Нийтлэл 05 сарын 08, 2019

ТӨСӨВ ТООЦООЛЪЁ: Таны татварын мөнгөөр үр дүнгээ үзүүлээгүй зуухны өрийг төлсөөр байгаа

Өнөөдөр "Эмэгтэйчүүдийн нүдээр: Агаарын бохирдол ба эх хүүхдийн эрүүл мэнд" чуулганд  олон талын судалгаа, шинжилгээ дээр үндэслэсэн олон илтгэлүүд танилцууллаа. Эндээс “Утааны эсрэг аав ээжүүд” ТББ-ын тэргүүн Ц.Пүрэвхүүгийн “Агаарын бохирдолд зориулж, гадаадаас авсан зарим зээлийн задаргаа, эргэн төлөлтийг"  дэлгэрэнгүй танилцуулсан нь их сонирхол татав.

Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд сүүлийн арван жил тэмцсэн ч доривтой үр дүн гараагүйг хэн бүхэн мэднэ. Бид утаанаасаа салах биш маш их хэмжээний өртэй үлдсэн байна. Тухайлбал:

Монгол улс 2008-2016 онд  гадаадын эх үүсвэрээс зээл хэлбэрээр 104,7 сая ам доллар буюу 260 тэрбум, төгрөг улсын төсвөөс 164 тэрбум төгрөг, тусламжаар 50 орчим сая доллар буюу 125 орчим тэрбум төгрөг нийтдээ 550 орчим тэр бум төгрөгийг утаанд зарцуулсан байна.

Эдгээр зээлүүдийг гэрээлж төсөл эхлэх гэж байхад  гэр хорооллын айл 198 мянган байсан бол одоо 220 мянга орчим болсон. Утаа ч буурсангүй, гэр хорооллын айлууд ч нэмэгдсээр л.

Гадаадаас авсан зарим томоохон зээлүүдийг авч үзвэл:

2012 онд Дэлхийн банкнаас 15 сая ам долларын зээл авахаар тохирсон боловч 13,4 сая ам доллар зээл авсан байна. Энэ зээлээр агаарын бохирдлыг бууруулах олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлсэний нэг нь 40 мянган сайжруулсан зуух айлуудад тараасан төсөл байв. Өнгөн дээрээ тусламж юм шиг харагдавч бид энэ зээлийг 2015 оны дөрөвдүгээр сарын 15- наас эхлээд нийт 17 удаагийн шилжүүлгээр 2036  он хүртэл төлж дуусгана. Үүнийг бидний хүүхдүүд ч төлнө. Тухайлбал 2012 онд зээлийг авахад дөнгөж төрж байсан хүүхэд  ч төлнө. Тэд хүссэн хүсээгүй татвар төлнө, тэдний татварын нэг хэсэг ямар ч хэрэггүй зээлийн эргэн төлөлт болно.

Сүүлд Азийн хөгжлийн банк болон Европын сэргээн босголтын банкнаас болон дотоодын зээл нийлээд 320 сая америк доллар буюу 832 тэрбум төгрөгийн зээл авсан. Энэхүү зээлээр Баянхошуу, Дамбадаржаа зэрэг гэр хорооллуудад бие даасан дэд бүтцийн төвийг байгуулах ёстой байв. Энэ төсөл 2017 оны 12 сарын 31-нд ашиглалтад ороод таваас арван мянган айл дундаа дэд бүтцийн төвтэй болчихсон байх ёстой. Гэтэл энэ төсөл одоо болтол бүрэн хэрэгжээгүй. Ямартай ч шавийг нь тавьж  120 сая орчим долларыг нь хэрэглэчихээд байгаа юм байна. Үр дүн бас л байхгүй. Өнөөх л хариуцлагагүй төсвийн зарцуулалт.

Үр дүнгээ үзүүлээгүй энэ зээлийн эргэн төлөлт 2019 оны тавдугаар сарын 15 - наас буюу ердөө долоо хоногийн дараа эхэлнэ. Бид энэ зээлийг 2038 оны 11 сар хүртэл жилд хоёр удаа нэг төлөхдөө 500 орчим ам долларыг төлнө.

Дараагийн том зээл бол Азийн хөгжлийн банкнаас Улаанбаатар хотын агаарын чанарыг сайжруулах хөтөлбөрийн зээлээр 130 сая америк доллар зээлийг 2018-2019 онд зарцуулахаар авсан. Үүний эхний 100 саяыг 2018 онд зарцуулчихсан үлдсэн 30 сая ам долларыг 2019 эхний улиралд зарцуулсан. Энэ зээлээр иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, вакцинжуулалт гэх зүйлд зарцуулахаар төлөвлөж эрүүл мэндийн салбарт 250 сая орчим төгрөг зарцуулагдсан. Гэтэл хүүхдүүд өвдөхөд эмнэлэг болон эм тарианы хүрэлцээ муу хэвээр л байлаа.

Энэ мэт маш их зээл тусламжыг  үр ашиггүйгээр зарцуулж эргээд иргэддээ өрийн дарамт үүсгэж, цаашилбал үр хүүхэддээ өр өвлүүлсээр байна. Зээл тусламж бол маш том боломж. Зээлгүйгээр бид утаанаас салах боломжгүй. Тиймээс авсан зээлээ үр бүтээмжтэй зарцуулдаг байх хэрэгтэй байна бодлого боловсруулагчид аа.

Нэгэнт бид татвар төлж байгаа юм бол улс орны авч байгаа зээл тусламжид анхаарлаа хандуулж ямар зээлийг яах гэж авч байгааг иргэн бүр мэдэж, эргээд хариуцлага нэхэж, бодлого боловсруулагчдаас үр дүн шаардаж,  хариуцлагатай байх хэрэгтэй байна иргэд ээ.

 

Зургийн эх сурвалж: МОНФЕМНЕТ ҮНДЭСНИЙ СҮЛЖЭЭ 

 

 

Сэтгэгдэл бичих

    • Зочин
    • 2019-05-10

    нээг их тэрбумтан хүмүүсээр төлүүлж ардыг амарсайхан жаргаа

arrow icon