Нийтлэл 04 сарын 22, 2015

Мөнгө төлдөг мөрөөдөл

Үнэндээ эх орноо худалдъя гэсэн бодолтой хүн байдаг гэхэд би итгэхгүй,  нэг хүнээс худалдаад авчихдаг тийм эх орон нь ч бас хаана байдаг юм.

Хүн орон дээрээ хэвтчихээд авдар ширтэн элдэв зүйлс мөрөөдөхөд мөнгө төлөхгүй. Харин зарим хүний мөрөөдөлд монгол хүн болгон мөнгө төлдөг болсон гэвэл гайхна биз? Монголчуудыг хормын дотор эрлийз-цэвэр, тэнэг-ухаантай, эх оронч-эх орноо худалдагч, гео юу ч байж болно-гео юу ч биш, нарийнчин-өргөнчин, хар масс-муусайн баячуулаар нь хувааж, талцуулж орхисон хүн бол Х.Баттулга. Эгэл амьдралаас эгэлгүй баян болсон тэрээр улс төрийн маш том капиталтай нэгэн. Түүний амнаас гарсан үг болгоныг үнэн гэж үзэх залуус дэндүү олон. Тэр их хүчийг зөв зүгт залсан бол гэж харамсах юм. Дэргэд нь халаас хотыг нь тэмтэрч буруу зөвгүй зөвлөх ялаа батгана ч бас тоймгүй. Монголын түүхэнд  “Монголын эдийн засгийн гайхамшгийн эцэг” гэж мөнхрөх гэсэн чин хүсэл түүнд бий. Даанч Монгол улс өөрийнх нь оролцоогүй гэнэт баяжих гээд сандаргаад байгаа болохоорөөрөө ч өргөн, нарийнаар нь төмөр зам барьсангүй, өрөөлөөр ч бариулсангүй, Монгол руу орох мөнгөний урсгалыг зургаан жил хаалаа. Гэхдээ юмыг сайн талаас нь харвал ингэж хааж байсны хүчинд өнөөдөр бид хямрахдаа маш хөнгөнөөр хямарч байна л даа. Таван жилийн өмнө төмөр замтай болчихсон бол өдийд улсын төсөв 20 тэрбум ам.доллар хавьцаа болчихсон, тэр нь 10 тэрбумаар тасарч бариад балрах байсан биз. Цүүндээ биш гэдэг шиг царигандаа биш юм гээд төмөр замын сэдвийг орхиё.

Сайншандын аж үйлдвэрийн парк гээч зүйлийг хэн зохиосныг мэдэхгүй. Үнэндээ нарийн төлөвлөгөөг ч нь олж үзээгүй. Х.Баттулгын амнаас анх сонсоод л усгүй газар үйлдвэр барьдаг сонин юм даа гээд л бодоод өнгөрсөн хэрэг. Гэтэл тэр мөрөөдөлд нь Монголын төр буюу татвар төлөгч бид бүхэн зарим хэвлэл мэдээллийн эх сурвалжаар 50 тэрбум төгрөг төлчихсөн байх юм. Жижиг бол арваадыг, дунд зэргийн үйлдвэр хоёрыг ч барьчих мөнгөөр зөвхөн “судалгаа хийсэн” гээд хэдэн боть цаас л байгаа гэхээр итгэж өгөхгүй юм. Хайран мөнгө.

Сайншанд гэхдээ Х.Баттулга гангийн үйлдвэр гэж их ярьсан. Социализмын үед Орост гангийн мэргэжлээр сурч төгссөн хүнээс утас цохиж асуув.

  • Монголд ган үйлдвэрлэж болох уу?
  • Болно
  • Чадах уу?
  • Чадна
  • Сайншандад байдаг нь яаж байгаам бол?
  • Тэр чинь л харин асуудалтай даа. Зарчмын хувьд Х.Баттулгын хэлдгээр хүн хүсвэл хаана ч юу ч хийж болно. Саран дээр ч гангийн үйлдвэр бариад, ган хайлж болно. Чухам тэр саран дээр хайлсан ган дэлхий дээр хайлсан гантай өрсөлдөх чадваргүй л болно, өөрөөр хэлбэл тийм өртөг өндөртэй ган хэнд хэрэгтэй юм? Дээр нь гангийн үйлдвэр ямар их ус хэрэглэдгийг мэдэх үү, яагаад дэлхийн бүх гангийн үйлдвэр далайн эрэг, том гол мөрний хөвөөн дээр байдаг гэж бодож байна гэв. Жижиг сажиг процессийг оруулалгүйгээр үндсэн зургаан процесс усгүйгээр явдаггүй юм. Ах нь бас их хоцрогдсон хүн шүү, өөрөө сайн нягталж бичээрэй гээд таслав.

Нэг тонн ган үйлдвэрлэхэд 280 тонн ус ордог гэсэн илэрц ч интернэтэд  байж байна. Энэ лав Ногоон намын нөхөр оруулсан эх сурвалж байх гээд өөр эх сурвалж, элдэв тайлан олж уншив. Европын холбооны улсууд гангийн үйлдвэрлэлийн усны хэрэгцээг бууруулах чиглэлээр маш их ажиллаж байгаа аж. Одоо байгаа үйлдвэрийн  процессыг нь өөрчилж, саарал усны хэрэглээг нэмэгдүүлж, өөр үйлдвэрийн хаягдал усыг ашиглах, дахин ашиглах гэх мэт олон өөрчлөлтийг хийж байж тонн ган үйлдвэрлэхэд 74 тонн ус болтол бууруулж чаджээ. Нэг тонн ган гарах болгонд 74 тонн цэвэр ус үйлдвэрлэлийн процессд нэмж оруулдаг байх нь. Бохир, цэвэр нийлээд бас 200 гаруй тонн хэрэглэдэг хэвээрээ. Тэр Сайншандад хэдэн тоннын гангийн үйлдвэр барина гэж мөрөөдөөд байгаа билээ? Түүнийг даруй 140-өөр (овоо сүүлийн үеийн гангийн үйлдвэрийн дундаж хэрэглээ) үржүүлээд төдий хэмжээний ус хэрэгтэй болно гээд тооцоорой. Физик, химийн хуулиудыг хүн өөрчилж чадахгүйгээс хойш... Эсвэл Сайншанд Сэлэнгэ мөрний эрэг дээр байдаг гэж бодсон юм биш байгаа? Дээр нь Монголд хатаасан гангаар юм хийх Монгол үйлдвэр байх бас хэрэгтэйг мартав, бөмбөлөг л хийгээд байв даа....

Монголд үйлдвэрлэл хэрэгтэй нь үнэн. Аливаа бүтээгдэхүүнд нэмүү өртөг шингэх тусам Монголд ашигтай нь ч үнэн.

Гэхдээ хаана юу хийх вэ, тэр гарсан бүтээгдэхүүн нь хэр өрсөлдөх чадвартай вэ гэдэг дээр том асуултын тэмдэг тавих нь зүйтэй

Учир нь аль ч уул уурхайн бүтээгдэхүүнийг тус ордын нөөц, худалдан авагч хүртлэх зай, зам тээврийг тооцож байж түүхийгээр нь зөөх үү, боловсруулах уу гэдэг тооцоог хийдэг. Тухайн ашигт малтмалын зах зээлийн үнэ бага байх тусам түүхийгээр ойрхон хямд төсөр тээврээр  зөөж, өндөр байх тусам боловсруулах нь илүү ашигтай. Манай уул уурхайн бүтээгдэхүүний тэргүүлэгч зах зээл бол Хятад. Нэгдүгээрт ойрхон, хоёрдугаарт үнэхээр өөр худалдан авагч алга. Х.Баттулгын хэлдгээр нэг улсаас хараат байж болохгүй нь үнэн. Гэхдээ тийм болоод 90 гаран жил болж байгаа нь ч бас л үнэн. Эхлээд Орос, одоо Хятад. Цаашдаа энэ хараат байдлаас гарахын тулд иргэн бүр нь боловсролтой, мэдлэгтэй, аливаа мэдээллийг харьцуулаад шүүгээд авдаг чадвартай, ажилтай орлоготой болох нь чухал болхоос хаана ч зарагдахгүй үнэтэй чанартай чанаргүй бүтээгдэхүүн заавал Сайншандад овоолсон түүхий эдээр холоос зөөвөрлөж авчирсан өндөр өртөгтэй усаар үйлдвэрлээд хараат байдлаас гарах нь юу л бол. Хэрэв үнэхээр дэлхийн том нэртэй зөвлөх үйлчилгээ үзүүлдэг компани Сайншандын аж үйлдвэрийн парк ашигтай гэдэг тооцоо хийсэн юм бол бидэнд үзүүлээд аль, ашиггүй гэдгийг нь нотлоод  ядаж 50 тэрбум төгрөгийг нь шүүхдээд буцаагаад аваад ирэх хоншоортой эрлийз ч болов аавын  хүү олдож л таарна.

Үндэсний Тойм сэтгүүлийн 2014 оны 7-р сарын 7-ны дугаарт хэвлэгдсэн 

Сэтгэгдэл бичих

arrow icon