Нийтлэл 05 сарын 09, 2016

Оюу толгойн далд уурхай жилд 500 мянган тонн зэс үйлдвэрлэнэ

   Завгүй уншигчиддаа: Өнөөдрийн эдийн засаг, зах зээлийн тоймыг 90 секундэд  

-Юанийн ханш суларч, гадаад валютын нөөц сэргэхтэй зэрэгцээд БНХАУ-ын экспортын өсөлт саарсан байна. Дөрөвдүгээр сарын байдлаар БНХАУ-ын гадаад валютын нөөц 7.08 тэрбум ам.доллараар өсч, 3.22 их наяд ам.доллар болжээ. Харин экспорт юаниар тооцоолбол 4.1 хувиар өсч, ам.доллараар тооцоолбол 1.8 хувиар буурсан байна.

-"Оюу толгой" компани гүний уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлэхэд шаардлагатай бүх зөвшөөрөл авч, компанийн хувьцаа эзэмшигчид болох "Rio Tinto" групп, Монгол Улсын Засгийн газар, Turquoise Hill Resources" компани 5.3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийж, уурхайг өргөтгөхөөр шийдвэрлэсэн байна. 2020 оноос олборлож эхлэхээр төлөвлөж буй гүний уурхайн хүдэр дэх зэсийн агуулга ил уурхайнхтай харьцуулбал гурав дахин илүү буюу 1.66 хувь байх юм. 2027 оноос бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхлэх "Оюу Толгой" компани баяжмал дахь агуулгаараа жилд 500 мянган тонн зэс үйлдвэрлэнэ. Одоогийн байдлаар энэхүү үзүүлэлт нь 175-200 мянган тонноор хэмжигдэж байгаа юм.

-Оюу Толгойн нийт баялгийн 80 хувийг агуулах гүний уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлэх ёслол уурхай дээр боллоо. Өнгөрсөн баасан гарагт “Оюу Толгой” компанийн хувь нийлүүлэгчид гүний уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлэхэд шаардлагатай сүүлийн зөвшөөрлийг олгосноор далд уурхайн бүтээн байгуулалт төлөвлөсний дагуу энэ оны эхний хагаст эхлэх боломжтой боллоо.  

-Улаанбаатар-Хөшигийн хөндийн олон улсын шинэ нисэх онгоцны буудал чиглэлийн хурдны авто замын шав тавих ёслолын ажиллагаа Бөхөгийн даваанд боллоо. Төслийн гүйцэтгэгчээр “China Tie-siju Civil Engineering” групп шалгараад байгаа бөгөөд зам барилгын ажлыг 36 сарын турш хийхээр төлөвлөжээ.

-Кассын машин хэрэглэж, орлогын мэдээллээ ирүүлж байгаа аж ахуйн нэгжийн тоо энэ оны I улирлын байдлаар 36 мянга 800 болж өсчээ.  

Сэтгэгдэл бичих

arrow icon