Нийтлэл 08 сарын 14, 2017

ДЭЛХИЙ ЮУ УНШИЖ БАЙНА ВЭ? Зүүн Азийн эрчим хүчний ногоон сүлжээ

Зүүн Азийн орнуудын эрчим хүчний үйлдвэрлэлд хувьсгал гарч байгаа аж. Өмнөд Солонгос, Тайвань зэрэг орнууд уламжлалт нүүрсний станц болон цөмийн эрчим хүчнээс татгалзаж, сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхийг зорьж байна. Монгол улс нар, салхи, усны сэргээгдэх эрчим хүчний асар их нөөцтэй бөгөөд нийт эрчим хүчний хэрэглээнийхээ 6%-ийг сэргээгдэх эрчим хүчнээс гаргаж авдаг. Энэ тоо цааш өсөх боломжтой. Зүүн Азид өрнөж буй энэ үйл явц Монголын хувьд эрчим хүчний үйлдвэрлэлийн бүтцээ өөрчлөх жишиг, сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх таатай мэдээ болж байна. Гэхдээ энэ үйл явцаас анхаарах ёстой чухал мэдээ нь Зүүн Азийн орнуудын эрчим хүчний нүүрсний хэрэглээ урт хугацаандаа буурах тухай юм. Ингээд Австралийн Маккуорийн их сургуулийн судлаач Ким Сун Ёнг, профессор Жон А.Мативс нарын нийтлэлийг орчуулан хүргэж байна. 

Саяхандаа, цөмийн эрчим хүчний ирээдүйг Ази тодорхойлж байв. 2015 онд шинээр нээгдсэн 10 цөмийн реакторын 9 нь Ази тивд нээгдэж байв. Гэвч Өмнөд Солонгос, Тайвань “ногоон эрчим хүчинд” шилжих гэж буйгаа мэдэгдсэн нь Зүүн Азийн цөмийн эрчим хүчний ирээдүйг анхаарахад хүргэв. 2017 он Зүүн Азийн цөмийн эрчим хүчний төгсгөл, сэргээгдэх эрчим хүчний эхлэл болох нь байна.

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүүн Жэ Ин болон Тайваний Ерөнхийлөгч Цай Ин Вен нар цөмийн эрчим хүчийг жагсаалаас гаргаж, сэргээгдэх эрчим хүчийг нэмэгдүүлэх үндэсний зорилго дэвшүүлсэн. Хэдийгээр хоёр орон ногоон эрчим хүчний үйлдвэрлэл буюу эрчим хүч хадгалалт, ухаалаг сүлжээний инновациар тэргүүлэгчдийн нэг боловч олон жилийн турш уламжлалт шатахуунд хэт найдсаар ирсэн нь хаягдалгүй эрчим хүчний технологид хөрөнгө оруулах идэвхийг бууруулсан. Өмнөд Солонгос эрчим хүчнийхээ хэрэгцээний 22%-ийг, Тайвань 14%-ийг цөмийн эрчим хүчнээс гарган авдаг. Энэ тоо аажмаар буурч байна.

Хоёр орон шилжилтийн бодлогын хувилбаруудаа хэдийн боловсруулсан бөгөөд энэ үйл ажиллагаа ногоон, цэвэр эрчим хүчний технологид шилжих бүс нутгийн эрчим хүчний төлөвлөлтийн чухал хэсэг болж байна. Цаашлаад тэд сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлд илүү их хөрөнгө оруулах замыг засаж, улс орноо бүс нутгийн зах зээлийн өрсөлдөөнд хөл тавиулахаар зорьж байна.

Өмнөд Солонгос сэргээгдэх бус эрчим хүчний лицензийг цуцалж, станц барихыг хориглох замаар цөмийн эрчим хүчнээс татгалзах хэд хэдэн үе шаттай стратеги дэвшүүлжээ. Цөмийн эрчим хүчнээс татгалзах хөтөлбөр дэвшүүлэн сонгогдсон Мүүн Жэ Ин өнгөрсөн сард сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл нийт эрчим хүчний үйлдвэрлэлийн 5%-ийг эзэлж байгааг 2030 онд гэхэд 20%-д хүргэх зорилго дэвшүүлэв. Мөн түүний бүрэн эрхийн хугацаа 2022 онд дуусах үед нүүрсний 10 цахилгаан станц хаагдсан байна гэж амлажээ. Одоогийн байдлаар Өмнөд Солонгос эрчим хүчний хэрэглээнийхээ ¼ -ийг нүүрснээс гаргаж авдаг. Тэд байгалийн хий нь ногоон эрчим хүчинд шилжих гүүр болно гэж үзэж байна.

Одоогоор Өмнөд Солонгос 25 цөмийн реактор ажиллуулдаг. Нэмээд зургаан реактор барихаар төлөвлөсөн ч цөмийн эрчим хүчийг хязгаарлах болсон нь Өмнөд Солонгосын эрчим хүчний стратегийн чухал  шилжилт болж байна. Мөн зарим хүн Мүүн Жэ Иний төлөвлөгөө хэрэгжих эсэхэд эргэлзэж байна. Дээрх эрчим хүчний бодлого өндөр ашиг орлоготой цөмийн технологийн экспортийг хумих тухай асуудал бий. Гэвч Мүүн Жэ Ин шийдэмгий хэвээр байна.

Тайваний Цай Ин Вен мөн адил шийдэмгий байна. 2011 оны Фукушимагийн ослоос болж Тайваньчууд цөмийн эрчим хүчийг эсэргүүцэж эхэлсэнд өнгөрсөн жил Цай Ин Вен 2025 он гэхэд Тайванийг цөмийн эрчим хүчгүй болгоно гэж амлав. Өнөөдөр нүүрс болон байгалийн хий Тайваны эрчим хүчний хэрэглээний 2/3-аас илүүг үйлдвэрлэж, сэргээгдэх эрчим хүч 5%-ийг эзэлж байна. Цай Ин Вен нар, салхины эрчим хүчний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэн, дараагийн 8 жилд сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг 20% хүртэл нэмэгдүүлэх зорилго дэвшүүлжээ. Энэ замаар Тайваний зургаан цөмийн реакторын цахилгаан үйлдвэрлэлийг хялбархан орлуулж чадна.

Шүүмжлэгчид ногоон технологи аж үйлдвэрийн түвшний эрчим хүчний хэрэглээнд нийцэх хэмжээнд хөгжөөгүй гэж мэтгэдэг. Гэхдээ ийм дүгнэлт хэдэн жилийн өмнө хоцрогдсон. Сэргээгдэх эрчим хүчний эхний хөрөнгө оруулалт, эрчим хүчний хадгалалт болон сайжруулсан батерей  зэрэг нь сэргээгдэх эрчим хүчийг илүү өрсөлдөхүйц болгож байна. Европын эрчим хүчний хамгийн том компани Энелийн гүйцэтгэх захирал Франческо Старачe өнгөрсөн зургадугаар сард "Financial Times"-д сэргээгдэх эрчим хүч “цахилгаан үйлдвэрлэх хамгийн хямд, хамгийн нийтлэг арга” болсон гэж мэдэгджээ.

Өмнөд Солонгос болон Тайвань ногоон эрчим хүчинд шилжиж буй Зүүн Азийн анхны улсууд биш. Хятад энэ чиглэлд сүүлийн жилүүдэд ажилласнаар сэргээгдэх эрчим хүчний нөөцөөр дэлхийд тэргүүлж байна. Тайвань, Өмнөд Солонгос сэргээгдэх эрчим хүчний хувьсгалд нэгдсэнээр бүс нутгийн бусад орнуудыг энэ зах зээлд нэвтрэхэд  дэмжлэг болно. Яагаад гэвэл хөрөнгө оруулалтийн цараа нэмэгдсэнээр өрсөлдөх чадвар нэмэгдэж, өртөгийг улам бууруулах болно.

Хэрвээ Мүүн Жэ Ин, Цай Ин Вен нарын алсын зорилгыг ул суурьтай шүүмжлэх асуудал байгаа гэвэл энэ зорилгыг бусад орнууд хурдан ойлгоход оршино. Жишээ нь тэд Дэлхийн эрчим хүчний сүлжээ эсвэл Азийн Супер сүлжээний төлөвлөгөөний сэргээгдэх эрчим хүчний төслүүдийг сонгон хэрэгжүүлж эхлэвэл ногоон эрчим хүчний үйлдвэрлэл илүү хурдан нэмэгдэх болно. Өмнөд Солонгос болон Тайвань маш цөөн тооны байгалийн эрдэс баялаг эзэмшдэг, импортын түүхий эдээр цахилгаан үйлдвэрлэдэг. Мөн үндэсний монополиудыг өрсөлдөөнд оруулснаар хоёр орон сэргээгдэх эрчим хүчинд шилжих шилжилтийг хурдасгах болно.

Гэхдээ одоохондоо хамгийн чухал зүйл нь Өмнөд Солонгос, Тайваний үлдээж буй жишиг юм. Зүүн Азийн сэргээгдэх эрчим хүчний зах зээл цэцэглэх гэж байна. Энэ өргөжилт бүс нутгийн цөмийн хүчний хамаарлыг эвдэнэ.

 Орчуулсан: Ш.Билгүүн

Эх сурвалж: www.project-syndicate.org 

Сэтгэгдэл бичих

    • Зочин
    • 2017-08-14

    Монгол уудам нутагтаа бусад оронди нарны цахилгаан үйлдвэрлэдэг орон болох том газар нутаг бн.

arrow icon