Нийтлэл 08 сарын 26, 2015

Далай лам: Оюун ухааны хөгжилд заавал ямар нэг шашны үзэл санаа хэрэггүй

2002 онд хэвлэгдсэн Далай ламын бүтээл, өрнөдийн болон олон улсын сая сая уншигчдын хүртээл "Нээлттэй зүрх” номон дахь сургаалаас: 

 

Оюун санааны эерэг хандлага

Аливаа хүн аз жаргал, сайн сайхныг эрэлхийлж, зовлон зүдгүүрээс ангид явахыг хүсдэг нь хүний төрөлх чанар мөн билээ. Ийм ч учраас хүний амьдралын зорилго нь энэхүү аз жаргалыг олж авах ч гэж хэлж болно. Хүн бүрт өөрийн дотоод амар амгаланг бий болгох адилхан чадвар байдаг бөгөөд энэ чадвараараа амьдралын аз жаргал, баяр баясгаланг олж авч чадна хэмээн би итгэдэг.

Бид баян уу ядуу юу, боловсролтой юу боловсролгүй юу, хар арьстан уу цагаан арьстан уу гэдгээс үл хамааран бидэнд аз жаргалаа өөрөө бий болгох чадвар бий. Өөрөөр хэлбэл хүмүүн төрөлхтөн бид оюун ухааны хувьд ч, сэтгэл зүйн хувьд ч ав адилхан юм.

Давтан хэлэхэд, бидэнд бүгдэд маань санаа сэтгэлийн зовиураа ялж, өөрийн дотоод хүч чадал, амар амгаланг авчрах эрч хүч заяасан байдаг. Ийм учраас өөрийнхөө энэхүү хүч чадлыг ойлгон мэдэрч, өөртөө итгэх итгэлийг хөгжүүлэх нь хамгаас чухал билээ. Заримдаа бид юмны сөрөг талыг олж хараад итгэл найдвар маань багасдаг. Энэ бол нөгөө сэтгэлийн зовиур, сөрөг оюуны хандлага маань биднийг дийлээд байна гэсэн үг юм.

Хэрхэн аз жаргалд хүрэх талаар та бүхэнд санал болгох ямар ч ид шид надад байхгүй гэдгийг хэлмээр байна. Хэрвээ хэн нэгэн хүнд ийм ид шидийн хүч байх бөгөөс би ч гэсэн тэр хүний тусламжийг гуймаар байна. Ний нуугүй хэлэхэд би ч гэсэн иймэрхүү ер бусын далдын хүчинд үл итгэгч билээ. Гэхдээ уйгагүй хичээл зүтгэл, оролдлогын хүчээр бид оюун санааны хандлагаа өөрчилж чадах бөгөөд энэ нь бидний амьдралыг аз жаргалтай болгож өөрчилж чадна гэдгийг хэлмээр байна.

Хэрвээ бид оюун санааны эерэг хандлагатай байх юм бол бид ямар ч дайсагнал, өшөө хорсол дунд байлаа ч гэсэн сэтгэл дотор маань амар амгалан байдал оршсоор л байх болно. Хэрвээ айдас сэжиг, амиа бодох, өөрийгөө үзэн ядах гэх мэт сөрөг оюуны хандлагатай байвал, сайн найз нөхдөөрөө хүрээлүүлж, тансаг тохилог орчинд байлаа ч гэсэн бид аз жаргалыг мэдэрч чадахгүй л байх болов уу. Ийм учраас оюун санааны эерэг хандлага юунаас ч илүү чухал бөгөөд энэ нь биднийг амьдралдаа аз жаргалыг олж хардаг болоход туслах юм.

 

Бусдыг халамжлахуй

Бидний бүх асуудал мөнгө эсвэл материаллаг зүйлсээр шийдэгдэнэ гэж бодвол тэр буруу. Өөрөөр хэлбэл сайн сайхан зүйл ердөө л гадны ямар нэг зүйлээс урган гарч ирнэ гэж найдах нь бодит амьдралаас ихээхэн хөндий байгаагийн шинж. Мэдээж мөнгө төгрөг болон материаллаг зүйлс амьдралд чухал боловч бидний дотоод хүч болон эерэг оюуны хандлага адилхан чухал юм гэдгийг санаж явах хэрэгтэй.

Энд би хүмүүний сайхан чанар ба хүний үнэ цэний тухай дурьдмаар байна. Бид энэхүү үнэ цэнийг нэг нэгийгээ халамжлах, хоорондоо хамтрах зэргээр улам өсгөн нэмэгдүүлж чадах юм. Түүнчлэн бид бусдын эрхийг хүндэлж сурах хэрэгтэй бөгөөд түүгээрээ бид бидний ирээдүйн аз жаргал, сайн сайхан маань нийгмийн бусад гишүүдээс нягт хамааралтай болохыг илүү сайн ойлгодог болж байгаа билээ.

Миний хувьд, би 16-тайдаа эрх чөлөөгүй болж, 24-тэйдээ эх орноосоо хагацсан билээ. Сүүлийн 40 жилийн турш өндөр их хариуцлагыг өвөрлөн дүрвэгчийн амьдралаар амьдарч явна. Өөрийхөө амьдралыг эргэн харахад амьдрал маань тийм ч амар хялбар байсангүй. Гэхдээ энэ олон жилийн туршид би бусдыг халамжлахуйд, мөн энэрэн нигүүлсэхүйд суралцсан билээ. Оюуны иймэрхүү эерэг хандлага надад дотоод хүч чадал, итгэл үнэмшлийг авчраад зогсохгүй амьдралыг маань зорилготой болгосон юм.

Дахин давтан хэлэхэд, би та бүхэнд хүн бүр адилхан гэдгийг хэлмээр байна. Та нарын зарим нь энэ хүн Далай Лам юм чинь өөр байх гэж бодож магадгүй. Хэрвээ ийм бодол байх бол энэ нь огт ор үндэсгүй зүйл гэдгийг хэлье. Би та бүхэнтэй л адил жирийн нэгэн хүн бөгөөд бидэнд бүгдэд маань адилхан чадвар бий.

Оюун ухааны хөгжилд заавал ямар нэгэн шашны үзэл санаа хэрэггүй гэдэгт би итгэдэг. Бусдын төлөө байх, тэднийг хайрлан халамжлах, мөн бусдын эрх ашгийг өөрийн эрх ашгаас өндөрт тавих гэх мэт нь гол шашнуудын уламжлалт сургаал болсон зүйлс байдаг. Ихэнх шашнууд баримталж буй үзэл онолоороо ялгаатай байдаг боловч хайр энэрэл, өршөөл уучлал гэх мэт ерөнхий чиг хандлагаараа төстэй байдаг. Гэхдээ шашинд үл итгэдэг хүн ч гэсэн хүний сайхан чанарыг үнэлж, тэдгээрийг дээдэлж явдаг нь үнэн билээ.

Бидний оршин байгаа нь олон хүний ач тус, хамтын зүтгэлийн үр дүн болохоор бид ч бас тэдэнтэй зүй зохистой хандлагыг бий болгохыг хичээх хэрэгтэй юм. Гэхдээ бид бодит амьдрал дээр үүнийг мартах хандлагатай байдаг. Өнөөдөр даяарчлагдаж буй дэлхий ертөнцөд маань улс орнуудаар тогтохгүй нэг тив ч нөгөөгөөсөө улам хамааралтай болсоор байна. Өөрөөр хэлбэл бид өөр хоорондоо улам их хамааралтай болсоор байна.

 

Харах өнцгөө өргөсгөе

Та бүхэнд нэгэн зүйлийн тухай ярья. Юу гэхээр аливаа юмс үзэгдлийг (асуудлыг) алсын хараатайгаар харж, олон талаас нь бодох тухай юм. Yүний тулд бид аливаа асуудлыг бүх өнцгөөс нь харах чадварыг хөгжүүлэх хэрэгтэй. Бид ихэвчлэн ямар нэг асуудалтай тулгарахаараа түүнийг өөрийн өнцгөөр л хардаг ба ингэснээрээ тухайн асуудлыг өөр олон өнцгөөс харах боломжуудыг орхигдуулдаг. Ийм хандлага нь голдуу сөрөг үр дүнд хүргэдэг.

Аливаа асуудлыг илүү өргөнөөр харж, улам сайн ойлгохыг хичээх болвоос энэ нь бидний гэр оронд маань ч ихээхэн өөрчлөлтийг авчрах юм. Заримдаа ердөө л маш жижиг зүйлээс болоод эхнэр, нөхөр хоёрын дунд эсвэл эцэг эхчүүд, хүүхдүүдийн хооронд маргаан өрнөдөг. Хэрвээ чи асуудлыг ганцхан өөрийнхөө өнцгөөр хараад, даруйхан шийдэлд хүрье гэвэл хэрүүл, маргаан хийх нь хамгийн хялбар арга мөнөөс мөн билээ. Хэрвээ асуудалд илүү уужуу ухаанаар хандах юм бол бидэнд тулгардаг асуудлуудыг ноцтой үр дүнд хүргэлгүй, харилцан ярилцаж ойлголцож болох юм байна гэдгийг мэдэх болно. Ингэснээр бид гэр бүл, түүнчлэн өөрийн амьдарч буй нийгэм дотроо ч гэсэн хүчирхийллийн бус найрсаг сайхан уур амьсгалыг бүрдүүлэх боломжтой болно.

 

 Үргэлжлэл бий

Орчуулсан Ц.Хулан

 

Сэтгэгдэл бичих

arrow icon