Нийтлэл 05 сарын 22, 2019

Дархан-Уул аймгийн хүүхдийн паркийн 15 га газарт казино, зочид буудал барихаар зураг төсөл бэлэн болжээ

Дархан-Уул аймгийн хүүхдийн паркийг 1972 онд байгуулсанаас хойш доривтой өөрчлөлт шинэлэлт хийлгүй өдийг хүрчээ. Өөрчлөлт шинэлэлт хийх нь битгий хэл шинэ тоглоом авчрах нэрээр төсвийн хөрөнгийг үрэн таран хийж үр ашиггүй төсөл боловсруулах, паркийн тодорхой хэсэг газрыг гадны хөрөнгө оруулагчдад наймаалах явдал нэмэгдсэн байна.  Тухайлбал паркийн 44.5 га газрын 23.4 га-г орон нутгийн удирдлагууд бусдад эзэмшүүлэх шийдвэр гаргасаны дараа дахин 8.4 га газрыг орон нутгийн тусгай хамгаалалттай газраас гаргах хууль бус шийдвэр гаргасан байна. Энэ талаар Дарханы залуучууд эсэргүүцэл илэрхийлж, шүүхэд хандсан ч  ИТХ нь хууль бус шийдвэрээ өөрчлөхөөр дөрөвдүгээр сарын 20-нд хуралдахдаа орон нутгийн тумсгай хамгаалалттай газар нутгийн хэмжээг өөрчлөх тухай мөн л хууль бус шийдвэр гаргажээ. Гэтэл дээрх асуудлууд шийдэгдээгүй байтал   паркийн 15 га газарт казино, зочид буудал, үйлчилгээний газар, хороолол бүхий “Darkhan PNP” төсөл явж байгаа талаар иргэнээс мэдээлэл ирсэн байна. Энэ төслийн зураг төсөл нь бэлэн болчихсон бөгөөд судалж үзэхэд БНСУ-ын Сөүл хотод байрлалтай, маш өндөр үнээр ажил гүйцэтгэдэг зураг төслийн компаниар хийлгэсэн нь нотлогджээ. 

Энэ талаар Дархан-Уул аймгийн Залуучуудын холбооны тэргүүн Ж.Ганболд  “Энэ нь хэн нэгэн энгийн хүн биш, эрх мэдэлтэй нэгэнтэй холбоотой байх магадлалтай гэсэн хардлага төрүүлж байгаа. Түүнчлэн дээрх хоёр газрын зургийг харахад яг давхцаж, цаг хугацааны хувьд таарч байгаа тул паркийн газарт энэ төслөө хэрэгжүүлэхээр аль хэдийн бэлдсэн, мэдээлэлтэй байгаа нь харагдаж байгаа. Тиймээс бид энэ материалыг АТГ-т өгөх бөгөөд Дархан-Уул аймгийн удирдлагууд болон манай аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд үүнд холбоотой эсэх талаар тайлбар өгөхийг мэдэгдэхийг шаардаж байгаа” гэлээ. 

Сэтгэгдэл бичих

arrow icon