Нийтлэл 06 сарын 12, 2019

Нэг суурин Нэг бүтээгдэхүүн

1980-аад онд хамгийн анхны “Нэг суурин-Нэг бүтээгдэхүүн” (НСНБ) санаачлага, хөдөлгөөн Япон улсын Ойта мужид өрнөжээ. Тухайн үед мужийн эдийн засгийн чадавх муу, хангалттай  ажлын байр байхгүйгээс хүн амын дийлэнх хэсэг нь хот суурин газар руу шилжих хөдөлгөөн даамжирсан зэрэг нийгмийн асуудлууд энэхүү шинэ хөдөлгөөн үүсэх үндсэн суурийг тавьсан байна.

Ингээд суурин дахь нийт өрхийн үндсэн орлого болох хүнсний ногоо, жимс жимсгэнийг муж дотроо дахин боловсруулж савлан, нэмүү өртөг шингээн, түүнийгээ зах зээлд гаргах замаар өрхийн ашиг орлогыг нэмэгдүүлээд зогсохгүй, ажлын байр ч нэмэгдэж муж даяараа эдийн засгийн хүнд нөхцөлөөс  гарч чаджээ.

Энэхүү хөдөлгөөний үр дүнд Ойта муж нь жилд 140 тэрбүм иений 336 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн зах зээлд гаргахуйц хүчин чадалтай болсон байна.

Ингээд “НСНБ” нь Япон улсын муж болгонд биеллээ олоод зогсохгүй, хөгжиж буй 60 гаран орон ч энэ туршлагыг өөрийн орон нутгийн засаг захиргаандаа хэрэгжүүлэх болжээ.

Манай оронд дээрхтэй төстэй санаачлага 2002 оноос Япон улсын дэмжлэгтэйгээр Баянхонгор аймагт анх  удаа “Нэг баг-Нэг шилдэг бүтээгдэхүүн” уриан дор хэрэгжиж эхэлсэн бөгөөд улмаар 2005 оны 1 сард “Нэг суурин-Нэг бүтээгдэхүүн” хөтөлбөрийг засгийн газрын тогтоолоор орон даяар зарласан юм.

Энэ хүрээнд Япон улсын засгийн газрын зээл тусламж болон НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр (UNDP), Дэлхийн банк (WB), Азийн Хөгжлийн банк (ADB) болон бусад олон улсын байгууллагуудын хөрөнгө санхүүжилтээр Монгол улсад өнөөг хүртэл 80-аас илүү төсөл дэмжин хэрэгжээд байгаа бөгөөд эдгээрээс дурдвал Увс аймгийн “Чацаргана”, Сэлэнгэ аймгийн Шаамар сумын “Зөгийн бал” зэрэг цэвэр экологийн бренд бүтээгдэхүүнүүд байна.

Монгол улсад “НСНБ”-г амжилттай хэрэгжүүлэх нөөц боломж хангалттай бий. Бид зах зээлийн хандлага хэрэгцээ шаардлагад нийцүүлэн мал аж ахуйн гаралттай хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл, эсвэл түүх соёлын дурсгалт газрууддаа аялал жуулчлалыг хөгжүүлэн улс дотроо бренд болгоход болохгүй гэх газар үгүй. Цаашлаад дэлхийд ч Монголоо төлөөлөх брэнд болоход болохгүй гэх газаргүй.

Бидний сайн мэдэх тухайн нэг бүтээгдэхүүнээрээ орон даяар алдаршин нэрд гарсан газруудын жишээ гэвэл Булган аймгийн Сайханы айраг, Өвөрхангай аймгийн Уянгын гэр, Сүхбаатар аймгийн Дарьганга сум дахь хийцийн үнэт эдлэл, Хэнтийн Галшарын адуу, Баянхонгорын Шаргалжуутын рашаан сувилал, Дорноговь аймгийн Хамарын Хийд гээд зөндөө байна. Эдгээрээс гадна олонд танигдаагүй ч орон нутгийнхан өөрсдөө бол андахгүй олон жишээнүүд тухайн тухайн газраа нуугдаж байгаа гэдэг нь гарцаагүй.

Харин энэ бүх баялгийг хэрхэн жинхэнэ брэнд бүтээгдэхүүн болгон дотоод гадаадын  зах зээлд нийлүүлэн орон нутгийн эдийн засгаа өөд нь татах вэ гэдэг эх орныхоо ирээдүй хойч үе болсон залуус бидний анхаарлаа хандуулах зайлшгүй зүйл юм.

 

Сэтгэгдэл бичих

arrow icon