Нийтлэл 06 сарын 06, 2016

Эрдэнэт, Дарханы чиглэлд хар төмөрлөгийн үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлэх боломжтой

 Завгүй уншигчиддаа: Өнөөдрийн эдийн засаг, зах зээлийн тоймыг 90 секундэд  

-Гадаад хэргийн сайдын урилгаар АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Кэрри Монгол Улсад албан ёсны айлчлал хийлээ. Айлчлал Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Кэрри нарын албан ёсны хэлэлцээгээр эхлэв. Хэлэлцээний эхэнд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа иж бүрэн түншлэлийн түвшинд идэвхтэй хөгжиж, дээд, өндөр түвшний айлчлал тогтмолжиж буйг тэмдэглэн хоёр талын улс төр, батлан хамгаалах, эдийн засаг, бүс нутаг болон олон улсын хамтын ажиллагааны тухай санал солилцлоо. 

-"НҮБ-аас Монгол Улсад цаашид буюу 2017-2021 онд үзүүлэх хөгжлийн тусламжийн хүрээ" баримт бичигт ирэх таван жилийн хугацаанд НҮБ-аас Монгол Улсад үзүүлэх тусламж дэмжлэг болон хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдийг тодорхойлж тусгасан бөгөөд хүрэх үр дүн, хэрэгжүүлэх арга зам болон хэрэгжилтийг хянах тогтолцоог тодотгож өгсөн байна.

-Хөдөө Аж Ахуйн биржид өнгөрсөн долоо хоногт 21.7 тэрбум төгрөгийн, 388.7 тонн ноолуур арилжаалжээ. Үүнээс боловсруулаагүй бараан ноолуурын ханш нэг килограмм тутам нь 55 мянга орчим төгрөг, цайвар ноолуурынх 57 орчим мянган төгрөгийн дундаж ханшаар арилжаалагджээ. 

-Эрдэнэт, Дарханы чиглэлд хар төмөрлөгийн үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлэх боломжтой гэж Үндэсний аж үйлдвэрийн зөвлөл үзлээ. Хамгийн гол нь хөрөнгө оруулалтын давхцалгүй төмөрлөгийн үйлдвэрлэлийн салбарын кластер загвар гаргах нь чухал болохыг салбарын мэргэжилтнүүд онцоллоо. Мэргэжлийн холбоодын мэдээлснээр нэг тонн төмрийн хүдэр экспортод 40 ам.доллараар гарч байгаа бөгөөд харин эргээд нэг тонн төмрийн бэлдцийг төмрийн хүдрээс 10 дахин өндөр үнээр импортолдог байна.

-Зураг болон богино хэмжээний дүрс бичлэг хуваалцах “Snapchat” үйлчилгээг өдөр бүр 150 сая хүн ашиглаж байна гэж тус компаниас мэдэгдлээ. “Snapchat”-ийн идэвхтэй хэрэглэгчдийн тоо өнгөрсөн 12 дугаар сард 110 сая байсан бол хагас жил хүрэхгүй хугацаанд 36 хувиар өсчээ. 

-Европын Төв банк эдийн засгийн өсөлт болон инфляцийн шинэчилсэн таамгаа танилцууллаа. Урьдчилсан таамгаар 2016 онд 19 улсыг хамардаг тус бүсийн дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт 1.6 хувьтай байна гэж үзэж байна. Энэ нь гуравдугаар сарын таамгаас 0.2 хувиар нэмэгдсэн дүн болж байна. 

Сэтгэгдэл бичих

arrow icon