Нийтлэл 02 сарын 12, 2019

Турах гэж хичээж буй бүсгүйчүүд яагаад турдаггүй вэ?

Турах жор уул нь их энгийн: хоолоо хасаад, хөдөлгөөнөө ихэсгэх. Гэхдээ энэ арга үр дүн өгдөггүй, өглөө ч урт хугацаанд үргэлжилдэггүй нь гол асуудал. Уул нь идэх калорио багасгаад, шатаах калори нэмэгдэхээр турна гэдэг нь үнэмшилтэй л сонсогддог. Хоол   хүнсэн дэх калорийг бензин болгож хэрэглэдэг хүний бие шатаагаагүй калорийг өөх болгон хадгална. Харин хийсэн бензин хүрэлцэхгүй тохиолдолд хуримтлуулсан өөхөө хайлуулж энерги болгон зарцуулдаг.

Гэхдээ хоолоо сойгоод  дасгал хийгээд л байдаг яг л хэвээрээ, ялангуяа гэдэс хавь. Сүүлдээ сульдаж ядарна.  Tэгэхээр нь завсарлага аваад жаахан амрангуут үр дүн будаа. Ялангуяа шинэ жил эсвэл цагаан сарын завсарлагын дараa. Буцаад л бүх зүйлийг эхнээс нь хийх хэрэг гарна. Баахан хичээж байгаад формондоо орлоо ч хэсэг хугацааны дараа энэхүү цикл эргээд л давтагддаг...Тэгэхээр энд нэг асуудал байна.

Уул нь ердийн хүний хоногт шатаадаг калорийн 75% орчим нь бодисын солилцоонд (метаболизм, илүү нарийвчилвал BMR) ногддог аж. Өөрөөр хэлвэл амьсгал, зүрхний цохилт, тархины ажиллагаа, биеийн дулаан гэх мэт унтаж байхад ч зогсдоггүй үйл ажиллагаанд ихэнх бензин маань зарцуулагддаг гэсэн үг. Харин ихэнх калорийг шатаах үүрэг хүлээдэг энэхүү чухал зүйлийг  “мартaх” нь жингээ хянах нь зорилгыг маш хэцүү асуудал болгодог.

Калори шатаах гол мотороо мартснаар юу болдгийг харъя. Жингээ барихын тулд хамгийн эхэнд хийдэг зүйл: хоолоо хасах. Харин үүнийг бие организм хоол хүнс хомсдож байна гэж ойлгодог. Улмаар бодисын солилцоо удааширч аль болох бага калори шатаах хэмнэлтийн горимд шилжинэ. Иймд хэдийгээр хоолоо хассан ч калори шатаалт ч буурах тул жин дээр зогсоход төдийлөн хүссэн үр дүн гарахгүй байх нь их.

Харин дараачийн алхам: дасгал. Фитнесс орох цаг зав гаргах, ороод өөрийгөө дайчлах гээд л ер нь нэлээд төвөгтэй ажил. 15 мин гүйгээд дэлгэцээ харахад 150 ккал буюу ердөө 1 лааз колатай  тэнцэх калори л шатаана. Харин үүнд зарцуулагдах энерги нь өөх биш, түргэн задардаг глюкозоос гардаг. Учир нь гүйхэд яаралтай энерги шаардагдах тул өөх задрахыг хүлээх цаг байхгүй. Хэрэв арай удаан гүйвэл (40 мин-аас дээш) хязгаарлагдмал хэмжээтэй глюкозын нөөц дуусна. Энэ үед энергийн дараагийн эх үүсвэр нь протейн болдог. Протейн булчинд хадгалагддаг тул булчингаа алдана гэсэн үг.  Гэтэл булчин өөхнөөс 15 дахин их калори шатаадаг маш чухал зүйл учир алдаж болохгүй нандин зүйл.

Ийнхүү хоолоо сойсноор бодисын солилцоо удааширч, хөдөлгөөн их хийснээр булчингийн массаа алдвал турах зорилго биелэхгүй.

Жишээ нь, өмнө нь 100 калорийн 25 нь хөдөлгөөнд, 75 нь бодисын солилцоонд зарцуулагддаг байлаа гэж бодъё. Тэгвэл диет хийснээр 100 биш 90 калори орж, хөдөлгөөн хийснээр 25 биш 30 калори шатаалаа ч 75-ыг шатаадаг байсан гол функц удаашраад 60 болчихвол ямар ч үр дүн гарахгүй гэсэн үг. Хэрэв хоолоо хасаад, хөдлөөд л байгаа ч турахгүй байвал иймэрхүү шалтгаантай байж магадгүй.

Тиймд турахыг хүсвэл  25%-аас гадна хамгийн гол нь 75%-аа ч мартахгүй байх хэрэгтэй. Тэгвэл ердийн үед нийт калорийн 75%-ийг шатаадаг бодисын солилцоог хэрхэн идэвхитэй байлгах вэ? Калори шатаадаг гол моторын маань үйл ажиллагаа 2 зүйлээс ихээхэн хамаардаг байна:

  1. Стресс: Биед явагддаг химийн урвалууд нь гормоноор зохицуулагддаг. Харин стресс нь гормонд өөрчлөлт оруулдаг тул бодисын солилцооны хэвийн үйл ажиллагааг ч алдагдуулдаг.
  2. Хоол хүнс: Хүнс бага бол өмнө хэлсэнчлэн бие организм хэмнэлтийн горимд шилжинэ. Мөн каффейн, алкоголь гэх мэт зарим хүнс бодисын солилцооны хэвийн горимыг алдагдуулж цочроох үйлчилгээ үзүүлдэг.

Тэгвэл турах нь ялангуяа эмэгтэйчүүдийн хувьд яагаад хэцүү ажил байдаг шалтгаан эндээс харагдана:

Нэгт, эмэгтэйчүүдэд стресстэх шалтгаан илүү олон. Стрессийн шинж тэмдэг эмэгтэйчүүдэд илүү илэрдэг, эмэгтэйчүүд илүү депресст ордог гэх мэт судалгаанууд олон байдаг нь санамсаргүй зүйл биш юм. Энэ нь орчин үеийн завгүй амьдралтай ихээхэн холбоотой. Жишээ нь Америкт эрчүүдтэй харьцуулахад эмэгтэйчүүд гэрийн ажилд 2 дахин, хүүхдэд 3 дахин их цаг зарцуулдаг байна. Магадгүй тоо нь өөр ч бусад оронд ч эмэгтэйчүүд эдгээр ажилд илүү цаг хугацаа, эрч хүч зориулдаг гэдэг үр дүн нь бол адилхан гарах байх. Тэгвэл орчин үеийн амьдралд карьер гэж бас том зүйл нэмэгдэнэ. Тэгэхээр эмэгтэйчүүд санаа зовоох олон ачааг зэрэг үүрдэг гэсэн үг. Ингэснээр хоногийн 24 цагт партнер, хамаатан, найз нөхдөд ногдох цаг багасна. Хэрэв тоо багасахаар чанар ч мууддаг хууль үйлчилвэл relationship quality-д асуудал үүснэ. Харин relationship нь эмэгтэйчүүдийг хамгийн их стрессдүүлдэг зүйл.

Хоёрт, хоол хүнсээ буруу зохицуулдаг хүмүүс нь дахиад л эмэгтэйчүүд байх нь их. Ер нь жингээс болоод хоолоо хасдаг хүмүүс ихэнхдээ эмэгтэйчүүд. Энэ нь тэгвэл өлсөх ядрах, толгой өвдөх, бие сульдах, уур уцаар хүрэх, унтах нойр муудах гэх мэт олон сөрөг үр дагавартай. Харин эдгээр асуудлуудыг шоколад, кофе, red bull, wine-аар шийдэх нь түгээмэл. Гэтэл энэ нь бодисын солилцоогоо муутгах зүйл анх хийчихээд нэмж дордуулах зүйлээр “гал унтрааж” байгаатай ижил хэрэг.

Өөрөөр  хэлбэл эмэгтэйчүүд орчин үеийн завгүй амьдралаас их стресстэж байна. Энэ нь байгалиасаа өндөр савалгаатай байдаг гормонуудыг нь улам савлуулна. Улмаар энэ нь бодисын солилцоонд сөргөөр нөлөөлнө. Ийнхүү калори шатаах гол мотороо эмзэг болгочихоод буруу хооллолтоор нэмж эвдлэх оролдлого хийнэ. Ийм нөхцөлд жингээ удирдана гэдэг хэцүү.

Иймд хэрэв турахыг хүсвэл хоолоо сойх биш зөв хоолло, булчингаа алдах биш булчин суух дасгал хөдөлгөөн хий,  тэгээд хамгийн гол нь стрессээ багасгах. Хэрхэн зөв хооллох, ямар дасгал хийх, стрессээ хэрхэн тайлах талаар бол мэргэжлийн хүмүүсээс лавлаарай.

 

Сэтгэгдэл бичих

    • Зочин
    • 2016-03-11

    dajgvi...

arrow icon