгааны бүтээл., Р.Болд.,УБ.,Непко.,2008

Монголыг сүүлчийн эзэн хаан Богд Жавзандамба: амьдрал ба домог О.Батсайхан., Улаанбаатар .,2014

Орос, Монгол, Хятад: Улс төр дипломатын харилцаа.,Т.Төмөрхүлэг.,УБ.,2016

Олон улс судлал сэтгүүл.,2005., МУ-ын ШУА-ын олон улс судлалын хүрээлэн

АНУ-ын монгол судлаачид., М.Саруул-Эрдэнэ.,УБ.,2015

Ж.Дашдаваа.Монгол, Америкийн харилцааны түүхийн мөрөөр бэдрэхүй.,УБ.,2017.

Primary sourse material on Mongolia’s history (1911-1924) from the US national archives, Washington, DC.

The impact of China and Russia on United States-Mongolian political Relations in the twentieth century., Alicia Campi and R. Baasan The Edwin Mellen press, Ltd. 2009

The Dilov Khutugt of Mongolia., Ulaanbaatar.,2009

Jonathan S. Addleton.,U.S.-Mongolia diplomatic relations: a most helpul factor.,1978-2012.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл бичих

arrow icon