Нийтлэл 02 сарын 25, 2015

Монголын нүүрс - Хятадын хувьд, дэлхийн хувьд цаашид үнэ цэнэ нь өсөх үү буурах уу?

Монгол Улс нүүрсний баялаг нөөцтэй орон хэдий ч түүнийгээ хэрхэн ашиглах, улмаар яг ямар үр дүнд хүрэх нь тодорхойгүйн зэрэгцээ энэ сэдэв нь улс төрчдийн хий хоосон, худал амлалт, хэрүүл тэмцэл, ард иргэдийн хардлагын гол бай болоод байна. Уг нь бол дэлхийн улс орнууд энэ салбарт өөрийн бодлого төлөвлөгөөтэйгөөр өрсөлддөг. Тийм л улсуудад байр суурь, давуу талаа алдах нөхцөл нь өнөөгийн бидний урагшгүй байдал болж байна. Энэ талаар хэн ч ярьж бичихгүй байгаа нь харамсалтай.

Гэтэл манай улсын уул уурхайн бүтээгдэхүүний экспортын 80 гаруй хувийг худалдан авдагХятад улс гадаад улс төр, нийгмийн дотоод нөхцөл байдлаасаа хамаарч нүүрсний хэрэглээгээ багасгах бодлогыг баримталж эхэллээ. Нүүрсний импорт буурах асуудал яригдаж байгаа энэ үед ОХУ, БНХАУ-тай хамтран нүүрсний томоохон орд газар ашиглах, тус улсад экспортлох асуудал хөндөгдөөд байна. Үүнтэй зэрэгцээд дэлхийн нүүрсний нөөц дуусч байгааг ч судлаачид хэлэх болжээ. Зах зээлийн өрсөлдөөн ширүүсч, хэрэглээ багасч болзошгүйн дээр баялаг нь өөрөө хомстож буй энэ орон зайд бид хэрхэн ажиллах вэ?

Германы “Газар зүйн шинжлэх ухаан, байгалийн баялгийн хүрээлэн”-ээс хийсэн судалгаагаар манай гаригт үлдсэн нүүрсний нөөцийн хэмжээ ердөө 1 триллион тонн буюу өсөн нэмэгдэж буй хэрэглээгээр 134.5 жил, харин “Дэлхийн эрчим хүчний зөвлөлөөс” гаргасан тооцоо нь түүнээс хавьгүй сөрөг буюу 892 тэрбум тонн, өнөөгийн өсөлтийн хурдаар тооцвол ойролцоогоор 113 жил ашиглах нөөц үлдсэн гэж тус тус үзжээ. Судлаачид дээрх хоёр байгууллагын судалгааг заавал иш татдагаас харвал анхаарал татах асуудал гэдэг нь тодорхой юм.

Нүүрсний нөөц ийнхүү хомстож байхад түүнийг хэн хамгийн ихээр хэрэглэж байгаа нь сонирхолтой сэдэв болоод байна. “Дэлхийн нүүрсний ассиоцаци”-аас хийсэн судалгаагаар БНХАУ нүүрс олборлолтын хэмжээгээрээ дэлхийд 1-т (2014 оны байдлаар 3.52 тэрбум тонн) ороод зогсохгүй, жагсаалтын удаах байранд жагсаж буй 10 орны олборлолтын нийлбэрээс их хэмжээтэй байна.

Тус улс мөн дулааны болон коксжих нүүрсний хэрэглээгээрээ ч бусад улсаас хол тасархай нэгдүгээрт жагсаж байгаа юм. Үүнийгээ дагаад тус улсын хүлэмжийн хийн ялгаруулалт асуудал дэлхийн бусад улс орнуудад нүд үзүүрлэгдэх хэмжээнд хүрээд байна.

Нүүрс түлж байгаа болон хүнд үйлдвэрлэлээс үүдсэн агаарын бохирдлын асуудал БНХАУ-д томоохон хүндрэл үүсгэж байгаа талаар мэдээлэл сүүлийн үед тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслээр байнга гарах болсон. Хамгийн сүүлд л гэхэд тус улсын Байгаль орчны яамнаас хийсэн судалгаагаархамгийн том 74 хотын найм нь л агаарын бохирдлын хэмжээ хэвийн түвшинд байна гэжээ. БНХАУ-ын Комуннист намын хэвлэл болох The People’s Daily сонины мэдээлснээр Хятадад 250 мянган хүн агаарын бохирдлын улмаас амь насаа алджээ.

Үүнтэй холбоотой Хятадын улс төрчид агаарын бохирдолтой тууштай тэмцэхээ мэдэгдэж байгаа ч богино хугацаанд дорвитой үр дүнд хүрэхгүй байгаа нь тус улсын ард иргэдийн шүүмжлэлийн бай болоод байна. Дэлхийн агаарын бохирдол хамгийн ихтэй хот гэгдэж буй Бээжинд дундаж цалин 6000 юань боловч энэ нь нэгдсэн халаалтын системд холбогдох хэрэгцээгээ хангахад хүрэлцэхээргүй байгаа юм. Иймээс дийлэнх өрх нь нүүрсээр дулааны асуудлаа шийдвэрлэж  байгаа нь агаарын бохирдлыг нэмэгдүүлэх томоохон хүчин зүйл болдог гэж Австралийн зарим судлаачид дүгнэсэн байна.

Агаарын бохирдлын асуудлаас үүдэнБНХАУ 2030 он гэхэд сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх замаар нийт эрчим хүчний үйлдвэрлэлийн 20 хувийг хангах зорилт тавьсан нь нүүрсний салбарт томоохон өөрчлөлт авч ирэхээрбайна. Энэ зорилтыг хэрэгжүүлэх үүднээс төрийн хяналт нүүрс олборлогч, импортлогч, хэрэглэгчдийн хувьд улам бүр чангарч байгаа нь илт мэдрэгдэх болжээ. Одоогоор тус улсын Засгийн газраас нүүрс олборлогчдод ногдуулдаг татварын хэмжээг бүсчилсэн хэлбэрээр нэмэгдүүлж, нүүрс импортлогчдод импортынхоо хэмжээг 50 сая тонн, нүүрс олборлогч томоохон компаниудад олборлолтоо 125 сая тонноор тус тус бууруулахыг өнгөрсөн оны сүүлээр үүрэг болгосон аж. БНХАУ-ын төрийн энэ хатуу байр суурь тус улсын нүүрсний олборлолтын хэмжээг сүүлийн 15 жилд анх удаа буурахад хүргэлээ. Гэхдээ 2014 онд тус улсын нүүрс олборлогчид нийт 3.52 тэрбум тонн нүүрс олборлосон нь 2013 оны хэмжээнээс дөнгөж 2.1 хувиар буурсан үзүүлэлт болсон байна. Хятад улс 2014 онд нийт 222 сая тонн дулааны нүүрс (thermal coal( импортлосон нь өмнөх оноос 11 хувь (2014 оны Монголын нүүрсний нийт экспортын хэмжээнээс даруй 11 дахин, Австралийнхаас 3 дахин их(, 62 сая тонн коксжих нүүрс импортолсон нь өмнөх оноос 16 хувиар тус тус буурчээ.

Хэдийгээр коксжих нүүрсний хэрэглээ нь буурч байгаа мэт боловч Австралийн судлаачдын үзэж байгаагаар 2015 онд тус улс 65 сая тонн коксжих нүүрс импортлох төлөвлөгөөтэй ба 10 жилийн интервалтай хийсэн судалгаагаар тус улсын гангийн үйлдвэрлэлийн хэмжээ 2017 онд хамгийн дээд хэмжээндээ хүрч түүнийг дагаад коксжих нүүрсний хэрэглээ эрс өсөхөөр байгаа юм. Өөрөөр хэлбэл БНХАУ нь ойрын хугацаанд коксжих нүүрсний хамгийн том худалдан авагч хэвээрээ байхаар байна. Одоогоор Хятад улс эрчим хүчний үйлдвэрлэлийн 60 хувийг нүүрсээр, нийт хэрэглээнийхээ 80 хувийг нь био түлш (fossil fuel(-ээр хангаж байна.

Нүүрсний олборлолт, импортын хэмжээ ийнхүү буурсан үзүүлэлттэй байгаа  ч Хятадын нүүрсний хэрэглээ 2020 онд дээд хэмжээндээ хүрнэ гэж дэлхийн олон судлаачид үзэж байна. Нөгөө талаас Грийнпийс байгууллагын судлаачдын үзэж байгаагаар Хятад улс төлөвлөсөн хэмжээндээ хүртэл нүүрсний хэрэглээгээ бууруулахад ирэх 15 жилд сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг 800-1000 гегаватт болгох хэрэгтэй аж. Энэ хэмжээ 2013 оны байдлаар дөнгөж 383 гегаватт байгаа юм.

Дээрхээс дүгнэхэд томоохон хотууд дахь агаарын бохирдол, хүлэмжийн хий бууруулах асуудлаар дэлхийн улс орнуудын зүгээс болон ард иргэдийн зүгээс үзүүлж буй шахалт нэмэгдэж, сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр хэрэгжүүлж буй томоохон алхмууд нь БНХАУ-ын нүүрсний хэрэглээг урт хугацаандаа бууруулах төлөвтэй байна.

Дэлхийн хамгийн том олборлогч, импортлогч орны дотоод нөхцөл байдал экспортлогч орнуудын хувьд ашиггүй хэлбэрт шилжиж байхад БНХАУ-ын Шенхуа групп, ОХУ-ын Ростек компанитай хамтран Алс Дорнодын Амурын районд байрлах Огоджинскоеийн нүүрсний орд газарт 10 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр гэрээ байгууллаа. Тус орд нь одоогоор 1.6 тэрбум тоннын батлагдсан нөөцтэй бөгөөд 2019 оноос бүрэн хэмжээгээр олборлолтоо явуулж, жилдээ 30 сая тонныг олборлох, түүний дийлэнх хувийг БНХАУ-д экспортлохоор төлөвлөж байна. Гэтэл ОХУ-ын Алс Дорнодын далайн боомтуудын нэвтрүүлэх чадамж хангалтгүй байгаагаас боомтуудын нэвтрүүлэх чадамжийг жилийн 20 сая тоннд хүргэх хөрөнгө оруулалтыг эхлүүлэх ажил яригдаж эхлээд байна. Гэтэл бидбоомтын цаашид хүрэх нийт чадамжаасаа 10 сая тонноор илүү буюу 30 сая тонн нүүрс нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа боомтоор нүүрсээ экспортлох бодлого ярьж байгаа нь хэр зүйтэй вэ? Эндээс дүгнэхэд цаашдаа БНХАУ-ын буурч буй импортын зах зээлд ОХУ томоохон өрсөлдөгч болон орж ирнэ гэж үзэж болох юм.

Дэлхийн нүүрсний нөөц багасч, түүнийг хэрэглэгч гол орнууд эрчим хүчний эх үүсвэрээ сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрт шилжүүлэх ажил эрчимжиж, зах зээлийн өрсөлдөгчид нэмэгдэж байгаа энэ үед манай шийдвэр гаргагчид ямар бодлого баримтлахыг сайтар тунгаан бодох шаардлагатай. Юуны түрүүнд нүүрсний экспортын хувьд хоёр хөршөөрөө дамжин гарч байж хүрэх Япон, Солонгос гэсэн хувилбар хэр бодитой хэрэгжих, бидний өрсөлдөгч болох магдадлалтай орнууд цаашид бидэнтэй хэрхэн хамтарч ажиллах, сөргөлдөх эсэхийг нарийн тооцоолох нь зайлшгүй шаарлдлагатай асуудал болоод байна.

 

Сэтгэгдэл бичих

arrow icon