Цагаан хэрэм

Хүн төрөлхтний гайхамшигт бүтээн байгуулалт гэж нэрлэгдэх цагаан хэрмийг хийх юмгүй дээ зуун зуун дамжин барьж, өргөтгөж, сайжруулаагүй нь мэдээж. 8850 км үргэлжлэх хэрэмний урд хойно хоёр өөр ертөнц, хоёр өөр сэтгэхүй.

Суурин соёл иргэншил өмч, газар, бичиг үсэг, өв соёл, итгэлцэл дээр тогтсон харилцааг эрхэмлэдэг бол нүүдэлчин соёл иргэншил бэлчээр, мал ахуй, цаг агаар, харилцан хамааралгүй байх зарчим, үл итгэлцэл дээр тогтсон харилцаатай явж ирсэн.  Нийгмийн харилцааны шал өөр зарчмууд дээр тулгуурласан хоёр соёл иргэншлийг зааглах гэж оролдсон цагаан хэрэм зориулалтаа хэрхэн биелүүлснийг буурал түүх гэрчилнэ биз. Чухам тарьсан будаа ногоогоо сахиж суусан тариачдыг морин дэл дээрээс ташуурдаж, өрөөлийн бүтээснийг дээрэмдэж явсан нь бидний өвөг дээдсээс  хаширсандаа хана хэрэм босгож хүртэл үзсэн нь хятад үндэстэн.

Ийм байтал юуны учир бид Хятадыг үзэн ядах сэтгэлгээтэй болчхов?  Монголыг Хятад эзэлж явсан түүх байхгүй, харин монголчууд Хятадыг хэдэнтээ эзэлж түйвээж явсан. Хятадууд Монголчуудыг үзэн ядах учиртай биш үү? Тоогоор хавьгүй олон үндэстэн ямар учраас Монголд, дараа нь Манжид эзлэгдэж байв? Дайтаж байлдаж явахаас будаагаа тарих нь хавьгүй дээр байсан болоод л тэр биш үү? Харин бидний цөөн Монголчууд бодит цагаан хэрэмнээс өндөр урт сэтгэлгээний цагаан хэрэм босгочихсон, тэр нь алхах гишгэх, хөгжих дэвшихэд саад тотгор болоод байгаа биш үү? Үнэхээр Монголчууд бидний байнгын зовнилыг Хятадын удирдлагууд мэдэхийн дээдээр мэддэг нь сая харагдлаа. Хятадын ерөнхийлөгч Си Зиньпин боломж гарвал л Монгол улсын тусгаар тогтнол, сонголтыг үеийн үед хүндэтгэн үзнэ гэж илэрхийлж байсан. Суурин соёл иргэншилд үг бол хууль гэсэн зарчим бий, түүнчлэн төрийн залгамж  чанарыг баримталдаг тал дээр хамгийн дээр жагсах орон бол Хятад учраас нарийн царигтай төмөр замаар  танк цэрэг ачиж орж ирэхгүй юм байна гэдэг нь тодорхой боллоо. Харин ингээсэй гэж хүсэн мөрөөдөж, хэнхдэг цээжээ дэлдэн эх оронч царайлсан нөхдүүдийн урам хугарсан нь гарцаагүй. Нацагдоржийн Миний нутаг шүлгийн 4 мөрийг уншсан нь тэдний дараагийн сэдэв юм байна. Ёстой л авахгүй гээд байхад нь ав ав гэсээр байгаад өгөх гээд байгаа юм шиг санагдаж байна. Дайсагналцаад хэн ч хожихгүй гэдгийг Украины асуудлаас ч тэр, урд урьдын олон улсын маргаан мөргөлдөөнүүдээс ч тэр ойлгох цаг болсон. Хятадыг хүндэтгэж харьцах ёстой. Дэлхийн хэмжээний том тоглогчийг хий хоосон үндсэрхэг үзлээр, айдас хүйдсээр, харилцан үл итгэлцлээр байлдан дагуулах уу. Тэр тусмаа эдийн засгийн хувьд бүрэн хамааралтай болчихсон байж?  Цаашдын хөгжил дэвшил ч гэсэн Хятад улстай харилцах харьцаанаас шууд хамаарах нь тодорхой.

Уул уурхайн бодлогод эх орончдоос болоод маш том алдаа хийсэн, тэрийг засаж залруулах боломж бидэнд алга, гуравдагч хөршийн бодлого гээч юм ярьж ярьж зүгээр л шантаажчин хэдэн нөхрийн завьжны шүлсэнд тавиад туучихсанаас хойш ганц Хятадаас хараат байдалд орсноо хүлээн зөвшөөрч, харьцангуй шударга үнээр түүхий эдээ өгөх тухай асуудал л ярих үлдсэн. Эх орончдын гавьяа зүтгэлийг Хятад улс өндрөөр үнэлж шагнал гардуулдаг бол хиншүүгээс өгсүүлээд богд, портуун, мохой, мянгуужин тэргүүтэй популистууд авах ёстой л доо. Овоо мөнгө дагалддаг бол өөрсдийгөө тодорхойлоод гүйх байсан даа?

Хятадын ерөнхийлөгчийн айлчлал их хүлээлт үүсгэсэн нь үнэн. Эдийн засгийн хүнд байдалд байгаа Алтанхуягийн Засгийн газрыг энэ айлчлалаас өмнө авч хаях сонирхолтой байсан боловч амжсангүй.

Хоёр хөршийн харилцан ашигтай түншлэл хэр удаан настай байхыг хэн ч мэдэхгүй, зөвхөн эхлэл үедээ л бид хэрэгтэй болохоос, галт тэрэг хөдлөөд, дэд бүтцээ бидэнгүйгээр шийдчихвэл бидний хэрэг хөршүүдэд тун бага. Харамлаад байсан нүүрсийг нь одоо үзээд өгье гэж ч тоохгүй байна.

Оюу толгойд бас баахан эх орончид хутгалдчихсан, нөгөөдүүл нь үгээ хэлчихсэн,  мөнгөтэй хүнд зарж хаячхаад явсан нь дээр гээд сууж байх. Мөнгөтэй нь Хятадын том компани. 

Ер нь хятад компанийг шантаажилж жагссан, орилсон хүн харсан уу? Яагаад Франц, Канад, Англи, Америк гэхээр л баахан эх орончид гараад ирдэг, Хятад гэхээр сураггүй байдаг юм бол?

Хятад дэлхийн хамгийн баян улс, төрийн тогтолцоо нь энэ их баялгийг  төр нь захиран зарцуулах шууд эрхтэй. Энэ  ч утгаараа Монголын эдийн засгийг 100 хоногт бүү хэл 100 цагт сэргээх чадалтай, чухам ингэх нь тэдэнд ашигтай юу гэдэгт л байгаа.

Ямартаа ч ирсэн өдрөөс нь эхлээд валютын ханш бууж эхэлсэн, цаашид буух эсэхийг ч хүсвэл Хятад шийдэж чадна.Гэхдээ бидэнд тусалж байх үүрэг хүлээгээгүй, харилцан ашигтай зарчмаас гажих юм бол харин ямар үнэ төлөх бол гэж болгоомжлох нь зүйн хэрэг.Дээр нь хамгийн гол итгэл олон зарчим бол тогтвортой байдал. Нэг юм ярьж хөөрч, тохирчхоод л , араас нь Засаг төрөөрөө оролдоод л, хэлсэн тохирсноосоо янз бүрийн шалтаг хэлж буцаад л байх юм бол урд цагаан хэрэм ард хар хэрэм босно л гэсэн үг. Дашрамд газар орны нэр усанд цагаан гэдэг нь урд, хар гэдэг нь хойд, улаан нь баруун , хөх нь зүүн гэсэн утга агуулдаг байсан байж болох юм байна билээ.Сэтгэлгээний цагаан хэрмийг нурааж их гүрний хөгжил дэвшлээс өөрсдөдөө наах юмаа нааж авахгүй бол далайгүй мөртлөө арал дээр амь зогоох нь байна шүү, та минь ээ.

 

Үндэстний тойм сэтгүүлийн 2014 оны  8-р сарын 25-ны дугаарт нийтлэгдсэн.


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 4459

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%