Нийтлэл 11 сарын 13, 2019

Ерөнхий сайд өөрөө танхимаа бүрдүүлэх нь ямар ач холбогдолтой вэ?

2019.11.13-ны өдөр УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд суусан 16 гишүүний 15 нь Үндсэн хуулийн 39.4-т “Засгийн газрын гишүүнийг Улсын Их Хурал, Ерөнхийлөгчид танилцуулснаар Ерөнхий сайд томилж, чөлөөлж, огцруулна. Засгийн газрын гишүүн Улсын Их Хуралд тангараг өргөнө” гэж заахыг дэмжив. Уг саналыг АН-ын зөвлөлөөс тавьж, МАН-ын бүлэг, Ажлын хэсэг дэмжээд байсан юм. ХҮН зэрэг УИХ-ын гаднах намуудын дэвшүүлж ирсэн хамгийн чухал саналын нэг нь энэ юм.

Судалсан 21 улсаас Англи, Герман, Финланд, Япон, Чех, Польш, Эстон, Литва тэргүүтэй 18 улсад сайдыг томилох асуудлыг Ерөнхий сайд өөрөө мэдэж, хариуцлагаа үүрсэн шиг үүрдэг бөгөөд төрийн тэргүүн, эсхүл парламент хөндлөнгөөс оролцдоггүй. Мөн эдгээр улсын дийлэнхэд сайдыг огцруулах асуудлыг бие даан шийдвэрлэх эрх мэдлийг Ерөнхий сайдад өгсөн байдаг.

Харин Монгол шиг ерөнхий сайд нь танхимынхаа сайдыг томилуулах, огцруулахдаа парламентаас асуудаг улс гэвэл Словени, Болгар, Ирланд л байна. Словен, Болгарт гүйцэтгэх эрх мэдэл нь тийм ч үр нөлөөтэй, тогтвортой биш. Харин, Ирландын хувьд Британийн Засгийн газрыг бүрдүүлэхэд буюу улс орны бодлогыг хэрэгжүүлэх хүмүүсийг гаргахад Британийн Хааныг оролцуулахгүй байх үүднээс Ирландын иргэдийн төлөөлөл болсон парламент нь Засгийн газрын гишүүн нэг бүр дээр санал хураадаг болсон түүхэн шалтгаантай аж.

2015.11.06-нд УИХ-ийн 47 гишүүний өргөн баригдсан төсөлд төдийгүй 2019.06.06-нд 62 гишүүний өргөн барьсан төсөлд Ерөнхий сайд өөрийн танхимд хэн ажиллах, аль сайдад хариуцлага тооцох вэ гэдгийг өөрөө мэдэх заалт оржээ. 62 гишүүний төслийн 25.1.6-д зааснаар УИХ Засгийн газрын гишүүнийг томилох, өөрчлөх, огцруулах бүрэн эрхээсээ татгалзаж, үүнтэй холбогдуулан Үндсэн хуулийн 39.4-т “Засгийн газрын гишүүнийг Улсын Их Хурал, Ерөнхийлөгчид танилцуулснаар Ерөнхий сайд томилж, чөлөөлж, огцруулна. Засгийн газрын гишүүн Улсын Их Хуралд тангараг өргөнө” гэж заахаар төсөлд тусгажээ. Энэхүү заалтыг баталбал дараах ач холбогдолтой:

1. Парламент хариуцлагыг Ерөнхий сайдтай ярь, сайд хариуцлага алдсан асуудлыг Ерөнхий сайд өөрөө шийд гэдэг парламентын тогтолцооны жишиг рүү очно.
2.УИХ-ын олонхын дэмжсэн бодлогыг хамгийн сайнаар хэрэгжүүлэх танхим бүрдүүлэхгүй бол танхимаараа огцрох эрсдэлтэй тул Ерөнхий сайд тухайн салбарын бодлогыг хамгийн сайнаар авч явах хүнийг сонгож томилохыг хичээнэ.
  3.Зарим салбарын шинэчлэл тухайн салбарынхаа идээ бээрийг шахдаг, явцуу сонирхлууд сайдынхаа эсрэг “босч” ирдэг учраас ийм зэргийг зөв зүйтэй эрсдлийг үүрээд бодлогооо явуулах боломжийг Ерөнхий сайд сайддаа олгож, бамбай нь болох боломжтой болно. Тэгээд дөрвөн жилийн дараа үр дүн нь гарч үнэлэгдэх боломж бүрдэнэ.
  4.УИХ-ын гишүүдийн зүгээс Сайд нарт яам, төрийн албанд томилгоо хийх хийх явдал багасна. Төрийн албаны тогтвортой, мэргэжлийн байдлыг үүгээр дээшлүүлнэ.
5.Ерөнхий сайд хариуцлага алдсан сайдаа хамгаалж үлдвэл Засгийн газар нь бүхэлдээ огцроход хүрэх учраас хувь сайдад хариуцлага тооцохоос өөр аргагүй байдалд ордог.
  6. Нэгэнт Ерөнхий сайдад багаа бүрдүүлэх болон төсвөө боловсруулж батлуулах эрх мэдлийг нь өгсөн учраас УИХ түүнээс хариуцлага нэхэх эрхтэй болно, гүйцэтгэх эрх мэдэлд тавих хяналтаа эрчимжүүлнэ.

 

 

Сэтгэгдэл бичих

arrow icon