ШҮХЭРЧИН ДАЙЧДЫН МААНЬ ТЭНГЭР НЬ ЦЭЛМЭГ, ГАЗАР НЬ ЗӨӨЛХӨН БАЙГ

 

Эх орноо батлан хамгаалах үйлсэд алтан амиа өгөхөд бэлэн гэж тангараг өргөдөг хүмүүс бол бидний цэрэг эрс билээ. Саяхан Зэвсэгт хүчний 084 дүгээр анги буюу “шүхэр-десантын тусгай томилолтын батальон” байгуулагдсаны түүхт 50 жилийн ой болж өнгөрлөө. Энэ ангид манай хамгийн зоригтой, шилмэл эрчүүд алба хаадаг гэж хэлж болно. Агаарт, тэр өндрөөс шүхэр ашиглан газарт эсэн мэнд бууна гэдэг хэр баргийн зоригтой аавын хүүгийн хийж чаддаг ажил биш. Ямар ч хүнд өндөрт гарах, газрын дор эсвэл усны гүнд орох үед мэдрэгддэг төрөлхийн айдас байдаг. Харин манай шүхэрчин дайчдын хувьд тусгай сургалт, дадлагад хамрагдан эдгээргурван төрлийн айдсыг даван туулдаг учраас зоригтой байдаг юм. 
“Шүхэр-десантын тусгай томилолтын батальон”-ны үүрэг нь дайны цагт дайсны ар талд төрөл бүрийн тагнуулын мэдээлэл олзворлох, хорлон сүйтгэх ажиллагаа явуулах, стратегийн ач холбогдолтой объектуудыг олж илрүүлэн устгах болон бусад өгөгдсөн үүрэг биелүүлдэг. Харин тайван цагт өөрийн үндсэн үүргээс гадна терроризм болон зохион байгуулалттай гэмт бүлэглэлтэй тэмцэхэд цагдаагийн байгууллагад дэмжлэг үзүүлэх, шаардлагатай тохиолдолд барьцаалагдсан хүнийг чөлөөлөх, аврах ажиллагаа явуулах, өндөр хэмжээний зочид, байгууламжийн аюулгүй байдлыг хангах зэрэг үүрэг гүйцэтгэхэд бэлэн байдалтай байдаг. Тийм учраас тус анги нь гүйцэтгэх үүрэгтэй зохицсон тусгай зэвсэглэл, техник, тоног төхөөрөмжөөр хангагдаж, жилийн дөрвөн улиралд тасралтгүй бэлтгэл сургуулилтад хамрагдаж байдаг юм. 
Зэвсэгт хүчний анги, салбар бүр өөрийн гүйцэтгэдэг үүргийн онцлогийг харуулсан туг, эмблем, уриатай байх нь тус ангид алба хааж буй бие бүрэлдэхүүнд бахархал, омогшил төрүүлэх чухал ач холбогдолтой гэж хувьдаа үздэг. Тухайлбал Зэвсэгт хүчний 150 дугаар анги нь “Хээр хэвтэх яс нэг, хэзээд урсах цус нэг,” гэдэг уриатай.

Энэ бол амиа алдсан ч хамаагүй өгөгдсөн даалгаврыг заавал биелүүлэх, мөн хэнийг ч ардаа орхихгүй гэсэн санааг агуулж байдаг. Харин шүхэрчин-тагнуулчдын уриа бол “Өвдөг бүү сөхөр”. Энэ нь манай тагнуулчдын гүйцэтгэж буй үүрэгтэй шууд холбоотой. Тэдний тулааны онцлог нь фронтын ар талд голдуу дайсны давуу хүчтэй эсвэл бүслэлтэд ямар нэгэн дэмжлэггүй тулалддагт оршиж байдаг юм. Тийм учраас энэ урианд “ямар ч нөхцөлд эцсээ хүртэл тулалдаж, дайсанд бууж өгөхгүй” гэсэн санаа агуулж байгааг анзаарсан байх. 
Ингээд Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн удирдлага, хамт олон, ахмад дайчдад нь баярын мэнд хүргэж “ТЭНГЭР ЦЭЛМЭГ ГАЗАР НЬ ЗӨӨЛХӨН БАЙГ,” гэж ерөөе.

Мөн шүхэртэй холбоотой зарим сонин содон тохиолдлуудыг сонирхуулж байна.

- 2014 оны 10 дугаар сарын 24-нд компьютерын мэргэжилтэй АНУ-ын иргэн Е.Алан(Alan Eustace) тусгай сансрын нисгэгчийн өмсгөл ашиглан41.422 метрийн өндрөөс 4 минут 30 секундын хугацаанд шүхэрээр буусан нь дэлхийн хамгийн дээд амжилт болоод байна.

- Дэлхийн хоёрдугаар дайны төгсгөл үе болох 1944 онд Австралийн бөмбөгдөгч онгоц байлдааны даалгавар биелүүлж яваад германы агаарын довтолгооноос хамгаалах их бууны суманд өртжээ. Онгоцон дотор хүчтэй дэлбэрэлт болоход биедээ ямар ч шүхэргүй явсан багийн гишүүн байлдагч Ж.Херман(Joe Herman) гадагшаа шидэгдсэн ба нэг сэргээд хартал ямар нэгэн юмнаас зуураад агаарт явж байна гэнэ. Ж.Херманы аз болоход тэр онгоцны багийн өөр нэг гишүүн болох В.Жон(John Vivash)-ын хөлөөс нь зуурчихсан байж таарчээ. Ингээд тэр хоёр нэг шүхрээр хамтдаа эсэн мэнд газардсан юм. Нөгөө талаар В.Жоны шүхэр аажим дэлгэгдсэн явдал нь Ж.Херманыг амьд үлдэх боломж олгосон гэнэ. 

-  2006 оны 2 дугаар сарын 8-нд Тайланд улсад нэг дор 400 шүхэрчин чөлөөт уналт хийж агаарт хөвж явахдаа хоорондоо холбогдож аварга амжилт тогтоож байжээ. 

- 1929 онд Австралийн орлон тоглогч, ахмад В.Тайлор 41 метрийн өндөр гүүрнээс шүхрээр буусан нь албан бусаар хамгийн нам өндрөөс амжилттай буусан тохиолдол болон түүхэнд тэмдэглэгдэн үлджээ. 

- 1942 оны 1 дүгээр сард Зөвлөлтийн дэслэгч Чисов “Ил-4” бөмбөгдөгч онгоц жолоодон байлдааны даалгавар биелүүлэн нисэж явжээ. Гэтэл гэнэт германы сөнөөгч онгоц гарч ирээд түүний онгоцыг буудаж эхэлсэн байна. Ингээд дэслэгч Чисов аргагүй байдалд орж, гэмтсэн онгоцоо орхин 6700 метрийн өндрөөс үсэрсэв. Гэхдээ германы сөнөөгч онгоц ойрхон нисэж байсан тул тэрбээр шүхрээ задлахаас айн нам өндөрт орсон хойноо дараа задлахаар тооцоолсон боловч харамсалтай нь ухаан алдсан байна. Ингээд тэр 190-240 км/цагийн хурдтай уулын налуу хэсгийн мөргөж ёроолд нь хүртэл өнхөрчээ. Уг уул нь зузаан цастай, нисгэгч хойно урдаа үндсэн болон туслах шүхэртэй явсан нь түүний амийг аварсан бололтой. Тэр нуруу, аарцагны ясаа гэмтээсэн боловч гурван сарын дараа дахин онгоц жолоодож нисэж байжээ. 

-  АНУ-ын нисэх хүчний алба хаагч Д.Келлер(Don Kellner) нь 40 мянган удаа шүхрээр үүний ихэнхийг нь чөлөөт уналтаар буусан гэнэ.

-  Тэгвэл АНУ-ын С.Черил(Cheryl Stearns) гэдэг эмэгтэй 20 мянган удаа шүхрээр буусан бөгөөд 1995 оны 11 дүгээр сарын 8-9-ны өдрүүдэд 24 цагийн дотор 352 удаа шүхрээр бууж рекорд тогтоож байжээ. 

- Австрийн шүхэрчин В.Феликс(Felix Baumgartner - хуучин цэргийн алба хаагч), 39 км-ийн өндрөөс шүхрээр буухдаа 1357,6 км/цаг хурдалж рекорд тогтоож байв. Мөн тэрбээр ямар нэгэн зохиомол хурдасгуур ашиглалгүй чөлөөт уналт хийж байх үедээ дууны хурднаас илүү хурдалж чадсан анхны хүн болсон юм.


avatar
    • Батсайхан.Н
    • 119.40.99.*

    Д.Отряд: // Монголд хамгийн олон шүхрирйн буулт /3820 удаа/-ыг нийслэл, 21 аймагт хийсэн. Баяр наадмаар 20 жилийн турш шүхрийн үзүүлэх буултуудыг санаачлан хийжээ. 1987 онд Сутайн (4130 м) оргилд АН-2 онгоцноос 4900 м-ийн өндрөөс шүхрийн буулт хийсэн нь дэлхийд 2 дахь, Ази тивд болон Монголын спортын түүхэнд анхны шинэ амжилтын эзэн болсон. Энэ амжилт нь ч гэсэн өнөөг хүртэл эвдэгдээгүй. Цамбагарав мөнх цаст (4252 м) ууланд амь дүйсэн шүхрийн буулт хийсэн. 1980 оны сүүлээр Чех улсад болсон Армийн Дэлхийн авргад хувийн амжилтаар тавдугаар байранд орж анхны ОУХМ болсон. Монголд анх агаарын бөмбөлөг, уулын шүхэр гэсэн төрлүүдийг хөгжүүлж, 1997 онд Монголд дараа нь Японд болсон бөмбөлөгийн олон улсын тэмцээнд эхнэрийн хамт 'Үхсэн ч гомдолгүй' гэж гарын усэг зурж дэлхийд анхны буултыг гүйцэтгэж байсан. Үндсэндээ дэлхийн шилдэг 10 гаруй шүхрийн үзүүлбэрийг өөрөө анх санаачилан хийж байсан юм билээ.

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 5109

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%