Нийтлэл 05 сарын 30, 2016

Хүүхэддээ ХАЙРГҮЙ бол дэлгэцний өмнө суулга

Мүүнийн шуугианаар нэг асуудал ил болсон. Эцэг эхчүүд хүүхдийнхээ боловсролд огт анхаардаггүй, юу уншиж, юу сэтгэж байгааг нь хардаггүй, анзаардаггүй байж. Одоо тэгээд л нээх гэгээрсэн хүмүүс болцгоогоод л гэнэ гэнэхэн "хүүхдийн номон дээр ийм юм байна, аах оох" гээд л. Тэгсэн мөртлөө бас л өөрсдөө хараагүй, шалгаагүй, сургаар л гуугачаад байх!!!

Энд би нэг зүйлийг хэлэх гэсэн юм. Хүүхдийн сэтгэлгээ бол та бид нарынх шиг хайрцаглагдаагүй, ёстой жинхэнэ задгай, билэг танхай агуу бүтээлч тархи байдаг. Үүнийг үгүй хиймээргүй байвал утас, таблет, зурагт битгий үзүүл.

Энгийн нэг жишээ хэлэхэд, "танд 3 дахь нүд өгвөл та хаанаа байрлуулах вэ" гэхэд том хүмүүс дагзандаа, нуруундаа, зулай дээрээ... гээд л аль харагдахгүй газар бүрээ нэрлэж. Харин хүүхдүүдээс асуусан чинь "хурууныхаа үзүүрт. Яагаад гэвэл би ар талаа харъя гэвэл, булангийн цаад талыг харъя гэвэл, нүхэн доторхыг харъя гэвэл ингээд л хуруугаа хийгээд л харчихна" гэж хариулсан байдаг.

Биднээс ухаантай байгаа биз?

Ийм бүтээлч, агуу сэтгэлгээг нь хэвээр авч үлдье, тэнэг хүн болгохгүй байя гэвэл дэлгэцнээс, зурагнаас, бодит дүрслэлээс яаралтай холдуул. Дэлгэц яагаад хортой вэ гэж үү? Тэгвэл залхууралгүй цааш нь унш.

Ухаандаа, мангас шулмас байлаа гэж бодъё. Мангасыг кино, комикс-т яаж дүрсэлдэг билээ? Аль болох муухайгаар, аймшгийн царайтай, сэжиг хүрэм, дотор жихүүцэм... Үүнээс болоод хүүхэд муухай царайтай бол муу гэдэг дүгнэлтэд хүрдэг. Ингээд магадгүй, муу хувцасласан, эсвэл нүүр царайны согогтой, эсвэл тахир дутуу, эсвэл халтар хир болсон хүмүүс, амьтныг дооглох, дээрэлхэх, үзэн ядах хэт хэлбэршсэн, өнгө үзэмжийн төдий, буруу сэтгэлгээтэй болно.

Гэтэл номонд, үлгэрт яаж дүрсэлдэг билээ. Ийм тийм өнгө зүс, хэлбэр дүрстэй гэхээсээ, ийм муухай юм хийдэг, тийм балиар санаатай гэж үйлдлийг нь дүрсэлдэг. Эндээс хүүхэд муу үйлдэл хийдэг бол мангас гэх юм байна гэж "үйлийн үр"-ийг ойлгож авна. Сайн мууг ялгадаг болно. Өөрөөр хэлбэл гадна хэлбэрт автахгүй, агуулгын ялгааг ойлгодог болж байгаа юм.

Наад зах нь нөгөө шуугиан болоод байсан Алтаншагай хүүгийн үлгэрт өөрийнхөө амийг, эд хөрөнгөө үр хүүхдээсээ илүү хайрлаж мангаст хүүгээ өгөхөөр шийдсэн эцгийн тухай гардаг. Арайхийж мангасаас салаад гэртээ иртэл нөгөө мангасаас дор эцэг гуай ээжийг нь зодоод байж байдаг. Эндээс хүүхэд жинхэнэ мангас бол тэр "эцэг" юм байна гэдгийг ойлгоно. Гэлээ гээд таны бодож байгаа шиг аавыгаа учиргүй үзэн ядаад унахгүй. Харин үйлдлийн үнэ цэнэ, учир начрыг ялгаж салгах ухаан, үр дагавар, учир шалтгааны шүүлтүүртэй болчихно. Дэлгэцээр үзүүлбэл харин яг эсрэгээрээ нөлөөлөх магадлалтай.

Түүнчлэн үхэх, алах гэдэг үйлийг дэлгэцээр, зургаар яаж дүрслэх вэ? Мэдээж цус нь үсрээд л... их л харгис хэрцгий юм гарна, тодорхой. Харин ийм үг сонссон, эсвэл уншсан хүүхэд яахав? Үхэх, алах гэдэгт нь биш яагаад, яаж гэдэг тодорхойлолтод нь илүү анхаарал хандуулж байгаа юм. Тэгээд үхэх-ийг өөрийнхөө тархин дотроо шал өөрөөр ургуулан дүрсэлнэ. Та бидний мэддэгээс тэс өөр.

Тэгэхээр хүүхдээсээ утсаа, таблетаа, зурагтаа хол байлга. Комикс номны оронд зураггүй ном авч өг, хараахан сургуульд ороогүй бол өөрөө уншиж, ярьж өг. Сүүлийн үед бас ч гэж ярьдаг ном (CD)-ууд гарсан байна. Хамгийн гол нь нүдийг нь бүү дарамтал, тархийг нь бүү цоожил. Харин чихийг нь, сэтгэлийг нь онгойлго.

Мэдээж нэгэнт анхнаас нь утас бариулаад, зурагт үзүүлээд сургацан бол салгаж холдуулахад хэцүү л дээ. Би нэг арга зааж өгье. Над лав тус болсон.

Хүүхдэдээ энэ видеонуудыг үзүүл. Тэгээд хэл "Миний хүү байнга ингээд хүүхэлдэй үзээд, компьютер тоглоод байвал ийм муухай болоод, ээжийгээ зодох нь байна шүү дээ. Ээжийгээ зодох муухай, тиймээ" гээд эвтэйхэн ойлгуул. Ээждээ хайргүй хүүхэд гэж байхгүй. Ойлгоноо цаадуул чинь. Харин та өөрөө л хяналтаа сулруулж болохгүй.

Дэлгэц бол хар тамхи л гэсэн үг. Яаралтай холдуул.

 



 

Сэтгэгдэл бичих

arrow icon