Нийтлэл 03 сарын 17, 2015

ШОК ЭМЧИЛГЭЭ: Неолиберализм Монголд ирсэн нь (1)

Монгол Улс “Ардчилсан хувьсгал” хийж зах зээлийн эдийн засагт шилжин, “хүнлэг энэрэнгүй нийгэм”-ийг байгуулах замд гараад даруй 20 гаруй жилийн нүүр үзлээ. Гэвч өнөөдрийг хүртэл эдийн засгаа олигтой босгож чадсангүй. Орлоготой ашигтай байсан цаг үеүддээ үр шимийг нь хүртсэнгүй. Хямрал алдагдалд автсан энэ цаг үед эрчимжүүлэлтийн тухай асуудал ярьж байгаа ч ахиц дэвшил, гэрэл гэгээ нэг л харагдах шинжгүй.

Үнэндээ бол бидэнд эрчимжүүлэх олигтой эдийн засаг байхгүйгээр барахгүй, одоогийн эдийн засаг маань сууриараа гажуудсан тогтолцоотой болчихсон юм. Үүний  учир шалтгааны талаар энэхүү нийтлэлд хөндөхийг хичээв.

МУИС-ийн Эдийн засгийн сургуульд Неолиберализмын өвөг эцэг гэгддэг Фридрих Хайекийн танхим байдаг. Эдийн засгийн багш нар, судлаачид зөвхөн чөлөөт эдийн засгийн онолыг л барьж тайлбар өгөх бөгөөд оюутнуудын хичээлийн агуулгад ч ганцхан энэ л онолыг номлох аж. Неолиберализмын эцэг гэгддэг Милтон Фридманы хөшөө шүтэн бишрэгчдийнх нь хүссэнээр Зайсан толгой дээр залраагүй ч, өнөөдөр Монголын тархийг базсаар.

Өнөөгийн Монголын эдийн засаг суурь бүтцээрээ гажуудалтай байгаагийн үндсэн шалтгаан нь суурь онолдоо байгаа юм бол “энэхүү төөрөгдөл хэзээнээс эхлэв” гэдэг асуулт урган гарч ирнэ. Иймээс асуудал үүссэн цаг үе рүү эргэн очиж, төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засагт шилжсэн шилжилт буюу1990 оны дундуур эдийн засгийн бүтцийг сууриар нь өөрчлөх “Шок эмчилгээ” хийсэн асуудлыг эргэн харах шаардлагатай тулгарав.

“Шок эмчилгээ”-г эдийн засагч Жеффри Сакс анхлан томъёолсон бөгөөд эдийн засгийн хямралын үечлэлийг судалсны үндсэн дээр либералчлах арга хэмжээг цочир хэлбэрээр авснаар эдийн засгийг тогтворжуулах боломжтой гэж үздэг байна.Эдийн засгийг либералчилж, төрийн оролцоог хумьснаар эдийн засаг хар аяндаа цэцэглэн хөгжинө гэж тэрбээр тунхагладаг. Энэ жороор явсан улсууд үнэхээр хөгжсөн үү?

“Шок эмчилгээ” нь эдийн засгийг либералчлах хамгийн радикал неолиберал арга бөгөөд энэхүү онол Чикагогийн их сургууль, Милтон Фридманы нэртэй салшгүй холбоотой. Уг сургуульд бэлтгэгдсэн, “Чикаго бойз” хэмээн нэршсэн эдийн засагчид Латин Америкийн болон хуучин социалист орнуудад “Шок эмчилгээ”-г хэрэгжүүлж, эдийн засгийг нь сууриар нь өөрчлөх гэж оролдсон тохиолдол цөөнгүй. Тэдгээрээс соц орнуудаас анхлан хэрэгжүүлсэн Польш, дараагийн ээлжийн Оросын туршлагыг товч дүгнэж, Монголд хэрхэн хэрэгжсэн, түүний нийгэм, эдийн засагт үзүүлсэн нөлөөлөл болон өнөөгийн асуудлуудтай хэрхэн уялдаж байгааг авч үзье.

 

ПОЛЬШ:“Шок эмчилгээ”

 Польш улс Коммунизмыг нураасны 25 жилийн ойн баяр болох “Эрх чөлөөний өдрөө” өнгөрсөн оны VI сард тэмдэглэлээ. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама баярт хүрэлцэн ирж хэлсэн үгэндээ түүхэн дэх шинэ үеийн, тэр дундаа Европ дахь өөрчлөн байгуулалтын салхийг эхлүүлсэн польшуудын тэмцэл, Ромын пап II Ион Павелийн коммунист  дэглэмийг унагаахад оруулсан гавьяаг цохон тэмдэглэсэн. Үнэхээр ч польш гаралтай Ромын пап Польшийн ардчиллын үйл явцыг идэвхтэй дэмжиж, сэтгэл зүйн маш хүчтэй дэмжлэг үзүүлж байсан гэдэг. Түүний хэлсэн “Бүү ай” гэдэг үг тэмцэгчдийн хувьд бурхны ивээл мэт хүчтэй байжээ. Ватикан Ромын папаар дамжуулан зөвхөн Польш төдийгүй Зүүн Европ, Төв Азид ч коммунист дэглэмийг нураахад томоохон үүрэг гүйцэтгэжээ. Польшийн босогчдын “Солидарность” байгууллагыг Ватиканаас санхүүжүүлж байсан гэсэн таамаг байдаг.

 

Баруунаас үлээх салхи

 

Польш нь социалист системийн орнууд дотроо хамгийн “баруунлаг” гэмээр улс байснаараа онцлог. Барууны орнуудад зорчиход хатуу хязгаарлалт байхгүй, үүнийгээ дагаад Барууны бараа бүтээгдэхүүн болон урлаг, ном сэтгүүл харьцангуй чөлөөтэй нэвтэрдгээс гадна хамгийн гол нь шашин шүтлэгийг хориглодоггүй байсан аж.

 

Зүүн Европт өөрчлөлтийн салхийг эхлүүлсэн Польшийн “Солидарность” байгууллагыг 1980 онд Гданьск хотын усан боомтын ажилчид үүсгэн байгуулж,үйл ажиллагаа нь далд байсан эхний жилүүдэд АНУ-аас санхүүгийн дэмжлэг үзүүлдэг байсан нь бараг 50 орчим сая ам.долларт хүрч байсан гэсэн тоо баримт бий.“Солидарность” яваандаа ажилчдын эрхийг хамгаалах, нийгмийг өөрчлөх зорилготой иргэний хөдөлгөөн болон өргөжиж, 1989 онд Засгийн газартай хэлэлцээр хийсний үр дүнд 1990 он гэхэд анхны хагас-чөлөөт сонгууль явуулж, “Солидарность” оролцсон хамтарсан Засгийн газар байгуулан, Лех Валенса Ерөнхийлөгчөөр сонгогдсон юм.

Сонгуулиас нэг жилийн өмнө Польшийн коммунист намын урилгаар хоёр зочин ирсэн нь тэрбумтан, санхүүч, улс төрийн идэвхтэн Жорж Сорос, “Эдийн засгийн Индиан Жонс” гэгдэх болсон Харвардын их сургуулийн багш Жеффри Сакс нар байв. Зочид Коммунист намынхан болон “Солидарность”-ийн аль алинтай нь уулзаж, Жеффри Сакс Польшид анхаарал төвлөрүүлэн ажиллах боломжтой гэдгээ илэрхийлсэн аж. ОУВС-гийн урдаа барьдаг эдийн засагчдын нэг болох Давид Липтон болон Жеффри Сакс нарын Польшид ажиллах зардлыг Жорж Сорос санхүүжүүлэхэд бэлэн гэдгээ ч мэдэгдсэн аж. Ингээд жилийн дараа буюу “Солидарность” сонгуульд ялсны дараа Сакс нягт хамтын ажиллагаагаа эхлүүлэв.

Ж.Сакс ОУВС, АНУ-ын Засгийн газрын аль алинд нь ажиллаж байгаагүй, сайн дурын зөвлөх  байсан хэдий ч “Солидарность”-ийн удирдлагуудын нүдэнд бараг л гайхамшгийг бүтээх гэгээнтэн мэт харагдаж байв. Вашингтонд нөлөө бүхий танилын хүрээтэйн дээр домог болсон нэгэн тул Польшид зайлшгүй хэрэгтэй байгаа тусламжийн мөнгө, зээлийг олж өгөх ганц найдвар нь тэр болж байлаа. Харин Саксын туслалцааг авахын тулд түүний тавьж буй бүхий л нөхцөлийг Засгийн газар хүлээн авах ёстой байв.

Эдийн засгийг шокоор эмчлэх “Саксын төлөвлөгөө”

Авторитар дэглэмийнхэн эрх мэдлээ ардчилсан хүчнийхэнд өгөх цаг мөч нь эдийн засгийн мухардалд орох яг тэр үетэй хууль юм шиг давхацдаг нь Латин Америкийн орнуудын жишээнээс харагддаг.Польшид ч энэ зүй тогтол давтагдав.

Улсын өр 40 тэрбум ам.доллар, инфляц 600 хувь, хүнсний хомсдол үүссэн, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн нь борлуулах зах зээлгүйн улмаас агуулах дүүрсэн гээд коммунистуудын олон жил хуримтлуулсан гажуудлыг “Солидарность”-ийнхан хүлээн авчээ.

Социализмын дараах шатыг бүтээн босгоно гэж мөрөөдөж байсан тэд цалин тавих, хүнсний хомсдлыг арилгах зэрэг даруйхан шийдэх өч төчнөөн асуудлуудтай нүүр тулаад байв.

“Солидарность”-ийн удирдлагууд эдийн засгийг төрийн дарангуйллаас чөлөөлөхийг хүсч байсан ч оронд нь юу бүтээн босгохоо мэдэхгүй байлаа. Нэг хэсэг нь улсын үйлдвэрийн газруудыг ажилчдын хоршоолол болгон өөрчилж, ажилчид өөрсдөө удирдах нь зүйтэй гэсэн байр суурьтай. Ингэснээр өрсөлдөх чадваргүй болсон үйлдвэрийн газрууд эргээд амь орно гэж найдаж байж. Харин нөгөө хэсэг нь зах зээлийн эрэлт нийлүүлэлтээр зохицуулагдах эдийн засгийн салбаруудыг аажим аажмаар тэлэх нь зүйтэй гэж үзэж байв. Тэд нууц хэлбэрт ороод байсан лангуу, хар захыг хуулийн дагуу зөвшөөрснөөр хувийн хэвшил яваандаа төлөвшин бүрэлдэнэ. Үүний хажуугаар төрийн сектор ч мөн хүчирхэг байдаг Скандинавын орнуудын социал- демократ загварыг дэмжих нь зөв гэж байв.

Гэхдээ нэн тэргүүнд өрийн дарамтаас гарах, айсуй хямралаас сэргийлэх санхүүгийн тусламж хэрэгтэй байлаа. ОУВС болон АНУ-ын Сангийн бодлогыг барьж байсан “Чикаго” школтой эдийн засагчид Польшийн нөхцөл байдлыг радикал “Шок эмчилгээ” хийх таатай үе гэж харж байв.Улс төрийн тогтолцооны шилжилттэй давхцаад эдийн засгийн чиг баримжаагаа алдаж, асар их өрийн дарамтад орсон тул тэр чигээрээ хямрах аюул Польшид нүүрлэж байлаа.  Нөхцөл байдал хүндрэх тусам польшууд улам л чих зөөлөнтэй болох тул тусламж үзүүлэхийг тэд нэг их яаравчлахгүй байв. Харин чих нь нэлээд зөөлөрсөн үед нэгэн аврагчийг Жорж Сорос Польшид авчирсан нь Жеффри Сакс байсан юм.

Жеффри Саксын эмчилгээний жор тун тодорхой.ОУВС-гийн эдийн засагч Липтонтой хамтран ганцхан өдрийн дотор бичиж өгсөн 15 хуудас “эмчилгээний жор” нь Боливийнхаас ч илүү радикал. Ганцхан өдрийн дотор төрөөс үнийг хянаж, татаас өгч байсныг зогсоож, үнийг бүрэн чөлөөлөх, улсын үйлдвэрийн газрууд, уурхайнуудыг  хувьчлах тухай бичсэн байв. Гэтэл энэ хөтөлбөр намаас бүх эрх мэдлийг авч ажилчдад өгөх “Солидарность”-ийн мөрийн хөтөлбөрийн тэс эсрэг зүйл байв. Энэхүү жорыг хүлээж авах юм бол “Солидарность”-ийн удирдлагууд махны үнийг нэмснийг эсэргүүцэн тэмцэж байсан жирийн гишүүдээсээ урвасан хэрэг болох байлаа.

Сакс Польш улс нэгэнт хайпер инфляц бүхий эдийн засгийн гүнзгий хямралын ирмэг дээр тулж ирсэн тул “институцийн ангал дээгүүр харайхаас өөр аргагүй” болсон гэдгийг нөлөө бүхий удирдлагуудад ойлгуулахад ихээхэн хүчин чармайлт гаргав. Коммунистууд хүнсний бүтээгдэхүүний үнийг нэмснийг эсэргүүцэн бий болсон хөдөлгөөн одоо Саксын зөвлөсний дагуу үнийн өсөлтийг бүр ямар ч хяналтгүй болгож, чөлөөлөхөөр болж байгаа нь олон нийтийн итгэлийг эвдсэн хэрэг болохоор байв. Нөгөө талаас маш яаралтай арга хэмжээ авахгүй бол болохоо байсан үе байлаа. Саксын санал болгож буй эмчилгээ хэцүү ч богино хугацаанд хуучин системийн бүтцүүдийг өөрчлөх замаар Польш улсыг Франц, Герман шиг Европын улс болгох шидтэй юм бол зовлонгийн түргэн нь дээр бус уу.

Сакст туслах хүн гарч ирсэн нь шинээр томилогдсон Сангийн сайд Лешек Бальцерович байв. Тэрбээр социализмын үед Польшид нууцаар хэвлэгдсэн Милтон Фридманы “Free to choose: A personal statement”(“Непко” хэвлэлийн газраас “Хувь заяагаа сонгох нь” гарчигтайгаар орчуулж, хэвлэн гаргасан) номыг уншиж, Фридманыг шүтэн биширсэн нэгэн байв. Харин Лех Валенсагийн хувьд Фридманы фундаменталист капитализмын хувилбар ард түмэндээ өгсөн амлалтаас нь тэс өөр зүйл байсан тул “Бидний бүтээн босгохыг зорьж буй нийгэм бол капитализм биш. Харин капитализмын сул талуудыг бүрэн хаасан, капитализмаас хавьгүй илүү сайн систем байх болно” гэж байлаа.

Польш улс ямар замыг сонгох вэ гэдгээ шийдэж чадалгүй гурван сар болох хугацаанд хямрал улам гүнзгийрсээр эцэстээ Польшийн эдийн засгийн байдал хурц хэлбэрийн туйлдалтад орсон тул яаралтай “Шок эмчилгээ”-нд оруулах шийдвэр гарав. “Шок эмчилгээ”-ний сонгодог жорын дагуу улсын үйлдвэрийн газруудыг хувьчилж, хөрөнгийн бирж байгуулан, валютын ханшийг чөлөөлж, хүнд аж үйлдвэрээс өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэлд шилжих, мөн төсвийг огцом танах зэргийг нэгэн зэрэг, нэн яаралтай хийх боллоо. Сакс ОУВС-тай зөвшилцөж Польш улсын өрийг бага зэрэг бууруулан, валютын ханшийг тогтворжуулахад зориулан нэг тэрбум доллар авч чадав. Хариуд нь “Шок эмчилгээ”-г эргэлт буцалтгүй хийх ёстой байв.

Сакс өөрийгөө түргэний эмчтэй зүйрлэх дуртай аж.

“Хэрвээ яаралтай тусламжаар зүрх нь зогссон өвчтөн хүргэгдэн ирвэл нэн тэргүүнд зүрхийг нь ажиллуулахын тулд цээжийг нь нээхээс биш, хагалгаанаас ямар сорви үлдэх тухай бодох сөхөө байхгүй. Өвдөлт, цус алдалт зэргийг тойрч гарах ямар ч сонголт байхгүй”

гэжээ. 

“Шок эмчилгээ” “Европ руугаа буцах” зам биш байв

Польш улс яаралтай эмчилгээний дараа арайхийн ухаан орж, эмчийн ур чадвар болон эмчилгээ зөв байсан, эсэх талаар бодож үзэх сөхөөтэй боллоо. Саксын амласнаар түр зуурын сөрөг үр дагавар төдийхөн учирсангүй, харин гүн хямралд автжээ.Эдийн засгийн шинэчлэл хийж эхэлснээс хоёр жилийн дараа гэхэд аж үйлдвэрийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 30 хувь буурчээ. Төсвийг хумьж, импортын хямд бүтээгдэхүүн орж ирэх нөхцлийг бүрдүүлснээр ажилгүйдлийн төвшин тэнгэрт тулав.1993 он гэхэд ажилгүйдлийн төвшин 25 хувьд хүрсэн нь коммунизмын үед албан ёсны ажилгүйдэл 0 хувьтай байсны дэргэд гамшиг байв. Эдийн засаг яваандаа сэргэж эхэлсэн ч ажилгүйдлийн төвшин одоо хүртэл Европын холбоондоо толгой цохих хэмжээнд өндөр буюу 20 хувьтай байсаар байна. 2006 оны байдлаар 24 хүртэлх насны залуучуудын 40 хувь нь ажилгүй байсан нь Европын холбооны дунджаас даруй хоёр дахин өндөр үзүүлэлт юм.

Ядуурлын үзүүлэлт ч эмзэглүүштэй.Энэ үзүүлэлт 1989 онд 15 хувьтай байсан бол 2003 он гэхэд Польшийн хүн амын 59 хувь нь ядуу гэсэн ангилалд оржээ. Амьдралын өртөг эрс нэмэгдэж, ажлын байрны баталгаа алдагдав. Европын дундаж улс болох Польшийн мөрөөдөл ийнхүү замхрав.

Жил хагасын дараа “Солидарность”-ийн жирийн гишүүдийн тэсгэл барагдаж, туршилтаа зогсоохыг шаардах болов.1990 онд нийтдээ 250 ажил хаялт болсон бол 1992 он гэхэд 6000 гаруй бослого хөдөлгөөн гарсан байна. Ийнхүү олон нийтийн зүгээс хүчтэй эсэргүүцэлтэй тулгарсан Засгийн газар өргөн хүрээтэй хувьчлалын төлөвлөгөөгөө эргүүлэн татахад хүрэв. 1993 оны эцэст эсэргүүцлийн жагсаал, арга хэмжээний тоо 7500-д хүрэх үед Польшийн аж үйлдвэрийн 62 хувь нь төрийн мэдэлд байлаа. Польшийн ард түмэн өргөн хүрээтэй хувьчлалыг зогсоож чадсанаараа эдийн засгийн реформын хор уршгийг ч мөн бууруулж чаджээ.“Солидарность”-ийн бодлогыг эсэргүүцэх арга зам нь зөвхөн бослого жагсаал байсангүй. Тэмцэж олсон ардчиллынхаа ачаар дараагийн сонгуульд Польшийн сонгогчид “Солидарность”-д 5-аас бага хувийн санал өгснөөр Парламентад суудалгүй хоцров. Ерөнхийлөгч Мазовецкийн шинэ нам дөнгөж 10.6 хувийн санал авсан нь “Шок эмчилгээ”-г иргэд эсэргүүцэж буйн тод илэрхийлэл болов.

Иймэрхүү бэрхшээлүүд учирч байсан ч Польшийг чөлөөт эдийн засагт шилжих шилжилтийг тайван замаар хийсэн анхдагч гэж нэрлэхээ Барууныхан мартдаггүй. Тэдний Польшид хийсэн “Шок эмчилгээ” нь анхнаасаа соц блокийн эдийн засгийг “шинэчлэх” жишиг төсөл байсан тул их хэмжээний санхүүгийн дэмжлэгийг өгч байсан юм. Энэхүү санхүүжилтийн хүчинд л Польшийн эдийн засагт учирсан хохирол бусад орныхтой харьцуулбал арай бага байсан. Гэхдээ энэхүү бодлогын уршгаар тус улсын эдийн засгийн бүтэц задран, хямралд орж, үйлдвэрлэлийн чадавхгүй хэрэглэгч улс болон хувирч, урт хугацаандаа эдийн засгийн бие даасан байдлаа алдах эрсдэлд орсон юм.

Улс орнуудын түүхийг өөр өөрийн ашиг сонирхолд нийцүүлэн тайлбарлах нь шинэ зүйл биш тул Польшийн ардчиллын түүхийг ч ийнхүү өөр өөрийнхөөрөө тайлбарлаж хэвшжээ. Гэхдээ Польшийн ард түмний нөр их тэмцлийн дүнд олж авсан ардчилал нь гудамжны жагсаал болон сонгуулиар дамжуулан неолиберализмтай хийх тэмцлийнх нь гол зэвсэг байсан нь маргашгүй үнэн билээ.

 

Польшоос бид ямар сургамж авч болох вэ?

Гаднын аливаа туршлагыг хуулахын өмнө тухайн орны эдийн засаг, нийгэм, соёл, уламжлал, хүн ам, газар зүйн байршил гээд бүхий л онцлогийг цогцоор нь авч үзэх нь чухал. Тэгж байж л тухайн үйл явдал өрнөсөн цаад учир шалтгаан, аливаа арга хэмжээ, эдийн засгийн бодлого амжилттай, эсвэл амжилтгүй хэрэгжсэний үндэс суурийг ойлгох боломжтой.

Социалист блок ийнхүү Польшоос эхлэн нурж, ардчилал тогтооход Ватиканы оюуны болон санхүүгийн хөшүүрэг, Барууныхны шууд болон шууд бус дэмжлэг чухал нөлөө үзүүлжээ. “Шок эмчилгээ”-ний жороор эдийн засгаа огцом либералчилснаар дотоодын зах зээл нь импортын бүтээгдэхүүнээр дүүрч, үндэсний аж үйлдвэр уналтад орон, хувьчлалаар улсын үйлдвэрийн газрууд эрх мэдэлтнүүдийн халаасанд оров. Аж үйлдвэрийн уналтыг дагаад гэмт хэрэг, авилга, ядуурал, ажилгүйдэл, архидалт урьд хожид байгаагүй гамшгийн хэмжээнд хүрч, эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбарууд хөсөр хаягджээ.

Польш социалист системд шилжихээсээ өмнө хөрш орнуудынхаа нэгэн адил өөрийн гэсэн аж үйлдвэрийн томоохон бааз суурьтай, өөрсдийнх нь тодорхойлсноор “Европын орон” байсан. Харин социалист блокт орсноороо Баруун Герман, Франц зэрэг орнуудтай харьцуулахад илт хоцорсон тул социализмыг халж, эргэж капитализмдаа очихыг хүсэх нь зүйн хэрэг байлаа.“Шок эмчилгээ” буюу эдийн засгийн шинэчлэлийн хөтөлбөр нь “Return to Europe” буюу “Европ руу буцъя” гэсэн уриатай байв. Гэхдээ хэт цочир шинэчлэл нь эдийн засаг, нийгмийн асар их сөрөг үр дагавар авчирсан тул хоёр жил ч хүрэхгүй хугацаанд олон нийтийн хүчтэй шахалтаар “Шок эмчилгээ”-г зогсоож, аажуу шилжилтийн замыг сонгосон түүхтэй.

Польшийн ард түмэн “Шок эмчилгээ”-г зогсоох улс төрийн сонголтыг өөрсдөө бие даан хийж, үндэстнийхээ эрх ашгийг хамгаалж чадсан юм. Энэ асуудал дээр бол харин Польшийн ард түмний эр зоригийг үнэлэн мэхийн ёсолсон Барак Обаматай санал нэг байна.

 

Жеффри Сакс гэж хэн бэ?

1954 онд төрсөн, АНУ-ын иргэн, Колумбын их сургуулийн профессор, НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүний Мянганы хөгжлийн зорилтуудыг хариуцсан тусгай зөвлөх.Макро эдийн засагч мэргэжилтэй Жеффри Сакс нь Латин Америк, Зүүн Европ, хуучин ЗХУ зэрэг олон орны Засгийн газруудад төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас чөлөөт эдийн засагт шилжих шилжилтийг хэрэгжүүлэхэд зөвлөхөөр ажиллаж байснаараа алдартай нэгэн. Түүний “Шок эмчилгээ”-ний жорд зах зээлийг нэг далайлтаар огцом либералчлах хэд хэдэн арга хэрэгсэл байдаг бөгөөд эдгээр нь төрийн бүх төрлийн татаасыг зогсоож үнийг бүрэн чөлөөлөх, гадаад худалдааг бүрэн чөлөөлөх, төрийн өмчит үйлдвэрийн газруудыг хувьчлах, тухайн орны эдийн засгийг америк доллартай уях зэрэг аргууд ордог. Тэрбээр Монгол Улсад “Шок эмчилгээ”-г хэрэгжүүлэхэд зөвлөмж өгөх зорилгоор хоёр ч удаа ирж байжээ.

 

ОРОС: “Шок эмчилгээ”

Польш орныг шокоор “амжилттай эмчилж” үлгэр жишээ харуулсан тул ЗХУ-ын ээлж ирэв.1989 онд “Солидарность”-ийн эхлүүлсэн “Ардчиллын салхи” ЗХУ-д аль хэдийнэ хүрсэн байлаа. 1990 онд Лех Валенса Польшийн Ерөнхийлөгчөөр сонгогддог жил ЗХУКН-ын Төв Хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Михаил Сергеевич Горбачев Энх тайвны Нобелийн шагнал хүртэв. Горбачев “хүйтэн дайны төгсгөл”-ийг авчирч буй баатар хэмээн шагшигдаж байв. “Гласность, перестройка”-гийн бодлогоороо тэр ерээд оны дунд үе хүртэл ЗХУ-ыг ардчилсан системд алгуурхнаар боловч тууштай шилжүүлж байлаа. Хэвлэлийн эрх чөлөөг хангаж, Үндсэн хуулийн цэцийг хараат бус болгож, парламент болон орон нутгийн сонгууль зэргийг нээлттэй, ил тод явуулж эхэлсэн. Харин эдийн засгийн бүтцийн тухайд гэвэл стратегийн ач холбогдолтой салбаруудыг төрийн хяналтад үлдээн, зах зээл болон нийгмийн хамгааллын системийн  оновчтой хослолыг бүтээхээр зорьж байв.  Харин энэхүү шилжилтийг амжилттай дуусгахад 10-15 жилийн хугацаа хэрэгтэй бөгөөд Скандинав загварын социал демократыг бүтээж, “хүн төрөлхтнийг социалист гэрэлт бамбар”-аар гэрэлтүүлэх мөрөөдлөө биелүүлэхэд нь Барууныхны дэмжлэгийг авах найдварыг нь Нобелийн шагнал бататгаж өгч буй мэт байлаа.

 

ЗХУ-ын хүлээж аваагүй “Шок эмчилгээ”-г ОХУ хүлээн авсан нь

Гэтэл 1991 оны долоодугаар сард болсон Их долоогийн уулзалтын үеэр Их Британи, АНУ, Канад, Японы Төрийн тэргүүн нар нэгэн дуугаар эдийн засгийн радикал “Шок эмчилгээ” нэн даруй эхлүүлэхгүй бол тусламж дэмжлэг үзүүлэхгүй гэдгээ илэрхийлэв. “Шилжилтийг хийх арга зам болон хурд, хугацааны санал нь үнэхээр гайхширмаар байв” хэмээн Горбачёв хожим бичсэн байдаг.Их долоогийн уулзалтын дараа ОУВС, Дэлхийн банк болон бусад нөлөө бүхий санхүүгийн байгууллагуудаас ижил шахалт үзүүлэх болов.

Их долоо болон ОУВС-гийн зөвлөж буй “Шок эмчилгээ”-г хийхийн тулд ЗХУ-д өрнөөд байсан ардчиллын үйл явцыг хүч хэрэглэн зогсоох шаардлага гарна гэдгийг Горбачев мэдэж байж. Барууны нэр хүнд бүхий хэвлэлүүдэд, тэр дундаа“The Economist”, “Washington Post”зэрэг сонин, сэтгүүлүүдэд Чилид “Шок эмчилгээ” хийсэн Пиночетээс үлгэр авч, ЗХУ-д эдийн засгийн шинэчлэлийг хатуу гараар хийх тухай бичих болов.

Их долоогийн уулзалтаас ганцхан сарын дараа Москвад нэгэн хачирхалтай үйл явдал болж, “Оросын Пиночет” гэнэт тодрон гарч ирэв. Парламентын ордны өмнө хуучны коммунистууд танк байрлуулан, ардчиллын үйл явцыг зогсоохын тулд анхны чөлөөт сонгуулиар байгуулагдсан Парламентыг тараахаар сүрдүүлэв. Энэ үеэр тухайн үед Оросын Ерөнхийлөгч байсан Борис Ельцин ардчиллыг хамгаалахаар танк өөд авиран гарч, босогчдыг буруушаасан үг хэлснээс хойш Ельцин ардчиллын цогтой хамгаалагч хэмээн хүндлэгдэх боллоо. Харин хоёрхон жилийн дараа “Шок эмчилгээ” хэмээх эдийн засгийн шинэчлэлийн бодлогоо үргэлжлүүлэхийн тулд Ельцин Парламентын ордны гадна гуч гаруй танк, хуягт, нисдэг тэрэг зэргийг дайчлан ирүүлж, ардчилсан Парламентыг тараасан нь эдийн засгийн бодлого нь түүнд ардчиллаас илүү чухал байсныг илтгэх аж.

Б.Ельцин шинээр олж авсан алдар нэрдээ түшиглэн эрх мэдлээ бэхжүүлэх дараагийн алхмыг хийв. Үймээнээс хойш дөрвөн сарын дараа буюу 1991 оны 12-р сард ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан хоёр улстай Холбооны гэрээ байгуулснаар ЗХУ тэр даруй задран унав. Горбачев ч огцрохоос өөр аргагүй болж, Ельцин төрийг тэргүүлэх боллоо. Оросын ард түмний хувьд ЗХУ задран унасан нь хүнд цохилт болсон бөгөөд “дараагийн гурван жилд үзэх гурван хүнд шокны эхнийх нь энэ байлаа” гэж улс төр судлаач Стивен Кохен бичжээ.

“Шок эмчилгээ”-ний алдарт “эмч” Жеффри Сакс энэ түүхэн өдөр Кремлийн ордонд байж таарсан нь Ельциний урилгаар Польшийн жишгээр Оросыг эмчлэхээр ирсэн хэрэг байлаа. Ельцинд Саксын зөвлөгөөнөөс гадна Польшид олж өгсөн шиг их хэмжээний мөнгөн тусламж, санхүүжилт хэрэгтэй байв. Хэрвээ Орос улс Саксын зааварчилгааг яг таг биелүүлж капиталист эдийн засагт цочир шилжилтийг хийх юм бол 15 тэрбум ам.доллар босгож чадна гэж тэр амлав. Гэхдээ Саксын аз шовойсон үе төгсгөл болж байсныг Ельцин мэдсэнгүй, бичиж өгсөн “эмчилгээний жор”-ыг нь хэрэгжүүлэх ажилдаа шуурхайлан оржээ.

1991 оны сүүлчээр Ельцин Оросын парламентад эдийн засгийн хямралыг даван туулж, эрүүл системийг босгох төлөвлөгөөгөө танилцуулан, нэг жилийн хугацаанд хууль батлах тусгай эрх олгох хүсэлт гарган, зөвшөөрүүлж чадлаа. Ийнхүү дарангуйлагч нарт л байдаг онцгой эрхийг эдлэх болсноор нэн даруй Чикагогийн их сургуулийн сурах бичгүүдийг сайтар судалж, тэдгээр онолын дагуу Оросын эдийн засгийг шинэчлэх арга замыг “эзэмшсэн” эдийн засагчдыг цуглуулан Ажлын хэсэг байгуулж, ахлахаар нь Егор Гайдарыг томилов. Тэд АНУ-д суралцаагүй ч гэлээ Фридрих Хайек, Милтон Фридман нарын үнэнч дагалдагчид байсан тул Оросын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд тэднийг “Чикаго бойз”, харин Барууныхан “залуу шинэчлэгчид” гэж нэрлэжээ. Ийнхүү Гайдараар толгойлуулсан либерал эдийн засагчид эдийн засгийн тогтвортой байдал бий болгох үүргийг хариуцан, аюулгүй байдлыг Юрий Скоковт хариуцуулж,  Батлан хамгаалах, Дотоод яамыг мэдэлд нь өгөв.

АНУ-ын Засгийн газар Ельциний “Чикаго бойз”-д идеологи болон техникийн туслалцаа үзүүлж, мэргэжилтнүүдийг илгээж байв. Жишээ нь 1992 оны намар USAID Харвардын их сургуультай 2.1 сая ам долларын гэрээ байгуулан, Гайдарын ажлын хэсэгт хуульчид, эдийн засагчдыг илгээж байв. Ельциний зөвлөхөөр ажиллаж байсан Саксыг 1995 оны тавдугаар сард Харвардын их сургууль Олон улсын хөгжлийн институтийнхээ захирлаар томилов.

Горбачевыг огцорсноос долоохон хоногийн дараа шинэчлэгчид эдийн засгийн “Шок эмчилгээ”-гээ эхлүүлснээр Орос орон Европын хоёр дахь шоктой нүүр туллаа. 1991  оны 10-р сарын 28-нд Ельцин бүх бараа бүтээгдэхүүний үнийг чөлөөлөх тогтоол гаргаж, үнэд тавьж байсан төрийн хяналтыг үгүй хийв. “Шок эмчилгээ”-ний хөтөлбөрт чөлөөт худалдааны бодлого болон өргөн хүрээтэй хувьчлал мөн багтсан байлаа. Нэн яаралтайгаар

225 мянган улсын үйлдвэрийн газруудыг хувьчлах ажил бол үе шаттай хувьчлалын дөнгөж эхний үе шат байв. 1992 онд явуулсан санал асуулгаар хүн амын 67 хувь нь улсын өмчийг хувьчлах шударга арга зам бол ажиллагсдын хоршоодод шилжүүлэх явдал, 79 хувь нь Засгийн газрын үндсэн үүрэг бол бүрэн ажил эрхлэлтийг бий болгох, 70 хувь нь үнийг төрийн хяналтад байлгахын төлөө санал өгч байж. Ийм нөхцөлд “Шок эмчилгээ” хийхийн тулд эсэргүүцэл үзүүлэх сөхөө өгөхгүй байх нь чухал байсан тул ийнхүү шуурхай эхэлсэн юм. Ельцин зургаан сарын дараагаас эмчилгээ эерэг үр дүн үзүүлж эхэлнэ гэж амлаж байсан ч жилийн дараа гэхэд байдал гамшгийн хэмжээнд хүрчээ. Дундаж давхаргын сая сая иргэд рублийн ханшийн уналтаас болон хадгаламж нь үнэгүйдэж, улсаас өгч байсан татаасыг огцом зогсоосноор олон сая ажилчид хэдэн сарын турш цалингаа авч чадахгүйд хүрэв. 1992 он гэхэд дундаж иргэний хэрэглээ 40 хувиар буурч, хүн амын 1/3 нь ядуусын эгнээнд шилжив. Дундаж давхаргынхан гудамжинд хувийн эд хөрөнгөө зарж борлуулан амь зогооход хүрч байв. 

Ингээд Польшид өрнөсөн үйл явдал давтагдан, олон нийтийн зүгээс эдийн засгийн харгис туршилтаа зогсоо гэсэн хүчтэй эсэргүүцэл үзүүлэх болсон тул 1992 оны 12-р сард Гайдарыг огцруулж, гурван сарын дараа Ельциний онцгой эрхийг Парламентаас цуцлав. Харин өнгөрсөн хугацаанд онцгой эрх мэдэлдээ дассан Ельцин уг шийдвэрийг эсэргүүцэн, онцгой байдал зарлах нь тэр. Гурван өдрийн дараа Үндсэн хуулийн цэц (бие даасан Үндсэн хуулийн цэц байгуулсан нь Горбачевын томоохон гавьяаны нэгд зүй ёсоор тооцогддог)9:3-ын харьцаатайгаар Ельцин Үндсэн хууль зөрчсөн байна гэсэн шийдвэр гаргав. Энэ цаг мөчийг хүртэл “Эдийн засгийн шинэчлэл”, ардчилсан шинэчлэл хоёр нэг зоосны хоёр тал мэт байсан бол Ельцин онцгой байдал зарласнаас хойш Эдийн засгийн шинэчлэл нь Ардчиллын суурь зарчмын эсрэг, ардчилсан Парламент, Үндсэн хуулийн эсрэг болж хувирав. Үнэн хэрэгтээ Парламентын 1041 гишүүд бол өнгөрсөн хугацаанд Горбачев, Ельцинийг дэмжиж, ардчиллын төлөө ажиллаж байсан тэр л хүмүүс байлаа.

Жеффри Сакс болон түүний тусгайлан боловсруулсан жор болох “шок эмчилгээ”-ний онолын үндэс гэгдэх “Вашингтоны зөвшилцөл”-ийн гишүүдийн өгсөн зөвлөмжийн дагуу Ельцин эдийн засгийн бүтцийг шокоор эмчилж,сая сая оросуудад зовлон зүдгүүрийн үндсийг тавив. Энэ ажлыг Орост удирдан зохион байгуулсан Егор Гайдарыг 2009 онд нас барахад парламент гашуудлын нэг минут зарлахыг зөвшөөрөөгүй юм. 

Ельциний хэрэгжүүлсэн “Шок эмчилгээ”-нд таван арга хэмжээ багтаж байсан.Тэр нь үнийг огцом чөлөөлөх, макро эдийн засгийг тогтворжуулах, улсын үйлдвэрийн газруудыг хувьчлах, нөөцийн төвлөрсөн төлөвлөлт болон хуваарилалтын системийг устгах, гадаад худалдаа болон хөрөнгө оруулалтын бүх хязгаарлалтыг устгах байлаа.

Үнийн огцом либералчлал: Үнийг зах зээл өөрөө зохицуулах ёстой гэсэн зааврын дагуу бөөний, жижиглэнгийн бүх төрлийн үнэд төрөөс тавих хяналт зохицуулалтыг үгүй хийв. Мөн рублийн үнэд төрөөс тавих хяналтыг үгүй хийж, валютын зах зээл дээрх эрэлт нийлүүлэлтээр зохицуулагдах хөвөгч ханшид шилжүүлэв. Ингэснээр инфляцыг бууруулна гэж байсан боловч үнэн хэрэгтээ 1992 он гэхэд инфляц 2500 хувьд хүрсэн. 1994 оны VI сар гэхэд үхрийн мах 3187 рубльд хүрч, 1991 онд хоёр рубль байсантай харьцуулахад бараг 1600 дахин өсжээ. Томоохон үйлдвэрийн газрууд үнээ ямар ч үндэслэлгүйгээр, дураараа өсгөж байв. Нөгөө талд бодит цалин 1992 онд 28 хувиар буурч, тэтгэвэр тэтгэмжийнхэнд бүр ч хүндээр туслаа. Үнэ цэнээ хадгалах зүйлс болох гадаад валют, үл хөдлөх хөрөнгө, уул уурхайн түүхий эд зэрэгт хөрөнгө оруулалт чиглэж, шинэ үйлдвэр барих, шинэ тоног төхөөрөмж худалдан авах зэрэг баялаг бүтээх үйлдвэрлэлд хөрөнгө оруулалт огт хийгдэхээ болив. Хувийн хэрэглээ буурсан тул Засгийн газрын хэрэглээг өсгөхгүй л юм бол хүнд хямрал нүүрлэх нь гарцаагүй боллоо.

Макро эдийн засгийн тогтворжуулалт: Гэтэл инфляцын үед Засгийн газрын зардлыг бууруулах шаардлагатай байдаг. Эдийн засгийг тогтворжуулахын тулд хоёр чиглэлийн арга хэмжээ авав. Нэгдүгээрт, Засгийн газрын зардлыг танах. ЗХУ-ын сүүлийн жилүүдэд төсвийн алдагдал улам бүр нэмэгдэж байсан тул төсвийн алдагдлыг яаралтай бууруулахыг хичээв. Өөрөөр хэлбэл, цэрэг арми, эрүүл мэнд, боловсрол зэрэг салбаруудад зарцуулах мөнгийг эрс хумилаа. Хоёрдугаарт, зээлийг хязгаарлаж, мөнгөний бодлогыг чангатгав. Үүний үр дүнд үйлдвэрлэлийн зориулалтаар хөрөнгө оруулалт босгох ямар ч боломжгүй болов. 1992 оны дунд үе гэхэд инфляцыг сааруулж чадсан ч аж үйлдвэр асар том уналтад орлоо. Ихэнх үйлдвэрийн газрууд эргэлтийн хөрөнгө ч үгүй болж, цалингаа хүртэл тавьж чадахаа больсон байв. 1992-1995 оны хооронд хэрэгжүүлсэн мөнгөний хатуу бодлогын үр дүнд зээл олдохоо байж, Оросын аж үйлдвэрийн салбар технологийн шинэчлэл хийх ямар ч боломжгүй болж, бүтээгдэхүүнүүд нь олон улсын зах зээл дээр өрсөлдөх чадваргүй болов. Засгийн газрын зардлыг танаснаар дэд бүтэц, харилцаа холбоо, эрүүл мэнд, боловсролын салбарууд доройтож, нийгэмд асар их гамшгийг авчирлаа. ЗХУ-ын үетэй харьцуулбал нас баралт 13 хувиар өссөн гэдэг.

Улсын үйлдвэрийн газруудын хувьчлал:  Орост мөн Монголтой адил жороор хувьчлалыг хийж, бүх иргэддээ ваучер буюу тасалбар тараажээ. Ингэж хувьчлахын гол дутагдал нь үйлдвэрийн газруудад бодитоор ямар ч мөнгө оруулдаггүйд байдаг. Жижиг үйлдвэрийн газруудын хувьчлал тодорхой хэмжээгээр асуудал багатай байсан боловч томоохон үйлдвэрийн газруудыг үнэн хэрэг дээрээ эрх мэдэлд ойр байсан хэсэг хүмүүс л хувьчилж авснаар ард түмний зүгээс хувьчлалыг луйвар болсон гэж үздэг нь буруу биш юм. Луйврын хувьчлалтай 

холбоотойгоор зохион байгуулалттай гэмт хэрэг цэцэглэж, Орост мафи гэгдэх цоо шинэ гэмт хэргийн сүлжээнүүд бий болов. Мафийнхан мөнгө, зэвсгийн хүчээр томоохон үйлдвэрийн газруудыг хувьчилж авдаг байсан бөгөөд сүүлдээ нийгмийг хамарсан хүчирхийлэл газар авчээ.

1994 онд Ерөнхийлөгчид илгээсэн нэгэн тайланд хувийн хэвшлийн банкуудын 70-80 хувь нь орлогынхоо 10-20 хувийг мафид төлдөг гэсэн байв. Зөвхөн 1993 онд гэхэд л  банкны ажилтан, үүнээс 15 удирдах ажилтан алуулж, 780 удаа банк руу халдсан тохиолдол гарчээ. 1994-1995 онд парламентын хоёр ч гишүүн мафийн гарт амиа алдав.

Орон сууц, орцонд хаа сайгүй дээрэм, тонуул, аллага гарч нийгэм тэр чигээрээ айдас хүйдэст автжээ.Улсын өмчийн томоохон үйлдвэрийн газруудын хувьчлал тун бүрхэг болж өнгөрөв. Францын “Тотал” корпорацын дайтай томоохон газрын тосны компанийн 40 хувийг ердөө 88 сая доллараар хувьчилсан баримт байхад “Тотал”-ын 2006 оны жилийн борлуулалт л гэхэд 193 тэрбум ам доллар байлаа. Өөрөөр хэлбэлхувьчилсан үнэ нь жилийн борлуулалтаас 2200 дахин бага гэсэн үг. Дэлхийн нийт үйлдвэрлэлийн 20 хувийг эзэлдэг “Норильск никель” гэхэд л 170 сая доллараар хувьчлагдсан нь жилийн ашиг болох 1.5 тэрбум ам долларын 11 хувь болж байлаа.  Газрын тосны “ЮКОС” компани 309 сая доллараар, бас нэгэн газрын тосны гигант болох “Сиданко” 130 саяар хувьчлагдаж байжээ. “Сиданко”хоёр жилийн дараа олон улсын зах зээл дээр 2.8 тэрбум долларын үнэ хүрч байв. Нэгэн зэвсгийн үйлдвэр 3.0 сая доллараар хувьчлагдсан нь Америкт бол гайгүйхэн байшингийн үнэ ч хүрэхгүй байв.

Эдгээр хувьчлал дээр гарсан хамгийн ноцтой асуудал бол улсын мөнгөөр улсын үйлдвэрийн газруудыг хувьчилж авсан булхай байв. Эдгээр ажиллагааг тухайн үеийн эрх мэдэлтнүүдийн шууд оролцоотойгоор зохион байгуулдаг байсан бөгөөд хувьчлалын луйвраас цоо шинэ баячуудын давхарга төрсөн нь шинэ оросууд буюу олигархууд юм.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу.

 

 

Сэтгэгдэл бичих

arrow icon