Нийтлэл 03 сарын 09, 2015

The Economist - Хүйсийн хуваагдал

Одоогоос 60-аадхан жилийн өмнө Их Британий дотоод явдлын яамны сайд “Ижил хүйстнүүдийг (буюу ижил хүйстэнтэйгээ явалдагчдыг) нухчин дарна” гэж амлаж байлаа. Сайдын тушаалыг авсан багтай мөрдөгчид тэр зүгийн баар саваар эргэлдэн, ижил хүйстнүүдийг хавханд оруулан шорон руу ачдаг байв. Энэ бол зөвхөн Англиар хязгаарлагдах яриа байсангүй. 1950-аад оны тухайн үед, ижил хүйстэнтэйгээ явалдах нь бараг бүх улсын хуулиар хориглогдож байсан хэрэг. Хятадад 1980-аад оны үед ижил хүйстнүүдийг хуйгаар нь баривчилж, шүүхээр ч оруулалгүй хорих лагерьт албадан ажил хийлгэдэг байв.

The Economist сэтгүүлд бичсэнээр бол

-       Дэлхийн бүх ижил хүйстнүүд айдас дотроо чимээгүйхэн аж төрж байлаа.

Тэгтэл одоо 

-       Дэлхийн олон улсад өрнөж буй ижил хүйстэнд хандах үзэл бодлын өөрчлөлт нь, ертөнцийн гайхамшгуудын (the wonder of the world) нэгд тоологдох болоод байна. (The Economist сэтгүүл)

Америкчуудын 75% нь өөрийнх нь эргэн тойронд танил ижил хүйстэн бий гэж хариулж байна (1985 онд энэ үзүүлэлт 24% байсан). Өнөөдөр Америкийн ард түмний ихэнх хагас нь “Ижил хүйстнүүд хоорондоо гэрлэх боломжтой мужид” аж төрдөг. 2014 оны 10 сарын 6-нд Америкийн дээд шүүх, ижил хүйстний гэрлэлтийн талаарх гомдол ахиж хүлээж авахгүй байхаар шийдсэн.

  • Найрсаг хандлага

The Economist сэтгүүлд бичсэнээр бол, өнөөдөр дор хаяж 113 оронд ижил хүйстний хүйсийн харилцаа нь хуулиар хүлээн зөвшөөрөгдөөд байна. Хуульд нийцсэн нийцээгүйгээс үл хамааран, хөгжингүй орнуудад нэгэнт “Ижил хүйстнийг үл тэвчих үзлийг нийгмээрээ хүлээж авахааргүй болжээ”.Төв болон Өмнөд Америкт бол ижил хүйстнүүдэд тун найрсаг ханддаг гэх.

-       Аргентинд 74%, Бразилд 60% нь “нийгэм ижил хүйстнийг хүлээн зөвшөөрөх ёстой” гэж үзэж байна.

Энэхүү найрсаг хандлагыг ялангуяа залуучууд оройлон манлайлж буй. The Economist сэтгүүлийнхээр бол, Солонгост ижил хүйстнийг хүлээн зөвшөөрөх ёстой гэж үзэж буй хүмүүсийн хувь хэмжээ нь, 50-аас дээш насныхан дотор 16% байгаа бол, 18 – 29 насныхан дотор 71%-ийг давж байна. Тайландад бол өрнийнхнөөс ч илүүтэйгээр трансжендерт (хүйсээ солиулах) хүлээцтэй ханддаг.

  • Жигших хандлага

Нөгөөтээгүүр ижил хүйстэнд аюултай улс орон ч байсаар байна.

-       Ижил хүйстэнд цаазын ял оноодог 5 улс бий.  Иранд дүүжилдэг бол, Саудын Арабад чулуугаар нүүлгэж алдаг. Дэлхийн 78 оронд ижил хүйстний хүйсийн харилцааг хуулиар хориглосон байдаг.(The Economist сэтгүүл)

Африк тив болон Израилийн бүс газраар хуулиас үл хамааран ард иргэдийн зүгээс “адлах болон хорлох” явдал гарсаар байна. Лесбичүүдийг засаж зүгшрүүлэх нэрийн дор “хүчирхийлэл” ч нэлээдгүй тархжээ.Төрөөс хуулиар хязгаарлах явдал ч тасралтгүй нэмэгдсээр байна.

-       Чад улсад ижил хүйстний хүйсийн харилцааг хориглох хууль гаргахаар зэхэж буй. Нигери болон Угандад ижил хүйстний эсрэг туйлын хатуу хууль батлагдсан. Орост ижил хүйстнийг сурталчлан дэмжих явдлыг хориглосон. (The Economist сэтгүүл)

Оросын ерөнхийлөгч Путин ижил хүйстний ертөнцийн тэлэлтийг “Ёс суртахууны завхрал” гэж буруушаагаад, түүнийг өрнийнхний явуулж буй заль мэх гэж зарласан нь бий.

-       Ижил хүйстнийг эсэргүүцэх хандлага Орост 74%, Нигерид 98%-аар тоологдож, Индонез, Сенегал, Уганда, Малайз зэрэг улсад залуучууд ч хөгшчүүлээс дутуугүй үл тэвчих хандлагатай байна. (The Economist сэтгүүл)

Ижил хүйстнийг үл тэвчих нь эрт цагаас нааш оршиж ирсэн хуучны ужиг үзэл тул, тэр хэрээрээ бас илэн далангүй сэтгэгдэл ч гэж хэлж болох талтай. Шашны нөлөө ихтэй орны хэрээр ийм хандлага давамгайлж байдаг.

  • Хот ба хөдөө

Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын үндсэн хууль бол туйлын “ижил хүйстэнд тааламжтай” гэгддэг. Гэвч тэндэхийн тосгонд бол ижил хүйстнийг ил тод намнаж орхихыг байг гэхгүй. Хот газар бол, хэн бүхний нүдэнд өртөх хөдөөтэй харьцуулахад үл танигдах шинж (anonymity) өндөртэй.

-       Энэтхэгийн ижил хүйстнүүдийн амьдрал хязгаар нутагтаа бол одоо ч хүндхэн боловч, Мумбай болон Дели зэрэг төв суурин газартаа бол хууль бус байлаа ч хавьгүй амар жимэр байдаг. (The Economist сэтгүүл)

Хятадад гэхэд хууль бусад тооцогдохгүй. Гэлээ ч хөдөө тосгондоо бол байнгын хавчлагатай. Харин хот газраараа бол нэгэнт нууж хаахаа больжээ. Хотжилт бол ижил хүйстнүүдийн хувьд илэрхий урин салхи юм. 

-       Хүмүүс хот газар шилжин суурьшихын хэрээр хуучны уламжлалт зан заншлууд хүч нөлөөгөө алдсаар байна. 2050 гэхэд хот газар амьдрах хүмүүсийн эзлэх хувь нь одоогийн 54%-66% хүртэл дээшлэх тооцоо бий. (The Economist сэтгүүл)

Талх шарагчид хүрмээр байгаагаас илүүтэйгээр эмэгтэй хүнд хүрмээр байна гэж бодож байгаагүй 10-аад насны нэгэн хүү 1970-аад онд Америкт амьдарч байлаа. Гэсэн ч тэрээр “хэвийн” хүн болохыг хүсэн бачуурахдаа 25 нас хүртлээ “өөрийнхөө үнэнийг” тасралтгүй үгүйсгэсэн гэдэг. Учир нь цаг үе тийм л байлаа. Харин одоо тэрээр хайртай залуутайгаа гэрлэсэн. Тэр хоёрын амьдрах Виржини мужид тэднийг “хэвийн бус” гэж үзэх хүн одоо бараг үгүй болжээ.

Сэтгэгдэл бичих

arrow icon