Оффшор данс: Хятад, Монголын эрүүгийн хэргийн хамтын ажиллагаа

image

Монголын ашигт малтмалын ордуудын лицензийг гадаадад зараад мөнгө нь гадааддаа үлдээд оффшор данс уруу орсон уу? гэдгийг шалгах, асуух хэрэгтэй. Хятад улсын компаниудад зарсан лицензийн төлбөрийг хятадад байгуулсан компанид шилжүүлээд тэр нь оффшор данс уруу орох боломжтой юу? Хуулийн хувьд үүнээс Хятадын мөнгө угаах гэмт хэргийн эсрэг хууль, дүрэм журам нь ямар байдаг вэ? гэсэн асуулт гарч ирж байна.

Хятадын компаниас өөр нэг хятадын компанид төлбөр шилжүүлэхдээ энэ нь ямар нэг бараа, үйлчилгээний төлбөр байх ба хятадын татварын алба ба эрүүгийн цагдаагийнхан шаардлагатай үед яг ямар үйлчилгээнд төлбөр авсныг шалгах хууль зүйн эрх хэмжээтэй байх нь зайлшгүй. Сүүлийн үед терроризм, хууль бус наймаа, авилгалтай тэмцэх чиглэлээр дэлхий даяар мөнгөний гүйлгээний агуулгыг шалгах хууль эрх зүйн өөрчлөлт, ахиц дэвшил ихээхэн гарсан. Дэлхийн хоёр дахь том эдийн засаг, дотооддоо этник зөрчил ба терроризмыг хянах ёстой болсон, эдийн засгаа эрүүлжүүлэхийн тулд авилгатай эрч хүчтэй тэмцэж байгаа БНХАУ энэ салбарт ихээхэн шинэчлэл хийж, ахиц гаргаж байгаа нь зайлшгүй.  

Тэгэхээр монголын улс төрчидтэй холбоотой оффшор данс уруу мөнгө илгээсэн улсууд буюу Хятад, Сингапур гэх мэт улсуудын эрүүгийн цагдаагийн байгуулагатай Монгол Улс хамтарч ажиллах ёстой. Энэ түвшинд хоёр улсын хооронд эрүүгийн хэргийн асуудлаар харилцан туслалцах гэрээ байгуулагдсан уу?, энэхүү гэрээний дагуу Монголын цагдаа, Авилгалтай тэмцэх газар Хятадын талд хандах боломжтой уу? гэсэн хууль зүйн асуултууд гарч ирнэ.

Авилгатай тэмцэх талдаа ч, монголынхоо иргэдийг хятадад хамгаалах талдаа ч Хятад, Монголын цагдаагийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, Эрүүгийн хэргийн асуудлаар хоёр улс харилцан тусалдаг байх асуудалд манай улс сайн анхаарал тавьж алхам хийх зайлшгүй шаардлагатай.

Жич: Хуульчдад сонирхуулахад Journal of Money Laudering гэж мөнгө угаах гэмт хэргийн асуудлаар дагнасан сайн чанартай сэтгүүл байдаг юм билээ (http://www.emeraldinsight.com/journal/jmlc). Мөнгө угаахтай тэмцэх бол орчин үеийн эдийн засгийн гол цөм асуудлын нэг. Учир нь хүний наймаа, бусдыг эрхэндээ оруулж албадан хөдөлмөрлүүлэх, охид бүсгүйчүүдийг хүчээр биеийг үнэлүүлэх, ард иргэдийн мөнгийг хулгай хийх буюу авилгал, хуурамч эм ба бүтээгдэхүүн үйлдвэрлэх зэрэг бүх хууль бус наймааны мөнгө эргэж хууль ёсны эдийн засагт шингэх ёстой болно. Тэгэхээр мөнгө эргэж албан ёсны эдийн засагт шингэх тэр хэсэгт хяналт тавьсанаар авилга, хууль бус наймаатай амжилттай тэмцэх бололцоотой болно.

avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 4672

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%