Нийтлэл 02 сарын 26, 2015

Ноён Уул- Яг хэний гэдэс өлөн байсан юм бол?

Ноён Уулыг тойрсон маргаан сунжирсаар, ерөнхийлөгч иргэний танхимд талуудыг цуглуулж ярилцахдаа тулав. Эхлээд үйл явдлын өрнөлийг эмхэтгэе. Гацууртын ордод олборлолт явуулахыг дэмжигчид болон эсэргүүцэгчдийн аргументыг энд нэгтгэсэн буй. 

2015.01.13 Ноён уулаа аврахыг уриаллаа

Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт орших Ноён Хайрхан уулаа хамгаалан авч үлдэх талаар нутгийн ард иргэд болон Ноён уулаа аврах хөдөлгөөний тэргүүн О.Цэрэннадмид, доктор Б.Балжинням нарын хүмүүс мэдээлэл хийлээ.

2015.01.26  "НОЁН УУЛАА АВАРЪЯ” ХӨДӨЛГӨӨНӨӨС ЧИНГИСИЙН ТАЛБАЙД ЖАГСААЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

"Ноён уулаа аваръя” хөдөлгөөнөөс Чингисийн талбайд жагсаал зохион байгууллаа. Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт орших Ноён уулнаас Хүннүгийн үеийн язгууртны булш, эртний эд өлгийн зүйлс олдоод байгаа юм.   Жагсаалд оролцогчид “Сентарра гоулд” компани эртний булшны ойролцоо алт олборлох зөвшөөрөл авсныг эсэргүүцэн “Ноён уулаа аваръя” хөдөлгөөнийг санаачилж, иргэний нийгмийн төлөөлөлтэй хамтран өнөөдөр жагсаал зохион байгуулж байгаа ажээ.

 

2015.02.06

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдод Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Уул уурхайн сайд Р.Жигжид Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслийг өргөн барив.

 

2015.02.08 Чингисийн талбайд бөөлөв

Ноён улаа аваръя хөдөлгөөнөөс ахин эсэргүүцлээ илэрхийлэв. Энэ удаад тэдэнтэй бөө нар нэгджээ. Чингисийн талбайд бөө нар цуглаж Ноён уулын онгод, тэнгэрийг сэрээх зан үйл үйлдэв.

 

2015.02.11

 Улсын Их Хурлын намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас энэ сарын 6-ны өдөр өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд С.Баярцогт, Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан нар танилцуулсан юм.

 

2015.02.17 

УИХ-ын зарим гишүүд "Ноён уул"-ыг улсын тусгай хамгаалалтад авах УИХ-ын тогтоолын төсөл санаачилжээ. "Ноён уул"-ын орд газрыг стратегийн орд болгож буйг эсэргүүцсэн иргэний хөдөлгөөний зарим гишүүд өнгөрсөн пүрэв гаригаас хойш нойтон өлсгөлөн зарлаад байгаа юм. Иймд УИХ-ын зарим гишүүд "Ноён уул"-ыг улсын тусгай хамгаалалтад авах УИХ-ын тогтоолын төсөл санаачилжээ. УИХ-ын гишүүн Г.Баярсайхан, Д.Арвин, Л.Болд, С.Ганбаатар, Х.Болорчулуун, Ц.Оюунгэрэл нар хуулийн төсөлд санал авахаар Засгийн газарт өнөөдөр хүргүүлж буйгаа танилцууллаа.

 

2015.02.17  Гацууртын ордын асуудлыг УИХ буцаав

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцсэн ч олонхийн санал авч чадаагүй тул төслийг Засгийн газар луу буцаалаа. Ингэснээр Гацууртын ордыг ашиглах асуудал буцаж байна. 

2015.02.23  Ерөнхийлөгч хариу өгөхгүй бол хуурай өлсгөлөн зарлана гэв

Босоо хөх Монгол” ТББ, “Ноён уулаа аваръя” хөдөлгөөнийхөн өлсгөлөн зарлаад 13 хонож байна. Өнгөрсөн шөнө Засгийн газрын ордны баруун тал, Хэлмэгдэгсдийн хөшөөний дэргэд өлсгөлөн зарлагчдад цагдаагийн байгууллагынхан тарах шаардлага тавьжээ. Өлсгөлөн зарлагчдаас гадна 50 гаруй залуу тухайн орчныг манаж хоносон байна. Хэрэв өлсгөлөнг хүчээр тараахаар оролдсон бол иргэд, цагдаа нарын хооронд мөргөлдөөн үүсч болзошгүй байсныг тэд хэлэв. Нэгдүгээр сарын 26-нд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид шаардлага хүргүүлсэн бөгөөд өнөөдөр хариу өгөхгүй бол тэмцэгчид өнөө орой тэмцлийн хурц хэлбэрт шилжиж, хуурай өлсгөлөн зарлана гэв

2015.02.24 

НОЁН УУЛ”-ЫН ТӨЛӨӨ ТЭМЦЭГЧИД ХУУРАЙ ӨЛСГӨЛӨНД ШИЛЖЛЭЭ!

2015.02.25 

Хүннүгийн үеийн булш бунхнаас Гацууртын орд хүртэл нийтдээ долоон км-ийн зайтай байгаа юм. Хойд, урд гэсэн хоёр Ноён уул байгаа. Хойд Ноён уулаа нутгийн иргэд тахиж шүтдэг. Энэ нь орон нутгийн тусгай хэрэгцээнд орчихсон. Нөгөө нэг нь Хүннүгийн олдвортой. “Зуунмод уул” гэсэн компани тусгай зөвшөөрөлтэй, дотоодын хөрөнгө оруулалттай компани юм. Тэр уулаас доошоо уруудаад Сүжигтийн ам гэж бий. Энэ аманд Хүннүгийн булш бунхан байгаа. Харин эндээс шулуун шугамаар буюу газрын зургаар Гацууртын орд хүртэл 5.8 км газар. Газар дээр нь яваад очихоор хоёр нурууг давж байж ордын тусгай зөвшөөрлийн цэгт хүрнэ. Яг олборлолт хийх газар хүртэл дахиад 1.2 км-ийн зайтай. Хүннүгийн үеийн булш бунхнаас Гацууртын орд хүртэл нийтдээ долоон км-ийн зайтай байгаа юм.

2015.02.25

"Ноён уулаа аварья" хөдөлгөөнийхөн өлсгөлөнгөө албан ёсоор зогсоолоо

 2015.02.26

Иргэний танхимд “Ноён уул”-ын асуудлаар нээлттэй хэлэлцүүлэг болж байна.

 

 Хардлага:

Ийн үймсээр  2-р сарын 25 боллоо.  2-р сарын 25 бол Форбес сэтгүүлийн онлаин талбарт Монгол улс хөрөнгө оруулагчдад хэрхэн ханддаг тухай өдөр тутам шахуу муулж миалдаг  Ази болон шинэ тутам зах зээлийн аналист Жон Спрингер яс тоолж байгаачлан бас нэг уул уурхай тойрсон маргаан эхэлсний 827 дахь хоног.  Саусгоби Сэндс. Жастин Капла. Хэд дахин өөрчлөгдсөн шинжээчийн дүгнэлт. Хоригдох ял. АНУ-ын элчин сайдын яамны мэдэгдэл...  Саусгоби Сэндс дампуурах магадлалтай мэдээнд хүргэсэнчлэн 2007-2011 онуудад  456.8 тэрбум төгрөгийн орлого олж, 103.1 тэрбумын татвар төсөвт төлж асан Саусгоби Сэндс ийн мэдэгдсэн:

2015 оны 1 сарын 30-ны байдлаар Компанийн бэлэн мөнгөний үлдэгдэл 3.3 сая ам.доллар байгаа нь дээр дурдсан торгуулийг төлөхөд хүрэлцэхгүй юм. Уг бэлэн мөнгөний үлдэгдэлд Монгол Улс дахь банкны дансанд битүүмжлэгдсэн байгаа 1.2 сая ам.долларыг оруулаагүй болно... Энэ хэрэг үнэн зөв шийдэхгүй бол Компани төлбөрийн үүргээ биелүүлэх боломжгүй болж сайн дурын болон сайн дурын бус дампууралд орж болзошгүй. 

Угаасаа уналттай нүүрсний салбарт ийм хэрэг нэрмээс болж дампуурах эрсдэлтэй гэж компани өөрөө мэдэгдсэнээс гурван долоо хоногийн дараа 2-р сарын 25-нд  Рио Тинто эзэмшиж байгаа Саусгоби Сэндсийн хувьцаагаа 21 сая доллараар  Хятадын хоёр компанид зарах гэрээ хийж орхив.  Туркүоз Хилл  Саусгоби Ресурсаас эзэмшиж буй хувьцааны үлдэгдлээ зарна мэдээнд өгүүлснээр энэ нь зах зээлд үнэлгээ нь 2,3 тэрбум хүрч байсан компанийн 1 хувьтай тэнцэх орлого.  Каплагийн хэрэг хуучраагүй, Саусгоби Сэндс давж заалдана гэж мэдэгдэж байтал Капла ерөнхийлөгчөөс уучлал хүсээд буй. Өчигдөр монголын 3 иргэнийг өршөөсөн ерөнхийлөгчийн шийдвэр Хятадын компани хийдгээ хийж, Саусгобиг хямдхан авсан арилжааны дараа 3 хэрэгтнийг өршөөх бэлтгэл дэвээ шаваа мэт. Тоог нь тэнцүүлж барьдаг нь их сонирхолтой, би гурван чихэр идлээ, чи ч гурвыг идлээ гээд маргаан хаадаг хүүхдийн тоглоом шиг.

Сентерра Гоулд, Гацуурт руу яриаг буцаая. “Бөөгийн хараал” уу монгол төрийн хараал уу, талбай дээр зан үйл хийсэн 2-р сарын 9-нөөс  Сентерра Гоулдын хувьцаа доорх зурагт харуулснаар бараг 20 хувь унаж ирлээ.

Саусгобигийн 828 хоног үргэлжилсэн хэрэг Хятадын бизнест хямд уурхай болж дууссан. Сентерра Гоулдын хувьцаа хямд байх нь бас хэн нэгэнд ашигтай байж таараа. Хэнд вэ? Нээлттэй арилжаалагдаж буй биржид хувьцаа авах боломж хэн бүхэнд нээлттэй. Өөрийн бүтэн нэрээр биш элдэв хуулийн этгээд, түүний охин хүү хуулийн этгээдээр авах арга зам ч өчнөөн төчнөөн бий. Өчигдөр твиттерт арван хуруундаа шахуу алт зүүсэн эх оронч, Ноён Уул “хамгаалагч”-ийн зураг трэнд болсон. Ийм “эх орончид” юун төлөө улайран тэмцэж, юун төлөө олон нийтийн сүлжээгээр хүүхэд залуусын эх орноо хайрлах сэтгэл дээр тоглолт хийсэн бол?. Заримыг нь Оросууд ухаад Эрмитажид тавьчихсан гэгдэх Ноён Уулын булш бунхныг уу, хувьцааны үнэд монгол төрийн маапаан, гэнэн иргэдийн сэтгэлийг ашигладаг өлсгөлөн спекюлятарыг уу? Өлсгөлөн албан ёсоор зогссон 25-наас эргээд Сентеррагийн хувьцаа сэхэж эхэлсэн. Өнөөдөр өлсгөлөн гэдэсний жинхэнэ эзэн аль хэдийн хийдгээ хийж, хэхэрсэн шиг хэвтэж байж мэднэ.

Сэтгэгдэл бичих

arrow icon