Хэт хийрхэл нь хор хөнөөл авчрахаас, ашиг тус авчрахгүй

image

Монголчууд ийм хэт хийрхий, туйлшрамтгай болчихсон юм уу эсвэл надад ирдэг фейсбүк мэдээлэл нь тийм хийрхий болчихсон юм уу...

Гэхдээ хараад байхад, Монголд шулмын ан гээд хүн амьтан шатаахад дөхөж очсон хийрхэл явагдаад байна уу гэж л санагдаад байх юм...

Мүүн гээд л нэг хэсэг бараг толгойтой болгоныг хардаад байсан, өчигдөр тэгсэн бүх л юм Оффшороор амьсгалаад л... За тэгээд л Таван толгой, төмөр зам, Сайншанд, Жастин Капла энэ тэр гээд л лист цаашаа үргэлжилнэ. Бүгдээрээ л бараг судлаач мэргэжилтэнгүүд болчихсон. 

Юмыг 2 талаас нь харахгүй, зүгээр л хийрхэж, бие биенээ хардаж сэрдэх хийрхэл хэрээс хэтрээд байгаа мэт.

Би ч гэсэн Монголд байгаа хүн бас хийрхчихье, ккк

  1. Оффшор дансны тухай: Бараг оффшорт данстай л бол чөтгөр шулам, шатаая гэх нь холгүй комментууд харагдах юм.
    Угаасаа татварын хөнгөлөлттэй тус газруудыг ашиглаж бизнес хийх нь нэн ялангуяа гадаад улсад хөрөнгө оруулж буй хөрөнгө оруулагч нарт хөрөнгөө үр ашигтай ашиглахад маш чухал байдаг.

Жишээ нь Дэлхийн томоохон банкнууд хөрөнгө босгохдоо оффшор дансаар дамжуулан, хөрөнгө оруулагчдын нутагт нэг татвар, өөрийн нутагт нэг татвар гэж давхар татвар төлөхгүйгээр нэг л нутагт татвар төлөн, тэгсэнээрээ зардалаа багасгадаг.

Жишээ нь миний санхүүгийн зөвлөхөөр нь ажиллаж байсан 2009 оны Сумитомо Мицуй Финаншал Группт 2 удаа 3, 3 тэрбум долларын хөрөнгө босголт ч гэсэн, оффшор данс болон оффшор цаасан компаниар л дамжиж босч байсан бөгөөд, энэ структурыг нь газар газрын татварын систем, банкны хөрөнгийг үнэлэх аргачлал, рейтинг компанийн үнэлэмжийн аргачлал гэх мэт олон талаас нь дүгнэн, хуульч нартай хамтран зөвлөмж өгсөний "ачаар" тэр хөрөнгө босголтонд орсон олон мянган хөрөнгө оруулагчид давхар татвар төлөлгүйгээр, эсвэл, Сумитомо Мицуй Финаншал Групп нь хөрөнгө оруулалтын дивидентээсээ Япон дахь ОАТ болох 10% + нөгөө улсад төлөгдөх ОАТ гэсэн асар их мөнгө төлөлгүйгээр зөвхөн Япон дахь ОАТ-аа л төлөөд зардлаа хэмнэж чадсан байгаа.

Монголын Чингис Бонд-д ч гэсэн оффшор данснаас хөрөнгө оруулалт орсон л байж таараа.

Иймд, нэн ялангуяа компаниуд болон хөрөнгө оруулагч нар оффшор данстай байх нь маш энгийн үзэгдэл.

Харин, эсрэгээрээ жирийн нэг улс төрч ямар нэгэн хөрөнгө оруулах зорилгогүйгээр данстай байх нь мөнгө угаах зориулалттай байх магадлалтай байхыг мэдээж үгүйсгэхгүй бөгөөд, энэ талаар нь олон нийтээрээ шуугих бус, зүгээр орлого хөрөнгийн мэдүүлэг дээр нь тайлбар авахад л хангалттай мэт...

  1. Мүүний тухай. Яг үнэндээ энэ шашныг би бол сайн мэдэхгүй. Хор уршигийг нь ч тэр, яг ямар үйл ажиллагаа явуулдагийг нь ч тэр. Мэдээж бүх л улсад янз бүрийн гаж урсгал байдаг, хүний зам урт, ямар нэгэн байдлаар тийм шашинтай холбогдох магадлал ч байгаа болов уу. Би гэхэд, 13-14 настайдаа Эвенгалист гэдэг Христийн шашны нилээд эвгүй урсгалт Англи хэл сурах гээд орж л байсан.

Шашин улст төрд тодорхой нөлөө үзүүлэх зүйл ч мэдээж их. За Христийн шашин, Лалын шашныг ярихаа больё. Жишээ нь Японд гэхэд, Сока Гакка гэдэг буддын шашны нэг калт урсгал Комэй То гэдэг намаар дамжуулж улс төрд оролцдог. Ому Шинрикёо гэдэг урсгал шиг илт нийгэмд хор хөнөөл учруулаагүй л бол нэг их тоохгүй хаячихдаг. Яагаад гэвэл юмыг олон талаас нь хардаг ардчилсан улс учир.

Харин, хүн болгоныг ямар нэгэн шашны удирдагчтай уулзсаных нь төлөө, бодитоор учирсан, эсвэл учрах магадлалтай хор хөнөөлийг нь тайлбарлахгүйгээр хийрхэн, хардацгааж эхэлвэл энэ нь илүү хор уршигтай мэт надад санагддаг.

  1. MCS-ийг дэмжих үү, Х.Баттулгыг дэмжих үү буюу мега төслүүдийн талаарх асуудлууд.

Мэдээж хэн нь илүү үр дүнтэй юм хийж чадсан, чадаагүй гэдэг дээр хүн бүрийн өөр өөрсдийн дүгнэлтүүд байгаа байх. Хамгийн аюултай нь нарийн асуудлуудыг бүрэн мэдэхгүй байж хийрхэн аль нэгний талд ороод нөгөө тал гэгдэх хүмүүс лүүгээ дайрах нь эрүүл ухаан гэж хэлэхэд хэцүү мэт.

Ухаа-Худаг дээр би олон удаа очиж байсан. Тэнд маш их бүтээн босголт явагдсан байдаг. Энэ ч утгаараа, Энержи Ресурс ажлаа мундаг явуулж байсан. Гэхдээ энэ нь гэнэт зүгээр бий болчихсон, босоод ирчихсэн зүйл биш.
Өмнө нь ТЭЗҮ-г нь 3-4 гадаадын компаниар, нэг ТЭЗҮ дээр хэдэн арван сая доллар төлөн дахин дахин судалсаны үндсэн дээр боссон байдаг. (Төмөр замын урд чиглэлийн судалгаан дээр, Энержи Ресурс байхдаа дор хаяж 46 сая долларыг (Энэ гэхдээ зөвхөн Засгийн Газар хүлээн авахаар зөвшөөрсөн дүн нь. Энержи Ресурс үүнээс хамаагүй их мөнгө өөрсдөө зарцуулсан болов уу ) жишээ нь, Дойче Банн, AECOM, SMEC гэх мэтээс эхлээд олон компаниар дахин дахин нягтлуулан хийсэн байдаг.)

Хувийн компани бүтээн босголт хийхийн хамгийн давуу тал нь, тэр зардалыг нь хөрөнгө оруулагч, хувьцаа эзэмшигчид нь л хянахаас биш, улс төржүүлэн хэн нэгнийг юугаа ч мэдэхгүй буруутгадаггүйд л байдаг.

Улсын компани ямар нэгэн судалгаа хийхэд, нэгдүгээрт юунд нь ч хүрэхгүй мөнгө өгчихөөд, мэргэжлийн бус, юмыг ялгаж салгах чадваргүй хүмүүс нь шууд 100%-ийн үр дүн нэхээд, тэгээд хариуцлага тооцно гээд муйхарлаад байдаг нь эсрэгээрээ бүтээн байгуулалтыг зогсоох аюултай байдаг мэт санагддаг.
Бас, хэт их улс төрждөг болохоор, өгөөтэй, аваатай Win x Win байж чаддаггүй, хэтэрхий муйхарлаж хатуурхдагт асуудлууд байдаг болов уу.

Төслүүд хэрэгжихэд олон хүчин зүйл нөлөөлдөг, асар их төлөлвөлт, ажлууд хийгддэг. Бүтээн байгуулалт болоод харагдаж байгаа тэр зүйл бол тэр нөр их хөдөлмөрийн зүгээр л жижигхэн хэсэг нь. Айсберг гэдэгтэй адилхан.

Хэрэгжиж чадаагүй төслөөр бүх зүйлийг үнэлж, хариуцлага тооцно гэдэг хамгийн богино хараатай, ухаангүй зүйл болов уу.

Өөрийн ажиллаж байсан, гадаадад хийж байсан ажлаар жишээ авахад, Никко Ассет Менежмент гэдэг компанийн IPO-г хийх гэж 2005 оноос хойш 7 жил зүтгэж билээ.
Гэвч, дэлхийн хөрөнгийн зах зээлийн байдлаас болоод энэ төсөл хэрэгжээгүй өнгөрсөн.
Тэглээ гээд тус компани энэ төслийн зөвлөхөөр ажиллаж байсан манай компани (2005-2008 хүртэл Дойче, 2008-аас 2012 он хүртэл Сити Банк)-д хариуцлага тооцно гэж муйхарлаагүй, харин ч тааламжтай үе нь ирвэл миний байсан багаас зөвлөгөө авна гэдэг байсан. Хэрвээ энэ компани Монголын төр байсан бол, миний ажиллаж байсан 2 компани аль хэзээний ямар нэгэн байдлаар хариуцлага хүлээгээд, энэ төслийг замаас нь хаячих байсан болов уу.

Өөр жишээ. Миний зөвлөхөөр ажиллаж байсан Мицубиши UFJ Financial Group-ийн (MUFG) ассет менежмент компаниуд худалдаж авч байсан ажлууд. Анх Абердин Ассет Менежмент гэдэг компанийг худалдаж авах хүртэл бүтэн 3 жил биднээр зөвлөхөө хийлгэж байсан. Гэхдээ, болохгүй бүтэхгүй байна гээд эхний жилдээ төслөө хаяаад, биднээс хариуцлага тооцно гэсэн бол болох л байсан. Харин ч эсрэгээрээ, тус компанийг худалдаж авсанаар МUFG-ийн ассет менежментийн салбарын орлого эрс нэмэгдсэн бөгөөд, 2010 онд Хятадын #3 ассет менежмент компанийг худалдаж авах тал дээр биднээс зөвлөгөө авч байж билээ.

Миний бодлоор MCS ч тэр, Баттулгын хэрэгжүүлэх гэж байсан төслүүд ч тэр, аль аль дэмжих л ёстой чухал төслүүд байсан. Баттулгын хамгийн том алдаа бол, төрийн өмчит компаниар дамжуулж бүтээн байгуулалт хийх гэсэн оролдлого болов уу.

Эцэст нь хэлэхэд, Монголчуудын энэ хэт хийрхэл, хор хөнөөл л авчрахаас, ашиг тус авчрахгүй л болов уу...

 

 Via Zorig Alima

avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 464

Цар тахлын үед УОК-оос авч хэрэгжүүлж байгаа ажил хэр оновчтой байна вэ?

56%
Маш оновчгүй, хангалтгүй
17%
Оновчгүй, хангалтгүй
13%
Боломжийн оновчтой, үр дүнтэй
6%
Маш оновчтой, үр дүнтэй
6%
Мэдэхгүй
  • 56%
  • 17%
  • 13%
  • 6%
  • 6%