Нийтлэл 11 сарын 22, 2015

Эмгэнэл – Лунтангийн Болормаа агснаас бидэнд үлдсэн өв  

Лунтангийн Болормаа агсан миний хувьд багш, эрхлэгч, хамтран зүтгэгч, хамаатан садны аль нь ч байсангүй. Түүнтэй нүүр тулж уулзах завшаан ч гарч байсангүй. Сэтгүүлзүйн бүтээлийнх нь мянга мянган уншигчийнх нь л нэг. Харин жирийн нэг хагас сайн өдөр бодсон санасан юмгүй амарч байтал нүдэнд туссан “Л.Болормаа таалал төгссөн” тухай мэдээг үзээд жир бус их гуниг төрөв.  Танил тал дотнын хүнээ алдсан уй гашуу гэхээсээ дуртай цуврал киногоо дундуур нь таслуулсан үзэгчийн гэмээр, унших дуртай номын зохиолчоо үлдсэн хагас нь цагаан хуудсаараа  байхад алдсан гэмээр тулгамдсан хачин сэтгэл төрөв.  Нэг том хайр бөхжээ гэж санав. Зүс үл таних тэр эмэгтэй миний хувьд бичиг үсгээр илэрхийлэгдсэн “хайр”-ын нэг биелэл байсан билээ.

“Л.Болормаа” хэмээх нэр миний хувьд хэн нэгэн бие хүн гэхээсээ  бичиг үсгийн брэнд, уран бүтээлийн ертөнцийг төлөөлдөг байв. Хүчтэй нь хүчгүйгээ үл тоомсорлож, хүнийг, тэр байтугай хүүхдийг хайрлах сэтгэлийг хол тэртээд гээсэн мэт санагдах жиндүүхэн цаг үед хэрхвэл зохихыг мэдэхээ байх мэт, ганцаардах мэт, хүч дутах мэт мэдрэмж төрөхүй дор уйгагүй хөдөлмөрлөж олонд хүргэсэн сэтгүүлзүйн бүтээлүүд нь хүн бүр тийм бишээ гэж сануулах мэт, холоос инээмсэглэх мэт сэтгэлд түшигтэй алсын нөмөр, хань байлаа. Үнэний төлөөх уйгагүй эрэлхийлэл, элдэв коррупцыг аймшиггүй эрэн сурвалжлах эр зориг, нөр их хөдөлмөр шингээсэн бүтээлүүд нь хүнийг бодох, доройг энэрэх эх хайраас л урган гардаг мэт санагддаг байв. Лунтангийн Болормаагаас аливаа мэргэжил хүний төлөө оршдгийг, хүний төлөө сэтгэлээс шударга үнэний эрэлхийлэл, хүчгүй доройн талд дуугарах эр зориг төрдгийг харуулсан бүтээлүүд нь, хайрын илэрхийллүүд нь цагаан дээр хараар мөнхлөгдөж бидэнд үлдлээ.

Хоёр охиноо төдийгүй хамаг л орхигдсон гадуурхагдсан бүхнийг элгэндээ тээсэн гэмээр нэг хайр бөхөх нь  хувь ойрын хүмүүсийнх нь төдийгүй хамаг Монголын эмгэнэл буйзаа. Ойрын хүн нь биш тусмаа өөр шигээ хүмүүст, уншигчдад нь, шударга үнэн, коррупцын эмчилгээ, ядарсан ба задарсанд хуваагдсан нийгмийн төгсгөл, мэргэжлийн эрэл, эр зориг, хүмүүнлэг хандлага нь хэрэгтэй байсан хэн бүхэнд гүн эмгэнэл илэрхийлье. Түүний хайр эрчээ алдалгүй түүчээлж улам олон хүнийг нөмөрлөх болтугай. Амгалан нойрсох болтугай.

Сэтгэгдэл бичих

    • Зочин
    • 2015-11-23

    hairan saihan hun. Rest in peace

    • Зочин
    • 2015-11-23

    харамсалтай юм.

    • сайнаа
    • 2015-11-23

    Үнэхээр их харамсаж байна.

arrow icon