'Тийрэн' орогносон алтны орон

Танзани гэдэг улс урьд өмнө тэгтлээ алт олборлож байсангүй. 10 гаруй жилийн өмнөх тоог харвал жилдээ 10 тонн ч хүрэхгүй.Тэгтэл 2000 оноос хойш алтны экспорт нь нүд сэргэтэл өсчээ. Хоромхон зуур жилийн 40 тонн хүрч, оргил үедээ 50 ч шахаж байлаа. Өнөө үед Танзани нь алтны экспортоор Африк тивдээ 4-т жагсах  "алтан гулдмай" болсон. Алт олборлолтын өсөлтөд хамгийн том үүрэг гүйцэтгэсэн нь гаднын хөрөнгө оруулалт. Канад, Австрали, Өмнөд Африкийн аварга акулууд Танзанийг "алтан гулдмай" болгож өгсөн юм. Энэхүү алтан өсөлт Танзанийн ДНБ-ий хэмжээг сүүлийн 10 жилийн дотор даруй 2 дахин хөөргөж, "Африкийн онц сурлагатан" нэрийн дор  даяаршлын салхинд өртсөн билээ.

 

Баялагийн төвлөрөл

Даяаршил хэмээх үзэгдэл хуучны зам хаалтыг зайлуулангаа, шинээр зам мөр гарган урагшилдаг эд аж. Эдийн засгийн эрх чөлөөг дагаж хувийн хөрөнгө үер мэт урсаж ирэхэд цөл шиг ядуу Танзани түүнийг жигд шингээж амжилгүй, баялаг нэг туйлдаа төвлөрч орхив. Үр дүнд нь Танзаний хамгийн том хот Dar es Salaam-д нийгмийн чинээлэг хэсэг нь төвлөрөн суурьшиж, хязгаар нутгийнхантай харьцуулахад дундаж орлого дор хаяж 3 дахин их болтлоо ялгарав. Харин хүн амын гуравны нэг болох 15 сая иргэн өдрийн 1 долларын төсөв бүхий тарчиг амьдралтайгаа хэвээр хоцорчээ. Хийг чөлөөлөхөд хандсан зүгтээ жигд тархдаг бол, эдийн засгийн баялаг гээч нь эрх чөлөө өгөх тусам улам бүр голдирол үүсгэн хөдөлж, явцуу хэсэгт хуримтлагдах хандлага байдаг бололтой.

Нинжа

Хөдөөний ядуу тосгонд өдрийн 600 шиллингээр (500төгрөг) амь зуудаг хүн цөөнгүй. Харин алтны уурхайд ажил хийвэл хүүхэд ч бай 4000 шиллинг (3500төгрөг) олох боломжтой.
Тийм болохоор хүн болгон л уурхайчин болохыг зорино. Гэтэл уурхайн зүгээс тэдэнд тулгадаг ажил гэвэл энгийн хар ажил, эсвэл дан хортой ажил. Үүнд нь хэгжүүрхэж өгсөн ажлыг нь голсон ч гаднын компаниудыг яваад өгсөн хойно хүлээж авах цор ганц хөрөнгө нь алтны шороо юм. Алтны шороо гэдэг нь дотроо шалихгүй хэмжээний алт агуулсан үлдэгдэл шороо. Гаднын компаниудын хувьд ашиггүй хогон уул боловч, нутгийн иргэдийн хувьд "алтан уул" билээ. Тэр үлдэгдэл шороог өдөржин лантуудаж нунтаглаад, усанд зайлж алтыг нь угаахад өдөртөө 1 - 2 грамм алт гарна. Грамм алтны захын ханш нь 63,000 шиллинг буюу 50,000 төгрөг хавьцаа.

Өрсөлдөх чадваргүй үндэсний уурхайнууд

Танзаний алтны уурхайнууд ээлж дараалан гаднын хөрөнгө оруулагчидын гараар дамжиж, алтны шороо болон нутгийн иргэдэд буцаж ирдэг ийм нөхцөлд Няамафна уурхай л Танзани хүний удирдлага дор ажиллах нь содон. Гэвч түүний менежмент нь байнгын бэрхшээлтэй. Гаднын уурхайнууд аварга том машин техник оруулж ирэн хөрсийг улаанаар нь эргүүлж байхад, Няамафна уурхайн ажил зөвхөн гар аргаар урагшилна. Уг уурхайн 36 амыг бүгдий нь хөрслөг эрчүүд нүцгэн гараараа ухсан юм. Бага оврын өрөм ч байхгүй тэд хүний ганц лоомоор бүхнийг амжуулжээ. Ухаж гаргасан шороогоо бас л бяцхан лантуугаар цуцалтгүй нүдэж нунтаглана. Ингээд нунтаг шороогоо усаар зайлаад, мөнгөн усаар алтыг нь ялгаж авах бөгөөд, тэр нь бас л нүцгэн гараар. Мөнгөн ус нь алтанд очиж наалддаг шинжтэй учир, үртэс төдий алтыг ч мөнгөн усаар сорон цуглуулж болдог юм байх. Эцэст нь шороогоо гарны алчууранд боож шүүхэд, мөнгөн ус нь алчууранд шингэж, үрлэн алт тунаж үлдэнэ. Тэрхүү үрлээ нүүрсний галд халааж шороог нь унагахад сая эцсийн бүтээгдэхүүн болох аж.

 ...Тэр өдөр олборлосон нийт алтны хэмжээ 20 грамм байлаа. Түүнийгээ тухайн өдрийн ханшаар тооцоод 1.5 сая шиллинг (1.25 сая төгрөг) олжээ. Харин тэр уурхайд нийт 300 хүн ажилдаг. Яаж ч бодсон уурхайн ажлыг залгуулахад хүрэлцэхүйц орлого биш. Гэвч сүүлийн үед үүнээс илүү алт гарахаа больсон гэх.
 
Үзмэрч засалчид мандсан нь

Алтны гаралт муу байгаа нь зөвхөн Няамафна уурхайгаар зогсохгүй, нийт Танзани даяар тийм хандлагатай байгаа аж. 2000 оноос огцом өссөн алт олборлолт 2005 он гэхэд оргилдоо хүрээд буужээ. Газар газар шинэ уурхай дагаж нүүдэллэх гаднын компаниудын хувьд ашгаа алдахгүй яваад байж болдог ч, төрсөн нутгаасаа өөр гишгэх газаргүй уугуулчуудын хувьд алтны судал төгсөх нь аз хийморийн төгсгөлтэй агаар нэг ч гэж хэлж болно. Алтны гарц муудахтай зэрэгцэн дуу дуугаа авалцаж мандсан нь Танзаниар нэг хөлхөх засал хийгчид байлаа. Засалчид л засаад өгвөл хоосон уурхайгаас ч алт дахин цутгадаг гэлцэнэ.

Шившигдсэн уурхай

Алтны гарц нь илт муудсан дээрхи Няамафна уурхайн эзэд ч жишгийн дагуу нэгэн засалч урьж авчирлаа. Тэгтэл засалч нэгэн хурц үнэртэй бодис шатааж, түүний утаанд улаан өнгийн бичиг битүү шивсэн нэгэн цаас гаргаж утав. Уг бичиг нь

 Алт улам гарах болтугай

маягийн утгатай юм гэнэ. Утаа нэвчсэн цаасаа усанд дүртэл, улаан будаг нь уусан тархав. Улайссан усандаа тийрэн дурладаг гэх далайн ус болон, тийрэнг хөөдөг гэх тос хийж холиход бэлтгэл ажил дууслаа. Засалчийн хэлж буйгаар, алт гарахаа больсон нь алтны хоолой нь шившигдэж, тийрэн орогносон юм байх. Ингээд дээрх бэлдсэн эмээ алтны хоолой руу цацсанаар тийрэн хөөгдөх гэнэ.

Энэ эм алтыг өөртөө татдаг байхгүй юу. Одоо ингэсгээл алт гараад ирнэ дээ

гэсээр засалч уурхайг орхиж одлоо.

 

 

Зальхай засалчид

Түүнээс хойш юу болсон бэ гэвэл, харамсалтай нь онцын өөрчлөлт юу ч гарсангүй. Аягүй бол тэр, зальхай засалч байсанаас зайлахгүй. Сүүлийн үед Танзанид иймэрхүү зальхай засалчид ер тасрахгүй байгаа юм. Түүгээр ч тогтохгүй, гэнэт тодрон гарч ирсэн тэдгээр зальхайчуудын гайгаар газар сайгүй нийгмийг хамарсан асуудлууд үүсээд байгаа аж. Хэдэн жилийн өмнө, хүүхэд алаад биеийнх нь хэсгийг заслын эм болгож ашигласан хэрэг гарчээ. Хэдийгээр үүнээс үүдэн элдэв арга хэмжээ эрчээ авсан боловч, хүмүүсийг хулхидах явдал Танзанид амархан хэвээрээ л байна. Дээрх байдалд эгдүүцэх "уламжлалт засалчид" тунчиг бухимдуу байна.

Хүний биеэр эм хийдэг гэж сонсож байсан удаа үгүй. Муу сайн юмнууд мөнгө олохоо л бодохоос, засал гэж юу болохыг үнэндээ мэдэхгүй шүү дээ...

Тэд мөн ийн захина

 Засал гэдэг чинь мөнгө олох хэрэгсэл биш юм шүү. Хүний тусын тулд хийдэг ажил юм.

  

Амьд өргөл

Няамафна уурхайн хүмүүс, зальхай засалчид молигодуулжээ гэсээр, энэ удаа нутаг усандаа нэр хүндтэй нэгэн уламжлалт засалчийг залахаар болов. Шинээр уригдсан тэр засалч уулан дээр хөл тавивуу үгүй юу зогтусав. Тэндээс цаашлан алхах тусам царай нь улам ширүүн болно. Тэгснээ

Энд амьд өргөл барьсан уу?

гэх нь тэр. Үнэхээр ч, өмнө нь зальхай засалчийн үгээр энд амьд өргөл хийж булсан байв. Тийрэнг хөөж явуулах зорилгоор булж орхисон амьд өргөл нь, эсрэгээрээ энэ ууланд тийрэн бүгэх шалтгаан болжээ. 

Алдагдсан социалист нийгэм

Нэхэн санахнээ, Танзанийн тусгаар тогтнол барууныхны эсрэг хөдөлгөөнөөс үүссэн юмдаг. Олон үеэрээ колони болж Англи дөнгөнд хадагдсан Танзаничууд цагаан арьстануудыг яс махнаасаа үзэн ядах аж. Тиймдээ ч тусгаар тогтносныхоо дараа, барууныхныг эсэргүүцэж социалист замналыг сонгосон билээ. Мэдээж европ Оросоос бус, ази Хятадаас социализм импортолж, үр дүнд нь Өмнөд Африк, Родесиa, Мозамбикчуудтай ана мана нүдэлдсээр ирж.

Харамсалтай нь, газар тариаланг дагнаж өндийсөн Танзани социализм уг хэмнэлдээ нэг л орсонгүй. Умажа хэмээх бригад байн байн ганд нэрвэгдэж, ундны усаар тасарсаар төгсөх нь тэр. Ийнүү социализмд итгэл алдсан танзаничууд ээлжит ерөнхийлөгчийн сонгуулийг далимдуулж, эрх чөлөөний зүг залуураа чиглүүлэн эргэвээ. 90-ээд оны үед өмч хувьчлалыг эрчимжүүлж, дотоод эдийн засаг эгшин зуур өсөв. "Африкийн онц сурлагатан" хэмээн өрнөдүүдэд цоллуулах болсон нь ч тэр үеэс эхтэй.

Сэжиг

Харин одоо онц сурлагатанууд маань бас дахин эргэлзэж эхлэв.

Ингэхэд ер нь хожоод байгаа нь хэн юм бол? Гадны компаниуд уу? Засгийн газар уу?

Ямар ч байсан "ард түмэн" бол энэ асуултын зөв хариулт биш нь ойлгомжтой. Статистик тоонууд өсөх тусам, ард түмэн тэр тоонуудад хаягдсаар байгаа. Түрхэн зуурын уурхайн ажил ч, цаг нь ирэхээр "баярлалаа, баяртай" гэсээр одно. Тэндээс үлдэх алтны шороог гомдлын мөр дахин дахин самрахаас өөр юу ч хийлтэй билээ. Социализмын гэрэлт ирээдүйгээсээ хагацсан тэд, арга буюу хөрөнгөтний шороон замаар гэлдрэх боловч, зам нь ахих тусмаа нарийссаар л...

 

Хуучны анд Хятад

Цөхөрч дууссан Няамафна уурхайн сүүлчийн найдвар нь хятадын хөрөнгө оруулалт болов. Өнөөг хүртэл хараахан бодитоор хөрөнгөө оруулаагүй ч, Танзаничуудын хувьд Хятад хүн л сүүлчийн найдвар болж үлджээ.  Тусгаар тогтнолоос хойш урт удаан найрамдалт харилцаатайн хувьд,  Хятад гэдэг нь огтхон ч хар санах учиргүй анд. Хэдий тийм ч, Хятадын компаниуд Танзанийн уурхайнуудыг цөлөмчөөд явчихгүй гэсэн баталгаа хаана ч байхгүй нь бодит үнэн...

Ухаад эхлэхэд нэг л өдөр дуусдаг алт. Үлдэгдэл нь ердөө л шороон уул, хямарсан нийгэм. Килиманжарогийн өндөр оргил тэдний явдлыг тухлан тольдох мэт амгалан дүнхийсээр байх ажээ...


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 4988

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%