Нийтлэл 01 сарын 21, 2016

Монголын хөрөнгийн зах зээл хэзээ сэргэх вэ?

 

2009 оны хөрөнгийн захын хямрал

2008 оноос дэлхий нийтийг хамарсан эдийн засгийн хямралын нөлөө Монголын эдийн засагт зэсийн үнийн уналтаар дамжин мэдрэгдэж эхэлсэн байна. Зэсийн ханш 6 сарын хугацаанд 9,392 ам.доллараас 2,766 ам.долларт хүрч буурснаар Монголын эдийн засгийн үзүүлэлтүүд муудаж, өсөлт буурсан нь хөрөнгийн зах зээлд ч уналт үүсэх үндэслэл болов. Мөн дэлхий нийтийг хамарсан хямрал нь Монголын хөрөнгийн зах зээлээс гадаадын хөрөнгө оруулагчдын хөрөнгө гадагшилах шалтгаан болсноор гол хөрөнгө оруулагчид гарч ханш ихээр унажээ. 

2007 оны эцэст эдийн засгийн өсөлт 12.8 хувьд хүрч, ТОР20 индекс 12,461.66 нэгжид хүрээд байлаа. Хоёр жилийн хугацаанд эдийн засгийн өсөлт -1.3 хувьд хүрч ТОР20 индекс 4,806 нэгжид хүрэн 61 хувиар унав.

2009 оны долдугаар сард хямралын хамгийн доод цэг байсан бөгөөд тухайн үеийн ханшийн өгөгдөлд тулгуурлан өмнөх 12 сарын P/B үзүүлэлт буюу хөрөнгийн зах дээрх хувьцааны ханшийг анхны бүртгэлийн үнэд харьцуулсан харьцааг ТОР14 компанийн хувьд тооцоход дундаж нь 0.83 байсан нь хямралын түвшинд байгааг илтгэж байсан байсан юм. Эдгээр компаниудын хувьцаа нь хамгийнидэвхитэй арилжаалагддаг, зах зээлийн үнэлгээ өндөр, төвлөрөл харьцангуй бага, үйл ажиллагаа нь тогтворжсон, бизнес нь зах зээлийнхээ зарчмаар явагддаг тул судалгаанд оруулсан болно.

 Мөн өмнөх 12 сарын P/E буюу хувьцааны ханшийг нэгж хувьцаанд ногдох орлогод харьцуулсан үзүүлэлтийг ТОР14 компанийн хувьд  тооцоход дундаж нь 4.78 байсан нь хувьцааны үнэ “бодит үнэ цэнээс багаар үнэлэгдсэн байгаа”-г илтгэж байв.

 Жич: Ремикон, Женко Тур Бюро компаниуд нь үйл ажиллагаагаа дөнгөж эхэж байсан ба алдагдалтай байсан. Мөн Говь компанийн хувьд P/E харьцаа 31 байсан тул түүврийн гажуудал гэж үзэн хассан болно.

 

 

2011 оны хөөсрөл

Гадаад орчны нөлөөг авч үзвэл Хятадын засгийн газраас 2008 оны арван нэгдүгээр сард 4 триллион буюу 586 тэрбум ам.долларыг 2010 оны эцэс гэхэд дэд бүтэц болон нийгмийн халамжид зарцуулна гэдгээ зарлав. 1.5  триллион юаны хөрөнгийг төмөр зам, авто зам, онгоцны буудал, усжуулалтат зарцуулав. 1 триллионыг  Сичуаны газар хөдлөлтийн дараах сэргээн босголтонд төсөвлөсөн. Мөн хөдөөгийн хөгжил, технологийн дэвшил, эрчим хүч хэмнэх, боловсрол, соёлын төслүүдэд нийт 730 тэрбум юаныг зарцуулсан. Эдгээр нь бүгд аж үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүний эрэлтийг өсгөж, улмаар түүхий эдийн үнэ өсөв.

 Үүнтэй зэрэгцэн Австральд үеэр болсноор Хятадруу нийлүүлэх нүүрсний нийлүүлэлт хумигдаж нүүрсний үнэ ч огцом өсөв.

Монголын хувьд илүү их нүүрсийг илүү өндөр үнээр боруулах богинохон боломж нээгдсэн юм. Зэсийн үнэ 2009 оны эхнээс 2011 хүртэл тасралтгүй өсч тн нь 10,000 ам.доллар давлаа. 2009 онп 50 ам.доллар орчимд хэлбэлзэж байсан Монголын экспортын нүүрсний үнэ 2011 оны эхний хагаст 110 ам.доллар давсан байв.

Харин дотоод орчин талаасаа 2009 оны аравдугаар улиралд Оюу толгойн гэрээг зурлаа. Ийнхүү Монголын эдийн засагт ирэх гурван жилийн хугацаанд 4 тэрбум ам.доллар орж ирэх болсон нь эдийн засгийг

өөдрөгөөр харах үндэслэл болов.

 Ийнхүү Оюу толгой, түүнийг дагасан хөрөнгө оруулалт, мөн түүхий эдийн үнийн өсөлтийг дагасан хөрөнгө оруулалт Монголруу цутгаж эхлэв. Үүүнтэй зэрэгцэн нүүрс, зэсийн экспортын орлого худацтай өссөн байна. Дотоод ба гадаад орчны таатай нөхцөл бүрдэснээр Монголын эдийн засгийн өсөлт 2010 оноос эхлэн дараагийн гурван жилийн хугацаанд хурдацтай нэмэгдсэн юм.

Эцэст нь эдийн засгийн өсөлт, түүхий эдийн үнийн өсөлтийг дагаж Монголын хөрөнгийн зах зээлд хөөс үүсэв. 2009 оны наймдугаар сараас хойш жил хагасын хугацаанд ТОР20 индекс 200 гаруй хувиар өссөн бол 2011 оны хоёрдугаар сард 100 хувиар огцом өсч хөөс үүссэн юм. Ийнхүү хөөс үүсэхэд нүүрсний үнийн огцом өсөлт, Эрдэнэс Таван толгойн хувьцаа яригдаж байсан, эдийн засгийн өсөлт өндөр байсан зэрэгтэй холбоотой байлаа.

2011 оны дунд үеэс түүхий эдийн үнэ унаж эхлэв. 2012 он гарсаар УИХ-ын сонгууль болж Монголд улс төрийн тогтворгүй байдал үүслээ. Хууль эрх зүйн орчноо чангалж гадаадын хөрөнгө оруулагчд үргээв. Ийнхүү 2012 оноос эхлэн эдийн засаг тасралтгүй унасаар 2015 онд хүрлээ. Эдийн засгийн ирээдүйн төлөв байдал муудаж, өсөлт буурснаар хөрөнгийн зах зээлд уналт авчирлаа. 2012 оны эхний хагас эдийн засгийн өсөлт 13.9 хувьд хүрсэн бол 2014 оны эцсийн байдлаар 7.8 хувьд хүрлээ. Харин ТОР20 индекс 21,527 нэгжээс 13,290 нэгжид хүрч 38.26 хувиар унав.

 

Өмнөх 12 сарын Р/B дунджаар 1.12 нэгж байгаа нь 2009 оны хямралын доод үе болох 0.83 нэгжээс өндөр байгаа нь ханш цаашид унах магадлатайг илэрхийлж байна.

 

 

 

 

Өмнөх 12 сарын P/E дунджаар 9.93 нэгж байгаа нь 2009 оны доод үед болох 4.78 нэгжтэй харьцуулахад өндөр байгаа нь ханш унах эрсдэлтэйг илэрхийлж байна.

 

Түүх давтагдах уу?

2009 онд “Оюу толгойн гэрээг есдүгээр сард зурах үед нэг сар хагасын хугацаанд ТОР20 индекс 52 хувиар өсч эргээд засварлалт хийгдэн нэг сар хагасын хугацаанд 25 хувиар унав.

Тэгвэл 2015 оны 5-р сард “Оюу Толгойн Далд Уурхайн Хөгжүүлэлт ба Санхүүжилтийн Төлөвлөгөө”-г батлагдсанаар  ТОР20 индекс нэг сарын хугацаанд 23 хувиар өсч эргээд засварлалт хийгдэн хоёр сарын хугацаанд 17 хувиар унав.

Ийм төстэй үйл явдал болж буй тохиолдлын хэрэг биш юм. Оюу толгой нь Монгол эдийн засгийн өсөлтөд маш чухал нөлөө үзүүлэх төсөл гэдгийг бид мэднэ.

Далд уурхайд ирэх долоон жилийн хугацаанд  6.2 тэрбум ам.долларыг хөрөнгө оруулахаар төлөвлөсөн. Үүний дараагаар зэсийн экспорт үлэмж хэмжээгээр нэмэгдэнэ. Ингэснээр ирэх арван жилийн хугацаанд Монгол эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэхэд Оюу толгой хамгийн голлох байр суурийг эзэлнэ. Эдийн засгийн өсөлт нэмэгдсэнээр хөрөнгийн зах зээл сэргэнэ.

 

Монголын хөрөнгийн зах зээл хэзээ сэргэх вэ?

Эдийн засгийн ирээдүйн өсөлт нь хөрөнгийн зах зээлийн өнөөгийн өсөлтийг бий болгодог суурь хамааралд тулгуурлавал ирэх 3-5 жилийн хугацаанд хөрөнгийн зах зээлд өсөлт ажиглагдах нь гарцаагүй. Ийм нөхцөлд гагцхүү “ёроолын цэг”-ийг олж хөрөнгө оруулалт хийх нь хамгийн чухал. 2009 оны үнэлгээний харьцаануудыг 2015 оны 12-р сарын байдлаар тооцсонтой харьцуулахад P/E болон P/B харьцаанууд бага байна. Энэ нь ханш цаашид унах эрсдэлтэйг илэрхийлж буй хэрэг юм. Шинжээчийн зүгээс 2016 оны эхний хагаст хөрөнгийн зах зээл ёроолын түвшиндээ хүрч эргээд ханш сэргэж эхэлнэ гэсэн хүлээлттэй байна.

 

 

Гаүли үнэт цаасны компанийн хөрөнгө оруулалтын шинжээч  Нийтлэгч Г.Мөнх-Эрдэнэ

Сэтгэгдэл бичих

    • Зочин
    • 2016-03-04

    bayrlalaa saihan niitlel boljee. amjilt husyaa

arrow icon