Нийтлэл 04 сарын 01, 2015

Түүхээ 'нулимж' байна

 

 Их хотод маань барууны хэв шинжийг агуулсан барилгууд сүндэрлэж өдөр ирэх тутам өнгө нэмэх болсон. Өөрчлөлт шинэчлэлт хийгдэх нь сайн хэрэг ч тэртээх он цагийн дурсгал болсон хэн хүнээс илүү түүх агуулах  байшингууд уламжлалаа хадгалан үлдэх ёстой. Гэтэл шинэ нийгэм, шинэ бүтээн байгуулалтын хөлд устан үгүй болж хэзээ мөдгүй нураалгахаа хүлээж буй нэг байшин бий. Энэ бол Нийслэлийн Хан-Уул дүүргийн XI хорооны нутагт орших Удирдлагын академийн баруун талд байрлах VIII Богд Жавзандамбын зуны ордон (Сэрүүн лаврин,Хайлаастайн лаврин) ч гэж нэрлэдэг.

Угтаа бол 1837 онд Туулын захад Богдын зуны ордон буюу Гунгаадэжидлэн сүмийг барьж, VIII Богд 1890 оны үеэс энд зусах болжээ. Тухайн үедээ Богдын сэрүүн ордон урагшаа харсан тагттай, европ маягийн хоёр давхар байшин, мөргөлийн сүм, торгон цэрэг бараа бологсдын байр зэрэг төвд, монгол хэлбэрийн барилгуудаас бүрддэг байж. Харин одоо эдгээрээс үлдсэн нь нурж унах дөхсөн энэхүү хоёр давхар барилга. Цагтаа Богд энэ ордныхоо тагтан дээрээс мөргөлчдөд гэгээн дүрээ харуулдаг байсан гэнэ. Харин одоо Монголын түүхийн давтагдашгүй дурсгал он цагийн шуурганд өвгөрч хэнд ч хэрэггүй балгас болжээ. Түүхээ мэдэхгүй ойд төөрсөн сармагчин  өнөөдрийн монголчууд.  

Эзэн нь мөхсөн ч эртний түүх соёлоо хадгалж үлдэх нь өнөөгийн төр, иргэн бидний үүрэг яахын аргагүй мөн. Гэтэл энэ байшингийн дүр зураг биднийг түүхээ “нулимж” байна гэхэд хилсдэхгүй болжээ.

Манайхаас бусад улс бол түүх соёл, эзэн хааныхаа ордон, эд өлгийн зүйлсэд ихэд хүндэтгэлтэй  ханддаг аж. Хятад улс гэхэд л Манж Улсын хаадынхаа зуслангийн орднуудыг өнөөг хүртэл өнгө үзэмжийг нь сэргээн засварлаж хадгалсаар дэлхийн соёлын өвд бүртгүүлсэн төдийгүй олон орны жуулчдын “нүдийг хужирладаг” цэцэрлэгт  хүрээлэн болгон өргөжүүлжээ. Гэтэл манай Богд хааны ордон орон гэргүй тэнэмэл архичдын оромж болжээ.

Хамгаалалтын нэртэй хамгаалалтгүй бүс

Уг нь  Засгийн газраас 2008 оны тавдугаар сарын 14-ний өдөр Монгол улсын түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалт”-ийг 175 дугаар тогтоолоор дөрөв дэх удаагаа шинэчлэн баталсан. Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт орших түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг он цаг, ач холбогдол, онцлог дахин давтагдашгүй гэх мэт үзүүлэлтүүдийг харгалзан улсын болон нийслэлийн тусгай хамгаалалтад авсан газруудыг эл жагсаалтад оруулсан. Үүний нэг нь энэхүү Богд хааны зуны зуслангийн ордон. Хамгаалалтад авсан гээд цаасан дээрх тогтоол цаашгүй. Гэрийн эзэн гэртээ байхад гэр нь тохилог дулаахан, өнгө үзэмжтэй гэхчлэн гэрийг эзэнтэй гэдгийг гэрчлэх нь энгийн наад захын логик арга. Гэтэл Богдын зуны ордон тусгай хамгаалалтын нэртэй ч хамгаалалтгүй. Уг нь  Засгийн газрын 2007 оны 303 дугаар тогтоолоор “Түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг хамгаалах, сэргээн засварлах хөтөлбөр” баталж, 2008-2015 онд үүнийг хэрэгжүүлэхэд 13.2 тэрбум төгрөг төсөвлөсөн байна. Энэ төсвийн мөнгөө юунд зарцуулсан нь тодорхойгүй. Нурж унах дөхсөн энэ барилга үүний гэрч. Засварлах төсвийн мөнгийг нь "завшсан" байж болно харин түүхийн энэ өв соёлоо нураалгахгүй байх юмсан. Өнөө маргааш гэхэд хэн нэгэн эрх мэдэлтэн Богдын ордныг нураагаад газар дээр барилга барихыг хэн эс мэдэхэв. Эзэнгүй энэ байшин битгий хэл зөвшөөрөлгүй барисан барилгууд Монголоор дүүрэн.  

 Монголын түүхийн нэгэн үеийн гэрч, монголчууд хаантай байсныг батлах баримт, улсын маань уран барилгын уламжлалыг шингээсэн энэ байшин уг нь ингэж хөсөр хаягдаж хөөрхийлөлтэй хаягдах учиргүй. Үнэнийг баримт гэрчилдэг. Тэрхүү үнэнийг гэрчлэх баримт болох Богд хааны зуны ордон бидний нүдэн дээр устаж байгааг бид харж байна. Баримт үгүй болоход түүх гуйвдаг хувиршгүй үнэн логик бий.

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл бичих

arrow icon