Нийтлэл 10 сарын 26, 2016

УТГА ЗОХИОЛ: С.Сосорын 'Хүнчин' романы хүүрнэл, ололт ба алдаа

Монголын орчин үеийн уран зохиол (тэр дундаа үргэлжилсэн үг) хөгжиж байна уу, эсвэл үгүй юу. Шинэ ном, шинэ зохиолууд хэвлэгдэн гарч, уншигчид шимтэн уншиж буй нь “жамаараа яваа ертөнц” шиг монголын уран зохиол жамаараа л хөгжиж байгаа мэт. Гэвч “хөгжил” гэдэг үгийн утга нь дэвшил гэсэн утгатай.

Сүүлийн үед үргэлжилсэн үгийн төрлөөр хэвлэгдэн гарч олны талархлыг хүртсэн, хамгийн их борлуулалттай байсан номын нэг бол С.Сосорын “Хүнчин” роман юм. Юуны өмнө энэхүү роман нь Ц.Оюунгэрэл, Жеффри Л.Фолт,  Л.Сарантуяа нарын зохиолоос хавь илүү болсныг хэлэх хэрэгтэй. Энэ нь романы гол дүр болох хүн амины хэргээр шоронд орсон Алдарын амьдралд цөхөрсөн цөхрөл, гэвч түүнийг өдий хүртэл амьдруулж буй сэтгэлийнх нь гүнд байх бүдэгхэн итгэл найдвар. Энэ бүгдийн зөрчил, сэтгэлзүйг зохиолч нээн гаргахыг эрмэлзэж, зарим талаар чадсанд оршино. Магадгүй зохиолч романыхаа энэхүү гол шугамыг баримтлан илүү боловсруулсан бол, үйл явдлыг чухалчлан хөөгөөгүй бол, албадсан төгсгөл хийгээгүй бол, бас чанар чансааны хувьд нэгээсээ дордсон хоёрдугаар дэвтрийг бичээгүй бол “Хүнчин” роман уран сайхны сайн бүтээл болох байсан ч байж магадгүй юм. “Магадгүй юм” хэмээхийн учир нь романд Алдарыг дагасан гол шугамаас гадна Төмөрсүх, Дулмаа, Хандаа нарыг дагасан үйл явдлын онц шаардлагагүй өрнөлүүд хэд хэчнээн хуудас дамнан байгаад оршино.

Илүү ойлгомжтой байлгах үүднээс арай дэлгэрүүлэн яръя. Юуны өмнө хэлэхэд зохиолд Галт хэмээх ямар ч хэрэгцээгүй дүр гарна. Яахав амьдралд жаахан будилсан Дулмаа нөхөртэйгөө эргэн нийлж, нэг л биш байгаа нөхрөө Галтын машин тэргээр мөрдөж явахад л хэрэг болсон юм уу даа. Дээр нь бас Галт сэтгэл санаагаар унасан Дулмааг дагуулан явж үсчинд очоод үсийг нь сайхан засаж янзлуулаад тэндээс гарч дэлгүүр орон гоёмсог даашинз худалдан авч өгөөд, хошин шог үзэхээр шагийн билет авч байгаа зэрэг нэг л үнэмшил муутай дүрслэлүүд романы хүний сэтгэл зүйн гүн рүү өнгийсөн гол шинж чанараасаа төөрч будлиад явчхаж байгаа юм. 

Яахав ийм дүрслэл байж болохгүй ч гэсэн үг бас биш л дээ. Өнөөх дуусаж өгдөггүй олон ангит кинон дээр бишгүй л их гардаг юм чинь С.Сосорын романд ч гэсэн яагаад гарч болохгүй гэж. Гэхдээ уран зохиолын бүтээл чимэг хачиргүй байх тусмаа л сайн гэдэг сэн.

 

Романыг үйл явдлын үүднээс онц сонирхолтой болгож, уран сайхны хувьд сулруулсан бас нэгэн өрнөл бол Дулмаа, Төмөрсүх, Хандаа гурвын ээдрээт харилцаа холбоо болно. Төмөрсүх, Дулмаа хоёр олон жил ханилсан ч үр хүүхэдгүй байгаад өөрийгөө буруутгасан Дулмаа нөхрөөсөө холдон явахаар шийдэж эмнэлэгт хамт төрсөн Гэрэлээ хэмээх бүсгүйгийнд очно. Тэнд дэлгүүрт худалдагч хийн, амрах жижигхэн өрөөнд нь амьдарна. Нэгэн удаа нөхөртэйгээ уулзан учраа ололцохоор шийдэн гэртээ очтол хамгийн сайн найз Хандаа, нөхөртэй нь нэг оронд байхыг хараад эргэн явна. Үүнийг мэдсэн Хандаа түүнийг хайж олоод гэртээ эргэн очихыг гуйна. Жаахан ярилцсаны эцэст тэд ойлголцож Дулмаа нөхөртэйгөө эргэн нийлнэ. Ийнхүү Төмөрсүх, Дулмаа хоёр урьдын сайхан амьдралаар амьдарч байтал Хандаа Төмөрсүхийн хүүхдийг төрүүлснээр эхнэр нөхрийн хооронд жаахан хөндий харьцаа үүсэж байгаа юм. Өөрийнх нь хүүхдийг Хандаа төрүүлснийг Төмөрсүх нууж байсан ч гэсэн Дулмаа мөрдөж мөшгиж яваад олоод мэдчихнэ. Үр хүүхэдгүй Дулмаа эр нөхрийнх нь үр удам хорвоод мэндэлсэнд баярлан, төөрч төрсөн үр минь хэмээн их элгэмсүү хандана. Эцэстээ энэ бүхний шийдэл нь Хандаа тэр хоёрт хүүхдээ өгөөд явж байгаагаар шийдэгдэж байгаа юм.

Энэхүү үйл явдлын өрнөлүүд үнэндээ романд хэрэг байсангүй. Номыг зузаатгах, сонирхолтой болгоход л тустай болж. Яагаад хэрэг байсангүй вэ? гэхээр,

1-рт, Төмөрсүх, Дулмаа, Хандаа нарыг дагасан өгүүлэмжүүд нь хүний дотоод сэтгэл зүй рүү хандсан романы гол шинж чанарыг илтэд бууруулсан байна.

2-рт, Өмнөх үеийнхээ зохиолчдын иймэрхүү өгүүлэмж, утга санаа бүхий зохиол бүтээлийг арга хэлбэр, уран сайхан, дүр дүрслэлийн хувьд алинаар нь ч гүйцсэнгүй ажээ.

Манай орчин үеийн үргэлжилсэн үгийн зохиол хүний ээдрээт амьдралын олон талт асуудал, хүний мөн чанар, оршихуйг монгол ахуй хөрсөнд суурилан үгээр урлан, уран дүрээр нээн үзүүлсэн баялаг өв сантай. Уран зохиолын мөнхийн тусгагдахуун нь хүн, хүний амьдрал, оршихуй учраас сэдэв, утга санааны хувьд адилхан, төстэй байх нь жам ёсны зүйл. Энэ нь зохиолчийн зохиолоо бичих арга хэлбэр, уран сайхны ололт, дүр дүрслэлийн шинэчлэл, зохиомжийн онцлог шинж зэрэг олон зүйлээрээ ялгаран өөрийн гэсэн давтагдашгүй шинж чанарыг бий болгодог. Ийм байтал агаар нэг зүйлийг дахин дахин давтах, тэгэхдээ бүр уран сайхан, арга хэлбэрийн хувьд муутган давтаад байх хэрэг ерөөсөө байхгүй юм.

Уламжлалыг шинэчилж байж хөгжил ирдэг, тэгсэн цагт уран зохиол мөн чанараараа үлдэнэ гэдэг туйлын үнэн билээ.

А.Даваасүрэн

Сэтгэгдэл бичих

    • Энхжаргал
    • 2017-07-17

    Энэ шүүмжтэй би хувьдаа санал нийлэхгүй байна. Харин Төмөрсүх, Дулмаа, Хандаа 3-ын амьдралыг ийн дэлгэрүүлж бичсэн нь Монгол эмэгтэй хүний сэтгэлийн хат, агуу суу ухааныг биширч уншсан билээ. Эндээс залуу бүсгүйчүүд суралцах зүйл их бий юм шиг санагдсан. Ядаад л ханиа халамжлах, эр хүнийг ойлгох. Хүнийг хайрлаж байж эргэж хаурлуулдаг гэдэг үнэхээр үнэн болохыг маш сургамжтай бичсэн байна билээ.

arrow icon