Танил бас хөөрхөн нүүрний дилемма буюу дуучин Нара ба ‘дуучин’ Гүндалай

Гүндалай Буян Жагаад зодуулав. Гүндалай цэнхэр дэлгэцээр яаж балайрч болохыг яруу тодоор үзүүлэв. Гүндалай газраа авч чадахгүй бол чацга царайлаад үлдэцгээ гэж попров. Гүндалай айлын найм дахь хүүхэд намайг сонговол ард нийтээрээ баяжина гэж сарандаваадав(юнителдэв гэсэн ч болно, өсөн дэвжин өрнөн яах наян найм дугаар гээд байдгаар нь).  Гүндалай ардын дуу дуулна. Гүндалай амандаа цаас зууж жиргэнэ. Гүндалай Гүндалай Гүндалай... 

Ай Гүндалай, аргагүй тэнэг Гүндалай. Гүндалайгаас тэнэг хүнгүй боллоо.  Гэхдээ л дуулсан дуу нь соошил медиад мянга мянга шэирлэгдэнэ. Хэлсэн үг нь салхины хурдаар тарна. Жиргэсэн жиргээ нь трэнд болно. Бүгдээрээ таньдаг болно, нэг мэдэхэд аргагүй сайхан Гүндалай болно.

Цаадах чинь (гэхэд болохоор хэмжээнд  бүгдийх нь дотно танил болсон) эмч болохоор тэнэг гэхээсээ айхар байна.  Хүний сэтгэлзүйд  Заойнсын зарчим гэгдээд байдаг нэг дүрэм үйлчлэхийг мэдэхтэйгээ байх. Зайонсын зарчим буюу mere-exposure effect гэдэг нь хүн таньдаг, мэддэг эд юмс, хүндээ илүү талтай байдгийг томьёолсон мэргэжлийн хэллэг юм.  Хүн мэдэхгүй юмнаасаа айдаг гэхчлэн эсрэг талаас нь илэрхийлсэн энгийн хэлц ч байдаг. Зургадугаар сарын 29 болж, бидний Монголчууд цаашид хүн шиг амьдрах эсэхээ шийдэх өдөр ирэхэд бидэнд хоёр нэр харуулна. Нэг нь Гүндалай нөгөө нь түүнийг гүйцэж балайрч үнэхээр чаддаггүй, жинхэнэ ажлын талбарт олны нүднээс далд нухлагдаж, өрөөндөө ширээн дээрээ хөгжлийн концепц үхтлээ судалсан  нэг нөхөр. Тэгээд бид Гүндалайгаа л дугуйлна, дугуйлсаар ч ирсэн. Таньдаг бол таалдагийг нэгд эрдэмтэд элдэв судалгаагаараа, хоёрт бидний өмнөх сонгуулуулиудын дүн баталж ирлээ.

УИХ-аар дүүрэн танил нүүр. Танил царайны эрэмбийг төчнөөн жил наадмын талбай дээр, тэр тусмаа аль болох олон цаг золгож төв телевизээр царай нь цацагдсан цагийнхаа уртаар тэргүүлэх магадлалтай Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ аваргын нүүр тэргүүлж байна.  Сүүлийн үед дэвжээнээсээ холдоод мартагдах гээд байхаар нь 3310 барьж, автобусанд суух, амьдрал хэцүү байгаагаа учирлах мэтээр эргээд нүүрээ сануулах гэж эгэлгүй чармайж буй. Түүний араас бусад бөх, уяач, сэтгүүлч, тэмцэгч, попууд гэх мэтээр угаасаа нүүр нь олны нүдэнд байнга өртөж байдаг мэргэжлийнхэн жагсана. Одоо энэ оноос дуучид, жудочид, хошин шогийнхон, түрийвч даллагсад нэмэгдэх байх.  Ямар ч аргаар хамаагүй хэнд ч хамаагүй нүүрээ харуулж байх, сенсаац тарих, хоногшуулах уралдаан үргэлжилж, уралдааныг энэ тэмдэглэлийн гол дүр Гүндалай одоогийн байдлаар тэргүүлж байна. Танил л бол сонгох сэтгэлзүй нь ч хаа саагүй мэдрэгдэнэ. Арван жил бөхийн дэвжээ манасныг сонгосонтойгоо адил хошин шогийн тайз сахисныг нь ч хамаагүй сонгох шинжтэй.

Дуучин Нара сүүлд нэгдсэн ч бас шаанстай. Учир нь хүний сэтгэлзүйд Зайонсын зарчмаас гадна нүүртэй холбоотой бас нэг хэтийдэл bias үйлчилдэг байна.  “Хөөрхөн бол зөв” буюу илүү гоо сайхныг илүү зөв гэж хүлээж авах хэтийдэл.  Бяцхан хүүхэд хүртэл үзэсгэлэнтэй нүүр рүү удаан ширтдэг байна. Тэгэхээр чинь үржлийн насанд хүрч, үзэсгэлэнт хосоо олох үүрэг хүлээсэн бид одоо яах вэ? Биологийн луужин хаашаа заана хүний нийгэм тийшээ. Нүүрний тэгш хэмийн тухай эндээс уншиж болно. Ээж хүртэл хөөрхөн хүүхдээ илүү эрхлүүлж, багш нар хөөрхөн оюутнаа илүү өршөөж, хөөрхнүүд илүү хурдан ажилд орж, илүү хурдан ахиж, илүү их цалин авдаг.  Шударга эсэх нь өөр хэрэг, бидэнд гоо сайхныг илүүд үзэх хандлага байдаг. Энэ хэтийдэл дээр тоглоод чуулганд багтаж амжсан  үзэсгэлэнтэй сайхан гишүүн хэр олон байдгийг хэлж мэдэхгүй байна. Ямар ч гэсэн өрнөдөд ТВ зохион бүтээгдсэнээс хойш улстөрчид илүү царайлаг, илүү мангар(эсвэл арай ухаалаг бус) болсон гэдэг. Холоос цагаан хоолойгоор ухаанаа уралдуулж байтал, камераар татаад царай харуулдаг болоод ирэхээр энэ төрлийн хэтийдэл илүү үйлчилж эхэлсэн гэсэн үг.

Яагаад төр болон төлөөллийн ардчилал ингэтлээ доройтсонд(ганц Монголд биш) дээрх хоёр төрлийн сэтгэлзүйн хэтийдэл бүрэн биш гэхэд хэсэгчилсэн тайлбар болж өгөх болов уу. Эрдэмтэй бөгөөд хөөрхөн гэдэг ховор хоршил. Хөөрхөн төрөх хувь заяаных, эсвэл гадаад төрхөндөө хөрөнгө, цаг зарцуулах хэрэгтэй. Хүнд танигдах ч амаргүй. Цаг, хөрөнгө хүч, мэдрэл, зориг шаардана.  Харин эрдэм сурах бүр ч амаргүй, бүр ч их цаг, сэтгэл, хүч хөдөлмөр шаардана. Үсээ ороогоод суух, бусадтай уулзах, ярилцах, хүрээллээ тэлэх, мөнгө хийх,  хүн төрөлхтний хөгжлийн нууцаас уншиж судлах, ажиллаж туршихад нөгөө л 24 цагаа хуваарилах болохор аль нэг талд нь гарч дуусах магадлалтай. Цаашлаад эрдэм сурах тусам мэдэхгүйгээ мэдэх, даруу зан суух гэх мэт өөр дагалдах саадууд нэмэгдэнэ. Зарим нэг хүнийг эс тооцвол эрдэмтэй агаад олонд танигдсан хүн цөөхөн.

Ингээд танигдсан хэд дундаас өөрийгөө голохгүй  зарим нь танигдаагүй хэдтэйгээ өрсөлдөөд бут цохисоор, тэгээд учраа олохгүй улам доройтсоор энэ сонгуулийг угтаж байна. Өдийг хүртэл олны нүднээс далд эрдэм сурч, туршлага хурааж ирсэн хэдэн залуу нам байгуулсан ч хиншүү үнэрттэл олонд танигдсан хамгийн эрдэмгүй  нүүр нэгийг урдаа наах тактик нь бүтэлгүйтээд мундраа хутгаж эхлэв. Харин тэдний хажуугаар Гүндалай дуугаа дуулж, Нара сормуусаа будаад хүний сэтгэлзүйн хоёр хэтийдэлд хүрч эхэллээ, энэ хоёр дөнгөж эхлэл нь байх.

Хоёр хэтийдэл хоёул хүний төрөлхийн инстикттэй холбоотой. Инстинктийг давах хоёр багаж бий, нэг нь ухамсар, нэг нь хууль. Ухамсраараа зохицуулж зөв сонголт хийх чадвартай хүн цөөхөн. Ямар ч гэсэн энэ тэмдэглэлийг уншаад таньдаг болохоор таалаад байна уу, хөгжлийн концепц, чадварыг нь харж байна уу гэдгээ нэг асуудаг болчихвол сайн л байна. Нөгөөтэйгүүр төр 2 сая сонгуулийн насны иргэдээ төрөлх bias-аас нь хамгаалах зохицуулалт хийх боломжтой (төрийн үүрэг голдуу л хүний инстиктээс гарах асуудлуудыг зохицуулах байдаг). Хатуу зохицуулдаг зарим орныг энд бичиж байсан.  Шууд улаан нүүрээрээ сонгогчдын өмнө халз тулахаас нь өмнө төрийн албаны шалгалтаар шигшинэ гэсэн үг. Төрийн албатаа шигших ажил дэндүү оройтож,  түмэн янзын танил царай цуглуулсны дээр, энэ жил улам бүр “царайжих” тийшээ болж ирлээ.

Саяхнаас зарим нэг нааштай зүйлс яригдаж, Төрийн албаны тухай хууль хэлэлцэгдэж байгаа ч 2016 оны хувьд бол хуулийн зохицуулалт амжихгүй, таны ухамсарт сонголт л мэднэ. Танилаа дэмжих сэтгэхүй тал нь л өөрчлөгдөхгүй бол, танигдах гэж чичрэх, эсвэл тодорхой хэмжээнд танигдсан, түүнийхээ ард дараагийн Ганбаатарын үр зулзагыг агуулсан улаан нүүрнүүд армиараа жагсаж байгаагаас хойш.


avatar
    • ГҮНБАЛАЙГ балай гээд Хөвсгөлд сонгохоо байчихаар нь одоо хотод балайрч явах шиг байна. Хотынхон харин балайг нь ойлгох шинж байна уу?
    • 202.131.225.*

    Иргэн

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 4877

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%