Мал дагавал...

Хоёр жилийн өмнө тоондоо гаргуун өвөрлөгч эртэй хорвоогийн эрээн барааныг ярилцаж суухдаа Монгол 50 сая малтай болсон, мах экпортлогч улс болоосой гэтэл танайх бүх малаа нэг өдөр заазаллаа гэхэд нэг хятад хүнд 1 кг мах л ноогдоно, мах бага идлээ гэхэд 2 өдөр л хүрнэ гэж хэлхээр нь тооны машин аваад цохьтол үнэхээр тэрбум гаран кг мах болхоор тооцоо гарч байв. Үнэндээ тэрбум хүний хоол хүнсийг нийлүүлнэ гэдэг бол амаргүй даваа ч хүсвэл монголчуудын хувьд мөнхийн орлогын эх үүсвэр болох юм. Чухам бид хэзээ хэдэн тонн мах ямар үнээр өгч чадах вэ гэдэг асуултанд хариулах хэцүү, учир шалтгааныг магадласуу

 

Дэлхийн хүн ам элдэв амьтны мах иддэг ч  хамгийн ихээр үйлдвэрлэж борлуулдаг мах нь үхэр, гахай, тахиа юм. Үхрийн махны үйлдвэрлэл жил бүр дунджаар 65 сая тонн, гахайн мах 110 сая тонн байдаг бөгөөд  АНУ 19, Бразил 14, Европын холбоо 13, Хятад 10, Аргентин 4, Орос Австрали Мексик тус бүр 3 хувь үхрийн махны үйлдвэрлэлийг эзэлдэг бол гахайн махаар Хятад 46, Европын Холбоо 21, АНУ 9, Бразил , Вьетнам тус тус 3 хувьтай байна. Тахиаг ер нь орхичий, манайхаас бусад газар хамгийн хямд мах, манайд бол тансаг хэрэглээнд багтах учраас уншигч авхайг тоонд төөрүүлхээ азная.

 

Цэнхэр гариг дээр 1,4 тэрбум үхэр, 970 сая гаран гахайг хүн төрөлхтөн хүнсэндээ хэрэглэхээр зэхэж үржүүлдэг юм байна. Бразил 215 сая, Энэтхэг 210 сая, АНУ 94 сая толгой үхэр бол Хятад 83 сая үхэртэй, 470 сая гахайтайгаар дэлхийн тэргүүлэгч махны үйлдвэрлэгч юм. Гэсэн хэдий ч тахиа, хонь, ямааны махыг тооцохгүйгээр өөрсдийнхөө дотоод хэрэгцээг бүрэн хангаж чадахгүй гаднаас 900 мянга гаруй тонн үхэр гахайн мах худалдаж авдаг аж. Европын холбоо 150 сая , АНУ 68 сая толгой  гахайтай.  12 сая тонн үхрийн мах, 10 сая тонн гахайн мах үйлдвэрлэдэг АНУ Хятад, Европын дараа ордог. Бразил есөн сая тонн үхрийн мах, 3,6 сая тонн гахайн мах үйлдвэрлэж удаах байрыг эзэлж байна.Үнийн хувьд үхрийн мах Бразилд хамгийн хямд бөгөөд кг нь 3 доллар 8 цент,  гахайн мах Хятадад кг нь 1 доллар 17 цент байх юм. Эдгээр үнэ нь бөөний үнэ бөгөөд мэдээж боловсруулах үйлдвэрүүдийн худалдаж аваад өртөг нэмэгддэг нь гарцаагүй. Австрали  үхэр , хонины мах экспортолдог хэмжээгээрээ дэлхийд тэргүүлдэг бөгөөд хонины махны хэрэглээ үхрийнхээс бага учраас үнэ нь 2 доллар 80 цент орчим байдаг байна. Мэдээж махны чанар, гарал үүсэл, хэрэглээ гэх мэтээр нь ангилал үүсгэж худалдаалдаг бөгөөд чанарын хувьд 3 ангилдаг. Энд дурьдсан үнэ бол бүтэн бие буюу гулууз байдлаар зарагддаг махны үнэ юм.  

 

Гаднаас мах импортлож хэргэлдэг улсуудыг жагсаавал үхрийн махны хамгийн том хэрэглэгч АНУ 660 мянган тонн, Орос 605 мянган тонн, Япон 515 мянган тонн тус тус импортлож , гахайн мах хамгийн ихээр импортолсон нь Итали, Герман, Япон жагсаж. Хамгийн хачирхалтай нь Герман 1 сая 700 мянган тонн гахайн мах экпортолсон мөртлөө 970 мянган тонн гахайн мах импортлосон байх юм. Боловсруулаад гадагш нь зардаг гэхээс өөр бодитой тайлбар олдсонгүй.

 

Бас нэг сонирхолтой баримт бол АНУ 35 сая 300 мянган үхэр нядлаад  12 сая тонн мах авсан нь дунджаар 340 кг гарцтай үхэр байсан бол Бразил 39 сая 100 мянган үхэр нядлаад 9 сая тонн мах авсан нь дунджаар 230 кг гарцтай гэсэн тооцоо хийж болж байна. Бүхэл бүтэн 4 сая толгой мал бага нядалчихаад 3 сая тонн илүү мах авч байгаа нь АНУлсын үхрийн аж ахуй даруй 67 хувь илүү эффектив байна гэж болгоомжтойгоор дүгнэж болох нь. Болгоомжтой гэсний учир нь үхэр тус бүрт гарах зардлын товчоо байхгүй учраас шууд илүү ашигтай байна гэж дүгнэвэл өрөөсгөл болно.

 

Монголын хувьд  Солонгос руу нэгэн төрлийн дөрвөн хөлтийн мах гаргадаг гэж цуу яриа байдаг. Адууны махны хувьд өндөр чанартай бүтээгдэхүүн зөвхөн Японд зориулж гаргадаг байсан, хэвээрээ эсэхийг мэдэхгүй. Баруун зүүн бүсүүд мэр сэр алдаг оног мах хилийн худалдаагаар хойшоо голдуу хийдэг,  тоо хэмжээний хувьд улс хоорондын наймаа гэхээсээ илүү үүргийн наймаа дайтай. Дээр нь Оросын хил гааль, хорио цээрийг яг албан ёсоор давдаг эсэх нь эргэлзээтэй. Дорнод Сибирь, Эрхүү, Буриадынхан монгол махны амтыг мэднэ.Авах сонирхол бодитоор оршдог боловч саад тотгор мунддаггүй бололтой.

 

Сая Монголд үдлээд мордсон Оросын ерөнхийлөгч  Орос-Монголын гадаад худалдааны тэнцлийн алдагдлыг басгах тал дээр хүнс, махан дээр акцент өгөөгүй, цухас дурьдсаны учир нь нэгд Монголд байсхийгээд үнэн худал нь мэдэгдэхгүй элдэв малын өвчин гардаг, хэвлэлийнхэн сенсацалдаг учраас мал аа эрүүлжүүлэх шаардлагатай, 2т дотоодын бөөний болон жижиглэнгийн үнэ дэлхийн зах зээлийн үнэнээс заримдаа илүү үнэтэй байхад Оросд мах нийлүүлэх магадлал бага, 3т бэлчээрийн мал аж ахуйгаас гарах бүтээгдэхүүний хэмжээ бага учраас Монголтой махны наймаа ярих хараахан болоогүй гэдэг дүгнэлтээс үүдэлтэй ч байж болох юм. Хичнээн хэмжээний ямар мах ямар үнээр хэзээ нийлүүлж чадах юм, ер нь?? Ямартай ч Монгол  мах экспортлохын  тулд давын өмнө эрүүл, хямд төсөр махыг их бага гэлтгүй тогтвортой нийлүүлж чадна гэдгээ харуулах хэрэгтэй. Ингэхийн тулд хэлэлцээний ширээнд суухаараа мах аваач гэж гэнэт уулга алдах биш бодлоготойгоор мах үйлдвэрлэх эрүүл сонирхолыг бий болгох хэрэгтэй. Үнэндээ монгол хүний сэтгэлгээгээр ихэнхи малчид малаа эдийн засгийн эргэлтэнд оруулхаасаа илүүтэй өсгөн үржүүлж, хөндийдөө багтаж ядхыг нь харж сууж сэтгэл нүдээ баясгах нь элбэг байна. Учир нь өнөөх л төрийн түшээдийн дийлэнхи олонх нь хөдөөнөөс сонгогддог учраас малчид нэхээгүй гуйгаагүй байхад л хошуу дэвсэж элдэв хөнгөлөлт, дэмжлэг, халамж гэсээр байж өрөөлд бүү хэл өөртөө идэх махаа дэлхийн зах зээлийн үнэнээс илүү үнээр авч идэхдээ хүрч байна. Малчид маш прагматик хүмүүс, ноолуурын өнгө, чанар , урт дээр эрэлт өөрчлөгдөнгүүт 2-3 жилийн дотор шууд тэр эрэлтэд нийцсэн нийлүүлэлт хийж, сүргийнхээ чанарыг сайжруулж байгаагаас харвал махны зах зээлийн эрэлтэнд таарсан сүрэг, тэжээлийн аж ахуй, фермийн мал аж ахуй руу хурдан шилжиж чадна. Гагцхүү Төр өвсийг нь ч бэлдээд, вакциныг нь ч худалдаж аваад, малын эмчийг нь ч цалинжуулаад, малаас нь татвар авахгүй толгойг нь илээд хүлэмжийн ургамал шиг байлгаад байвал мах экспортлох тухай мартах хэрэгтэй. Тээр жил хэдэн хятад ямааны мах гаргах гээд улс даяараа  хөдөлж байж нэг зогсоосон. Хас тэмдэгтэй савхин хүрэмтэй залуус телевиз дагуулаад хар шөнөөр хашаа хороонд нь нэгжлэг хийж, хүмүүсийн биеийн байцаалтуудыг нь хурааж аваад л (хууль гэж юм энэ улсад байдаг ч юм уу байдаггүй ч юм уу) , ачаад явуулчихсан вагонтой махыг нь Замын Үдэд саатуулж мэргэжлийн хяналтынхан баахан стандартаа яриад л , буцааж , ёстой л ТӨР Ард нь нийлж байж нэг муу юм үнэт баялагаа гаргахаас сэргийлж чадсан, харин тэр махыг нь буруу хадгалсан , тээвэрлэсэн гээд устгачихсан гэнэ лээ. Ийм улс ер нь мах гаргана гэж ярих хэрэг байна уу?

 

 

Үндэстний Тойм сэтгүүлийн 2014 оны есдүгээр сарын 8-ны дугаарт нийтлэгдсэн

 


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 5578

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

13%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 13%
  • 17%
  • 69%