Нийтлэл 08 сарын 18, 2015

Frame problem - Хүрээ амьдрал хоёрын завсарт

Frame Problem гэдэг нь анх 1969 онд John McCarthy болон Patrick J. Hayes нарын өргөн дэвшүүлсэн хиймэл оюуны салбар дахь хамгийн том асуудал юм. Монгол хэл дээр уншиж сонссон зүйл үгүй тул Хүрээний асуудал хэмээн дур мэдэн махчилж орчуулав.

Хүрээний асуудал гэгчийг тайлбарладаг ийм нэг түгээмэл жишээ байдаг.

Хиймэл оюунтай робот №1- ийг бүтээж, түүндээ ийм тушаал өгсөн гэж бодъё.
- Галерейн уран зурагт тэсрэх бөмбөг суурилуулсан байгаа тул түүнийг гаргаж ир.
 
Робот №1 тушаалыг хиймэл оюундаа боловсруулаад
- Тушаалыг гүйцэтгэхийн тулд галерей руу дотогш нэвтэрч, уран зургийг хананаас буулгаад, зөөж гаргаж ирэх
гэсэн төлөвлөгөө зохиов.

Гэвч, тэсрэх бөмбөг уран зураг дээр суурилсан байгаа шүү дээ. Робот#1 уран зургийг гаргаж ирэх тушаалыг амжилттай биелүүлсэн боловч тэр дороо тэсрэх бөмбөг дэлбэрч, уран зураг ч робот №1 ч үнс нурам болж орхив. Робот №1 тэсрэх бөмбөг уран зураг дээр байгааг мэдэж байсан боловч
- Уран зургийг зөөж гаргавал, бөмбөг бас дагаад гарч ирнэ -> бөмбөг дэлбэрвэл уран зураг будаа болно
гэдэг хүртэл тооцоолсонгүй.

Ингээд робот №1-ийн сайжруулсан хувилбар болох робот №2-ыг бүтээж, түүндээ
- Өөрийн хийх үйлдлийг төлөвлөхөөс гадна, үйлдэл хийсний дараа орчин тойронд ямар үр дүн бий болохыг давхар тооцоолох
чадварыг нэмж суулгав. Одоо бол найдвартай. Бүх юм жин тан.

Ингээд робот №2 ажилдаа шуурхайлан орж, хийх үйлдлээ төлөвлөхийн зэрэгцээ, үйлдэл бүрийн дараах үр дүнг нэг бүрчлэн тооцоолж гарав. 
– Заа байз...
– Зургийг зөөвөл тааз нурах уу? нурахгүй.
– Зургийг зөөвөл өрөөний хананы өнгө өөрчлөгдөх үү? өөрчлөгдөхгүй.
– Зургийг зөөвөл өрөөний хананд нүх үүсэх үү? үүсэхгүй...

– Хөөе хөөе, үхсэний чинь тааз нурах вэ? Зураг зөөхөд тэр ямар хамаа байна аа?
гэж та бодно уу? Таны түмэн зөв. Гэхдээ л робот үүнийг тооцож үзэхээс нааш хамаатай хамаагүйг нь мэдэхгүй шүү дээ. Түүнд зураг зөөсний дараах үүсч болох хязгааргүй олон нөхцөл байдлыг бүгдийг нь шалгаж тооцох шаардлага бий. Ингээд робот №2 маань эцэс төгсгөлгүй тооцоолсоор гацаж орхих нь тэр.

За тэгвэл, зураг зөөхөд ямар ч хамааралгүй зүйлсийг тооцдоггүй сайжруулсан робот №3-ыг бүтээвэл ямар вэ?
Ямар ч нэмэргүй. Хамааралтай хамааралгүйг нь бас л шалгаж тогтооно шүү дээ.
 
Дээрх жишээнд гарч байгаачлан
 

Хүрээлэн буй орчиныхоо талаар хамааралтай болон хамааралгүй зүйлсийг шалгаж тогтооход хязгааргүй хугацааны тооцоо шаардагдаж, хиймэл оюун гацаж зогсох

 
-ыг Хүрээний асуудал гэдэг.

Шатар даам гэх мэтийн хязгаарлагдмал дүрэм, хаалттай хүрээн дотор хиймэл оюун үр дүнтэй ажиллах боловч, бодит амьдрал шиг нээлттэй том хүрээ, хязгааргүй олон хувилбар боломж дунд оруулаад тавьчихвал хиймэл оюун тэр хязгааргүй их боломжийг бүгдийг тооцоолох гэсээр гацаж мухардах юм.

Нэг бодлын илэрхий зүйл л дээ, ямар ч хиймэл оюун бай хязгаарлагдмал чадамжтай хойно, яаж тэр их мэдээллийг боловсруулж, агшин бүрт өөрчлөгдөх хязгааргүй олон боломжуудыг нэгд нэгэнгүй тооцох билээ.

Гэвч... гэвч нэг гайхах зүйл бий. Хүн дээр хэзээ ч хүрээний асуудал үүсдэггүй. Юу ч мэдэхгүй нялх хүүхэд ч ялгаагүй. Мэдээж, хүний оюуны чадамж бас хязгаартай шүү дээ. Тэгсэн мөртлөө яагаад хүн хэзээ ч хязгааргүй тооцооллын далайд мухардаж гацалгүй, үргэлж ямар нэг шийдвэрт хүрч, тасралтгүй үйлдэл хийж чаддаг юм бол?
Харамсалтай нь одоохондоо энэ талаар эрдэмтэд нэгдсэн нэг тайлбарт хүрч чадаагүй л байна.

Харин зарим эрдэмтэд үүнийг ингэж тайлбарладаг

Хүмүүс өөрийн мэдэлгүй "Дотоод хаагдмал ертөнцийг" төсөөлөн бий болгодог бөгөөд өдөр тутамдаа тэр ертөнц дотроо амьдарч явдаг

учиртай юм гэнэ.

Нэг ёсондоо хүн болгон толгой дотроо орчин тойрон хийгээд гадаад ертөнцийг өөрийнхөөрөө хялбарчлан схемчилсэн байдаг бөгөөд бүхнийг тэр хүрээн дотроо л сэтгэдэг байна. Таны тэр дотооддоо загварчилсан ертөнцөд ердөө хязгаарлагдмал тооны боломж байдаг тул та хэзээ ч хязгааргүй их тооцоо хийж гацаж саатах явдалгүй юм. Танд жинхэнэ бодит ертөнц ямар байх нь огт падгүй тул  таны схем болон бодит ертөнцийн хоорондох ялгаа зөрөөн дээр та үргэлж алдаж бүтэлгүйтэх болно.

 
Хэрэв та илүү том сэтгэж бага алдахыг хүсвэл дотоод ертөнцийн хүрээгээ томсгох хэрэгтэй. Гэвч хүрээ тэлэхийн хирээр таны тооцоолох ёстой боломжийн тоо ихсэх тул толгой чинь таны хүрээг боловсруулж дийлэхгүй доголдох магадлал ихсэнэ. Жишээ нь бид сайн танихгүй хүнтэй юм ярих үед
 

Ингээд хэлчүүл яах бол? Эртээд тэгж хэлээд бүтэлгүйтсэн. Энэ хүн ямар юм бол??

гэх мэтээр шаналгаатсаар байтал олигтой ч юм ярьж чаддагүй. Харин сайн танил дотныхоо найзтай бол бодсон бодоогүй бурж гардаг. Энэ ч гэсэн хүрээний асуудалын нэг жишээ.

Тэгэхээр хүрээ томдож, тооцоолох чадвар дутаад мухардах маягийн асуудал ихсэж, шийдмээр болж ирвэл та хүрээгээ жижигсгэх хэрэгтэй. Нэг ёсондоо, өөрийн оюуны чадамжид нэгэнт хүрэхгүй том хүрээн дотор үр дүнгүй мунгинаж явсанаас, эртхэн хүлээн зөвшөөрөөд орхих нь дээр үе бас байна.

Хэрвээ таны амьдрал нэг л тав тухгүй, асуудал бэрхшээл үргэлж хөвөрсөн байдалтай, өөртөө аз жаргалгүй амьдарч байгаа бол шалтаан нь ердөө л та өөртөө томдсон хүрээн дотор амьдарч байгаад байж мэднэ.

Тэгэхээр хүрээ том тусмаа сайн байх албагүй байгаа биз?
 
 
Жич:
----------------------------
- Ингээд хэлчихвэл тэр гомдчих болуу?
- Заа юун сүртэй ийн.
- Гэхдээ л бодоод үз л дээ. тэрний оронд өөрийгөө тавиад үзэхээр...
- Ёстой яршиг л байна.
 
Амьдрал дээр, бусдын төлөө санаа зовдоггүй, амин хувиа бодогсод голцуу тав тухтай амьдардаг. Харин эсрэгээрээ бусдыг боддог, хүний зовлонг ойлгодог хүмүүс өөрийн чадамжаасаа давсан бэрхшээлийг мэдрэхийн хэрээр илүү зовж шаналдаг биз. Гэхдээ энэ нь "хүрээ томтой = сайн", "хүрээ жижигтэй = муу" гэсэн үг бус, "хүрээндээ жижигдсэн чадавхитай нь азгүй" гэсэн л үг юм.
 
Амьдралыг илүү бодитоор харахыг хүсвэл та хүрээгээ томсгох хэрэгтэй. Гэвч тэнд Хүрээний асуудал байдгийг мартав.
 

Сэтгэгдэл бичих

    • tester
    • 2015-08-20

    раамандаа яажигнаарай гэдэг чинь л ийм утгатай юм байгаан

arrow icon