Нийтлэл 06 сарын 11, 2015

Ш.Буянжаргал '13 настайд хэлсэн аавын минь захиас бусад улс орнуудын хөгжлийг судлах эхлэл болсон'

 Япон улс техник технологиороо дэлхийд алдартай. Тэр дундаа  Япон брэндийн машиныг унаж үзээгүй, эдэлж хэрэглээгүй хүн ховор. Тэгвэл Япон техник, технологийг өнөөдрийн энэ амжилтад хүргэсэн тэр нууц юунд оршдог юм бол. Бид энэ удаад Японы  техник, технологийн нууцыг монгол залуучууддаа зааж, Япон сургалтын арга барилыг Монголынхоо хөрсөн дээр тарьж ургуулан эх орныхоо хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулахаар эрхэм зорилгыг өвөрлөн ажиллаж буй Японы ТОШИБА корпорацид шинэ бүтээгдэхүүн зохион бүтээх  анхны монгол инженерээр ажиллаж байсан, Шинэ Монгол Техник Инженерийн сургуулийн захирал Ш.Буянжаргалтай ярилцлаа.

 

 

-Сайн байна уу? Таньд энэ өдрийн мэнд хүргэе.  Эхлээд та манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?

-Сайн. Сайн байна уу. Намайг Ширнэнгийн Буянжаргал гэдэг. Би Японы Сасэбо технологийн коллеж, Чибагийн их сургуулийг инженерийн магистр, Иллинойгийн их сургуулийн инженерийн ангийг магистраар төгссөн. Үүний дараа Японы ТОШИБА корпорацид шинэ бүтээгдэхүүн зохион бүтээх инженерээр ажиллаж байгаад, өнгөрсөн хавраас эх орондоо Япон  стандартын Шинэ Монгол Техник Инженерийн Коллежийг байгуулан гүйцэтгэх захирлаар ажиллаж байна.

 -Тэгэхээр Японы ТОШИБА корпорацид ажиллаж байсан гэж байна. Яагаад заавал монголдоо Шинэ Монгол Техник Инженерийн коллежийг (Коосэн) байгуулахаар болсон бэ?

 - Намайг анх 2004 онд Японы техник технологийн коллежийн сургуульд суралцахаар явах үед манай улс орны амьдрал их хэцүү байсан. Тэр үед хэзээ нэгэн цагт улс орныхоо хөгжилд заавал нэг үнэтэй хувь нэмэр оруулна гэж боддог байлаа. Мөн 13 настай байхад аав минь надад нэг зүйлийг захиж байсан юм. Нийгэм бүхэлдээ хөл толгойгоо олохгүй, хүмүүс нэг нэгнийгээ хуурах зэргээр таагүй өөрчлөлтүүд гарч эхэлсэн байсан. Үүнд гутарсан аав минь - "Улс орон минь хэцүүдэж байна даа, ядаж нэг тустай зүйл хийгээрэй" гэж захисныг санаж явдаг. 

Энэ бүхэн нийлээд өнөөдрийн энэ сургуулийг байгуулах эхлэл  болсон. Гадаадад олон жил сурах үедээ улс орныхоо хөгжлийн тухай, яавал манай улс хөгжих бол, өндөр хөгжилтэй орнуудын хөгжлийн нууц нь юунд байна гэж их судалдаг байлаа. Тэгээд сурсан зүйлээ л хэрэгжүүлж бодит ажил хэрэг болгохоор Шинэ Монгол Техник Инженерийн коллежийг байгуулсан. Манай сургуулийн эрхэм зорилго бол Монгол улс дэлхийн улс орнуудтай хөл нийлүүлэн хөгжихөд тулгуур болох, Монгол улсаа өөрийн гараар бүтээн байгуулах, олон улсад хүлээн зөвшөөрөгдсэн, орчин үеийн техник технологийн арга ухаан, дадал-практикийг эзэмшсэн, “бодит юмс”-ыг бүтээх 20 настай инженерүүдийг бэлтгэн гаргах зорилготой ажиллаж байна.

 

-Өөрийн гараар улсаа бүтээх 20 настай инженерийг бэлтгэнэ гэж байна. Яг өөрийн гараар улсаа бүтээх инженер хүн юу сурсан байх ёстой вэ?

-Эрт дээр үеийн монголчууд хүүхдээ хэрхэн өсгөн хүмүүжүүлдэг арга ухааны талаар Оросын нэг сэтгүүлчийн бичсэн нийтлэлийг уншиж байсан. Тэр нийтлэл дээр монгол хүмүүс хүүхдээ 20 нас хүрэхээс нь өмнө амьдралын бүхий л арга ухаан, чадвар, хар бор ажлыг хийж сургадаг тухай бичсэн байсан. Өөрөөр хэлбэл, 20 настай эрэгтэй хүүхэд гэхэд ноос хяргах, сур илдэх, сураар аргамж, ногт хийх гэхчлэн эр хүний хийх ёстой бүх чадварыг эзэмшсэн байдаг байж. Эмэгтэй хүүхдүүдийн хувьд мөн ялгаагүй, ааруул цагаан идээ бэлтгэх, хоол унд хийх, айраг цагаа эсгэх гэхчлэн гэрийн эзэгтэй хүн юу хийж сурсан байх ёстой тэр чадварыг эзэмшсэн байдаг байж. Гэхдээ тэдэнд дутагдалтай байсан нэг зүйл нь бичиг үсэггүй. Одоогоор бол ямар ч мэдлэггүй, дан ганц чадварыг эзэмшсэн   гэсэн үг юм. Харин өнөө үед бол манайханд мэдлэг байгаа ч чадваргүй байгаа юм. Манай коллежийн сургалтын арга барил  бол мэдлэг,чадвар хосолсон инженерийг бэлгэхийг зорьж байгаа. Өөрөөр хэлбэл мэдлэг, чадварыг давхар эзэмшсэн инженер төрж байж л сая  өөрийн гараар улсаа бүтээнэ

Японы КООСЭН-ий сургалтын арга барил ч мөн энэ. Японы эдийн засгийн ид үсрэнгүй хөгжлийн эхэн үе буюу 1960-аад оны үед, Японы компаниудад, онол болон практик дадалтай буюу бодитоор юм хийж чаддаг инженерүүдийн шаардлага бий болсон байна. Өөрөөр хэлбэл тухайн цаг үе нь өнөөгийн манай улсын  нөхцөл байдалтай төстэй гэсэн үг юм.

 Японы хөгжлийн нэг нууц нь КООСЭН сургууль гэж хэлж болно.

-Чадвартай болгохын тулд танайх юуг сургадаг вэ? Тухайлбал, Японы КООСЭН сургууль ямар арга барилаар сургалтаа явуулдаг вэ?

-Бидний зорьдог хамгийн чухал зүйл бол хүүхдийг мөрөөдөлтэй, зорилготой болгох. Тиймээс бид мөрөөдөл зорилгодоо хүрч чадна гэсэн итгэл үнэмшлийг өгөхийг чухал болгодог. Энэ итгэл үнэмшил нь чадвартай болж байж  бий болно гэсэн үг. Хүүхэд хичнээн мөрөөдөлтэй зорилготой байлаа гээд түүндээ хүрэх итгэл үнэмшил байхгүй бол тэр хоосон мөрөөдөл болж хувирна. 

Бидний сургадаг чадвар зөвхөн гараар юм хийх практик бус тухайн хувь хүний хөгжил, биеэ даах чадвар мөн багтдаг. Өөрөөр хэлбэл тэр хүүхдийн хувь хүнийх нь хөгжилд номер нэг анхаарлаа хандуулна. Инженер хүн яг ямар сэтгэлгээтэй байх ёстой вэ гэдгийг заана.

Японы КООСЭН ч мөн ялгаагүй эхлээд хувь хүний хөгжил, чадварыг нэн тэргүүнд эрхэмлэдэг. Энэ нь магадгүй өнөөгийн манай улсын боловсролын тогтолцоо, Японы боловсролын тогтолцооны нэг том ялгаа байх гэж хувьдаа боддог. Тухайлбал,

дунд сургуулийн физик химийн хичээл дээр үздэг томьёо амьдралд яаж ашиглаж болох, юу хийж болох гэдгийг л сурах нь хамгийн чухал байдаг.

Гэтэл манай залуучууд тэр томьёог нь бол мэддэг. Амьдралд яаж ашиглаж, хэрэглэхийг мэддэг нь цөөхөн. Японд бол мэдлэг чадварыг цогцлоохын зэрэгцээ хамгийн эхэнд хувь хүний хөгжлийг нэн тэргүүн болгодог. Өөрөөр хэлбэл, боловсролын суурь нь тухайн хүн өөрөө гэсэн үг юм.  Хүн төвтэй боловсрол Японы хөгжлийн нууц.

 -Тэгэхээр таны хувьд дэлхийд нэлээд нэр хүндтэй Японы ТОШИБА корпорацид ажиллаж байсан. Дээрээс нь Япон улс техник технологоороо дэлхийд тэргүүлэгч улсын нэг бол яахын аргагүй мөн. Ер нь Япончуудын техник технологийн амжилтад хүрсэн нууц нь юунд байна вэ?

 -Энэ бол дээр миний хэлсэн хүн төвтэй боловсрол эзэмших явдал. Өөрөөр хэлбэл тухайн хүнийг нэгдүгээрт тавьснаар тухайн хүн аливаа зүйлийг хийхдээ  хулхидахгүй чин сэтгэлээсээ хийнэ, нүдэнд үзэгдэхгүй газрыг ч мөн чанартай сайн хийж чаддаг болно. Үүний дээрээс мэдлэг чадварыг хослол нэмэгдэж байж сая жинхэнэ инженер төрж тухайн улсын техник, технологи хөгжинө гэсэн үг юм. Мөн Япон инженерүүд өөрийнхөө хийсэн зүйлээр өрөөлд аз жаргал мэдрүүлэхийг эрхэм болгодог.  Энэ бол Японы техник, технологийн хөгжлийн гол нууц.

 -Харин таны хувьд амьдралдаа, ажилдаа баримталдаг хамгийн чухал зүйл юу вэ?

-Ер нь  өөрийн бүхий л хичээл зүтгэл, хүч хөдөлмөр, сэтгэл оюунаа зориулсан зүйл тухайн хүний хувьд хамгийн эрхэм нандин зүйл байдаг. Тиймээс би ч мөн адил хичээсэн хүнд боломж өгөхийг  эрхэм болгож явдаг. Тиймээс манай сургууль дээр бүх сэтгэл, оюунаа дайчлаад сурч байгаа хүүхдүүдийг хүсэл мөрөөдөл зорилгодоо хүрэхэд нь дэмжин Японы технологийн сургуулиудад 100 хувь үнэ төлбөргүй суралцах эрх олгодог байгаа.

-Монголын техник технологийн хөгжлийн чиг хандлага таны нүдээр харахад ямар байна? Инженер хүний хувьд алсын хараа?

- Ер нь аливаа улс орны хүмүүс соёл иргэншил, сэтгэлгээ, зан заншлаараа өөр хоорондоо харилцан адилгүй ялгаатай байдаг. Монголчуудын хувьд ч гэсэн Япончуудаас илүү сэтгэх, бүр өөр өнцгөөс илүү даву талыг харж чадах ур ухаан бий. Харин бидэнд дутагдалтай ганц зүйл болох чадварыг эзэмшчих юм бол монгол хүний ур ухаан, авьяас, хичээл зүтгэл Монголоор овоглосон брэндийг төрүүлж чадна гэж боддог. 

 

Сэтгэгдэл бичих

    • зочин
    • 2015-11-29

    их сайн хүн шүү

arrow icon