Нийтлэл 10 сарын 14, 2019

Сонгуулийн жил буюу улсыг сөхрүүлдэг түүний төсөв

МАН-ыг засгийн эрх барьж байгаа мөчлөг бүрийн сонгуулийн жилүүдэд тохиолддог нэг өвчин бол тухайн оны төсөвт сонгуулийн сурталчилгааны мөнгөө нууж авч үлддэг явдал. 2020 оны улсын төсвийн төсөл орлогоо өндөр харагдуулж, хэтийдсэн зардлаа нууж байгаа нь оролдлого нь энэхүү өвчин ужгирсныг бататгаж байна. Юунд зарцуулах нь тодорхойгүй зардал, үр өгөөж нь тодорхой бус хөрөнгө оруулалт голлож байгаа тул үүнийгээ нуухын тулд төсвийн орлогоо хэт өндөр өсгөж тавьжээ. Өвчний түүхээс жишээ дурдвал, 2011-2012 онуудад хүний хөгжил сангаас 1.9 их наяд төгрөгийг халамжийн зорилгоор, 2012 оны эхээр Хөгжлийн банк 580 сая ам.долларын Евро бонд босгож, 2011 оны долдугаар сард Хятадын Чалко компаниас 350 сая ам.долларын зээл авч сонгуулийн жилд иргэдэд тарааж улсаа хорлож байсан. Тэгвэл тэд сурсан зангаараа 2020 онд мөн л бэлэнчлэх сэтгэлгээг өөгшүүлж их мөнгө тараах, хүнгүй шахуу сум, багийн төвд бөөн шавар овоолж, тууз хайчлах болоод байна.

Бүр энэ өвчин нь 2011 оноос эхэлсэн. Сонгуульд орохын тулд төсвийн алдагдлыг 2.1 их наяд төгрөг байхаар тооцжээ. Төсвийн тэнцэл 2010 онд 41,7 тэрбум төгрөгийн ашигтай байсан бол 2011 онд 756,0 тэрбум, 2012 онд 1.13 их наяд төгрөгийн алдагдалтай гарч эхэлсэн байдаг. Энэ бараан түүх МАН-тай шууд холбоотой. 2016 онд МАН засгийн эрх авсны дараа төсөвт тодотгол хийж төсвийн алдагдлыг 4.18 их наяд байхаар баталж байсан. Мөн 2017 онд 2.69 их наяд, 2018 онд 2.5 их наяд, 2019 онд 2.05 их наядын алдагдалтай төсвийг эрх баригчид баталсан, 2016-2019 онуудын төсвийн хуулиар өөрсдөдөө баталсан нийт алдагдлын дүн 11.42 их наяд төгрөг. Тэд энэ түүхээ дахин давтахаар, төсвийн мөнгөөр шоудаж санал авахаар сурсан зангаараа улсаа хорлохоор зүтгэж байна.

Уул уурхайн салбарт тохиолддог ээлжит уналтын мөчлөг ирэх онд тохиохоор байхад улсын төсвөө эл салбараас хэт хамааралтай байдлаар оруулж ирсэн байна. Мөн өмнөд хөршийн аж үйлдвэрийн удаашрал манай гол экспортын бүтээгдэхүүн болох нүүрсний экспортын хэмжээ, орлогод сөрөг нөлөө үзүүлж мэдэхээр байна. Гэвч эрх баригчид нүүрсний экспортын хэмжээг энэ жилийнхтэй ижил  хэмжээнд байхаар  тооцсон нь эрсдэлтэй өндөр тоо. Жилийн сүүлийн улирал руу тонгойсон энэ мөчид  экспортлохоор төлөвлөсөн 42 сая тонндоо хүрч чадах эсэх нь эргэлзээтэй байхад 2020 он буюу сонгуулийн жилд дахин 42 сая тонныг экспортлохоор төсөвт тусгасан нь  эрх баригчид олон эрсдэлийг тооцоогүй гэж хэлж болохоор байна. Мөн АНУ Хятадын худалдааны маргаан, зах зээлээс шалтгаалж  уул уурхайн бүтээгдэхүүний үнэ буурах төлөвийг олон улсын  байгууллагын шинжээчид сануулсаар  байгаа энэ үед Засгийн газраас нэг тонн нүүрсийг 75 ам.доллараар экспортлохоор тооцсон нь төсвийн орлого бүрэлдэхгүй байх эрсдэлийг улам нэмэхээр байна.

Зарим уул уурхайн компаниудын лицензүүдийг цуцалсан /ихэнх нь нүүрсний лицензүүд байгаа/ цаашид цуцлахаа зарлаад байгаа. Түүнчлэн улстөрийн сонгуулиас  үүдэн “Эрдэнэс Тавантолгой” компанийн төлөвлөсөн ажлууд хойшлож компанийн удирдлагууд сонгуулийн үр дүнгээр өөрчлөгдөх нь тодорхой. Мөн  орон нутгийн гэж нэрлэгддэг “Таван толгой” ХХК-руу улс төржсөн дайралтууд явагдаж байгаа, баруун бүсэд Хөшөөтийн нүүрсний уурхай түр зогсолт хийсэн энэ цагт ийм их хэмжээний экспорт хийх боломж маш бага харагдаж байна.  

Дараагийн уул уурхайн гол бүтээгдэхүүн болох зэсийн хувьд 1.2 мянган тонн, тонн тутмыг нь 5,991 ам.доллараар экспортолно гэж төсөвт тусгажээ. Өнөөдөр “Оюутолгой”-н хөрөнгө оруулалтын асуудал гацаанд орсон байгаа, эрх баригчид энэ асуудлыг сонгуулийн жилд шийдэж чадах уу гэдэг бас эргэлзээтэй байна. Мөн Эрдэнэтийн 49, 51 хувийг тойрсон асуудлуудыг шийдэх том асуудал тэдний өмнө байгаа. Зэсийн экспортыг хийх голлох хоёр компанид асуудал  байгаа өнөө цагт эрх баригчид хэр бодитой тооцоо оруулж ирсэнд эргэлзэж буй  олон хүн  байна. Эдгээр хоёр компанийн асуудлыг шийдэж чадахгүй бол төсөв төдийгүй улсын эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөө  их гэдгийг хүн бүр мэдэж байгаа.

Мөн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд стратегийн ордуудын талаар оруулсан заалт тэр хэвээр батлагдвал бүр ч их эрсдэлийг авчирна. Уул уурхайн салбар дах гадаадын шууд хөрөнгө оруулалтууд хумигдаж үүнээс үүдсэн эдийн засгийн хямрал эхлэх болно. Төсвийг бүхэлд нь харахад уул уурхайн салбарт нөлөөлж мэдэх гадаад хүчин зүйлийг маш бага тооцсон байна. Эрх баригчид зөвхөн татвар, гаалийн шинэчлэлээр төсвийн энэ өндөр дүн бүхий орлогыг бүрдүүлнэ гэдэг бол боломжгүй зүйл. Дээр нь нэмж хэлэхэд эдийн засагт хамгийн том сөрөг нөлөө үзүүлж байгаа улс төрийн тогтворгүй байдал, хууль эрх зүйн ойлгомжгүй байдал, хэмжээ хязгааргүй популизмаа шийдээгүй үед ийм их хэмжээний орлогыг тооцох нь маш эрсдэлтэй.

 

Р.Шинэгэрэл

Сэтгэгдэл бичих

arrow icon