БИДЭНД СЭРГЭН МАНДАХ ГУРАВ ДАХЬ ТОХИОЛ БИЙ

Өнөөдрийн Монголчууд бидэнд сэргэн мандах бололцоо бүрэн бий. Бид үүнээс ч илүү хүнд буурай нөхцөлөөс дэлхийн супер гүрэн болон мандан бадарч чадсан юм шүү дээ. 
НЭГ ДЭХ НЬ: XII зууны төгсгөлд Монгол овог аймгууд дотоодын хямралд гүн нэрвэгдсэн, "Орондоо унтах завгүй олзлолдон булаалдсан, хөнжилдөө хэвтэх завгүй хөнөөлдөн тэмцэлдсэн" эв нэгдэлгүй, тархай бутархай, хүчин сул дорой үедээ Их Хааныхаа тугийн дор нэгдэн нягтарч хүчлэн өндийгөөд зогсоогүй, дэлхий дахинаа Монголын энх амгалан хэмээх ёсыг гал цахилгааны хүчээр тулган хүлээлгэсэн төдийгүй XIII-XIV зууны турш улс үндэстнүүдийг засан тохинуулагч, манлайлагч хэт үндэстэн болсон билээ. 
ХОЁР ДАХЬ НЬ: XX зууны эхэн гэхэд монголчууд бид бууран доройтож, хүч тамираа шавхсан байв. Их гүрнүүдийн шуналт хатгаасаар бусад ахан дүүсээсээ хагацаж, зөвхөн Ар Монголдоо хашигдсан бид хагас сая хүрэхтэй үгүйтэй хүн амтай, хөдсөн дээлтэй хөл нүцгэн, ташуураас өөр барих зэвсэггүй шахам байлаа. Харь гүрнүүдийн өлсгөлөн ам бидний газар нутаг, тусгаар тогтнол руу маань ангалзан дайрч байсан тэр бэрх хэцүү цаг үед ч бид ташуураа тулан өндийж цус урсгаж, хөлсөө асгаруулан тэмцсээр сэргэн мандаж, орчин үеийн бүрэн эрхт тусгаар улс болж чадсан. Энэ XX зуун бол олон арван жижиг буурай нь бүү хэл томоохон улс гүрнүүдийн хувь заяаг хүртэл тодорхойлон шийдэж байсан, донсолгоо доргион ихтэй зуун байлаа. Тэр гал шуурган дунд бид тэсэн үлдээд зогсоогүй сэргэн хөгжиж чадсан билээ.
ГУРАВ ДАХЬ НЬ: XXI зууны эхэн үеийн буюу өнөөгийн Монголчууд бидэнд мандан бадрах гурав дахь боломж гарцаагүй бий.
- Бидэнд асар чадварлаг, авьяаслаг, өндөр IQ-тай, хангалттай төвшний боловсролтой, бичиг үсэгт бүрнээ тайлагдсан, харьцангуй соёлжиж, боловсорсон 3 сая хүн ард байна. Оюуны чадамжаараа Монгол хүн дэлхийн улс үндэстнүүдийн манлайн хэсэгт явдаг билээ. 
- Зөвхөн сүүлийн хэдхэн жилд олимп, дэлхий, тивийн аварга болон бусад олон улсын уралдаан тэмцээнүүдээс медалийн хурыг асгартал буулгадаг болж, сумогийн ертөнцийг үнэмлэхүй хаанчилж, дэлхийн спортын ертөнцийг гайхшруулж, спорт сонирхогчдыг дэлдийлгэж байна. “Энэ Монголчууд хаанаас гэнэтхэн гараад ирэв ээ?” хэмээн гайхаж байна. Яг нь XIII зуунд Европ дахин гайхаж алмайрч байсан лугаа адил. Хүн амтайгаа харьцуулахад манай амжилт бол манлай амжилт юм. 
- Монгол залуус оюуны бяд шавхсан дэлхийн хэмжээний корпорацуудад амжилттай ажиллаж, нээлт бүтээл гаргаж, салбар нэгж удирдаж байна. Монгол залуус Шинжлэх ухааны хамгийн сүүлийн ололт нээлтэд тулгуурласан шинэ техник, технологийг хэнээс ч дутахгүй ахар богино хугацаанд бүрэн дүүрэн эзэмшиж чадаж байна.
- Монгол хүүхэд залуус оюуны спорт - ой тогтоолтын тэмцээнд ер бусын гайхалтай амжилт үзүүлж, шатар болон бусад оюуны салбарын олимпиадад ч манлайлах болов. 
- Манай дуучид Чайковскийн хөгжмийн их наадам зэрэг дэлхийн хөгжмийн олимпуудаас ямагт гранпритэй ирэх болов. Монгол хүний дуу хоолойг дэлхийн сонгодог урлагийн тайз үгүйлэх болов.
- Бидэнд асар их, бүр төсөөлшгүй их байгалийн баялаг байна. Зөвхөн нүүрс л гэхэд нийт газар нутгийнхаа 23-хан хувьд хийсэн хайгуулын дүнгээр 30 ширхэг Таван толгойтой тэнцэх хэмжээний буюу 172-175 сая тонн нүүрсний нөөц байна. Өнөөгийн хэрэгцээгээрээ тооцож үзэх аваас дотоодынхоо хэрэгцээг 150 гаруй жил бүрэн хангаж чадах 256 сая гаруй тонн газрын тосны нөөц одоогоор илрээд байна. Цаашид ч илэрнэ. Цаана нь алт, мөнгө, зэс, молибден, фосфорит, хүрэл, төмөр гэх мэтийн асар их баялаг бий. 
- Бидэнд цэвэр экологийн бүтээгдэхүүн өгч байдаг, өөрөө өөрийгөө нөхөн сэргээдэг өвөрмөц онцлогтой нүүдлийн сонгодог мал аж ахуйн бүрэн бүтэн суурь бүхий 50 сая гаруй мал сүрэг маань байна. Зөвхөн малаас гаралтай түүхий эд болох мах, сүү, ноос, ноолуур, хөөвөр, хялгас, зогдор арьс шир, эвэр туруугаа бүрэн хэмжээгээр ашиглаж чадах аваас хэзээ ч дундаршгүй нөхөн сэргээгдэж байдаг эрдэнэсийн уурхай бэлээхэн байна.
- Бидэнд уул тал, говь хээр, ой тайга, гол ус, нуур цөөрөм цөм хосолсон уудам сайхан, баялаг өгөөмөр эх нутаг минь байна. Есөн эрдэнэ бүрнээ цогцолсон эх орон маань байна.
- Бидэнд геостратегийн ер бусын боломж байна. Дэлхийн хүчирхэг том хоёр гүрэн бидний хөрш байж, бидэнтэй эн тэнцүү харьцахаас аргагүй нөхцөл байдалд байна. 
- Бидэнд аугаа их өнө эртний бадрангуй түүх, бахархалт уламжлал, дахин давтагдашгүй өвөрмөц гайхалтай их өв соёл байна. 
- Бидний халаа болохоор итгэл мөрөөдөл дүүрэн, эвдэрч цөхрөөгүй шинэ залуу үе орон зайгаа нэхэн хүч түрэн гарч ирж байна. 
- Бидэнд юугаар ч арилжиж сольшгүй, бидний дээдэс үе үеийн эх орончид амь насаараа дархлан баталгаажуулж ирсэн Тусгаар тогтнол маань байна.
- Хамгийн гол нь бидэнд, Монгол хүн та бидний зүрх сэтгэлд хөгжин мандах эрмэлзэл тэмүүлэл дүүрэн байна. 
Ийнхүү бидэнд дахин, гурав дахиа сэргэн мандах түүхэн их боломж бүрнээ байна. Бидэнд өнөөдөр зөвхөн биднээс л шалтгаалах зүйлс л дутагдаж байна. Тэр бол юуны өмнө ойр зуурын хэсэг бүлэг, намынхаа эрх ашгийг арагш нь тавьж нэгдэж чаддаг ухаанд түшсэн үндэсний эв нэгдэл, сэргэн мандлын үзэл санааны итгэл үнэмшил, үнэнч тууштай хүчирхэг удирдлага, үр бүтээлтэй мятаршгүй хөдөлмөр болно. 
Гагцхүү бид тэрхүү боломж бүхнийг, түүхэн тохиол, оддын цагаа шүүрэн барьж авах түүхэн агшинг л алдаж үл болмой.

 


avatar
    • Ч Тогг
    • 141.101.88.*

    Яг үнэн шүү итгэж байна аа аль нэг гадны нөлөөгөөр хийрхүү хүмүүсийг хөдөлгөж дотроос биш гадны аюул нүүрлэх бии арабын орнуудад юу болоод байгаа билээ санахад илүүдэхгүй

    • Atarsaihan Lu
    • 203.91.115.*

    Санал нэгтэй байх буюу саналаа нэмэрлэе. Ерөөсөө язгуураасаа Монгол хүний гени нь энэ дэлхийн хүний төрлийн элит ГЕНИйн сан нь юм аа. Харин еврей нар бол Оюун-ы сан нь байсан бөгөөд оюун санааны ХЭТ үзэл нь бүх философийнхоо хувьд алдаанд орчихсон юм. Энэнийхээ горыг л капиталын хямралаар амсаж хэт үзэл хүний генийг хүртэл алдаанд оруулаад шинжлэх ухаан анагаахуй ухаан хүчин мөхөстөж байгаа цаг дор л МОН-ГОЛ генийг дээд ухамсэр Мөнх Тэнгэр сэргээн ажиллуулдаг. үүнийг ЧИНГИС-изм дээ 4-н НЭҮРИТ /нэрт/ ЗАСАГ гэсэн байдаг. Одоо бидний энэ цагдор Европийн соёлд мөхөл нүүрлүүлээд буй ДАУН-ы синдром буюу генийн алдааг нь засаж өгөх филосопи нь дэлхийн соёлыг эрс өөрчилж чаддаг ТЭНГЭР үзлийн охь болох ЧИНГИС-изм сэргэн мандаж ТАВ ДАХЬ НЭҮРИТ ЗАСАГ-ийг хийнэ гэсэн үг юм. Нөгөө үгээр бол европын МОНГОЛОЙД-ийГ хөх Монгол ухАМсэр, МОН-ОГОУ-УЛ засан тохинуулж МОНГОЛИКА болгож өгнөө гэсэн үг. Энэ нь уламж Монгол ахуйгаа зааж өгснөөр энэрэл нигүүлсэлийн агаар амь-ас-галтай болж дахин сэргээх энэл бөгөөд энгүй ухаан юм. Тэвчээр бол АСКИТИЗМ-ийн төгс хэлбэр гэж далай ламтан хэлсэн байдаг даа.

    • Амарбат.
    • 50.99.156.*

    Тиймээ, Монголчууд хэрэв нэгдэн нийлвэл асар хүчирхэг болдог нь бүх ертөнцийн нэгэн хууль болой. Тэнгэр ямар нэгэн агуу өөрчлөлтийг газар дэлхий, хүн төрлөхтөнд хийх болохоороо монголчуудыг хэрэглэдэг билээ. Одоо чухам л энэ цаг үе нь ирсэн байна. Дэлхийн байгаль орчны бохирдол, хүмүүсийн ёс суртахуун тэвчиж болох хязгаараас халиад байна, хаа сайгүй худал хуурмаг төөрөгдөл газар авчээ. Үнэндээ энэ цаг мөчид л Монголчууд нэгдэн нийлдэг, ингэхийн тулд өөрсдөө ч хүн төрлөхтөний зовлон гамшигийг хангалттай эдэлдэг. Бид тэвчихийн туйлд хүрсэн тул одоо л сэрж нэгдэн үүргээ биелүүлэх ёстой.

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 4689

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%