Нийтлэл 05 сарын 11, 2015

55 хүүхэдтэй анги- Хамгийн цөөхөн хүүхэдтэй анги


Нийслэлийн ЕБС-иуд нэгдүгээр ангидаа элсэлт авч эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор ЕБС-иудын анги дүүргэлт, орчин нөхцөл эрүүл ахуйн шаардлага ямар байдаг талаар  сурвалжилахаар нийслэлийн зарим сургуулийг зорьсон юм.

Бидний очсон эхний сургууль бол Улсын тэргүүний 1-р сургууль. Жилээс жилд хамгийн ачаалалтай байдаг сургуулиудын нэг. Биднийг очиход бага ангийн хүүхдүүдийн хичээлийн цаг дуусч сургууль нэлээн хөл хөдөлгөөнтэй  байлаа.  Ингээд хүүхдээ авахаар хүлээж буй ээжтэй тус сургуулийн анги дүүргэлт, эрүүл ахуйн шаардлага орчин нөхцөл ямар байдаг талаар  ярилцсан юм.

 

 Р.Пүрэвсүрэн  “Чанартай хувийн сургуульд хүүхдээ сургая гэсэн ч хэтэрхий өндөр төлбөртэй болохоор чаддаггүй”

 

- Танай хүүхэд хэддүгээр ангид сурдаг вэ. Хүүхдээ авахаар хүлээж байна уу?

-Тийм ээ. Манай хүү энэ сургуулийн 1б ангид сурдаг.

-Танай хүүгийн ангид хэдэн хүүхэд сурдаг вэ. Анги дүүргэлт ямар байдаг вэ?

- Манай хүүгийн ангид 59 хүүхэд сурдагБага ангиуд ойролцоогоор 55-аас дээш хүүхэдтэй юм билээ. Энэ сургуулийн хувьд анги дүүргэлт харицангуй их байдаг. Ер нь 55 хүүхэдтэй анги бол хамгийн цөөхөн хүүхэдтэй ангид тооцогддог юм билээ.

- Нэг ангид олуулаа суухад ямар хүндрэл гардаг вэ?

- Нэг ангид олон хүүхэд сурна гэдэг их хэцүү. Багш хүүхэд нэг бүртэй ажиллаж чадахгүй. Түүнээс болоод хичээлээсээ хоцрох, ойлгохгүй үлдэх тохиолдол гарна. Мөн хүүхдийн эрүүл мэндэд ч сөргөөр нөлөөлөх үе бий.

- Тэгвэл өөр сургуульд сургаж болно шүү дээ?

- Ямар ч эцэг эх хүүхдээ сайн сургуульд, сайн багшаар хичээл заалгаад сайн сураасай гэж хүснэ. Гэхдээ 1-р сургууль манай харьяаллын сургууль, дээрээс нь төлбөргүй болохоор хүүхдээ сургахаас өөр арга байхгүй. Чанартай хувийн сургуульд хүүхдээ сургая гэсэн ч хэтэрхий өндөр төлбөртэй болохоор чаддаггүй.

 

Угтаа бол нэг ангид дээд тал нь 40 хүүхэд сурах стандарт хэмжээ бий. Гэтэл энэ сургуулийн хувьд 15-20 хүүхдээр хэтэрсэн нь хүүхдийн сурах орчин нөхцөл, эрүүл ахуйн шаардлага алдагдаж, хүүхэд нэг бүр сурч боловсрох хөгжих орчин  хязгаарлагдаж байгааг нотлон харуулж байна. Нэг ангид сурах хүүхдийн тоо  нормоос хэтрэхээр нэг хүүхдэд ногдох талбайн хэмжээ хэд дахин багасна. Ингэснээр хүүхдийн сурч боловсроход сөргөөр  нөлөөдөг.  Нөгөөтэйгээр хүүхдүүд хөдөлгөөний дутагдалд орох эрсдэл нэмэгддэг гэх эрүүл мэдийн мэргэжилтний  дүгнэлт бий.

 

 “Нэг ширээн дээр гурвуулаа суух үед хичээл хийж чаддаггүй”

Мөн энэ талаар тус сургуулийн 7 дугаар ангийн сурагч Ж. Үүриймаа, Г.Энхлэн нар “Манай анги 48 хүүхэдтэй. Дунд ангид ороод харицангуй цөөхөн хүүхэдтэй болсон. Түүнээс бага ангид 55-иас дээш хүүхэдтэй хамт хичээллэдэг байсан. Олон хүүхэдтэй нэг ангид суух нэг талаар  хөгжилтэй ч гэсэн зарим талаар их хэцүү. Бид 2-ын хувьд бага сургуульд байхдаа дандаа хамгийн ард суудаг байсан.

Хичээл ойлгохгүй үе их гарна, олон хүүхэдтэй хамт суухаар анхаарал сарних үе ч бий. Гэхдээ одоо ч гэсэн зарим үед  нэг ширээн дээр гурвуулаа суух үе гардаг. Тэр үед бол хичээл хийж чаддагүй

” хэмээн ярьж байлаа.    

 

Хичээл заахаас илүү чимээгүй суулгах нь хэцүү

Мөн анги дүүргэлт хэрээс хэтэрсэн бас нэг сургууль бол  Чингэлтэй дүүргийн 23 дугаар сургууль. Тус сургуулийн нэг ангид ойролцоогоор 54-62 хүүхэд сурдаг гэнэ. Энэ талаар тус сургуулийн хөгжмийн боловсролын багш Р.Болормаа “Нэг ангид хэтэрхий олон хүүхэд сурах нь багш нарын хувьд их хэцүү байдаг. Миний хувьд бол ангиудад өдөрт ганцхан цаг ордог. Тэгсэн мөртлөө 50,60 хүүхэдтэй ангид их ядардаг. Олон хүүхэдтэй 1,2-р ангид бол хичээл заахаас илүү чимээгүй суулгах нь хамгийн хэцүү. Өдөрт нэг ангид ганцхан цагийн хичээл ордог миний хувьд ийм хэцүү байхад анги дааж авсан бага ангийн багш нарт бол бүр хэцүү” тухай онцолон ярьж байсан юм.

 

Энэ бол нийслэлийн 170 гаруй сургуулийн төлөөлөл болсон хоёрхон сургуулийн бодит дүр төрх. Захын гэр хорооллын сургуулиудад гурван ээлжээр хичээллэдэг, анги танхимын хүрэлцээгүй, спорт заалгүй, анги дүүргэлтийн хэмжээ хэрээс хэтэрсэн  гэхчлэн олон хүндрэлүүд бий. Жил бүр улсын төсвөөс шинээр сургууль, цэцэрлэг барих, сургалтын орчин нөхцөл сайжруулах зорилготойгоор хөрөнгө мөнгө төсөвлөдөг. Гэтэл энэ мөнгө хаашаа, юунд зарцуулагддаг нь тодорхойгүй ЕБС-иудын анги дүүргэлт, ачаалал, эрүүл ахуйн шаардлага орчин нөхцөл жилээс жилд дордсоор байна. 

 

Сэтгэгдэл бичих

arrow icon