Улс төрийн модон бялзуухай

Монстуднэтын форум чатнаас блог руу шилжсэн үеийн дурсамжууд баларч оджээ. Харин блогоос жиргээрүү 2007 оны хавар ч бил үү, Хэрэм  гэдэг гоугоу блогчин туиттэр гээч юм гарч бүртгүүлээрээ гэж бичснээр анх аккаунт нээж шилжиж бил ээ. Эхэндээ учраа олоогүй.Хэрэм будагчин мэтийн хальт таньдаг блогчидоо дагачихсан, меншн хийж ч мэдкү нөхөр огт урсдаггүй таймлайнтай сууж байлаа шд. Харин 10 сараас нь идэвхтэй жиргэдэг болж, овоо олон дагагчидтай болж, дагагчийн тоогоор эхний 20 багтаж   явсан үе бий бий. Тэр үед жиргээчид арай жудагтай, бичих унших нь замбраатай, нэг нэгэндээ хүндэтгэлтэй ханддаг , туйлширч савлах нь гайгүй байсан. Намчирхаж хэрэлддэгчгүй байв. Жиргээчдийн анхны шинэ жилд  ууган “шавь”  Нинжбатаа дагуулаад их л бишүүрхүү очиж байв.  Анхны хуушуур гэгчийг (миний л хувьд шүү, өөр бусад анхдагчийн эрхийг зөрчих вий...) Их монголд идхэд бараг 20 орчим жиргээч цуглаж байсан. Хэсэг хуушуурдалт моодонд орж үе үе энд тэнд нийлдэг нийлдгээрээ цугладаг байсныг эргэн дурсахад сайхан байна. Энэ бүх оршил бол жиргээний гэгээлэг үед хамаарах дурсамжууд юм.

Одоо харин жиргээ юу болж орхив? Улс төрчид жиргээнд өөрсдөө орхоос гадна жиргээний хандлагыг нийгмийн хандлага гэж андуурч, шийдвэр гаргахдаа жиргээний “нөлөөнд” автдаг болж, жиргээчид нь үүнд “оодорч “ улам бүр элдэв сэдвээр юу хүссэн есөн хүслээ нэхэж дарамталж шаналгадаг болов.  Өнгөрдөг сонгуулийн үеээр нэг нэр дэвшигчийн тухай юу ч гээд бичсэн юм, нэг сэтгүүлч хүүхнийг шүүхээс хорих шийдвэр гаргаадахсан чинь эрхлэгч нь бүгдээрээ нэр дэвшигч рүү мээссэж бич барь гээд шуугив. Олон хүн бичсэн биз бодвол. Угтаа тэр нөхөр хорь гээд хорьчихсон ч юм байхгүй, шүүх л хорьсон ухаантай. Гэтэл нэр дэвшээд уначихсан нөгөө нөхөр рүү мээссэж бичингүүт өнөөх нь шүүх дээр очоод юу ч гэсийн, ямартаа ч нөгөө сэтгүүлч хүүхнийг нь сулладахаж. Ердөө л нэг оройноос маргааш үд хүртэл болсон процесс. Гэтэл хэн юу хожив? Хамгийн их хожсон нь өнөөх нэр дэвшигч. Өөрийгөө их эрх мэдэлтэй юм байна, хэн нэгнийг хориулж ч чаддаг суллаж ч чаддаг гэсэн ойлголт аваад цаашдаа үүндээ улам эрдэж хууль хамаагүй гэдэг дээдсийн сэтгэхүйдээ улам нэвтэрсэн нь дамжиггүй. Жиргээчид сэтгүүлчид бас өөрсдийгөө их нөлөөтэй юм байна,нийлж  орилж хашгираад юу ч хийж болох юм байна гээд ойлгочихсон. Цаашид олонхоороо хэнийг ч юу ч болгож болох юм байна, хуулийг ч гууль болгох чадвартай юм байна гээд ойлгочихсон. Шүүх ч яахав угаасаа нэр нүүр байх биш, хорь гэхээр хориод гарга гэхээр гаргаж байдаг дохио зангаагаар ажиллаад улам бүр өөрсдөө улс төрөөс хамааралтай болоод өнгөрсөн. Бат инженерийн асуудал ч жиргээг савалгаатай гэдгийг харуулсан. Хуулинд заасан гурван арга хэмжээний Батад хамгийн ашиггүйг нь сонгосон шүүгчийн алдааг(алдаанаас авхуулаад захиалга хүртэл  юу ч байж болно, тэр тухай биш) улс төр, нэг намд наагаад, талбай дээр жагсахын оронд дээд шүүхийн урд жагсаж болно доо? Нэг л их хууль шудрага ёс яриад хүсээд байдаг хүмүүс тэр шудрага ёс нь хуулиар биш нэг хэсэг улс төрчдийн ааш аягаар зохицуулагдаж байгаа, цаашид ч тэднийхээр байхын төлөө яваад байх юм.

Сонгууль уг нь хугацаандаа болбол хаа ч байсан юм. Гэтэл одоо нөгөө улс төрчид жиргээний ерөнхий хандлагыг шийдвэр гаргахдаа харгалзаад байгааг анзаарсан өөр хэсэг бүлэг улс төрчид нь худлаа зохиомол жиргээчид олноор үйлдвэрлэх болов. Нэг л их 20 30 мянган дагагчтай хэн ч танихгүй модон бялзуухай. Хийдэг ажил нь РТ. Аккаунт зарж санхүүгийн асуудлаа шийддэг хандлага гарав. Зарж байгаад нь баяр хүргэхээс аргагүй. Үнэгүй нээж тааваараа жиргэж олон хүн дагуулсны ач гавьяаг мөнгөөр илэрхийлэх боломж олдсон дээр нь ашиглахаас яахав. Харин авч байгаа хүний мөнгө хайран. Даамай 100 100 аар аккаунт худалдаж авч байгаа хүний мөнгө даанч хайран. 1000 хүрэхгүй дагагчтай амьд жиргээч 20 мянган дагагчтай модон бялзуухай аккаунтаас илүү нөлөөтэй. Ядаж байхад тэр олон дагагч нь ихэнх нь өөртэй нь адилхан бот (программчлагдсан автомат гэсэн үг) бас хаанах нь үл мэдэгдэх гадаадууд. Нүүрномноос баахан охидын зураг туугаад л улс төр жиргэж РТ хийдэг аккаунтуудыг би лав хувьдаа блоколдог. Жишээ нь тэр нөлөөлөх гээд байгаа Элбэгдорж нь жиргээ уншихаа байчихад л олон зуун сая төгрөг нь салхинд хийслээ л гэсэн үг. Жиргээчид яахав нэг нэгэндээ олон долоон юмаа ярьж цэцэрхээд угаасаа засаг төрийг засна гэж байх биш.Өөр өөрсдийнхөө эго-г бөөцийлөөд жиргээд сууж байх л жаргал хойно...  Эцэст нь жиргээчиддээ хандаж  нэг л юм хэлмээр  “Улс төрчдөөс хууль л нэх.  Өөр юу ч битгий нэх, өөр юунд ч битгий оролцуул” .


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 4868

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%